| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/0785/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/795 |
| Огноо | 2022-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/795
2022 05 31 2022/ШЦТ/795
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч Б.Цэцэгмаа,
насанд хүрээгүй хохирогч М.П., түүний хууль ёсны төлөөлөгч Д.Сарантуяа,
өсвөр насны шүүгдэгч Н.О., түүний хууль ёсны төлөөлөгч П.Бямбахуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Н.ын О.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1331 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 9, аав, ээж, ах, дүү нарын хамт оршин суух, Б. овогт Н.ын О..
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Н.О. нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар гудамжны тоглоомын талбайд насанд хүрээгүй М.П.ыг “сагс тоглож байхад замд хааж зогссон” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.О. мэдүүлэхдээ: “Хохирогч намайг бөмбөг авах үед урд таглаад зогсчихсон байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч М.П. мэдүүлэхдээ: “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Насанд хүрээгүй хохирогч М.П.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 12-ны орой 20:00 цагийн үед гэрийн хажууд байдаг сагсны шийдэн дээр тоглож байгаад хожигдчихоод шийдний хойд талд зогсож байсан. Тэгсэн чинь хойноос сагс тоглож байсан зүс таних эрэгтэй хүүхэд намайг гэнэт ирээд мөргөөд, надад хандан “пизда минь замаас зайлаач” гэж хэлэхээр нь би “яаж харьцаад байгаа юм бэ” гэсэн чинь шууд л гараа атгаж байгаад миний нүүр хэсэг рүү 3 удаа цохисон. Тэр үед тэнд хамт тоглож байсан хүүхдүүд бид хоёрыг салгасан. Манай дүү Мишээл гэрт ороод ээжид хэлээд, ээж над дээр ирж, улмаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4203 тоот: “М.П.ын биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, зүүн дээд 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
- Насанд хүрээгүй хохирогч М.П.ын нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл,
- Насанд хүрээгүй гэрч Н.О.ын нас тоолсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Н.О. нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар гудамжны тоглоомын талбайд насанд хүрээгүй М.П.ыг “сагс тоглож байхад замд хааж зогссон” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Насанд хүрээгүй хохирогч М.П.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 12-ны орой 20:00 цагийн үед гэрийн хажууд байдаг сагсны шийдэн дээр тоглож байгаад хожигдчихоод шийдний хойд талд зогсож байсан. Тэгсэн чинь хойноос сагс тоглож байсан зүс таних эрэгтэй хүүхэд намайг гэнэт ирээд мөргөөд, надад хандан “пизда минь замаас зайлаач” гэж хэлэхээр нь би “яаж харьцаад байгаа юм бэ” гэсэн чинь шууд л гараа атгаж байгаад миний нүүр хэсэг рүү 3 удаа цохисон. Тэр үед тэнд хамт тоглож байсан хүүхдүүд бид хоёрыг салгасан. Манай дүү Мишээл гэрт ороод ээжид хэлээд, ээж над дээр ирж, улмаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4203 тоот: “М.П.ын биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, зүүн дээд 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
- Насанд хүрээгүй хохирогч М.П.ын нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл,
- Насанд хүрээгүй гэрч Н.О.ын нас тоолсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.О.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт хохирол төлөгдсөн байх тул Н.О. нь бусдад төлөх төлбөргүй болно.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх өсвөр насны шүүгдэгч Н.О.од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал буюу Н.О. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О.од 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б. овогт Н.ын О.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.О.од 1 /нэг/ сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.О. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.О.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД