| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2018/01192/И |
| Дугаар | 1704 |
| Огноо | 2018-05-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 1704
| 2018 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2018/01704 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.С-д холбогдох, ,
5,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анх нэхэмжлэл гаргахдаа сүүлийн гэрээгээ үндэслэж гаргасныг хариуцагчийн төлөөлөгч урд шүүх хуралдаанд зөвшөөрөхгүй байсан учир анхны гэрээгээ хэрэгт өгч, энэ гэрээнийхээ дагуу мөнгөө нэхэмжилж байна. Би Д.Стай 2017.09.30-ны өдөр 4,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2 сарын хугацаатай сарын 10%-ийн хүүтэйгээр 2018.11.30-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн. Тухайн өдрөө 800,000 төгрөгийг хүүд тооцож авсан, өөрөө хүлээн зөвшөөрч өгсөн. Би 2017.12.01-нд мөнгөө авах гээд уулзахад Д.С зээлээ сунгах хүсэлт гаргасан тул зөвшөөрч дахин нотариат орж гэрээ хийсэн, 2017.12.01-нд 4,000,000 төгрөгийг би бэлнээр өгөөгүй. 2017.12.01-ний өдрөөс 2018.02.01-ний өдөр хүртэл гэрээ хийсэн. 2017.01.01-ний өдрийг хүртэлх хүү 400,000 төгрөгийг авсан. 2018.01.01-нээс 2018.02.01 хүртэлх хүү 400,000 төгрөгөө аваагүй.
Иймд Д.Сгаас 2017.09.30-ны өдрийн гэрээний үндсэн зээл 4,000,000 төгрөг, 2018.01.01-нээс 2018.02.01 хүртэлх 1 сарын зээлийн хүү 400,000 төгрөг, 2018.02.01-нээс шүүхэд нэхэмжлэл гаргах 2018.03.05 хүртэл зээлийн алданги 0,5%-иар тооцон өдөрт 20,000 төгрөгийг 35 хоногоор тооцож 700,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэв.
Хариуцагч Д.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Д.С уг мөнгийг 2017.09.30-ны өдөр 4,000,000 төгрөгийг өөрийнхөө дансаар аваад үүнээс 800,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн ба хүү гэж урьдчилан авсан. Иймд хүү алдангийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Мөн 2017.12.01-ний өдөр мөн 4,000,000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч О.Оаас Д.Сд холбогдуулан 5,100,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 4,000,000 төгрөгийн үндсэн зээл, 400,000 төгрөгийн хүү, 700,000 төгрөгийн алданги тооцож нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийг анх 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг үндэслэж гаргасан. Өмнөх шүүх хуралдаанд хэлсэнчлэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөгийг хүлээн аваагүй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Өмнөх шүүх хуралд нэхэмжлэгч О.О нь биеэр оролцож, итгэмжлэгдсэн төлөөлөгч Навчаагаас татгалзаж, итгэмжлэлээ дуусгавар болгосон. Шүүх хуралдааны дараа Навчаа нь нэхэмжлэлээ тодруулж, 2017.09.30-ны өдрийн зээлийн гэрээг хавсаргасан байна. Шүүхэд төлөөлөх эрхгүй, итгэмжлэлгүй, хэргийн оролцогч биш этгээдийн гаргасан нэхэмжлэл учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. 1,200,000 төгрөг нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээтэй холбоогүй. 12 дугаар сарын зээлийн гэрээндээ 400,000 төгрөгийн хүү тооцож авсан байдаг юм билээ. 800,000 төгрөгийн гэрээ нь 09 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээтэй холбоотой. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг эрх бүхий этгээд гаргаагүй гэж үзэж байна. Шүүх хуралдаанд намайг байхгүй үед төлөөлөх эрхтэй гэсэн бичиг байсан. Гарын үсэг зураад шүүхэд төлөөлөх эрхтэй бол хуулиараа нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл байх ёстой ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.О хариуцагч Д.Сд холбогдуулан “2017.12.01-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлд 4,000,000 төгрөг, хүүнд 400,000 төгрөг, алдангид 700,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Оийг төлөөлж А.Навчаа нэхэмжлэлийн шаардлагаа “2017.09.30-ны өдрийн үндсэн зээлд 4,000,000 төгрөг, хүүнд 400,000 төгрөг, алдангид 700,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөг гаргуулах” гэж тодруулсан ба уг шаардлагыг нэхэмжлэгч О.О шүүх хуралдаанд дэмжиж байна.
Хариуцагч тал “3,200,000 төгрөг зээлсэн учир уг дүнгээс хүү тооцно” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.О 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Д.Сд 4,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Гэрээний дагуу зээлдүүлэгч тал болох О.О зээлдэгч Д.Сд 2017 оны 09 дүгээр сарын 30-нд түүний Хаан банкин дахь 5081041082 тоот дансаар нь 4,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, Д.С нь 2017.09.30-наас 2017.11.30 хүртэлх хугацааны 2 сарын хүү 800,000 төгрөгийг 2017.09.30-ны өдөр О.От төлсөн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, дансны хуулгаар тогтоогдож байна.
Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дуусахад үүрэг гүйцэтгэгч үндсэн зээлд 4,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан гэж үзэх үндэслэлтэй байх ба Д.Сгийн “2017.09.30-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 2 сараар сунгах” хүсэлтийг О.О хүлээн зөвшөөрч, талууд 2017.12.01-ний өдөр зээлийн гэрээг байгуулжээ.
2017.12.01-ний өдөр талуудын хооронд шинээр зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харин 2017.09.30-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх ба энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т нийцсэн байна.
2017.12.01-нээс 2017.01.01-ний өдрийг хүртэлх 1 сарын зээлийн хүү 400,000 төгрөгийг Д.С 2017.12.01-нд О.Оийн 5042121703 тоот Хаан банкны данс уруу шилжүүлсэн болох нь хариуцагчийн ХААН банкны 5081041082 тоот дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагчийн төлөөлөгч ... зээлийн хүү 800,000 төгрөгийг 2017.09.30-нд авсан тул 3,200,000 төгрөг зээлсэн, хүүг урьдчилж авсныг зөвшөөрөхгүй... гэж тайлбарлаж байх боловч талууд 2017.09.30-ны өдрийн зээлийн гэрээний 2.4-т “2 сарын хүү 800,000 төгрөгийг урьдчилж төлөхөөр” тохирсон, Д.С зээл 4,000,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсны дараа 800,000 төгрөгийг, 2017.09.30-ны өдрийн зээлийн гэрээг 2 сараар сунгаж, 2017.12.01-ний өдөр 1 сарын хүүд 400,000 төгрөгийг тус тус хариуцагч Д.С өөрийн Хаан банкны 5081041082 тоот данснаас нэхэмжлэгч О.Оийн Хаан банкны 5042121703 тоот данс уруу шилжүүлсэн байх тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Хариуцагч О.О 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр дуусахад зээлд 4,000,000 төгрөг, 2018.01.01-нээс 2018.02.01 хүртэлх хугацааны зээлийн хүүд 400,000 төгрөг, нийт 4,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байсан байх ба уг үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Алдангийг нэхэмжлэгч үндсэн зээл 4,000,000 төгрөгөөс тооцож 35 хоногоор тооцож, 700,000 төгрөг нэхэмжилжээ.
Алдангийг гэрээний хугацаа дууссан 2018 оны 02 дугаар сарын 1-нээс нэхэмжлэл гаргасан 2018 оны 3 дугаар сарын 5-ныг хүртэл бодоход 32 хоногоор тооцох үндэслэлтэй ба 4,000,000 төгрөгийг хоногт 0.5%-иар бодоход 20,000 төгрөг, үүнийг 32 хоногоор тооцоход 640,000 төгрөг болж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцэж байх ба 3 хоногийн алданги 60,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд хариуцагч Д.Сгаас 2017.09.30-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлд 4,000,000 төгрөг, 2018.01.01-нээс 2018.02.01-ний өдрийг хүртэлх 1 сарын хүүд 400,000 төгрөг, алдангид 640,000 төгрөг, нийт 5,040,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.От олгож, нэхэмжлэлээс алданги 60,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.О А.Навчаад итгэмжлэл олгосон /хх-4/ боловч 2018 оны 4 сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд ирж оролцохдоо төлөөлөгчөөсөө бүхэлд нь татгалзахгүйгээр өөрийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А.Навчааг оролцуулах талаар хүсэлтээ /хх-23/ шүүхэд илэрхийлсэн байх ба үүний дараа А.Навчаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан /хх-37/, уг шаардлагыг нэхэмжлэгч шүүх хуралдаанд... миний бие хөдөө байдаг учир А.Навчаад итгэмжлэл олгосон, намайг эзгүйд А.Навчааг оролцуулах хүсэлтээ шүүхэд бичгээр өгсөн, А.Навчаагийн тодруулсан шаардлагыг дэмжиж байна, миний хүсэл зориг мөн.... хэмээн дэмжсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хариуцагчийн төлөөлөгчид гардуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Сгаас 5,040,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.От олгож, нэхэмжлэлээс 60,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид 95,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ