Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/871

 

 

 

 

 

 

 

 

    2022         06         10                                      2022/ШЦТ/871

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч М.Отгонжаргал,

хохирогч Б.О., түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Б.Уранцэцэг,

шүүгдэгч Д.М., түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О. овогт Даваасүрэнгийн М.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 2308 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, О. овогт Д.гийн М..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М. нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй плаза” худалдааны төвийн 2 давхарт иргэн Б.О.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М. мэдүүлэхдээ: “Тэр өдөр лангуунд манай хүүхдийн бараа ирсэн. Гэтэл миний өөдөөс харсан охин “Д.М. эгч ээ, Одноо эгч танай хүүхдийг гуйлгачнаар нь дуудад байна” гэж хэлсэн. Ингээд намайг яваад очтол Б.О. нь Наранбаатарыг “танайх дандаа хүний бараа дуурайж зардаг, муусайн гуйлгачид” гэж загнасан. Тэгэхээр нь би “Одноо, чи дандаа ингэх юм аа, одоо болно шүү дээ, зүгээр больж үз, зүгээр цаашаа яв” л гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Тэгэхэд Одноог хашгичаад байж байхад цаанаас нь дүү Оюунням нь ирсэн. Оюунням нь “Одноо эгч ээ, боль оо, наад гуйлгачидтайгаа юу ярьдаг юм” гээд татаж чангаагаад аваад явсан. Яг болсон процесс бол ийм юм болсон. Удаа дараа манай хүүхдүүдийг “гуйлгачин”, бараг “үхэж далд ороорой” гэж харааж загнаж байсан. Миний охиныг хүртэл “үхэж далд ор” гэж харааж байсан. Надад бичлэг нь ч хүртэл байгаа. Нэг ёсондоо хүүхдүүдийн минь ажлыг хийлгэдэггүй л гэсэн үг. Би хохирогчийг цохиж зодоогүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О. мэдүүлэхдээ: “Тэр өдөр Д.М. намайг зодсон. Гараас битүү барьж аваад байхаар нь би “боль оо” гэтэл болихгүйгээр гараараа хумслаад намайг зодсон. Одоо болтол надаас уучлалт гуйгаагүй. Зодсоныхоо дараа буюу 10 дугаар сарын 03-ны өдөр цагдаад бас өгсөн байсан. Энэ хүн намайг маш их сэтгэл санааны шаналалд оруулсан. Миний дүү энэ хүнийг бүдүүлэг үгээр харааж загнаагүй. Энэ хүн өөрөө аягүй бүдүүлэг үгээр харааж загнаж байсан. Одоо өөрөө амнаасаа гарсан үгээ мэдэж байгаа. Хуулийн өмнө худлаа яриад байж болохгүй. Бүх болсон процессыг надаас өөр тэр хавьд байсан бүх хүмүүс харсан. Үнэн юм үнэнээрээ сайхан. Энэ хүн намайг өнөөдөр худлаа гүтгэж байна. Би 3.817.000 төгрөг нэхэмжилж байгаа. Намайг сэтгэл санааны шаналалд оруулсан учраас би өмгөөлөгч авахаас өөр аргагүй байдалд хүрсэн. 3.000.000 төгрөг нь өмгөөлөгчийн зардал, 817.000 төгрөг нь эмчилгээний зардал. Би өөрөөс нь “намайг битгий зодоод бай” гэж зөндөө удаа гуйсан. Гэтэл болихгүй байсан. Энэ чинь зүгээр 10 минутын зүйл биш байхгүй юу. Намайг 30-40 минутын хооронд энэ хүн зодсон. Тэгээд 40 минутын дараа манай дүү ирэхэд би “битгий ойрт оо” гэж хэлэхэд манай дүү “тавиач ээ, наад хүнээ” гээд тавиулсан. Тэр өдөр бид нар эрүүл байсан. Д.М. бүх үйлдлээ мэдэж байгаа. “Чи тавьчих аа” гэж би зөндөө гуйсан.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.О.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ байж байтал манай эмэгтэй дүү Оюунням надад хэлэхдээ таны бүх цүнхийг чинь дуурайгаад аваад ирсэн байна гэж хэлэхээр нь би Наранбаатарт залуу хүн байж хүний юмыг битгий дуурайж бай гэж хэлээд байж байтал Намуундарийн ээж М. нь над дээр гүйж ирээд миний хоёр гарыг шууд чангаар атгаад, тохойгоороо миний хөх рүү цохисон. Бас гараараа миний гарыг дарчихаад цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Гэрч Б.Оюуннямын өгсөн: “Хажуу талын лангууны М. нь О. эгчийг хоёр талаас нь чанга барьж хөдөлгөөнгүй болгож сэгсрээд мөр хэсэг рүү нь цохиж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

- Гэрч А.Анхбаярын өгсөн: “Лангууны урдхан талд О., М. нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед маргаан болж байхад О. эгч, М. эгч, түүний хүргэн Нараа нар байсан. Болсон үйл явдлыг сайн хараагүй. Манай лангуу жижиг хаалттай. Маргалдаж байгаа зүйл надад сонсогдсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9482 тоот: “Б.О.ийн биед цээж, баруун, зүүн, бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/,

- Шинжээч эмч Т.Сэлэнгийн өгсөн: “Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба дээрх гэмтлүүд нь цохих, базах үйлдлүүдээр үүссэн байх боломжтой. Өмнөх гэмтэл биш, шинэ гэмтэл ба тухайн цагт үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 32/,

- Гэрч Ч.Байгалмаагийн өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сандэй худалдааны төвийн 2 дугаар давхарт цүнх зарах ажлаа хийгээд байж байтал 16-17 цагийн орчим О. эгч лангууны мухар хэсгийн лангууны залуутай ижил цүнх зарлаа гэж маргалдаж байсан ба М. эгч хүргэнээ өмөөрч очоод чи одоо боль оо, лангуу руугаа явчих гэж хэлээд гараараа цээж хэсэг рүү нь түлхэж байсан. Энэ үед манай лангуунд үйлчлэгч орж ирээд би хүнтэй харьцаад бусад зүйлийг хараагүй. Очоод хоёр гараараа цээж хэсэг рүү нь түлхэж байсан.” гэх мэдүүлэг /138-139/,

- Гэрч Ч.Амаржаргалын өгсөн: “М. эгч О. эгчтэй маргалдаж байхдаа одоо болно лангуу руугаа явчих гэж хэлээд түлхэж байсан. Тэгээд манай лангууны урд хэсгээс цааш явсан тул бусад зүйлийг хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 141-142/,

- Гэрч Ч.Ариун-Уянгын өгсөн мэдүүлэг /хх-ийн 144-145/,

- Хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай прокурорын тогтоол /хх-ийн 154/,

- Б.О.ийн депозит дансны хуулга /хх-ийн 106-108/,

- Зарлагын баримт /хх-ийн 117-118/,

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,

- Б.О.ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4-9/,

- Д.М.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Гэрч М.Номуударийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /33-37/,

- Д.М.ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 39/,

- Д.М.ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 40-64,

- Д.М.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-73/,

- Гэрч Б.Наранбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 82/,

- Өмгөөлөгчийн гаргасан хүсэлт /хх-ийн 83-84/,

- Хүсэлт шийдвэрлэсэн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 85/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 87-90, 104, 117-118,

- Гэрч Ч.Байгалмаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 138-139/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М. нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй плаза” худалдааны төвийн 2 давхарт иргэн Б.О.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.О.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ байж байтал манай эмэгтэй дүү Оюунням надад хэлэхдээ таны бүх цүнхийг чинь дуурайгаад аваад ирсэн байна гэж хэлэхээр нь би Наранбаатарт залуу хүн байж хүний юмыг битгий дуурайж бай гэж хэлээд байж байтал Намуундарийн ээж М. нь над дээр гүйж ирээд миний хоёр гарыг шууд чангаар атгаад, тохойгоороо миний хөх рүү цохисон. Бас гараараа миний гарыг дарчихаад цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Гэрч Б.Оюуннямын өгсөн: “Хажуу талын лангууны М. нь О. эгчийг хоёр талаас нь чанга барьж хөдөлгөөнгүй болгож сэгсрээд мөр хэсэг рүү нь цохиж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

- Гэрч А.Анхбаярын өгсөн: “Лангууны урдхан талд О., М. нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед маргаан болж байхад О. эгч, М. эгч, түүний хүргэн Нараа нар байсан. Болсон үйл явдлыг сайн хараагүй. Манай лангуу жижиг хаалттай. Маргалдаж байгаа зүйл надад сонсогдсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9482 тоот: “Б.О.ийн биед цээж, баруун, зүүн, бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/,

- Шинжээч эмч Т.Сэлэнгийн өгсөн: “Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба дээрх гэмтлүүд нь цохих, базах үйлдлүүдээр үүссэн байх боломжтой. Өмнөх гэмтэл биш, шинэ гэмтэл ба тухайн цагт үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 32/,

- Гэрч Ч.Байгалмаагийн өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сандэй худалдааны төвийн 2 дугаар давхарт цүнх зарах ажлаа хийгээд байж байтал 16-17 цагийн орчим О. эгч лангууны мухар хэсгийн лангууны залуутай ижил цүнх зарлаа гэж маргалдаж байсан ба М. эгч хүргэнээ өмөөрч очоод чи одоо боль оо, лангуу руугаа явчих гэж хэлээд гараараа цээж хэсэг рүү нь түлхэж байсан. Энэ үед манай лангуунд үйлчлэгч орж ирээд би хүнтэй харьцаад бусад зүйлийг хараагүй. Очоод хоёр гараараа цээж хэсэг рүү нь түлхэж байсан.” гэх мэдүүлэг /138-139/,

- Гэрч Ч.Амаржаргалын өгсөн: “М. эгч О. эгчтэй маргалдаж байхдаа одоо болно лангуу руугаа явчих гэж хэлээд түлхэж байсан. Тэгээд манай лангууны урд хэсгээс цааш явсан тул бусад зүйлийг хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 141-142/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримт зэргээс үзвэл 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй плаза” худалдааны төвийн 2 давхарт Д.М. нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.О.ийг биед халдаж, эрүүл мэндэд цээж, баруун, зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байхаас гадна хохирогч, гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлт хэргийн үйл баримт, цаг хугацаатай тохирч байна.

            Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.М.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогчийн дүү нь хохирогчийг татаад аваад явсан үйлдэлд гэмтлийн зэрэг үүсэх үү гэдэг дээр дүгнэлт хийх ёстой, хохирлын тооцоо 352.150 төгрөг гэж тооцоологдож байна, хохирогч өмгөөлөгч авах нь гэмт хэргийн улмаас шууд учирч байгаа зардал биш.” гэж тайлбарлан маргасан.

Шүүх хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч, хохирогч Б.О.ийн биед шүүгдэгчээс өөр бусад этгээд, тухайлбал, Б.Оюунням хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Харин хохирогчоос гарган өгсөн хохирлын баримтуудыг шинжлэн судлахад нийт 781.750 төгрөгийн баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байхаас гадна уг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, гэм хорын зардалд зарцуулагдсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Дээрхээс үзвэл хохирогчийн өмгөөлөгчид төлсөн зардал 3.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гарах ёстой зайлшгүй зардал гэж үзэхгүй тул хохирол, хор уршигт тооцоогүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.М.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу Д.М. нь хувиараа ажил, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О. овогт Даваасүрэнгийн М.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М.т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М.т оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.М.ээс 781.750 төгрөгийг гаргуулан хохирогч Алдарийхан овогт Балгийсаагийн О. /ЕП67072300/-т олгосугай.

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД