Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Дуламсүрэн,  

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул,  

Шүүгдэгч: *************************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогтой ************* холбогдох эрүүгийн 2227000590087 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ********** аймгийн*********** сумын******* баг*************** гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********* овогтой*******************  /РД:********************/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч **********************нь 2021 оны 10 дугаар сард**************  аймгийн ************ сумын ***дугаар багийн нутаг дэвсгэр “*******************” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 5 метр 40 см урттай 70 ширхэг хуурай, 5 метр 40 см урттай 2 ширхэг нойтон, нийт 72 ширхэг хэрэглээний зориулалттай шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж үхэр тэрэг ашиглаж зөөсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Иргэний нэхэмжлэгч **************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

 “...************** танина, хамаатан садангийн холбоо байхгүй. ************ надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн хүний хийсэн үйлдэл гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,   

 

Гэрч ************************ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

 “...Би 2021 оны намар 9 сарын эхээр хүргэн ахынхаа намрын ажилд туслах зорилготой Улаанбаатар хотоос ирээд ************* аймгийн ********** сумын “***********газраас хүргэн ах * малын хуучин саравчийг буйрнаас нь сэлгэж барилцсан. Тухайн үед манай хүргэн ах Архангай аймгийн хүнээс мод авахаар боллоо гээд бид хоёр саравч барьсан газраасаа багцаагаар 10-15 км зам яваад хөдөөний айлын гаднаас хүргэн ахын цагаан өнгийн портер-2 маркийн машинаар 2 удаа ачиж саравч барьж байгаа газарт аваачиж саравчаа сэлбэж барьсан. Тухайн очиж мод авсан айл Архангай аймгийн Хотонт сумын айл харин хэнийх гэдгийг нь би мэдэхгүй манай хүргэн ах таньдаг гэсэн. Модны хувьд ойролцоогоор 2-6 метрийн урттай мод байсан. Манай хүргэн ахын малын байр нь анх 2000 оны үед баригдсан байсан малын байрыг 2021 оны намар хүргэн ах ****************** бид хоёр хамт байрлалыг нь өөрчилж сэлбэж барьсан тэгэхдээ хөрөө, сүх, лоомбо бусад саравч барихад хэрэглэгддэг багаж ашигласан. Би саравчийн баруун талын дээвэр хэсэгт орсон 72 ширхэг модыг бэлтгэх зөвшөөрөл авсан эсэх талаар мэдэхгүй байна. Харин хүргэн ах бид хоёрын Архангайн айлын гаднаас ачиж авч ирсэн 100 орчим модыг бид хоёрт зарсан хүн нь хэлэхдээ гоожин нь сумын төв дээр байгаа санаа зоволтгүй гэж ярьж байхыг сонссон. Би эрхийн бичиг зөвшөөрлийн талаар огт мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 120 дугаар хуудас/,

 

Гэрч ****************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

 “...************** гэр бүл тэнд үе удмаараа олон жил нутаглаж байгаа. Сүүлд шинээр саравчаа сэлбэсэн талаар мэдээгүй. Надаас хэрэглээний модны эрхийн бичиг сураад явж байсан. Тухайн үед би хэрэглээний модны эрхийн бичиг олгох талаар хэлж байсан. 2021 оны 10 дугаар сард багийн нийтийн хурлын үеэр Орхоны хөндий тусгай хамгаалалтын захиргааны дарга ****************** малчид малын хашаа байр сэлбэх хэрэглээний модны эрхийн бичиг олгох талаар мэдээлэл хийж байсан. *************надад хэлэхдээ би хашаа, саравч сэлбэх гэж байгаа хэрэглээний гоожин өгч байгаа юу гэхэд нь хэрэглээний модны эрхийг өгнө гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/,

 

Гэрч ***************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

 “...Намайг малд явж байхад ************* шинээр саравчаа нүүлгэж барьсан газрын арын Шивэртийн давааны ойролцоох ойгоос өөрийн хүрэн тарлан хайнаг модон тэрэг хоёрыг ашиглаад нарийн мод буулгаад саравчин дээрээ ирж байсан би үхрийг нь тууж модоо саравчин дээрээ зөөж авчрах үед нь тусалсан бас саравчин дээрээ нь өвс тавилцаж өгсөн. Нарийхан 4-5 метрийн орчим урттай шургааг моднууд авч явж байсан 10-11 орчим байсан байх нарийн тоог нь хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай:

“...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн хуурай 70 ширхэг мод, нойтон босоо 2 ширхэг мод байна.

Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний бөөрөнхий мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан хохиролын үнэлгээ нийт 1 872 630 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

 

Саравчинд үзлэг хийсэн тэмдэглэл, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт, Хөрөнгийн үнэлгээчин ***************** гаргасан модны үнэлгээнүүд, эд зүйл эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай тогтоолууд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар багийн засаг даргын ****************талаарх тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй тухай лавлгагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, монгол банкны зээлийн мэдээллийн сангийн зээлийн мэдээллийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 38-39, 14, 142-145, 29, 62-63, 135-136, 156-158, 89, 90-92, 94-107 дугаар хуудас/ зэрэг болно. 

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч ****************нь 2021 оны 10 дугаар сард *************аймгийн ********* сумын *багийн ********нутаг дэвсгэр “***************” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 5 метр 40 см урттай 70 ширхэг хуурай, 5 метр 40 см урттай 2 ширхэг нойтон, нийт 72 ширхэг хэрэглээний зориулалттай шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж үхэр тэрэг ашиглаж тээвэрлэсэн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******** үйлдсэн болох нь

Иргэний нэхэмжлэгч ********, гэрч ************ ***********************нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37, 120, 80, 133-134 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн хуурай 70 ширхэг мод, нойтон босоо 2 ширхэг мод байна. Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний бөөрөнхий мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохиролын үнэлгээ нийт 1 872 630 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 110-111 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *************** хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч ********** улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

Иймд шүүгдэгч ********************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.          

           

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 1 872 630  төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул хэргийн улмаас учирсан хохирлыг 1 872 630  төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 5 617 890 төгрөг гэж тогтоосон ба шүүгдэгч нь хохирлоо Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ***************** тоот дансанд төлсөн нь Хаан банкны банк хоорондын шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч ******************ь хохиролд төлсөн 5 617 890 төгрөгийг буруу дансанд тушаасан байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ************************** тоот данснаас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн ******************* тоот дансанд оруулахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч **************** нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн 1 тооны хайнагийн үхэр, гар аргаар хийсэн үхэр модон тэргийг ашигласан болох нь гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул дээрх 1 тооны хайнагийн үхэр, гар аргаар хийсэн үхэр модон тэрэгний үнэ болох 2 000 000 төгрөгийг, мөн хууль бусаар бэлтгэсэн 2 170 000 төгрөгийн үнэлгээ бүхий 72 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгох /Байгаль орчин уур амьсгалын сангийн 1****************** тоот дансанд оруулах/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Tailin маркийн ягаан өнгийн бариултай цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа ба шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлсөн, ****************** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ***************** тэнссэн хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд 100 ширхэг мод тарих, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч ****************** тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

 

**************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ овогтой *********************** зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар *********** хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5-т зааснаар ***********************тэнссэн хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд 100 ширхэг мод тарих, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэсүгэй. 

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан ***************тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар *************** тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.

           

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *************** өмчлөлийн 1 тооны хайнагийн үхэр, гар аргаар хийсэн үхэр модон тэрэгний үнэ болох 2 000 000 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хууль бусаар бэлтгэсэн 2 170 000 төгрөгийн үнэлгээ бүхий 72 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгож /Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулах/, Tailin маркийн ягаан өнгийн бариултай цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй. 

 

7. ************************нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохиролд төлсөн 5 617 890 төгрөгийг Орхны хөндийн байгалийн цогцолборт газрын 10010183001 тоот данснаас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансруу шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Б.САРАНТУЯА