| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2018/00245/и |
| Дугаар | 356 |
| Огноо | 2018-05-14 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн, Баруунтуруун сумын 2 дугаар багт оршин суух, 1975 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОА75010536, Т овогт С-ийн Э-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.811.846 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/10 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр өмнөх захирамжаа хүчингүй болгож намайг урьд эрхэлж байсан ажилд томилсон шүүгчийн захирамж гаргасан. Гэвч Баруунтуруун сумын Засаг дарга өнөөдрийн хүртэл буюу 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд оруулахгүй байгаа тул Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг тус шүүхэд гаргаж, хүсэлтийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч Баруунтуруун сумын Засаг даргад шүүхийн мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Миний бие Баруунтуруун сумын Засаг даргын гаргасан алдаатай шийдвэрийн улмаас өдийг хүртэл цалин ч үгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасарсан учраас ажлаас чөлөөлөгдсөн өдөр буюу 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалинг гаргуулан авах болон дээрх саруудын нийгмийн датгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 тоот тогтоолын 2-р хавсралт "Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ын 2-ын "г", "е" заалтуудыг үндэслэн нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх болон дээрх хугацааны буюу нийт 5 сарын цалин болох 2017 оны 11-р сарын цалин 847077 төгрөг \зохих татвар, нийгмийн даатгалын шимтгэл тооцох\, 2017 оны 12-р сарын цалин 847077 төгрөг \зохих татвар, нийгмийн даатгалын шимтгэл тооцох\, 2018 оны 1-р сарын цалин 847077 төгрөг \зохих татвар, нийгмийн даатгалын шимтгэл тооцох\, 2018 оны 2-р сарын цалин 847077 төгрөг \зохих татвар, нийгмийн даатгалын шимтгэл тооцох\, 2018 оны 3-р сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалин 423538 төгрөг \зохих татвар, нийгмийн даатгалын шимтгэл тооцох\ нийт 3.811.846 төгрөгийг \үүнээс зохих татвар, нийгмийн даатгалын шимтгэл тооцох/ Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.811.846 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.Л нэхэмжлэлийн хувийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй.
Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар С.Э-ыг тус сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажлаас халсныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Улмаар хариуцагч Баруунтуруун сумын Засаг дарга С.Л нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба хариуцагч нь тус шүүхийн шийдвэрийг одоо болтол биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох ёстой тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй байна.
Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлан нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 сар 28 хоног /2017 оны 11 дүгээр сард ажлын 19 хоног, 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 1-2 дугаар сар, 2018 оны 3 дугаар сард ажлын 9 хоног/ ажилгүй байсан хугацааны цалин нийт 3.644.403 /1 сарын дундаж цалин хөлс 847.077 төгрөг х 3 сар = 2.541.231 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 39.399 төгрөг х 28 хоног = 1.103.172 төгрөг/ төгрөг/ төгрөгийг хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч С.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 167.443 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасан байх ба С.Э-ы нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сар болох 2017 оны 8-10 дугаар сарын цалингийн бичилт засвартай байх тул 2017 оны 5-7 дугаар сарын цалингийн дунджаар 1 сарын дундаж цалин хөлсийг тодорхойлсон болно.
Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч С.Э-ы ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 3.644.403 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 73.260 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч С.Э-д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 3.644.403 /гурван сая зургаан зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 167.443 /нэг зуун жаран долоон мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар нэхэмжлэгч С.Э-ы ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.940 /далан таван мянга есөн зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газраас 73.260 /далан гурван мянга хоёр зуун жар/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Э-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ