Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/829

 

 

 

 

 

 

 

 

   2022         06         16                                       2022/ШЦТ/829

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч Н.Т. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А. овогт Н.ын Т.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 01395 1502 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, А. овогт Н.ын Т..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эрдэнэтолгойн ....... тоотод өөрийн хамтран амьдрагч Ж.Б.г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учрулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ж.Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “03 дугаар сарын 10-ны өдөр миний төрсөн өдөр болдог юм. 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байрны Чуугий төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй гээд нэг шил архи өгсөн. Манай  нөхөр Т., Чуугий бид 3 хувааж уугаад караоке орж 2 цаг дуулсан. Т., Чуугий нар нэлээн согтсон байсан. Манай нөхөр Т. караокегоос түрүүлж гарсан. Удалгүй Чуугий бид хоёрыг гарахад нөхөр Т. хаачаад байгаа юм гээд нэг алгадсан. Миний уур хүрээд би түрүүлээд гэр лүүгээ хүрч ирсэн. Удалгүй нөхөр Т., Чуугий нар араас ирсэн. Түлхүүр байхгүй байсан учраас урд айлдаа хүлээгээд сууж байсан. Бид 2 эвлэрээд гэртээ орсон. Маргааш өглөө нь нөхөр Т. шартаад байна нэг шил архи аваад өгөөч гэхээр нь би авч өгсөн. Тухайн авч өгсөн архинаас жаахан уугаад согтсон. Тэгээд үглээд байхаар нь би явах гээд дүүгээ дуудсан. Манай нөхөр Т. намайг гаргахгүй гээд бид 2 хоорондоо ноцолдсон. Тэр үед миний баруун гар хөхөрсөн байх. Т. намайг алгадахад би саваад хана мөргөсөн. Энэ үед миний хамраас цус гоожсон. Тэгээд би гараад явсан. Хууль ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа хүүхэдгүй. 2021 оны 07 дугаар сараас эхлээд нэг гэрт орсон. Гараараа нэг удаа миний нүүр лүү алгадахад би саваад нүүрээрээ хана мөргөсөн. Энэ үед миний хамар гэмтсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4239 тоот: “Ж.Б.гийн биед хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун бугалга, шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/,

- Н.Т.ы яллагдагчаар өгсөн: “...өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Т. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 40-228 тоотод өөрийн хамтран амьдрагч Ж.Б.г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учрулсан болох нь:

- Хохирогч Ж.Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “03 дугаар сарын 10-ны өдөр миний төрсөн өдөр болдог юм. 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байрны Чуугий төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй гээд нэг шил архи өгсөн. Манай  нөхөр Т., Чуугий бид 3 хувааж уугаад караоке орж 2 цаг дуулсан. Т., Чуугий нар нэлээн согтсон байсан. Манай нөхөр Т. караокегоос түрүүлж гарсан. Удалгүй Чуугий бид хоёрыг гарахад нөхөр Т. хаачаад байгаа юм гээд нэг алгадсан. Миний уур хүрээд би түрүүлээд гэр лүүгээ хүрч ирсэн. Удалгүй нөхөр Т., Чуугий нар араас ирсэн. Түлхүүр байхгүй байсан учраас урд айлдаа хүлээгээд сууж байсан. Бид 2 эвлэрээд гэртээ орсон. Маргааш өглөө нь нөхөр Т. шартаад байна нэг шил архи аваад өгөөч гэхээр нь би авч өгсөн. Тухайн авч өгсөн архинаас жаахан уугаад согтсон. Тэгээд үглээд байхаар нь би явах гээд дүүгээ дуудсан. Манай нөхөр Т. намайг гаргахгүй гээд бид 2 хоорондоо ноцолдсон. Тэр үед миний баруун гар хөхөрсөн байх. Т. намайг алгадахад би саваад хана мөргөсөн. Энэ үед миний хамраас цус гоожсон. Тэгээд би гараад явсан. Хууль ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа хүүхэдгүй. 2021 оны 07 дугаар сараас эхлээд нэг гэрт орсон. Гараараа нэг удаа миний нүүр лүү алгадахад би саваад нүүрээрээ хана мөргөсөн. Энэ үед миний хамар гэмтсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4239 тоот: “Ж.Б.гийн биед хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун бугалга, шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/,

- Н.Т.ы яллагдагчаар өгсөн: “...өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Т.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогч Ж.Б. нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Н.Т.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Н.Т.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А. овогт Н.ын Т.г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т.д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Т.д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Т. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД