Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/797

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        05         31                                      2022/ШЦТ/797

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,  

улсын яллагч Б.Чинзориг,

шүүгдэгч Ц.Т. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Д. овогт Ц.н Т.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2203 00127 0230 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Мон чулуу” ХХК-д угсралтын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн оршин суух, Д. овогт Ц.н Т..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Т. нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 09 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн шинэ эцсийн замд “Хонда Инсайт” маркийн ....... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон явахдаа явган зорчигч Б.Г.ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газраас зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12/,

- Хохирогч Б.Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өглөө гэрээсээ ганцаараа гараад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улиастайн эцэс гэх газар луу ажил руугаа явж байсан. Улиастайн эцсийн буудал дээр буугаад цаашаа ажил руугаа явган хүний замаар алхаж байгаад ажлын ойролцоо харалдаа зам хөндлөн гарахдаа ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гарч байтал гэнэт миний зүүн талаас машин гарч ирээд мөргөсөн. Би тухайн үед ухаан алдаж унаад сэрсэн чинь түргэний машинд сэрсэн. Ослын улмаас 500.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Жолооч төлсөн. Би шүүх хуралд орж чадахгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

- Гэрч Г.Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 10:00 цагийн үед гэрээсээ гараад ажил руугаа Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны урд ертөнцийн зүгээр баруун хойд талаас урагшаа чигт явган хүний замаар алхаж явтал нэг цагаандуу мөнгөлөг номер нь 14-19 УБТ дугаартай машин ертөнцийн зүгээр хойшоо харсан байрлалтай зогсож байгаа харагдсан. Жолооч нь улаан хүрэн өнгийн ноосон цамцтай хижээлдүү 40 орчим насны эрэгтэй хүн машинаас бууж ирээд машины урд талд хэвтэж байсан эрээн шаргал өнгийн хувцастай эрэгтэй залуухан согтуу хүнийг суганаас нь татаж өргөөд босгож алхуулаад замын зүүн талын төмөр хашаа налуулж суулгаад, машиндаа суугаад хөдлөөд явсан. Би тэр машины жолоочийг хөөе гээд гараараа далласан чинь зогсолгүй хойд зүгт яваад зүүн эргээд алга болсон. Тэгээд ажил руу орох гэтэл нөгөө залуу бөөлжих шиг болсон. Яасан бэ эгч нь түргэн дуудаад өгөх үү гэсэн чинь миний толгой өвдөөд байна, хаана яваагаа мэдэхгүй байна. Намайг 1 дүгээр хороололд гэрт хүргээд өгөөч гэхээр нь би 102-т дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3929 тоот: “Б.Г.ийн биед баруун хацрын нум ясны цөмөрсөн хугарал, доод уруулд няцарсан шарх, баруун дээд зовхи, дээд уруулын салстад цус хуралт, хамрын нуруу, доод уруулд зулгаралт, баруун шанаа, хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/,

- Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 37-38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Тээврийн прокурорын газраас Ц.Т. нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 09 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн шинэ эцсийн замд “Хонда Инсайт” маркийн 14-19 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон явахдаа явган зорчигч Б.Г.ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газраас зугтаасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ц.Т.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Ц.Т. нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 09 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн шинэ эцсийн замд “Хонда Инсайт” маркийн 14-19 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон явахдаа явган зорчигч Б.Г.ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газраас зугтаасан болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12/,

- Хохирогч Б.Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өглөө гэрээсээ ганцаараа гараад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улиастайн эцэс гэх газар луу ажил руугаа явж байсан. Улиастайн эцсийн буудал дээр буугаад цаашаа ажил руугаа явган хүний замаар алхаж байгаад ажлын ойролцоо харалдаа зам хөндлөн гарахдаа ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гарч байтал гэнэт миний зүүн талаас машин гарч ирээд мөргөсөн. Би тухайн үед ухаан алдаж унаад сэрсэн чинь түргэний машинд сэрсэн. Ослын улмаас 500.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Жолооч төлсөн. Би шүүх хуралд орж чадахгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

- Гэрч Г.Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 10:00 цагийн үед гэрээсээ гараад ажил руугаа Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны урд ертөнцийн зүгээр баруун хойд талаас урагшаа чигт явган хүний замаар алхаж явтал нэг цагаандуу мөнгөлөг номер нь 14-19 УБТ дугаартай машин ертөнцийн зүгээр хойшоо харсан байрлалтай зогсож байгаа харагдсан. Жолооч нь улаан хүрэн өнгийн ноосон цамцтай хижээлдүү 40 орчим насны эрэгтэй хүн машинаас бууж ирээд машины урд талд хэвтэж байсан эрээн шаргал өнгийн хувцастай эрэгтэй залуухан согтуу хүнийг суганаас нь татаж өргөөд босгож алхуулаад замын зүүн талын төмөр хашаа налуулж суулгаад, машиндаа суугаад хөдлөөд явсан. Би тэр машины жолоочийг хөөе гээд гараараа далласан чинь зогсолгүй хойд зүгт яваад зүүн эргээд алга болсон. Тэгээд ажил руу орох гэтэл нөгөө залуу бөөлжих шиг болсон. Яасан бэ эгч нь түргэн дуудаад өгөх үү гэсэн чинь миний толгой өвдөөд байна, хаана яваагаа мэдэхгүй байна. Намайг 1 дүгээр хороололд гэрт хүргээд өгөөч гэхээр нь би 102-т дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3929 тоот: “Б.Г.ийн биед баруун хацрын нум ясны цөмөрсөн хугарал, доод уруулд няцарсан шарх, баруун дээд зовхи, дээд уруулын салстад цус хуралт, хамрын нуруу, доод уруулд зулгаралт, баруун шанаа, хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/,

            - Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 37-38/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ц.Т.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Т.д Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Хохирогчид учирсан хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Т.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д. овогт Ц.н Т.ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнийг улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд, мөн хэргийг газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ц.Т.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т.д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар Ц.Т.д тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Т.д тайлбарласугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Т.д оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Т. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Т.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД