Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 1767

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХААХҮЯ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулга, Б.Баттөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цолмонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

О.М миний бие ХХААХҮ-ийн сайдын 2016 оны 8 дугаар сарын өдрийн “Ажилд томилох тухай” Б-09 дугаар тушаалаар ХХААХҮяамны “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн захирлаар томилогдон, Хөдөлмөрийн гэрээ байгуулан ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй үүрэгт ажлаа сайн гүйцэтгэж байсан.

Гэтэл ХХААХҮсайдын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б-02 дугаар тушаалаар надтай байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн захирлын хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан.

Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б-02 тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг болон бусад хуулийн зүйл заалтыг үндэслэл болгож төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэх хууль бус үндэслэлийг ажлаас чөлөөлөх тушаалд тусгаж хууль бусаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байсан.

Би өөрийн хариуцсан албан үүргээ хариуцлагатай гүйцэтгэж ямар нэгэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж төрийн албан хаагчийн үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

Иймд миний нэхэмжлэлийн дараах шаардлагыг бүхэлд нь хангаж, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулж, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

О.М нь Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн удирдлагаар ажиллаж байхдаа өөрийн байгууллагын гэрээ хэлцэл хариуцсан мэргэжилтний ажил, үүргийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчөөр гүйцэтгүүлж, улсын төсвөөс зориулалтын бус зардал гаргасан байсан тул ХХААХҮны сайдын Б02 тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 26 дугаар зүйлийн 26.3 болон. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарцуулах зориулалт, Хүнс, Хөдөө аж ахуйн, Хөнгөн үйлдвэрлэлийн яамны сайд зарцуулахаар заасан байдаг. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д зааснаар сайд бол төсвийн ерөнхийлөн захирагч байгаа. сайдаас шилжүүлж авсан чиг үүргийнхээ хүрээнд сайдаас баталсан зориулалтын дагуу зарцуулах эрх нь Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал байгаа. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй гэж заасан байгаа. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т Засгийн газрын гишүүн нь өөрийн эрхлэх ажлын хүрээнд төрийн байгууллага бүтэц бүрэлдэхүүн болох  дарга эрхлэгчийн бүтэц орог тоог шинэчлэн батална гэж заасан байдаг. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн бүтэц орон тоог сайдын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 9 дүгээр тушаалаар орон тоог нь баталсан. Үүний дараагаар 2017 оны 02 дугаар сарын 23-ны 68 дугаар шинэчлэн баталсан байгаа. Гэхдээ Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн бүтэц орон тоог Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал О.Мийн төлөвлөж оруулж ирсэн орон тооны дагуу баталсан байгаа. Батлагдсан орон тоонд албан хаагчдаа томилоод бүтцийг удирдлагаар хангахыг даалгасан байна. О.М нь орон тооны бүтцийг төслийг төвлөж батлуулсан. Гэтэл орон тооны хүрээнд хэрэгжүүлэх боломжтой ажлыг н.Зоригтбаатартай 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулаад хийлгэж, нийт 9,500,000 төгрөгийн зардал гаргасан. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирлын гаргасан төслийн дагуу орон тооны бүтцийг баталсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал нь ажилчдынхаа ажлын байрны тодорхойлолтыг баталдаг. Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангийн гэрээ хэлцэл хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг өмгөөлөгч н.Зоригтбаатар гэдэг хүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаад хийж гүйцэтгүүлсэн. Уг гэрээний дагуу нийт 5 ажил хийлгэсэн байсан. 1.1-т заасан Сонгон шалгаруулалтын журмыг яам хариуцаж боловсруулаад Хууль зүйн яамд бүртгүүлэх бүх ажлыг хийсэн. Үүнийг өмгөөлөгчөөр хийлгэсэн байна. 1.2-т Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хүрээнд хэрэгжиж байгаа гэрээнүүдийн дүн шинжилгээ хийлгэж, эрсдэлийг тодорхойлох, зөвлөмж гаргах. Энэ нь гэрээ хэлцэл хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтын зорилт хэсгийн 6-т заасан ажил байгаа. Гэрээний 1.1, 1.2, 1.3-т заасан ажлууд ажлын байрны тодорхойлолтын зорилт 1-т заасан ажлууд байна. Байгууллагынхаа ажилтнуудыг ажиллуулаад хэрэгжүүлэх боломжтой байсан ажлыг бусдаар гүйцэтгүүлж зориулалтын бус зардал гаргасан байна. Хууль зүйн туслалцаа авах шаардлагатай байсан гэж үзэхэд төсөв батлагдсан байх ёстой. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр ажил, бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.5-д захиалагчийн эрх үүргийг заасан байгаа. Тухайн ажил, үйлчилгээ батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх үүрэгтэй гэж заасан. Эхлээд төсөв батлагдсан байх ёстой. Дараа нь ажил, үйлчилгээ  худалдаж авах ажиллагааг эхлүүлнэ. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр ажил, бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.15-д заасны дагуу хууль зүйн туслалцаа авсан үйлчилгээ нь зөвлөх үйлчилгээнд хамаарагдана. Зөвлөх үйлчилгээ гэж гүйцэтгэгчээс төсөв зохиох, хэрэгжүүлэх, сургалт зохиох, судалгаа шинжилгээ хийх, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа үйлчилгээг ойлгоно гэж заасны дагуу энэ нь зөвлөх үйлчилгээнд хамаарна. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар гүйцэтгэгч сонгох журмын дагуу хэмжээнд гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулах ёстой. 1,000,000 төгрөнд ч нээлттэй тендер шалгаруулалт явуулдаг журамтай. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох журмыг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр ажил, бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 35-39 дүгээр заалтад нарийвчлан зохицуулсан байгаа. Энэ журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийгээгүй. Гурван газар руу үнийн саналын албан бичиг явуулаад өөрөө гүйцэтгэгчийг сонгосон байдаг. Энэ тохиолдолд Үнэлгээний хороо байгуулж, Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтыг хийж гүйцэтгэх ёстой. Үнэлгээний хороо байгуулаагүй байна. Зөвлөх үйлчилгээний хувьд харьцуулалтын арга хэрэглэгдэхгүй гэж байгаа. Гурван газар руу албан бичиг явуулсан нь харьцуулалтын арга хэрэглэх гэсэн оролдлого байсан. Явуулсан ажиллагаа нь хуульд заасан журамтайгаа нийцээгүй байна. Иймд байгууллагынхаа албан хаагчдын нөөц бололцоогоороо явуулах боломжтой ажлыг бусдаар гүйцэтгүүлж, 9,500,000 төгрөгийн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байна. О.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчийн ажиллаж байх үед Сангийн яамнаас 2017 оны 10 дугаар сард санхүүгийн хяналт шалгалт ирж акт тавьсан. Тэдгээрт Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зөрчлийн талаарх тайлбарын 4 дүгээрт нь 9,500,000 төгрөгийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан дээр акт тавьсан. Тухайн үед зориулалтын бусаар хөрөнгө зарцуулсан актыг сайдад танилцуулсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.М нь хариуцагч ХХААХҮяамд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай гомдлын шаардлага гаргаж, хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ХХААХҮсайдын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б-02 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тушаалыг ажил олгогчоос хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Ажил олгогч ХХААХҮсайдын 2016 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн Б-09 дугаар тушаалаар О.Мийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар томилж, 2016 оны 11 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажилтаны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байхаас гадна талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. /х.х-ийн 3,5-6, 8 дахь талд/

ХХААХҮсайдын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б-02 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 70 дугаар зүйлийн 70.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн “онцгой шаардлага гараагүй, зориулалтын төсөв батлагдаагүй байхад сангийн бүтцийн нэгжид байгаа захиргаа, хууль эрх зүйн албаны холбогдох эрх зүйч мэргэжилтэнүүдийг ажиллуулалгүй, өөр байгууллагаас хуулийн зөвлөгөө авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэж  О.Мийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /х.х-ийн 4 дахь талд/

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Хууль зүйн туслалцаа хөндлөнгийн этгээдээс авч байгууллагад шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгуулж хууль зүйн дүгнэлт гаргуулах, тус үйлчилгээ авах үнийн дээд хязгаарыг 10 сая төгрөг” байхаар шийдвэрлэж, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өмгөөлөгч Ч.Зоригтбаатартай 2017/01-07 “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж,  гэрээгээр гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний хөлсөнд 2017 оны 5 дугаар сарын 03, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тус тус 4,275,000 төгрөг нийт 9,500,000 төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шилжүүлсэн байна /х.х-ийн 18-20, 47-51, 189-190 дэх талд/

Хариуцагч ХХААХҮяам дээрх үйлдэл нь Төсвийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж, хуульд заасан өөр арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломж байсан боловч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, зөрчил гаргасан болох нь Сангийн яамны шалтгалтаар тогтоогдож акт тавигдсан тул О.Мийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарласан.

Ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж зохицуулсан.

Хуулийн 40.1.5-д зохицуулснаар ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг ойлгоно.

Хариуцагч нь Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамж” батлагдаж уг удирдамжаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-ийн 2015 оны сүүлийн хагас жил, 2016 он, 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл аижллагаанд ... 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс ажлын 30 хоногт багтаан шалтгалтыг хийж гүйцэтгэхээр баталсан бөгөөд уг шалгалтын дагуу “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” нь хууль зүйн туслалцаа авах үйлчилгээ 9.5 сая төгрөгөөр авсан зөрчилтэй болох талаарх тайлбарыг гаргасан гэж тайлбарлаж, уг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.  /2 дугаар х.х-ийн 18-19 дахь талд/

Хариуцагчийн татгалзалын үндэслэл буюу ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл болсон уг баримтаар нэхэмжлэгчийг ийнхүү төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй нь гаргасан болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, уг шалгалтын удирдамж, зөрчлийн талаарх тайлбар зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан “тогтоогдсон” байх зохицуулалтад нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул О.Мийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн захирлын үүрэгт ажил албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн 2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээг “А” буюу машсайн” үнэлгээтэй үнэлсэн гэх үндэслэл, хариуцагчийн “Жижиг, дунд үйлдвэрийн сан”-гийн бүтэц, орон тоог тус сангийн захирал О.Мийн санал болгосноор баталсан гэх үндэслэлүүд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болохыг дурдах нь зүйтэй. /1 дүгээр х.х-ийн 191-212, 230-250, 2 дугаар х.х-ийн 1-15 дахь талд/

Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... олговор олгох ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж зааснаар 2017 оны 10, 11, 12 дугаар сарын дундаж цалин хөлс нь 1,482,608 төгрөг байх бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоход 4 сар 14 хоног буюу /1,482,608х4+902,457/=6,832,889 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь О.Мт ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,832,889 төгрөгийг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                          

  ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан О.Мийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт хариуцагч ХХААХҮяамнаас 6,832,889 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Мт олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Мийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг харицагч ХХААХҮяаманд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ХХААХҮяамнаас улсын тэмдэгтийн хураамжид 124,272 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

             

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                               Л.ЭНХЖАРГАЛ