Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Санги-Очирын Олзод |
Хэргийн индекс | 105/2022/0848/Э |
Дугаар | 2022/ШЦТ/855 |
Огноо | 2022-06-07 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/855
2022 06 07 2022/ШЦТ/855
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
хохирогч А.Н.,
иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагч О.Отгонбаяр,
шүүгдэгч О.Н. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А. овогт О.ын Н.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00207 0237 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суухА. овогт О.ын Н..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Н. нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын автобусны буудлын зогсоолын замд Тоёота Приус маркийн ........ УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр түр зогсон, хөдөлгөөн эхлэхдээ чиглэлийн тээврийн хэрэгсэлд суух гэж явсан явган зорчигч А.Н.д зам тавьж өгөлгүй мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н. мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Н. мэдүүлэхдээ: “Одоо бие гайгүй. Гэхдээ жаахан өвдөөд байгаа. Сая физик эмчилгээнд 8 хоног яваад, бариа засалд массаж хийлгүүлсэн. Эхлээд хавагнаад байсан. Харин явахаар жаахан өвдөөд байгаа. Одоо тосоо түрхээд, эмчилгээ хийлгээд байж байгаа. Өвдвөл өвчин намдаах эм ууж байна. Эмчилгээний зардалд надад 1.220.000 өгсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагч О.Отгонбаяр мэдүүлэхдээ: “Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой асуудал нь яллах дүгнэлтэд тусгагдаагүй. Тэгэхээр энэ нь иргэний журмаараа явах байх. Тийм учраас шүүхийн шийдвэрт тусгаад байх шаардлагагүй гэсэн саналтай байна. Надад энэ талаар бол танилцуулаагүй. Харин О.Н.гаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн: “Тоёота Приус маркийн автомашин автобусанд суух гэж явсан явган зорчигчийг мөргөж, явган зорчигч газар унаж байгаа нь харагдаж байна.” гэх тэмдэглэл /хх-ийн 10/,
- Хохирогч А.Н.н мөрдөн шалган ажиллагааны явцад өгсөн: “Автобус ирэхээр нь суух гээд хүмүүсийн араас нь зогсож байтал хажуугаар явж байсан машин автобусны буудал руу орж ирээд миний баруун хөлийг мөргөх шиг болоод зогссон. Би тэр үед газар сөхрөөд унасан. Тэгэхэд машины жолооч цонхоо буулгаад “уучлаарай эгч ээ” гэж хэлээд чигээрээ хөдлөөд яваад өгсөн. Би тэр үед хөлөө дайруулсныг мэдээгүй хэсэг шоконд орсон байсан, тэгээд автобусандаа суугаад явсан. Ингээд "Мөнгөн завьяа” худалдааны төвийн буудал дээр автобуснаас буух гэтэл хөл өвдөөд алхаж чадахгүй байсан. Тэгээд хүний гар утсыг гуйгаад өөрийн төрсөн хүү Мягмар-Очирыг дуудсан. Ингээд хүүхэд ирэхээр нь би болсон явдлын талаар хэлээд хүү 102 дугаар утас руу дуудлага өгсөн. Би машин байсан үгүйг анзаараагүй. Тухайн үед миний хөл өвдөх нь гайгүй болохоор нь зүгээр юм байх гэж бодоод автобусанд суугаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- Иргэний хариуцагч О.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Тоёота Приус маркийн 83-01 УБЭ тээврийн хэрэгслийг 2017 онд өөрийн нэр дээрээ худалдан авч байсан. Миний эзэмшлийн автомашин байгаа юм. Миний төрсөн эгч О.Н. нь тухайн тээврийн хэрэгслийг хааяа жолоодож замын хөдөлгөөнд оролцдог. Тэгээд осол болсон өдрийн орой 00 цагийн үед над руу цагдаагаас залгаж байна гээд болсон явдлын талаар хэлсэн. Ингээд би эгчийн дугаарыг цагдаад өгсөн. Би иргэний хариуцагчаар татагдаж оролцож байгаа гэдгээ ойлгосон. Надад асуух зүйл байхгүй. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5621 тоот: “А.Н.н биед баруун хөлийн тавхайн ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Н. нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын автобусны буудлын зогсоолын замд Тоёота Приус маркийн 83-01 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр түр зогсон, хөдөлгөөн эхлэхдээ чиглэлийн тээврийн хэрэгсэлд суух гэж явсан явган зорчигч А.Н.д зам тавьж өгөлгүй мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
- Камерын бичлэгт үзлэг хийсэн: “Тоёота Приус маркийн автомашин автобусанд суух гэж явсан явган зорчигчийг мөргөж, явган зорчигч газар унаж байгаа нь харагдаж байна.” гэх тэмдэглэл /хх-ийн 10/,
- Хохирогч А.Н.н мөрдөн шалган ажиллагааны явцад өгсөн: “Автобус ирэхээр нь суух гээд хүмүүсийн араас нь зогсож байтал хажуугаар явж байсан машин автобусны буудал руу орж ирээд миний баруун хөлийг мөргөх шиг болоод зогссон. Би тэр үед газар сөхрөөд унасан. Тэгэхэд машины жолооч цонхоо буулгаад “уучлаарай эгч ээ” гэж хэлээд чигээрээ хөдлөөд яваад өгсөн. Би тэр үед хөлөө дайруулсныг мэдээгүй хэсэг шоконд орсон байсан, тэгээд автобусандаа суугаад явсан. Ингээд "Мөнгөн завьяа” худалдааны төвийн буудал дээр автобуснаас буух гэтэл хөл өвдөөд алхаж чадахгүй байсан. Тэгээд хүний гар утсыг гуйгаад өөрийн төрсөн хүү Мягмар-Очирыг дуудсан. Ингээд хүүхэд ирэхээр нь би болсон явдлын талаар хэлээд хүү 102 дугаар утас руу дуудлага өгсөн. Би машин байсан үгүйг анзаараагүй. Тухайн үед миний хөл өвдөх нь гайгүй болохоор нь зүгээр юм байх гэж бодоод автобусанд суугаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- Иргэний хариуцагч О.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Тоёота Приус маркийн 83-01 УБЭ тээврийн хэрэгслийг 2017 онд өөрийн нэр дээрээ худалдан авч байсан. Миний эзэмшлийн автомашин байгаа юм. Миний төрсөн эгч О.Н. нь тухайн тээврийн хэрэгслийг хааяа жолоодож замын хөдөлгөөнд оролцдог. Тэгээд осол болсон өдрийн орой 00 цагийн үед над руу цагдаагаас залгаж байна гээд болсон явдлын талаар хэлсэн. Ингээд би эгчийн дугаарыг цагдаад өгсөн. Би иргэний хариуцагчаар татагдаж оролцож байгаа гэдгээ ойлгосон. Надад асуух зүйл байхгүй. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5621 тоот: “А.Н.н биед баруун хөлийн тавхайн ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.Н.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч А.Н. нь баримтаар 116.213 төгрөгийн хохирол нэхэмжилж, хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь А.Н.д баримтаар төлөх төлбөргүй бөгөөд хохирогчийн тайлбар, эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Хавтаст хэргийн 87, 89-90 дүгээр талуудад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хүсэлт, хохирогч А.Н.н 2022 оны 04-05 дугаар саруудад эрүүл мэндийн даатгалын сангаас авсан нийт 298.000 төгрөгийн хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээний жагсаалт хавсаргагдаж, энэ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.”, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.”, 513.2 дахь хэсэгт “Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж тус тус заасныг үндэслэн дээрх мөнгөн дүнг шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч О.Н.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу О.Н. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, хохирогчид эмчилгээний зардалд 1.220.000 төгрөг өгсөн ба цаашид гарах эмчилгээний зардлыг хувиараа ажил, хөдөлмөр эрхэлж, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч О.Н.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг хуульд зааснаар 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А. овогт О.ын Н.г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н.д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Н.д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Н. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч О.Н.гаас 298.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
7. Хохирогч А.Н. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД