Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/853

 

 

 

 

 

 

 

 

   2022         06         07                                       2022/ШЦТ/853

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,  

улсын яллагч Н.Өнөрбаяр,

хохирогч Б.З.,

шүүгдэгч С.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт С.ын Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1216 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “МВС” ХХК-д барилгын ажилтан ажилтай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт оршин суух, урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял,

- мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж байсан,

Б. овогт С.ын Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б. нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны 85 дугаар сургуулийн спорт зааланд хохирогч Б.З.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б. мэдүүлэхдээ: “Би тухайн үед ажлаа хийж байсан болохоор хохирогчид 2.000.000 төгрөг дансаар өгсөн. Өөрийн мунхагаас болж зүгээр байсан хүнд гар хүрсэн нь миний буруу. Уучлаарай, Зоригоо. Хэтэрхий түргэн алхам хийж, хүний биед гар хүрсэн нь миний буруу. Би цаашид хохирогчийн хохирлыг барагдуулахын тулд ажлаа хийх ёстой. Өөр байдлаар хохирол барагдуулах арга чарга байхгүй. Ийм үйлдэл хийсэндээ харамсч байна. Дахиж хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.З. мэдүүлэхдээ: Бие болон сэтгэл санааны хувьд маш их хохиролтой байна. Эмнэлэгт үзүүлэхэд 6 сараас 1 жилийн хугацаанд гам барь гэсэн. Хүнд хүчир ажил хийж болохгүй, ажил хийж болохгүй. Тархины цуурал нь бороолж эдгэдэг гэсэн. 6 сараас 1 жилийн дараа зураг авч байж цаашид хэрхэн эмчлэх нь шийдэгддэг гэсэн. Би ямар өөрөө очоод муудалцаад тэгчихсэн байгаа биш. Муудалцаад, за за больё гээд гарах гэж байсан чинь намайг ирээд цохичихсон байсан. Би уг нь бичгээр 15.000.000 төгрөг нэхэмжилсэн юм. Манай ээж С.Б.тэй яриад 8.000.000 төгрөг өгчих, тэгээд больё, гомдолгүй гээд явъя гэсэн юм байна лээ. Тэрнээс хойш С.Б. өөрөө алга болчихсон, утсаар ч яриагүй. Яг таарангуутаа л “за юу байна” энэ тэр гэж байсан болохоос надаас албан ёсоор уучлалт гуйгаагүй байгаа. Би 2 сар эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтсэн. Тэр үед би хүүхэд төрчихсөн, нялх хүүхэдтэй, ажил төрөл ч үгүй байсан болохоор Гачууртын эмнэлэг, мөн Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Гэмтлийн эмнэлэгт 14 хоног, хорооны эмнэлэгтээ 10 хоног хэвтээд, сар гарангийн хугацаанд гэрээрээ тариа тариулж байсан. С.Б.гийн өгсөн 2.000.000 төгрөг нь хаанаа ч хүрээгүй. Би уг нь 1.600.000 орчим төгрөгийн баримт хэрэгт хавсаргуулсан байх ёстой. Энэ 1.600.000 төгрөгийг С.Б. нь 2.000.000 төгрөг өгснөөрөө ер нь барагдуулсан. Эрүүл мэндээрээ хохирч байхаар 8.000.000 төгрөг аваад больдог юм уу гэж бодсон юм. С.Б. нь намайг цохичихоод дүгнэлт хийж байгаа үгүйг нь ч мэдэхгүй байна. Би цохиулаад үхчихсэн бол яах вэ. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Би С.Б.г ажлаа хийж байгаад миний хохирлыг барагдуулна гэдэгт итгэхгүй байна. Яагаад гэвэл би өөрөө араас нь гүйж байж, нэхэж байж 2.000.000 төгрөг авч байсан”. гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.З.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр найзуудын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 85 дугаар сургуулийн спорт зааланд оройн 22:00 цагаас хойш заал аваад тоглож байхдаа хамт тоглож байсан С.Б.тэй “алдаа хийсэн, хийгээгүй” гээд маргалдсан. Зааланд С.Б. “ер нь чи муу надтай үзэх гээд байна уу” гээд дахиж намайг заамдаж авсан чинь хажуу талаас Ууганаа ах “чи муу юу гээд байгаа юм” гээд шууд миний нүүр лүү гараараа алгадсан. Тэгэхэд би жаахан манараад С.Б.г заамдаж байсан гараа тавиад, хувцсаа аваад заалнаас гарах гэтэл тэнд байсан 100 айлын хүүхдүүд “гараад үзэх үү” гээд байхаар нь би дотроо энд удвал зодуулах юм байна гэж бодод гарах гээд заалны хаалга руу явж байхад араас С.Б. намайг дуудахаар нь би эргээд хартал С.Б. шууд гараараа миний нүүр лүү цохиж, би хойшоо толгойн дагз хэсгээр заалны шалан дээр унаж, ухаан алдаад, нэг сэрсэн чинь сургуулийн ариун цэврийн өрөөнд сэрсэн. Тэгэхэд манай найз МөнхС. намайг түшээд миний цус болсон нүүрийг угааж байсан. Тэгээд ариун цэврийн өрөөнөөс гараад биеийн тамирын багш Пүрэвсүрэнгийн өрөөнд жаахан хэвтэж байгаад МөнхС.аар хувцсаа өмсүүлээд, түшүүлж сургуулиас гараад, миний өөрийн эзэмшлийн 13-86 дугаартай машинд суусан.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6/,

- Гэрч Э.МөнхС.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “С.Б. шууд босож очоод хохирогч Б.З.тай барилцаж аваад, зүүн гараараа Б.З.ын эрүү хэсэгт нэг удаа цохисон чинь Б.З. чанх хойшоо толгойн дагз хэсгээр савж унаад ухаан алдсан. Тэгэхээр нь тэнд байсан хүмүүс сэрээгээд би Б.Зоригбаатарыг ариун цэврийн өрөө оруулж, нүүрийг нь угаахад, уруул хэсгээс нь цус гараад байхаар нь угаагаад заалны хувцас сольдог өрөөнд жаахан хэвтүүлж байгаад би хувцсыг нь солиод заалнаас авч гараад Гачууртын эмнэлэг орох гэхэд тэр үед З.ын эхнэр нь залгаад байхаар нь утсыг нь аваад болсон зүйлийн талаар хэлэхэд гэрт аваад ир гэхээр нь С.Б. бид хоёр Б.Зоригбаатарын машинтай гэрт нь очиж, эхнэр Намууныг аваад шууд Гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4020 тоот: “Б.Зоригбаатарын биед дагз ясны шугаман хугарал, духны дэлбэнд няцрал, тархи доргилт, уруулд няцарсан шарх гэмтлүүд тогтоодлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б. нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны 85 дугаар сургуулийн спорт зааланд хохирогч Б.З.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.З.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр найзуудын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 85 дугаар сургуулийн спорт зааланд оройн 22:00 цагаас хойш заал аваад тоглож байхдаа хамт тоглож байсан С.Б.тэй “алдаа хийсэн, хийгээгүй” гээд маргалдсан. Зааланд С.Б. “ер нь чи муу надтай үзэх гээд байна уу” гээд дахиж намайг заамдаж авсан чинь хажуу талаас Ууганаа ах “чи муу юу гээд байгаа юм” гээд шууд миний нүүр лүү гараараа алгадсан. Тэгэхэд би жаахан манараад С.Б.г заамдаж байсан гараа тавиад, хувцсаа аваад заалнаас гарах гэтэл тэнд байсан 100 айлын хүүхдүүд “гараад үзэх үү” гээд байхаар нь би дотроо энд удвал зодуулах юм байна гэж бодод гарах гээд заалны хаалга руу явж байхад араас С.Б. намайг дуудахаар нь би эргээд хартал С.Б. шууд гараараа миний нүүр лүү цохиж, би хойшоо толгойн дагз хэсгээр заалны шалан дээр унаж, ухаан алдаад, нэг сэрсэн чинь сургуулийн ариун цэврийн өрөөнд сэрсэн. Тэгэхэд манай найз МөнхС. намайг түшээд миний цус болсон нүүрийг угааж байсан. Тэгээд ариун цэврийн өрөөнөөс гараад биеийн тамирын багш Пүрэвсүрэнгийн өрөөнд жаахан хэвтэж байгаад МөнхС.аар хувцсаа өмсүүлээд, түшүүлж сургуулиас гараад, миний өөрийн эзэмшлийн 13-86 дугаартай машинд суусан.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6/,

- Гэрч Э.МөнхС.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “С.Б. шууд босож очоод хохирогч Б.З.тай барилцаж аваад, зүүн гараараа Б.З.ын эрүү хэсэгт нэг удаа цохисон чинь Б.З. чанх хойшоо толгойн дагз хэсгээр савж унаад ухаан алдсан. Тэгэхээр нь тэнд байсан хүмүүс сэрээгээд би Б.Зоригбаатарыг ариун цэврийн өрөө оруулж, нүүрийг нь угаахад, уруул хэсгээс нь цус гараад байхаар нь угаагаад заалны хувцас сольдог өрөөнд жаахан хэвтүүлж байгаад би хувцсыг нь солиод заалнаас авч гараад Гачууртын эмнэлэг орох гэхэд тэр үед З.ын эхнэр нь залгаад байхаар нь утсыг нь аваад болсон зүйлийн талаар хэлэхэд гэрт аваад ир гэхээр нь С.Б. бид хоёр Б.Зоригбаатарын машинтай гэрт нь очиж, эхнэр Намууныг аваад шууд Гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4020 тоот: “Б.Зоригбаатарын биед дагз ясны шугаман хугарал, духны дэлбэнд няцрал, тархи доргилт, уруулд няцарсан шарх гэмтлүүд тогтоодлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогч Б.Зоригбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...бичгээр 15.000.000 төгрөг нэхэмжилсэн, 1.600.000 орчим төгрөгийн баримт хэрэгт хавсаргуулсан байх ёстой” гэж тайлбарласан, мөн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “...15.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгөнд миний 6 сарын ажлын цалин, мөн цаашид хийх эмчилгээний зардал багтсан.” гэжээ.

            Хавтаст хэргийн 37-39 дүгээр талд хохирогчоос гарган өгсөн баримтууд хавсаргагдаж, үүнд:

            - Эмийн сангаас Иммуновис хүүхдийн шахмал, Амоксиклав, Ибуфен, халууны шил, витамис С, Кено орал паста зэргийг худалдан авсны нийт 74.550 төгрөгийн баримт,

            - “МТ” ШТС-аас АИ-92 шатахуун худалдан авсны 13.200 төгрөгийн баримт,

            - “Хүрмэн” эмийн сангаас Тамедин 300 мл-ийг худалдан авсны 3.100 төгрөгийн баримт,

            - “Сод монгол” ШТС-аас АИ-92 шатахуун худалдан авсны 13.200 төгрөгийн баримт,

            - “Петровис” ШТС-аас АИ-92 шатахуун худалдан авсны 23.600 төгрөгийн баримт,

            - “МТ” ШТС-аас АИ-92 шатахуун худалдан авсны 22.000 төгрөгийн баримт,

            - “Сод монгол” ШТС-аас АИ-92 шатахуун худалдан авсны 17.100 төгрөгийн баримт,

            - “Нэс ойл” ШТС-аас АИ-92 шатахуун худалдан авсны 19.000 төгрөгийн баримт,

            - ШТС-аас АИ-92 шатахуун худалдан авсны 71.000 төгрөгийн баримт (байгууллагын нэр бүдгэрсэн),

            - “Хүрмэн” эмийн сангаас NaCl, систем, шприц, дексаметазон, ризин зэргийг худалдан авсны 10.880 төгрөгийн баримт буюу нийт 267.630 төгрөгийн баримт авагдсан байна.

            Хэдийгээр хавтаст хэргийн 75-76 дугаар талд шүүгдэгч С.Б.гээс хохирогч Б.З.ын эхнэр А.Намуунаагийн холбогдох дансанд мөнгөн гүйлгээ хийсэн баримт авагдаж, энэ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх боловч хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг хүлээн авсан гэх үйл баримттай маргаагүй тул хохирогчоос баримтаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Харин хавтаст хэргийн 33 дугаар талд хохирлын тооцооны бүртгэл гээд нийт 1.784.100 төгрөгийн үнэ бүхий эм, эмчилгээний бүтээгдэхүүний жагсаалт авагдсан байх хэдий ч эдгээрт холбогдох баримт хэрэгт авагдаагүй, мөн хавтаст хэргийн 30 дугаар талд “Баанжуу Ганбаа” ХХК-ийн гаргасан тодорхойлолтоор Б.З. нь тус компанид өдрийн 100.000 төгрөгийн цалинтай туслах ажилтнаар ажилладаг болохыг тодорхойлсон байх боловч энэ нь хохирогчид ажилгүй хугацааны цалинтай тэнцэх хэмжээний гэм хорын төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах хангалттай нотлох баримт болохгүй. Өөрөөр хэлбэл, ажилтан нь тодорхой ажил, үүрэг гүйцэтгэхийн тулд бусад хүн, хуулийн этгээдэд хөлсөөр ажиллаж байгаа бол тухайн ажлыг ямар хугацаанд хийж гүйцэтгэх байсан болон хөлсийг өдөр өдөрт нь авч байсныг нотлох тодорхой баримтын үндсэн дээр бусдаас шаардах эрх үүсэх тул хохирогчийн нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах хуульд заасан үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгч нь хохирогчид баримтаар төлөх төлбөргүй байх бөгөөд хохирогч Б.З. нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу С.Б. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг ажил, хөдөлмөр эрхэлж, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргээс үзвэл түүнд торгохоос өөр төрлийн буюу хорих ял шийтгэснээр хохирогчийн эрх ашиг сэргэх боломж, нөхцөл байдлын хэмжээ хязгаар багасах сөрөг талтайгаас гадна шүүгдэгч нь эрх чөлөөгөө хязгаарлуулалгүй ажил, хөдөлмөр эрхэлснээр хохирогчид цаашид гарах гэм хорын хохирлыг хугацаа алдалгүй нөхөн төлөх боломжтой болох тул шүүгдэгч С.Б.д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хавтаст хэргийн 61 дүгээр талд авагдсан “МВС” ХХК-ийн цалингийн тодорхойлолт,  хохирогчид давхар гэм хорын хохирол нөхөн төлөх боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт С.ын Б.г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б.д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б.д оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

            6. Хохирогч Б.Зоригбаатар нь цаашид гарах эмчилгээ, гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД