Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/870

 

 

 

 

 

 

 

 

   2022         06         10                                       2022/ШЦТ/870

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч Б.О., түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.ийн О.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 01218 1394 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт оршин суух, Б. овогт Б.ийн О..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О. нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сайханы гудамжны ..... тоотод П.О.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний хэвлий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч П.О.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “О. надтай ноцолдож байхдаа намайг хутгаараа хэд хэдэн удаа хэвлий хэсэгт дүрсэн. Би тухайн үед согтуу байсан учраас хаана хутгалуулсан талаар яг тод санахгүй байна. Миний баруун урд хэвлийн хэсэгт 3 жижиг зүсэгдсэн мэт хөндлөн шарх үүссэн ба тус хэсэгтээ оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

- Гэрч А.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Б.О., П.О. хоёр нь өөр өөр эцэгтэй хүмүүс юм. Тэгээд байнга хоорондоо муудалцаж байдаг. Тэгээд Б.О.ийн авчирсан архийг хувааж ууж байгаад маргалдаад байсан. П.О.ын биед учирсан гэмтлийг Б.О. нь хоорондоо маргалдсаны улмаас гал тогооны шүүгээнд байсан хутгыг авч П.О.ын хэвлийн тус газарт нь хутгалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3958 тоот: “П.О.ын биед хэвлийд хоёр тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,

- Б.О.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О. нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сайханы гудамжны 59 тоотод П.О.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний хэвлий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч П.О.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “О. надтай ноцолдож байхдаа намайг хутгаараа хэд хэдэн удаа хэвлий хэсэгт дүрсэн. Би тухайн үед согтуу байсан учраас хаана хутгалуулсан талаар яг тод санахгүй байна. Миний баруун урд хэвлийн хэсэгт 3 жижиг зүсэгдсэн мэт хөндлөн шарх үүссэн ба тус хэсэгтээ оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

- Гэрч А.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Б.О., П.О. хоёр нь өөр өөр эцэгтэй хүмүүс юм. Тэгээд байнга хоорондоо муудалцаж байдаг. Тэгээд Б.О.ийн авчирсан архийг хувааж ууж байгаад маргалдаад байсан. П.О.ын биед учирсан гэмтлийг Б.О. нь хоорондоо маргалдсаны улмаас гал тогооны шүүгээнд байсан хутгыг авч П.О.ын хэвлийн тус газарт нь хутгалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3958 тоот: “П.О.ын биед хэвлийд хоёр тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,

- Б.О.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.О.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Хохирогч П.О. нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.О.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Б.О.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Б.ийн О.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О.т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О.т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД