| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/0210/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/887 |
| Огноо | 2022-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/887
2022 06 13 2022/ШЦТ/887
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
хохирогч А.Э.,
шүүгдэгч Л.П., түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,
шинжээч Т.Амартүвшин,
гэрч Б.Мөнхцолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М. овогт Л.гийн П.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02998 1991 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт оршин суух, М. овогт Л.гийн П..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.П. нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвд иргэн А.Э.тэй “бараан дээр ус асгалаа” гэх шалтгаанаар маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.П. мэдүүлэхдээ: “Би ер нь нээх “Нарантуул” дээр зогсдоггүй. Угаасаа хөл, гар муутай, хүйтэн ч байсан. Манайх нэг туслах охинтой байсан юм. Тэр бараа дэлгэж өгөөд, би мөнгийг нь хурааж авах үүрэгтэй л тэнд сууж байсан юм. Бороо дусахаар нь би “чи хөл, гар муутай хүнийг элэг бариад ус асгаад байхдаа яадаг юм” гээд 2 дахин хэлтэл хохирогч өөрөө дэвээд, сандал дээр гарч зогсоод, хайч бариад, есөн шид болж байсан. Тэгэхээр нь би “чамайг хүмүүс үздэггүй юм байна лээ, чи ийм муухай хогийн зантай болоод хүмүүс чамайг адладаг юм байна, тэгээд чи хүний өөдөөс нүүрээ харуулж чаддаггүй юм байна” гэж хэлсэн. Ер нь энэнд бараг ойртдог хүн байхгүй. Тэгээд би гомдол гаргасан ч гэж мэдээгүй. Би энэний нүдээ гэмтээснийг ч хараагүй, мэдээгүй байсан. Тэгээд энэ бараг сар тэрүүгээр тэгсэн, ингэсэн гээд л хов яриад яваад байсан. Би өөрөө мэдрэлийн гаралтай өвчтэй хүн, хөлний хадаастай, энэний араас хэрүүл хийгээд явахгүй. “Баялан ундраа”-гийн арын 14 дүгээр хороо хүртэл алхахад миний хөл шархирсан. Энэнээс болж би бүтэн жил зовж байна. Ер нь би нэг ч удаа худлаа мэдүүлэг хэлээгүй. Яагаад намайг ингээд зовоогоод байгааг ч мэдэхгүй байна. Би энэ ялыг угаасаа хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ хүнийг цохих чадвар ч байхгүй. Манай нөхөр тэр хавьдаа наймаа гайгүй хийдэг. Тэрэнд нь атаа жөтөө байдаг эсэхийг би сайн мэдэхгүй. Энэ хүн намайг хэтэрхий дарлаж байна. Ингэж болохгүй. Энэ нөхөртөө зодуулсан ч байж болно. Би ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй. Тэр шөнөө зодуулсан юм уу мэдэхгүй. Энэ араншин муутай хүн шүү дээ. Би Э.ийн цөөхөн гутлыг урд тунасан усан дээр авч шидсэн нь үнэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Э. мэдүүлэхдээ: “Тухайн өдөр гэнэт их хүчтэй бороо орсон. Гэтэл лангууны даавуун дээвэр цүлхийгээд ороод ирсэн. Тэгэхээр нь би асгах гээд дийлдэггүй. Тэгээд арай гэж хүчлээд, өргөөд асгасан чинь жаахан хүчтэйхэн асгасан. Тэгэхээр нь би П.гийн гутал руу орчихоогүй байгаа даа гээд харсан. Тэгтэл хуурай, зүгээр байж байсан. Энийг Наранцэцэг мэдүүлэгтээ баталсан байдаг. Тэгээд гайгүй болохоор нь хоёр дахиа дахиад юу яасан байхгүй юу. Тэгсэн чинь энэ хүн нүд ам нь орой дээрээ гараад, “миний үнэтэй гутал” юу юу гэнэ үү хэлээд байсан. Бид адилхан л үнэ ханштай гутлууд зардаг. Энэ хүн өөрийнхөө гутлыг үнэлэх гэж бодсон юм байлгүй дээ. Одоог хүртэл үнэлгээгээр үнэлүүлсэн гутал ч байхгүй, норсон юм ч байхгүй ийм л байгаа. Энэ хүний дүр төрх нь яг харагдаж эхэлж байна. Нээх номхон, дөлгөөн байсан хүн одоо яаж догшин болж ирж байна. Тэр үедээ бол бүр аймар байсан. Би тэгж хүнтэй таарч тохирдоггүй хүн биш. Харин энэтэй адилхан энд тэнд очоод хов зөөгөөд, хүн муулаад явдаг хүн биш. Тэгээд ус асгартал энэ хүн гүйж ирээд, миний гутлыг тэвэрч аваад шууд энэ талд нь тогтсон ус руу аваад хаячихсан. Хоёр удаа тэгж хаясан. Тэгээд талаасаа урагш бүх гутал норчихсон. Тэгээд энэ хүн намайг аягүй цочтол гараараа цохисон. Харсан чинь энэ хүн шүдээ зуучихсан, гараа зангидчихсан, миний хажууд ирчихсэн зогсож байсан. Тэгээд ус асгалаа л бол гүйгээд, яг мэдрэлийн өвчтэй хүн шиг гутлаа нэг аваад, тэгснээ над руу гүйж ирээд, миний гутлуудыг авч хаячихаад, тэгээд дараа нь төмөртэй гутлаар цохисон. Тэгэхэд Батцэцэг цаанаас ирсэн байсан. Тэр газар унасан гутлуудыг авч, наана цаана тавьж байгаа харагдсан. Долгор бол миний энэ талд суудаг. Тэр бол жаахан согтуу байсан. Юм мэдээгүй байх. Ер нь миний хажуу талын Наранцэцэг бол харсан. Би хүнтэй тийм таарч тохирдоггүй юм байдаггүй. Намайг П. гараараа цохиод, дараа нь гутлаар цохисон байхгүй юу.” гэв.
Шинжээч эмч Т.Амартүвшин шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мохоо зүйл гэдэгт гар, гутал зэрэг орно. Судаснаас цус шүүрээд арьсанд нэвчихэд цус хуралт үүсч, энэ нь арьсны өнгийг өөрчилдөг. Эхлээд хар хүрэн, улаан өнгөтэй болно. 3-4 хоногт ногоон өнгөтэй байна, 7-9 хоногт шар өнгөтэй, 2 долоо хоногийн дараа бүрэн шингэж арилдаг. Энэ гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой гэж дүгнэсэн. Кортексин нь тархины цусан хангамж сайжруулдаг эм. Цитофлавин нь ямар эм гэдгийг мэдэхгүй. Тибантин гэдэг нь даралтны эм.” гэв.
Гэрч Б.Мөнхцолмон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энэ хоёрын хооронд хэрүүл маргаан болж байхыг би хараагүй, зүгээр сонссон. Маргааш өглөө нь Э.ийг ирэхэд би мэндэлдгээрээ мэндэлсэн. Тэгээд нэг нүд хөхөрчихөж ээ гээд надад үзүүлж байсан. Өөрөө болохоор өчигдрийн явдлаас болж хөхөрсөн гэж хэлж байсан. Би Э.ийн нөхрийг мэднэ. Тэр өдөр зах дээр нөхөр нь ирээгүй. Э. надад хэлэхдээ нөхрөө тээвэрт явсан байгаа гэж хэлсэн. Тэгээд нөхөр явсан хойгуур нөхөртөө зодуулсан гэж мэдүүлсэн байна лээ гэж хэлж байсан. Э. нь надаар дамжуулан П.тэй тохиролцох талаар мөнгө төгрөгийн асуудал яриагүй. Тэрийг бол би зохион байгуулсан. “Та хоёр сүртэй юм болоогүй юм бол уулзчихаач ээ, нэгэнт нэг газар байхаас хойш заавал бие биенийгээ шүүхээр оруулж яах гээд байгаа юм” гэж л би хэлж байсан. Тэгэнгүүт энэ хоёр өөрсдөө уриалгахан уулзсан. Тэгээд би болсон л юм байх гэж бодсон. Би аль болох зохицуулах гээд байсан. П. намайг худалдаж авсан зүйл байхгүй. Би тийм юманд явдаг ч хүн биш. Би “П. цохичихсон байх аа” гэж мэдүүлэг өгөөгүй. Э.ийн нүд нь хөхөрсөн, улаасан байсан нь нүдэнд харагдаж байсан. Хэнийх нь гутал гэдгийг мэдэхгүй, ямар ч байсан усан дээр хэдэн гутал унасан байсан. Тэр чинь комиссын лангуу. Гутал угаагаад зарж л байдаг. Энэ хоёрын хэрүүл маргааныг бүгдээрээ л сонссон. Маргааш нь Батцэцэг энэ хоёрын маргаанд өртсөн тухай яригдаж байсан. Одоо энэ маргаанаас намайг чөлөөлж өгнө үү гэж шүүгчээс хүсч байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч А.Э.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” зах дээр лангуун дээр сууж байхад орой 17-18 цагийн орчим ширүүн бороо орсон юм. Энэ үед бараан дээгүүрх хаалтын нар болон борооноос хамгаалдаг даавуун дээвэр дээр ус маш хурдан хуримтлагдаж цүлхийсэн юм. Тэр үед би бараан дээр асгарчих вий гэж бодоод сандарсандаа цүлхийсэн усыг асгах гэж дээврийн даавууг татах үед өөдөөс харсан П. гэх эмэгтэйн лангууны наад талаар ус газарт асгарах үед хүний бараа нь норчихсон эсэхийг шалгаж харахад асгасан ус бараа руу асгараагүй байсан. Тэгээд би дахин хоёр дахь үлдсэн усыг дээврийн даавуун дээрээс асгах үед П. үгийн зөрүүгүй зарж байгаа гутлаасаа аваад над руу шидэх гэснээ болиод миний гутлууд норголоо гэж уурлаж хэлсэн. Тэгэхэд нь би чиний барааг норгоогүй, ус наана асгарсан шүү дээ гэж хэлэхэд үгийн зөрүүгүй миний лангуун дээр байсан гутлуудыг тэвэрч аваад П.гийн лангууны урд хэсэгт газар байрладаг гурван талаас ирсэн ус ихээр тунадаг усан дээр аваачиж шидэхэд нь би зөрүүлээд П.гийн лангуун дээр тунадаг усан дээр аваачиж шидэхэд нь би зөрүүлээд П.гийн лангуун дээр байсан зарим гутлыг мөн адил гараараа хамаад газарт унагасан. Тэгэхэд П. над руу хүрч ирээд зүүн гараараа миний баруун чих рүү хүчтэй нэг удаа цохиход нь өөрөөсөө холдуулж түлхээд “чи яахаараа хүн цохидог юм бэ” гэж хэлэхэд миний зарж байгаа урд хэсэг нь хамгаалалтын төмөртэй хагас түрийтэй гутлыг аваад миний баруун хацар хэсэгт дахин нэг удаа цохиход П.гийн худалдагч Батцэцэг гэх эмэгтэй дундуур орж салгаж холдуулсан. Үүнээс хойш П. намайг янхан, үр хүүхэд гаргаагүй гэх мэтээр янз бүрээр хэлж доромжлоод байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
- Гэрч Б.Мөнхцолмонгийн өгсөн: “Энэ манай хажуу талын болон түүний өөдөөс харсан лангууны хүмүүс болох П., Э. нар хоорондоо маргалдаж муудалцаад байсан. Миний ойлгосноор нэг нь нарнаас хамгаалалтын дээврийн усаа асгах үед нь бараа нь норчихсон, түүнээс болоод маргалдаад байсан. Тухайн үед би өөрийнхөө барааг хараад тогтсон усаа асгаад байж байх үед тэр хоёр хоорондоо маргалдаж, хажуу талын Наранцэцэг, Батцэцэг нар салгаж дундуур нь орж байх шиг харагдсан. Уг асуудлын маргааш Э. эгчийн нэг нүд нь хөхөрчихсөн харагдаж байсан. Тэр үед би цохиулаад хөхөрсөн байна гэж бодсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 8395 тоот: “А.Э.ийн биед баруун нүдний доод зовхи, баруун хацрын шонтонгийн цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн аль ч үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/,
- Гэрч Л.Отгондарийн өгсөн мэдүүлэг /х-ийн 94-95/,
- Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 98/,
- Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай прокурорын тогтоол /хх-ийн 79/,
- Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх-ийн 100/,
- Гэрч Д.Наранцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45/,
- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52/,
- Гэрч Б.Мөнхцолмонгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 40/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 60/,
- Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 97/,
- Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 92/,
- 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 148-156/,
- А.Э.ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 8/,
- Л.П.гийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 11/,
- А.Э.ийн хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 31/,
- Л.П.гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 34/,
- Гэрч Г.Батбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 48/,
- Л.П.гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/,
- Л.П.гийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 60/,
- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 89/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.П. нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвд иргэн А.Э.тэй “бараан дээр ус асгалаа” гэх шалтгаанаар маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Шинжээч эмч Т.Амартүвшингийн шүүх хуралдаанд гаргасан: “Мохоо зүйл гэдэгт гар, гутал зэрэг орно. Судаснаас цус шүүрээд арьсанд нэвчихэд цус хуралт үүсч, энэ нь арьсны өнгийг өөрчилдөг. Эхлээд хар хүрэн, улаан өнгөтэй болно. 3-4 хоногт ногоон өнгөтэй байна, 7-9 хоногт шар өнгөтэй, 2 долоо хоногийн дараа бүрэн шингэж арилдаг. Энэ гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой гэж дүгнэсэн. Кортексин нь тархины цусан хангамж сайжруулдаг эм. Цитофлавин нь ямар эм гэдгийг мэдэхгүй. Тибантин гэдэг нь даралтны эм.” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Мөнхцолмонгийн шүүх хуралдаанд гаргасан: “Энэ хоёрын хооронд хэрүүл маргаан болж байхыг би хараагүй, зүгээр сонссон. Маргааш өглөө нь Э.ийг ирэхэд би мэндэлдгээрээ мэндэлсэн. Тэгээд нэг нүд хөхөрчихөж ээ гээд надад үзүүлж байсан. Өөрөө болохоор өчигдрийн явдлаас болж хөхөрсөн гэж хэлж байсан. Би Э.ийн нөхрийг мэднэ. Тэр өдөр зах дээр нөхөр нь ирээгүй. Э. надад хэлэхдээ нөхрөө тээвэрт явсан байгаа гэж хэлсэн. Тэгээд нөхөр явсан хойгуур нөхөртөө зодуулсан гэж мэдүүлсэн байна лээ гэж хэлж байсан. Э. нь надаар дамжуулан П.тэй тохиролцох талаар мөнгө төгрөгийн асуудал яриагүй. Тэрийг бол би зохион байгуулсан. “Та хоёр сүртэй юм болоогүй юм бол уулзчихаач ээ, нэгэнт нэг газар байхаас хойш заавал бие биенийгээ шүүхээр оруулж яах гээд байгаа юм” гэж л би хэлж байсан. Тэгэнгүүт энэ хоёр өөрсдөө уриалгахан уулзсан. Тэгээд би болсон л юм байх гэж бодсон. Би аль болох зохицуулах гээд байсан. П. намайг худалдаж авсан зүйл байхгүй. Би тийм юманд явдаг ч хүн биш. Би “П. цохичихсон байх аа” гэж мэдүүлэг өгөөгүй. Э.ийн нүд нь хөхөрсөн, улаасан байсан нь нүдэнд харагдаж байсан. Хэнийх нь гутал гэдгийг мэдэхгүй, ямар ч байсан усан дээр хэдэн гутал унасан байсан. Тэр чинь комиссын лангуу. Гутал угаагаад зарж л байдаг. Энэ хоёрын хэрүүл маргааныг бүгдээрээ л сонссон. Маргааш нь Батцэцэг энэ хоёрын маргаанд өртсөн тухай яригдаж байсан. Одоо энэ маргаанаас намайг чөлөөлж өгнө үү гэж шүүгчээс хүсч байна.” гэх мэдүүлэг,
- Хохирогч А.Э.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” зах дээр лангуун дээр сууж байхад орой 17-18 цагийн орчим ширүүн бороо орсон юм. Энэ үед бараан дээгүүрх хаалтын нар болон борооноос хамгаалдаг даавуун дээвэр дээр ус маш хурдан хуримтлагдаж цүлхийсэн юм. Тэр үед би бараан дээр асгарчих вий гэж бодоод сандарсандаа цүлхийсэн усыг асгах гэж дээврийн даавууг татах үед өөдөөс харсан П. гэх эмэгтэйн лангууны наад талаар ус газарт асгарах үед хүний бараа нь норчихсон эсэхийг шалгаж харахад асгасан ус бараа руу асгараагүй байсан. Тэгээд би дахин хоёр дахь үлдсэн усыг дээврийн даавуун дээрээс асгах үед П. үгийн зөрүүгүй зарж байгаа гутлаасаа аваад над руу шидэх гэснээ болиод миний гутлууд норголоо гэж уурлаж хэлсэн. Тэгэхэд нь би чиний барааг норгоогүй, ус наана асгарсан шүү дээ гэж хэлэхэд үгийн зөрүүгүй миний лангуун дээр байсан гутлуудыг тэвэрч аваад П.гийн лангууны урд хэсэгт газар байрладаг гурван талаас ирсэн ус ихээр тунадаг усан дээр аваачиж шидэхэд нь би зөрүүлээд П.гийн лангуун дээр тунадаг усан дээр аваачиж шидэхэд нь би зөрүүлээд П.гийн лангуун дээр байсан зарим гутлыг мөн адил гараараа хамаад газарт унагасан. Тэгэхэд П. над руу хүрч ирээд зүүн гараараа миний баруун чих рүү хүчтэй нэг удаа цохиход нь өөрөөсөө холдуулж түлхээд “чи яахаараа хүн цохидог юм бэ” гэж хэлэхэд миний зарж байгаа урд хэсэг нь хамгаалалтын төмөртэй хагас түрийтэй гутлыг аваад миний баруун хацар хэсэгт дахин нэг удаа цохиход П.гийн худалдагч Батцэцэг гэх эмэгтэй дундуур орж салгаж холдуулсан. Үүнээс хойш П. намайг янхан, үр хүүхэд гаргаагүй гэх мэтээр янз бүрээр хэлж доромжлоод байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
- Гэрч Б.Мөнхцолмонгийн өгсөн: “Энэ манай хажуу талын болон түүний өөдөөс харсан лангууны хүмүүс болох П., Э. нар хоорондоо маргалдаж муудалцаад байсан. Миний ойлгосноор нэг нь нарнаас хамгаалалтын дээврийн усаа асгах үед нь бараа нь норчихсон, түүнээс болоод маргалдаад байсан. Тухайн үед би өөрийнхөө барааг хараад тогтсон усаа асгаад байж байх үед тэр хоёр хоорондоо маргалдаж, хажуу талын Наранцэцэг, Батцэцэг нар салгаж дундуур нь орж байх шиг харагдсан. Уг асуудлын маргааш Э. эгчийн нэг нүд нь хөхөрчихсөн харагдаж байсан. Тэр үед би цохиулаад хөхөрсөн байна гэж бодсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 8395 тоот: “А.Э.ийн биед баруун нүдний доод зовхи, баруун хацрын шонтонгийн цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн аль ч үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримт зэргээс үзвэл 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвд Л.П. нь “бараан дээр ус асгалаа” гэх шалтгаанаар маргалдсаны улмаас хохирогч А.Э.ийн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байхаас гадна хохирогч, гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг хэргийн үйл баримт, цаг хугацаатай тохирч байна.
Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Л.П.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогч тухайн өдөр нарны шилтэй байсан, хэрэв цохиулсан бол нарны шил нь хагарах ёстой, тухайн авсан гэх эмнүүд нь нүдний хөхрөлтөнд уудаг эмнүүд биш, гэрч Батцэцэг “цохиогүй” талаар мэдүүлдэг.” гэж тайлбарлан маргасан.
Гэрч Д.Батцэцэг нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд “...хохирогч А.Э. нь хэрэг учрал болох үед нүдний шилтэй байсан...” гэж мэдүүлэх боловч энэ нь өөр бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүйгээс гадна хохирогчийн эрүүл мэндэд баруун нүдний доод зовхи, баруун хацрын шонтонгийн цус хуралт бүхий гэмтэл учрахад нүдний шил байсан тохиолдолд зайлшгүй нүдэнд бэхэлгээтэй байж, хагарсан байх нөхцөл байдлыг шаардахгүй юм.
Харин шүүх хохирогчоос гарган өгсөн хохирлын баримтуудыг шинжлэн судлахад 329.630 төгрөгийн эмчилгээний зардал, гэм хорын хохирол буюу хохирогчийн худалдаалж байсан гутлуудад хохирол учирсны 325.000 төгрөг, эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 80.000 төгрөг, нийт 734.630 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Л.П.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу Л.П.гийн эрүүл мэндийн байдал, мөн 5 хүүхэдтэй зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М. овогт Л.гийн П.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П.д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.П.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.П.д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.П. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Л.П.гээс 734.630 төгрөгийг гаргуулан хохирогч Боржигон овогт Агваанданзангийн Э. /ХМ61032069/-т олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД