| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/03107/И |
| Дугаар | 1648 |
| Огноо | 2018-05-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 1648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Э-т холбогдох,
2,046,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, гэрч Д.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Би БЗД-ийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон гудамж АОС-ын 52а тоот өөрийн эзэмшлийн амины орон сууцны 2 давхар барилгыг Э.Эт хувийн сууц хөлслөх 119 дугаартай гэрээ байгуулан хөлслүүлсэн. Миний байрыг гэрээгээр хөлслөн тортны үйлдвэрлэлээ манай байрны 2 давхарт 2017.01.07-ноос 2017.04.01-ний өдрийг хүртэл явуулж байгаад тортны үйлдвэрлэлээ дотны найздаа даатгаж орхилоо гэж хэлээд хаашаа явж байгаагаа хэлэлгүй алга болсон. Найз Д.Дэлгэрмаа нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс бялууны үйлдвэрлэлийг явуулж байгаад 4 дүгээр сарын 18-нд манай байрнаас гарсан. Д.Дэлгэрмааг байрнаас гарахыг шаардаад, тортны үйлдвэрлэл явуулж байгаа хэсэгт орж үзэхэд манай байрны хананд тортны крем нялж наасан, үсэргэсэн байдалтай тосон толбо үүсгэн халтартсан тортны кремийн тос нь хананд нэвчиж, хусахад арилахгүйгээр тос зузаан нэвчсэн байсан. Мөн үйлдвэрлэл явуулах тоног төхөөрөмж зөөж оруулах явцад коридорын ханыг гүн зурж, хана гэмтээсэн 2 дугаар давхрын жижиг өрөөний хана хөгцөрсөн байсан. Э.Эт эдгээр бохирдсон ханыг үзүүлэхэд ихэд гайхаж, надад хамаагүй, надаас өмнө үүссэн тул би хариуцахгүй, би ердөө 16-хан хоног л үргэлжлүүлэн ажиллуулсан. Тортны үйлдвэрлэл явуулж байхад 2 дугаар давхрын торт үйлдвэрлэдэг хэсэгт орохыг Э.Эт хатуу хориглодог байсан тул орж үзэж чадаагүй болно. Шинээр барьж ашиглалтад оруулсан байранд 68 хоног тоортны үйлдвэрлэл явуулаад гарахад байрны хананд тортны крем нялж, тос нэвчүүлэн сүйтгэж, жижиг өрөөний ханыг хөгцрүүлж, коридорын ханыг гэмтээж бохир заваан болгосон ба энэ тухай Э.Эт Д.Дэлгэрмаагаар хэлүүлэхэд тийм болох ёсгүй юун сүртэй юм бэ угаагаад л болоо ш дээ гэж хэлсэн. Ах дүү нараа ирүүлж үзүүлээч гэхэд хариу өгөөгүй, энэ үед Эрдэнчимэг нь Солонгос улсад байна гэж дам хүнээс сонссон. 2 дугаар давхрын хананд тортны крем наалдсаныг хусахад цаанаас нь тос нэвчиж, арилахгүй байсан тул бетон ханыг гартал хусаж, хөгцөрсөн ханыг мөн л бетон ханыг гартал хуссан болно. Бялууны крем нэвчиж халцарсан хөгцөрсөн 100м2 ханыг бетон гартал хусаж бохирдлыг арилган 2 давхар замаск татах ажлын хөлсөнд 800.000 төгрөг төлж, 696.800 төгрөгийн үнэтэй барилгын засварын материал авсан болно. Э.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байрыг буруу эзэмшиж ашигласнаас үүссэн хохирлыг бүрэн барагдуулна гэсэн заалтаа биелүүлэхгүй, учруулсан хохирлоо ухамсарлахгүй байгаа тул учирсан хохирол болох 2,046,800 төгрөгийг Э.Эээс гаргуулж өгнө үү.
Э.Э анх манай байрны 1, 2 давхрыг бүтнээр нь хөлслөхөөр тохирсон, 2 давхарт тортны үйлдвэрлэл явуулна, 1 давхарт дэлгүүр ажиллуулна гэж байсан боловч 1 давхарт дэлгүүр ажиллуулахаа больсон гэсэн. Анх 1,600,000 төгрөгийг дансаар, 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2017.01.10-наас гэрээ байгуулсан боловч хэд хоног тохижилт хийгээд 2017.01.17-ноос тооцсон. 2017 оны 2 сард 1 давхрыг хөлслөхөө больё, 2 давхардаа тортны үйлдвэрлэлээ явуулъя гэхээр нь би хүлээн зөвшөөрсөн. 2017.02.17-нөөс 2017.04.17 хүртэл 2 давхрыг 1 сард 1,600,000 төгрөгөөр тооцож, 3,200,000 төгрөг дансаараа авсан. Нийт 5,800,000 төгрөгийг Э.Эээс авсан, төлбөр тооцоогоо цагт нь хийдэг, найдвартай байсан, энэ талаар маргаан байхгүй. Гол нь гэрээний үүргээ биелүүлж, цэвэрхэн байгаагүй, хананд бялууны кремийн толбо үсэргэсэн, бохир байснаас хана хөгцөрсөн, гаднаас юм зөөж оруулахдаа шатны орчмын хана, багана зэрэгт зураас үүсгэсэн учир хохирлоо шаардаж байгаа. 2017.04.01-нээс хойш Д.Дэлгэрмаад хариуцуулж үлдээж байгаа гэсэн ба түүнтэй уулзахад торт хийдэг тоног төхөөрөмжөө зарсныг мэдээд цаашид Д.Дэлгэрмаад хөлслөх шаардлагагүй гэж үзээд 2017.04.17-нд гаргаж, 2017.05.01-нээс фитнесс клубд 1,2 давхраа бүтнээр нь хөлсөлсөн...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Э бялуу, нарийн боовны үйлдвэрлэл явуулахаар харилцан тохиролцож, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 он хүртэл 1 жилийн хугацаатай хувийн сууц хөлслөх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан. Э.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 10-наас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаанд Мэргэжлийн хяналтын газраас сар бүр ирж, шинжилгээ дүгнэлт хийдэг байсан учраас байрыг бохирдуулах боломж байхгүй. Ингээд үйл ажиллагаагаа явуулж байхад Ц.Э гэдэг хүн байрнаас гарах шаардлага тавьсан байдаг. Одоо тус байранд засвар хийж фитнесс орсон байгаа. Хуулийн дагуу хөлслүүлэгч хөлслөгчид байрнаас гаргаж, гэрээ цуцлах тухай 1 сарын өмнө мэдэгдээгүй. Шахуу гарахыг шаардсан байдаг. Мөн байрны засварын асуудлыг талуудын хооронд байгуулсан гэрээнд хөлслүүлэгч хариуцна гэсэн зохицуулалт байгаа. Гэрээний 4.4-т хөлслүүлэг хувийн сууцны засвар, үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хийнэ гэж заасан ба 2,600,000 төгрөгийн хөлсөнд засвар хийх зардлаа тооцоод оруулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2 давхар байраа бусдад түрээслүүлэхийн тулд Э.-ийг гар гэж гэрээний хугацаа дуусахаас өмнө гаргасан, гэрээнд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй гэснээ зөрчсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э хариуцагч Э.Э-т холбогдуулан “гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 2,046,800 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “гэрээнд орон сууцны засвар, үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хийнэ гэж заасан, гэрээ цуцлах бол 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дуусахаас өмнө гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Ц.Э Э.Э нар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72-р хотхон гудамж АОС 52 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 332 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 1,2 давхрыг буюу бүхэлд нь хөлслөхөөр тохирч “хувийн сууц хөлслөх” гэрээг бичгээр байгуулсан боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус бөгөөд талуудад түрээсийн гэрээний дагуу шаардах эрх үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Харин зохигчид 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хувийн сууц хөлслөх гэрээг 2018 оны 1 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаатай байгуулсан байх бөгөөд хөлслүүлэгч өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72-р хотхон гудамж АОС 52 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 332 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 1,2 давхар орон сууцыг хөлслөгчид бялууны үйлдвэрлэл явуулах зориулалтаар эзэмшүүлэхээр шилжүүлэн өгөх, хөлслөгч нь хүлээн авч эзэмших, хөлс төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заасан байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан хувийн сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Гэрээний дагуу хөлслүүлэгч тал болох Ц.Э өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72-р хотхон гудамж АОС 52 тоот хаягт байрлах байрлах орон сууцны зориулалттай 332 м.кв талбайтай, 2 давхар орон сууцыг хөлслөгчид бялууны үйлдвэрлэл явуулах зориулалтаар шилжүүлэн өгсөн, хөлслөгч тал болох Э.Э 2017.01.17-ноос 2017.02.17-ны өдрийг хүртэлх хөлсөнд дансаар 1,600,000 төгрөг, бэлнээр 1,000,000 төгрөг, нийт 2,600,000 төгрөг төлсөн, 2017.02 сараас хөлслөгч 1 давхрыг хөлслөхгүй, 2 дугаар давхрын өрөөнүүдийг сарын 1,500,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон, 2017.02.17-ны өдрөөс 2017.04.17-ны өдрийг хүртэлх 2 сарын хөлсөнд Э.Э 3, 000,000 төгрөгийг дансаар, бүгд 5,600,000 төгрөгийг төлсөн, 2017.04.01-нээс 2017.04.18 хүртэл гэрч Д.Дэлгэрмаа бялууны үйлдвэрлэл явуулж байгаад хөлслөгчийн 4 дэх сарын хугацаа нь дуусахад тоног төхөөрөмжөө аваад тус байрнаас нүүсэн болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй.
2017.04.01-ний өдрөөс хойш Э.Э найз Д.Дэлгэрмаад бялууны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө худалдсанаас шалтгаалж, нэхэмжлэгчийн орон сууцыг хөлслөх шаардлагагүй болсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Э.Э 2017.04.01-нээс хойш Д.Дэлгэрмаад бялууны тоног төхөөрөмжөө худалдсаны улмаас орон сууцыг ашиглахгүй болсноор Ц.Э орон сууцны 2 давхраа Д.Дэлгэрмаад хөлслүүлэхгүйгээр фитнесс клубд 1,2 давхраа бүхэлд нь хөлслүүлэх болсон нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд Э.Э нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т “хөлслөгч тал хувийн сууцыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэхийг хориглоно” гэж заасны дагуу уг байрыг хөлслүүлэгч Ц.Эын зөвшөөрөлгүй гуравдагч этгээд Д.Дэлгэрмаад хөлслөх эрхгүй байна.
Гэрээг цуцалсан үндэслэлийг нэхэмжлэгч ... 2017.04.01-ний өдрөөс хойш Э.Э бялууны үйлдвэрээ найз Д.Дэлгэрмаад хариуцуулсан гэсэн боловч үйлдвэрээ зарсан байсныг мэдсэн, бусдад дамжуулан хөлслөх талаар надаас зөвшөөрөл аваагүй учир би цаашид Д.Дэлгэрмаад үргэлжлүүлэн хөлслөхийг зөвшөөрөөгүй учраас гарахыг шаардсан, Д.Дэлгэрмаа зөвшөөрч, тоног төхөөрөмжөө аваад нүүсэн, засвар хийгээд 2017.05.01-нээс бусдад орон сууцаа бүтнээр нь хөлсөлсөн...” гэж тайлбарлаж байна. Уг тайлбар болон хэргийн үйл баримтаас дүгнэвэл хөлслөгч Э.Э бялууны үйлдвэрээ Д.Дэлгэрмаад худалдаж, орон сууцыг ашиглахгүй нөхцөл байдал үүссэнээс гэрээ цуцлагдах үндэслэл болсон байх боловч нэхэмжлэгч гэрээ цуцалсантай холбоотой хохирол нэхэмжлээгүй болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... Э.Э бялууны үйлдвэр явуулахдаа гэрээний үүргээ зөрчиж, орон сууцыг ердийн хэмжээнээс илүү муутгаж, гэмтээсэн.. гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т “Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна”, мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т “хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах”, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т “хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх”, 289.1.4-т “хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх” гэж тус тус зааснаар хариуцагч Э.Э орон сууцны хийц, зохион байгуулалтыг өөрчлөөгүй, засаагүй, орон сууцыг ердийн элэгдлээс илүү муутгасан нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ талаар баримт байхгүй байна.
Ц.Эын орон сууцны 1-2 давхрын шатны орчим, 2-р давхрын өрөөний зарим хэсгийн хананд тосны толбо үүссэн, шкаф тавьсан хэсгийн арын хана хөгцөрсөн болох нь хэрэгт авагдсан фото зураг, зохигчийн тайлбар, үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчид анхнаасаа бялууны үйлдвэрлэл явуулахыг мэдсээр байж хүлээн зөвшөөрч орон сууцны 2-р давхрыг хөлслүүлсэн, ашиглалтын явцад хананд толбо, хөгц, зураас үүссэнийг “ердийн ашиглалтаас илүү муутгаж, гэмтээсэн” гэж үзэхээргүй, ердийн ашиглалтын явцад үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4-т “гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлэгч хувийн сууцны засвар, үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хийнэ, мөн гэрээний 5.6-д “хөлслөгч тал хувийн сууцыг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар нь ашиглаж, түүний бүрэн бүтэн байдлыг хангаж, сантехник болон цахилгаан хэрэгслийн аюулгүй ажиллагааг шалгаж, болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд буруу эзэмшиж ашигласнаас ...цахилгаан хэрэгсэл асааж мартах, ус гоожуулж орхих, ус алдах... зэргээр хөлслүүлэгч болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг бүрэн хариуцна” гэж заажээ.
Хууль болон гэрээнд зааснаар орон сууц хөлслүүлэгч Ц.Э орон сууцны өрөөний доторх сайжруулалттай холбогдсон зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй байх ба хариуцагч Э.Эийн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч Ц.Эын орон сууцны хананд толбо, хөгц, зураас үүсэж, хохирол учирсан гэж дүгнэх бодит үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчээс гарсан зардал гэх 2,046,800 төгрөгийг Э.Э хариуцах үндэслэлгүй байна.
Д.Нямбатыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй тул 1,350,000 төгрөгөөр засварын ажил хийсэн талаарх тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй /хх-8/, хэргийн 6-7-р хуудсан дахь зарлагын баримт дээр худалдан авагчийн нэр, бараа материал хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй тул нэхэмжлэгч Ц.Эыг уг бараа материалыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Э.Эээс “2,046,800 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Ц.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Эээс “2,046,800 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Ц.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,699 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ