| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2018/00286/и |
| Дугаар | 380 |
| Огноо | 2018-05-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 4-5 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО82101801, Т овогт Б-ын Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багт оршин суух, 1982 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЖ82040914, М овогт Я.Х-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Я.Х, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Я.Х-той гэр бүл болсон. Бид хүүтэй. Одоо 5 настай, цэцэрлэгт явж байгаа. 2012 оноос хойш бид тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд эхэн үедээ хоорондоо харилцаа холбоотой байдаг байсан. Сүүлдээ холбоотой байхаа больж, одоо бид гэр бүлийн ямар нэгэн харилцаагүй байгаа болно. Бидний тусдаа амьдрах болсон шалтгаан нь хоорондын таарамжгүй харилцаанаас болсон. Бид тусдаа амьдраад 6 жил болсон бөгөөд цаашид хамт амьдрахгүй гэж шийдвэрлэсэн тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж энэхүү өргөдлийг гаргаж байна. Хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн асрамжийн асуудлаар мөн маргаангүй болно” гэжээ.
Хариуцагч Я.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь Б.Э-тай 2007 онд гэр бүлж болж, хүү Х.Б 2012 онд төрсөн. Улмаар бид маргалдсаны улмаас 2012 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон. Эхний 1 жил буюу 2012 онд хааяа уулздаг байсан. Сүүлийн 5 жил эхнэр болон хүүтэйгээ огт уулзаагүй. Сүүлийн 5 жил хүүгээ хараагүй учир одоо харвал танихгүй. Одоо өөртөө гэмшиж байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй, хүүгээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Я.Хт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б.Э, Я.Х нар 2007 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүү Х.Б төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2012 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Б.Э, Я.Х нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Х.Б-ийн нас, төрсөн цагаас хойш байнга эхийн асрамжид байгаа зэрэг байдлыг харгалзан хүү Х.Б эх Б.Э-ын асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Шүүх хүүхдийг эх Б.Э-ын асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Х-оос 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1131.4-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т овогт Б-ын Э, М овогт Я-ын Х-т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Х.Б эх Б.Э-ын асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Жаргалсайханд даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Х-оос 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ