Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2024/0053

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Эын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 792 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч Г.Э

Хариуцагч Монгол Улсын ТАЗД

Хариуцагч Монгол Улсын ТАЗСонгон шалгаруулалтын комисс

Гуравдагч этгээд С.Б

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.МС

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мл, О.

Гуравдагч этгээд С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т

 

Хэргийн индекс: 128/2023/0379/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 792 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын ТАЗСонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тайлангийн С.Бөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 2 дахь заалтаар /2002 оны/ Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2, /2023 оны/ Дээд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын ТАЗСонгон шалгаруулалтын комиссын 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01, 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлийн Г.Эд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоон, 3 дах заалтаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ТАЗдаргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 129 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэгч Г.Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “

2.1. Анхан шатны шүүх “... Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн “Мэргэжлийн чиглэл, /хөтөлбөрийн нэр/ индекс шинэчлэн батлах тухай” А/160 дугаар тушаалыг нэр мөр ойлгож хэрэгжүүлэх талаар тус яамны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2/144 дүгээр албан бичигт “... мэргэжлийн чиглэл, /хөтөлбөрийн нэр/ индексийг дүйцүүлсэн жагсаалтыг дээд боловсролын сургалтын хөтөлбөр болон иргэний дээд боловсролын баримт бичиг дэх мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн нэр, индексийг дүйцүүлэхэд лавлагаа болгон ашиглах ...” утга агуулга бүхий албан бичгийн хавсралтад 041306 индекстэй “төрийн удирдлага” хөтөлбөр нь бакалавр зэрэг эзэмшсэн байхыг шаардахгүй, энэ чиглэлээр магистр, докторын зэргийг хамгаалсан тохиолдолд дүйцүүлэн тооцож болохоор байна гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй нотлох баримтыг үнэлж, Дээд боловсролын тухай хууль /2002 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.2.2-т “мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, мэргэжил эзэмшихэд зайлшгүй нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр шаардлагатай онол-арга зүйн мэдлэг эзэмшүүлэх”, Дээд боловсролын тухай хууль /2023 оны/-ийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “суралцагч элссэн мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрт суралцах хугацаанд бусад мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрт давхар суралцаж хос мэргэжил эзэмшиж болно” гэх хуулийн зохицуулалтаар шаардагдах хичээлийг сонгон судлах замаар хөрвөх боломжтой мэргэжлээр давхар мэргэжил эзэмших боломжтой болохыг нээж өгсөн...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

2.1.1. Учир нь нэхэмжлэгч Г.Э Санхүү эдийн засгийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн бөгөөд энэ талаар маргадаггүй, мөн Санхүү эдийн засгийн их сургуулийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 6/788 дугаар албан бичигт нарийвчилсан мэргэжил нь нягтлан бодогч, 0411 индекстэй мэргэжилтэй болохыг мөн Удирдлагын академийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 01/353 дугаар албан бичигт “... Удирдлагын академийн докторантур, магистрантурын сургалт нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа, ажиллах сонирхолтой иргэний боловсролын зэрэг ахиулахаар зохион байгуулагддаг сургалт юм” гэсэн тодорхой баримтууд хэрэгт авагдсан боловч хэрэгт ач холбогдолтой талаас нь нотлох баримтаар үнэлээгүй. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны “Мэргэжлийн чиглэл, /хөтөлбөрийн нэр/ индекс шинэчлэн батлах тухай” А/160 дугаар тушаалын хавсралтаар нягтлан бодогч мэргэжил нь 0411 индексэд хамаарах, харин нэхэмжлэгчийн нэр дэвшсэн Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын мэргэжлийн тусгай шаардлага хэсэгт менежмент ба удирдахуй 0413 индексийн мэргэжилтэй байхаар нарийвчлан заасан.

2.1.2. Мөн маргаан бүхий сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж, хуралдааны тэмдэглэлүүд гарах цаг хугацаанд Дээд боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхлэх нь битгий хэл батлагдаагүй байхад уг хуулийн 19 дүгээр зүйлийг баримтлан Г.Эыг хос мэргэжилтэй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Г.Э хос мэргэжил эзэмшээгүй, эрх бүхий сургалтын байгууллагаас олгосон хос мэргэжил эзэмшсэнийг нотолсон шийдвэр, диплом байхгүй болно.

2.2 Анхан шатны шүүх “... Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Т-ын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 6/968 дугаар албан бичигт дурдсан Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлага бакалавр зэрэгтэй төгссөн нь сайдын 2022 оны А/160 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан бизнесийн удирдлага 041301 индекстэй бакалаврын зэрэгтэй дүйцэж байна гэх, мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1а/1764 дүгээр албан бичигт дурдсан бакалаврын боловсролд үзсэн зарим агуулгыг дүйцүүлээд үлдсэн агуулгыг судалдаг тул магистр, докторын боловсрол эзэмшсэн иргэнийг тухайн мэргэжлийн шаардлагатай мэдлэг, ур чадварыг бакалавр, магистр, докторын зэргийг хамтатган мэргэжлийн эзэмшсэн гэж үзнэ гэж тайлбарласан байхад хариуцагч нарын үндэслэл болгож буй Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн “Мэргэжлийн чиглэл, /хөтөлбөрийн нэр/ индекс шинэчлэн батлах тухай” A/160 дугаар тушаалыг баталсан эх зохиогчийн тайлбарыг үгүйсгэн тайлбарлаж байгаа нь ... үндэслэлгүй...” гэж дүгнэжээ.

2.2.1. Маргаан бүхий сонгон шалгаруулалт зохион байгуулагдах тухайн цаг хугацаанд үйлчилж байсан Дээд боловсролын тухай хууль /2002 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна.”, Дээд боловсролын тухай хууль /2023 оны/-ийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт “Дээд боловсролын түвшин нь багц цагаар хэмжигдэх дэд бакалаврын, бакалаврын, магистрын, докторын зэрэгтэй байна.” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, Дипломын, бакалаврын, магистрын, докторын зэрэг нь боловсролын зэрэг болох талаар хуульчилсан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн “Мэргэжлийн чиглэл, /хөтөлбөрийн нэр/ индекс шинэчлэн батлах тухай” А/160 дугаар тушаалаар тодорхой мэргэжлүүдийг хамруулан тус бүрд нь нарийвчилсан индексээр баталсан. Гэтэл сайдын 2023 оны 1а/1764, тус яамны газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 6/968 дугаар албан бичгүүд нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн “Мэргэжлийн чиглэл, /хөтөлбөрийн нэр/ индекс шинэчлэн батлах тухай” А/160 дугаар тушаалын хавсралтаар баталсантай зөрүүтэй байх төдийгүй, мөн зөрүүтэй дээрх албан бичгүүдийг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй юм.

2.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.3.10, 4.3.11, 4.3.12-т тус тус дүгнэсэн дүгнэлт нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлүүдээр тус тус илт хууль болохыг тогтоолгох шийдвэр гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт хэн ч харсан алдаатай шийдвэр байхыг, 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий хуралдааны тэмдэглэлүүдийг илт хууль бус болохыг тогтоосон нь үндэслэлгүй. Төрийн албаны тухай хууль тогтоомжид зааснаар төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах чиг үүрэг бүхий сонгон шалгаруулалтын комисс бүртгэлд хамрагдсан оролцогчдын бүртгүүлсэн баримт бичгийг хянан шалгах, тухайн нэр дэвшигч хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан эсэх, сонгон шалгаруулалтад оролцуулах эсэх эрхийг Төрийн албаны тухай хууль тогтоомжоор комисст олгосон, олгосон эрхийн хүрээнд сонгон шалгаруулалтын комисс чиг үүргээ хэрэгжүүлсэн байхад комиссыг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй үндэслэлээр маргаан бүхий хуралдааны тэмдэглэлүүдийг илт хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

2.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ мөн шийдвэрийн 4.4.8-т зааснаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно.” гэж заасан.

2.4.1. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөхдөө сонгон шалгаруулалтын үр дүнгээр хамгийн өндөр оноо авсан иргэн, албан хаагчийг Зөвлөл болон Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлж, улмаар тухайн албан тушаалд томилох зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгчийн 2 дахь шаардлага хангагдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд нэхэмжлэгчийг зөвхөн сонгон шалгаруулалтад оролцуулах боломжтой болохоос биш уг албан тушаалд Зөвлөлөөс нэр дэвшүүлэх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Учир нь нэгэнт Зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 129 дүгээр тогтоол хүчинтэй байх тул нэг албан тушаалд 2 иргэнийг нэр дэвшүүлэх боломжгүй, нөгөө талаар нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад оролцуулж, харин нэр дэвшүүлэхгүй байснаар маргаан дахин үргэлжлэх үр дагавартай, мөн шүүхийн шийдвэрийн 4.3.11, 4.3.12, 4.3.13-т тус тус дүгнэсэн дүгнэлт бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй.

2.4.2. Иймд сонгон шалгаруулалтын комиссын хуралдааны тэмдэглэлүүдийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0792 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.МС дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: “

3.1. ... Шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

3.1.1. Сонгон шалгаруулах Ажлын хэсгийн 2 удаагийн хуралдааны тэмдэглэлд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сонгон шалгаруулалтад оролцохоор холбогдох материалаа цахимаар ирүүлсэн Г.Э нь тухайн албан тушаалын тодорхойлолтын боловсрол мэргэшил, туршлагын шаардлагыг ханган мэргэжлийн шаардлагыг хангаагүй тул бүртгэлд хамруулах, Сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасныг үндэслэн шүүх хуралдаанаас өмнө “...ТАЗСонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №01 дүгээр хуралдааны болон 2023 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн №02 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бус захиргааны актад тооцуулах гэж эхний шаардлагыг тодруулсан ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэхүү шаардлагын талаар үндэслэл бүхий зөв дүгнэлтийг хийжээ. Өөрөөр хэлбэл, тухайн төрлийн маргаанд шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хуулийг хэрэглэдэг, тайлбарладаг субъект нь гагцхүү шүүх, шүүгч ба хэргийн оролцогч ялангуяа өмгөөлөгчийн хувьд өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлийг нотлох үүднээс баримтад тулгуурлан шүүхэд тайлбар гаргадаг оролцогч юм.

3.1.2. Гэтэл шүүгч шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт “... нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад шүүгчээс удаа дараа шаардуулсны эцэст тодорхойлж өгсөн болно...” гэж тэмдэглэжээ. Нэхэмжлэгч Г.Э хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө бичгээр нэхэмжлэлийн эхний шаардлагаа тодруулсан ба нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай шүүгч огт танилцалгүйгээр шүүх хуралдаан зарлаж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх үед ямар шаардлага байгаа, хэрхэн ойлгож шийдвэрлэх талаар хариуцагч талаас гаргасан тайлбарын дагуу асууж, тодруулахад нь бид шаардлагаа тайлбарлаж өгснийг мушгин гуйвуулж бичсэн байна.

3.1.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд сонгон шалгаруулах ажлын хэсгээс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №02 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэж Г.Эд 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр албан бичгээр бүртгэлд хамруулах боломжгүй гэсэн хариуг өгсөн ба нэхэмжлэгч уг хариуг шийдвэр гэж ойлгож илт хууль бус актад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байсныг дээрх байдлаар тодруулсан болно.

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар  зүйлийн 47.2 дэх хэсэгт: “...Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна...” гэж заасан ба 2023 онд батлагдсан Дээд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасан болон Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/160 дугаар “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” тушаал, түүний хавсралт зэргээс үзэхэд хувь хүн хос мэргэжлээр давхар мэргэжил эзэмшиж болох ба уг эзэмшсэн мэргэжлийг дүйцүүлэх боломжтой. Гэвч хариуцагч сонгон шалгаруулах ажлын комисс хууль зөрчсөн шийдвэр гаргасны улмаас С.Бтэй шударгаар өрсөлдөх, хуульд заасан үндэслэл журмын дагуу албан тушаалд шударгаар өрсөлдөх, сонгогдох Г.Эын эрхийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүхээс хэргийн энэ үйл баримтын талаар хангалттай үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

3.2.1. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д заасан “...Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна...” гэж хууль тогтоогч хуульчилсан. Зохигч нарын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулгыг шүүгч огт анхаараагүй, ойлгоогүй байна. Нэхэмжлэгч Г.Эыг мэргэжлийн хувьд дүйцүүлэн сонгон шалгаруулалтын бүртгэлд хамруулах боломжтой байхад сонгон шалгаруулах комисс илтэд үндэслэлгүйгээр татгалзаж ашиг сонирхлын үүднээс гуравдагч этгээд болох С.Бийг бүртгэн авч сонгон шалгаруулалтад өрсөлдөгчгүйгээр оруулж, улмаар ТАЗД 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр маргаан бүхий 129 дугаар тогтоол гаргасан тул хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан юм. ТАЗдаргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн маргаан бүхий 129 дугаар тогтоолын зарим хэсэг нь илт хууль бус бөгөөд энэ нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа учраас хариуцагч ТАЗдаргын гаргасан С.Бийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандан санал болгосон тогтоол бүхэлдээ илт хууль бус гэж нэхэмжлэгч талаас үзсэн. Гэвч шүүх маргаан бүхий 129 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдохгүй, хууль зөрчөөгүй байна гэх үндэслэлээр уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Маргаан бүхий 129 дугаар тогтоолыг илт хууль бус актын үндсэн дээр захиргааны байгууллага гарсан тул тус акт бүхэлдээ хууль бус гэж бид шүүх хуралдаан дээр тайлбарласан ба энэ үндэслэлээр шийдвэрийн 3 дугаар заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас гомдол гаргаж байна.

3.3. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч талын төлөөлөгч 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрийг юу гэж ойлгох бэ гэдгийг нэхэмжлэгч талаас тодруулсны дараа тайлбар хэлье гэсэн. Энэ үед шүүгч бас үүнийг тодруулсан ба тэр үед бид 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн сонгон шалгаруулалтын комиссын тайлангийн С.Бөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулна гэдгээ хэлсэн. Г.Эаас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээ тодруулахдаа ч тэр энэ талаар нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй байсан юм. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дэх хэсэгт “...Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна... “ гэж хуульчилсан ба хариуцагч сонгон шалгаруулах комиссын хувьд захиргааны байгууллага мөн болно. Сонгон шалгаруулах комисс нь захиргааны байгууллага мөн учраас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т зааснаар сонгон шалгаруулах комиссын тайланг захиргааны акт мөн гэж бид үзэж байна. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулах комисс нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №01 дугаар хуралдаан болон 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №02 дугаар хуралдаанаас шийдвэр гаргахдаа Г.Эд шууд чиглэсэн эрх зүйн үр дагавар бүхий акт гаргасан, улмаар ямар ч өрсөлдөгчгүйгээр С.Бөд холбогдуулан шалгалт зохион байгуулж нэгтгэсэн тайлан гаргасан нь захирамжилсан үйл ажиллагаа буюу зөвшөөрсөн, тогтоосон үйлдэл гэж ойлгож байгаа болно. Уг тайлан нь эрх зүйн үр дагаврын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д заасан тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа учраас Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалт бүхэлдээ илт хууль бус гэж үзэх үндэслэл болж байгаа юм.

3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... ийм захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй актын шинжийг агуулсан гэж маргаж байгаа нь шүүхийн шийдвэр хэрхэн яаж гарахаас хамаарч хожим нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй гэх үндэслэл руу чиглүүлэн үйлдсэн гэж үзсэн...” дүгнэлт шүүгч хийжээ. Нэхэмжлэгч Г.Э нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, дараа нь нэхэмжлэлийн зарим шаардлагаа тодруулахдаа Монгол Улсын ТАЗСонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тайлангийн С.Бөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаагүй ба харин шүүх хуралдаан дээр хариуцагч, шүүгчээс тодруулж 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ямар шийдвэр вэ гэж асуухад нь энэхүү тайлангийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулна гэж өмгөөлөгч миний бие тайлбарласан. Нэхэмжлэгч энэхүү шаардлагыг гаргаснаар өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу нэмэгдүүлж буй агуулгатай байсан учраас аль болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчүүлэхгүйн тулд “... нэгэнт гаргасан шаардлага учраас шүүх эрх зүйн талаас нь дүгнэлт хийж өгнө үү...” гэснийг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй гэх үндэслэл руу чиглүүлсэн үйлдэл гэж шүүгч дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Э нь шүүх хуралдаанаас өмнө бичгээр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн эхний шаардлагаа л тодруулсан байхад дээрх дүгнэлтийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон С.Б нь сонгон шалгаруулалтад оролцохоор материал өгөх үедээ Сүхбаатар аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ба ийнхүү ажиллаж байсан болох нь сонгон шалгаруулах комиссоос хэрэгт ирүүлсэн баримт, түүний өөрийнх нь шүүхэд гаргасан тайлбараар давхар нотлогддог. Энэ байдал нь хариуцагч нар ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал дор Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сонгон шалгаруулалтыг явуулсан гэж үзэхээр байгааг анхан шатны шүүхээс огт анхаараагүй байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “...албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш 2 жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэж болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно...” гэж заасан ба хуулийн 21.1.2-т “...урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх...” мөн хуулийн 21.2-т “...энэ хуулийн 21.1.2-т заасан хязгаарлалт нь тухайн этгээд албан тушаалд сонгогдож, томилогдохоос өмнө ... онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд хамаарахгүй...” гэж хуульчилсан ба С.Б нь тухайн байгууллагад ажилладаг атлаа Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад оролцсон нь дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй албаны чиг үүргийн дагуу харилцаа тогтоохыг хориглоно гэснийг ноцтой зөрчиж байгаа ба сонгон шалгаруулалтад шууд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж бид үзэж байна.

3.6. Түүнчлэн 2022 оны 12 дугаар сард Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын зарлагдсан сонгон шалгаруулалтад иргэн С.Б оролцоогүй байсан ба уг сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс жилийн эцсийн тайлан, тооллоготой холбогдуулан бичгээр хүсэлт гарган хойшлуулсан атал уг сонгон шалгаруулалтыг үндэслэлгүйгээр хүчингүй болгон иргэн С.Бийг оролцуулан дахин сонгон шалгаруулалтыг шинээр зохион явуулсан нь дээрх асуудалтай шууд холбоотой гэж үзэхээр байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 792 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтыг хүчингүй болгож, маргаан бүхий ТАЗдаргын 129 дугаар тогтоолыг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй боловч зөрчилтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин зарим нэхэмжлэлийг шийдвэрлээгүй, мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа алдаа гаргасан  байх тул зөвтгөж өөрчлөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Эаас “ТАЗсонгон шалгаруулалтын комиссын хурлын 2023 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн шийдвэр,  2023 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус захиргааны актад тооцуулах, ТАЗсонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн сонгон шалгаруулалт болон ТАЗ2023 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 129 дугаар тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 106.3-д заасны дагуу хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн[1] шаардлагаа эцсийн байдлаар тодруулж гаргажээ.

1. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг зөвтгөх тухайд: 

1.1. Анхан шатны шүүх “сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээр хэрэг үүсгэсэн атлаа шийдвэрлээгүй орхисон байна. “Сонгон шалгаруулалт” нь ямар нэгэн захиргааны акт биш бөгөөд тухайн өдөр шалгаруулалт бодитойгоор явагдаж өнгөрсөн, түүнийг хүчингүй болгох ойлголт байх боломжгүй, энэхүү нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

1.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага бичгээр гаргаагүй, энэ талаар нэмж, өөрчлөөгүй, мөн захиргааны актын маргаан биш байхад “ТАЗСонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тайланг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан мэтээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг зөрчсөн байна.

1.3. Харин нэхэмжлэлийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн ТАЗСонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг бие даасан захиргааны акт мөн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үр дагаврыг шууд бий болгосон эсэхийг анхаараагүй байна.

1.3.1. Уг 02 дугаар хуралдаанаар Г.Эын гомдлын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хэлэлцэж, “бүртгэлд хамруулах, сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй” гэж, 01 дүгээр хуралдаанаар шийдвэрлэснийг зөв гэж үзсэн, тусдаа “үр дагавар” үүсгээгүй байхад захиргааны хэрэг үүсгэн, шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т нийцээгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож зөвтгөх нь зүйтэй байна. 

1.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ талаар давж заалдах гомдолдоо “... Нэхэмжлэгч Г.Э хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө бичгээр нэхэмжлэлийн эхний шаардлагаа тодруулсан ба ... ямар шаардлага байгаа, хэрхэн ойлгож шийдвэрлэх талаар хариуцагч талаас гаргасан тайлбарын дагуу асууж, тодруулахад нь бид шаардлагаа тайлбарлаж өгснийг мушгин гуйвуулж бичсэн” гэх гомдлыг  үгүйсгэх үндэслэлгүй байна.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тухайд:

2.1. Нэхэмжлэлийн “Монгол Улсын ТАЗСонгон шалгаруулалтын комиссын 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг анхан шатны шүүх “... хариуцагч нарын үндэслэл болгож буй Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/160 дугаар тушаалын хавсралтад заасан мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийг баталсан эх зохиогчийн тайлбарыг үгүйсгэн тайлбарлаж, Г.Эыг “мэргэжил”-ийн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр бүртгэлд хамруулах, сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй” гэж дүгнэн, хангаж шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

2.2. Учир нь хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.Э нь 2007 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуульд суралцан Төрийн удирдлагын менежментийн диплом, 2013 онд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан нь  Боловсролын тухай /2002 оны/ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 28.1.3. мэргэжлийн анхан, дунд, дээд боловсролын мэргэжлийн чиглэлийг тогтоох;” гэж заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/160 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс” Хүснэгтийн 041306 индекстэй “Төрийн удирдлага” мэргэжлийн чиглэл, магистр “+” гэж тэмдэглэсэнд хамаарч байна.

2.3. Иймд хариуцагчийн Албан тушаалын тодорхойлолтод заасан “... менежмент ба удирдахуй /0413/ ... мэргэжил” гэсэн шаардлагыг хангаагүй тул бүртгэж, сонгон шалгаруулалтад оруулах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2.4. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, ... зөрүүтэй баримтуудыг үнэлсэн ...” гэх гомдол үндэслэлгүй.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд:

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Эаас гаргасан “ТАЗсонгон шалгаруулалтын комиссын хурлын 2023 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоосон атлаа ТАЗ2023 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 129 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр биелэгдэх боломжгүй, ойлгомжгүй болжээ.

3.2. Тэрээр “... гуравдагч этгээд С.Бийн зохих журмын дагуу өгсөн тусгай шалгалтын дүнгийн хуудас хүчин төгөлдөр хэвээр хадгалагдах ба үүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөхгүй. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан зохицуулалтыг тусгай шалгалтаар хэн илүү оноо авч эрэмблэгдсэнийг харгалзан хэрэглэх нь зүйтэй...” гэж хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар, логик зөрчилтэй (С.Бийг томилуулахаар нэр дэвшүүлсэн ТАЗдаргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 129 дүгээр тогтоол хүчинтэй байхад илүү оноо авсан өөр хүнийг дахин нэр дэвшүүлэх боломжгүй) дүгнэлт хийж, нэхэмжлэлийг энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт зарим нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, бусад нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зарим гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 792 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “ТАЗСонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар шийдвэр болон 2023 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “2. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 26 дугаар зүйлийн 26.2, 33 дугаар зүйлийн 33.12, Боловсролын тухай /2002 оны/ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, Дээд боловсролын тухай /2002 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2-т заасныг баримтлан Г.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ТАЗсонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, ТАЗдаргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 129 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай” гэж  тус тус өөрчилж, 3 дахь заалтыг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Г.Эын өмгөөлөгч О.МСгийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч ТАЗСонгон шалгаруулалтын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                   Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                   Д.ОЮУМАА

 

                                 ШҮҮГЧ                                                   С.МӨНХЖАРГАЛ

 

 

[1] 1 дүгээр хавтасны 1-4, 3 дугаар хавтасны 22 дугаар хуудас