Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 383

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар баг, 1 1-8 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ89120324, Б овогт Ш-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1-р сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Б.Л, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч миний бие нь нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн ажилд эгүүлэн тогтоолгохоор багасгасан. Би 2017 оны 9 дүгээр сард Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд үйлчлэгчээр ажилд орсон. Тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Ж намайг ажилд авахдаа түр тушаалаар ажиллуулж байгаад 2017 оны 11 дүгээр сард намайг өөр ажилд оруулна гэж хэлсэн. Би ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтийг захирал С.Ж удаа дараа хэлж хүсэж байсан боловч тодорхой хариу өгөхгүй байж байгаад захирал өөрөө ажлаас чөлөөлөгдөж, сургуулийн захирлаар Б.К гэдэг хүн томилогдсон. Ингээд би шинээр томилогдсон захиралтай уулзаж, өөрийн амьдрал байдлаа танилцуулж, ажлын байраар хангаж өгөхийг хүсэхэд Б.К захирал намайг 2018 оны 1 дүгээр сард Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн үйлчлэгчийн ажлын байранд үндсэн ажилтнаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Намайг ажилд авч байх үед сургуулийн амралт эхэлчихсэн байсан юм. Ингээд ажилд томилогдоод 7 хонож байтал сургуулийн захирал Б.К дахин солигдож, Б.Л шинээр томилогдсон бөгөөд шинээр томилогдсон захирал Б.Л намайг ажиллуулах ажлын байр байхгүй гэж хэлсэн. Намайг өмнөх захирал Б.К ажилд авсан тушаал гаргачихсан байхад шинээр томилогдсон захирал Б.Л ажлын байраар хангахгүй байгаа бөгөөд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй ба цаашид ажиллуулах боломжгүй гэсэн хариу өгсөн тул миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. Нэгэнт намайг Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн үйлчлэгчийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулснаар хөдөлмөрийн харилцаа үүссэн байхад миний Үндсэн хуульд заасан ажил хөдөлмөр чөлөөтэй эрхлэх эрхийг сургуулийн захирал Б.Лхамсүрэн зөрчиж байгаад гомдолтой байна. Миний бие нь Б.Л захиралтай удаа дараа уулзах гэсэн боловч аймагт байна, ажилтай байна гээд надтай уулзаагүй. Ингээд миний төрсөн ах намайг төлөөлж захиралтай уулзахад Ш.Б-ийг ажилд авах боломжгүй, шүүхээр шийдүүл, тэгвэл ажилд авна гэж хэлсэн учир шүүхэд хандсан. Иймд намайг Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэв. 

Хариуцагч Б.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 1 дүгээр сард Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Б.К Ш.Б-ийг сургуулийн үйлчлэгчийн ажлын байранд үндсэн ажилтнаар авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. Гэтэл манай сургуулийн бичиг хэргийн архивт Ш.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, төрийн албан хаагчийн анкет, ажилтны хувийн хэрэг нь байхгүй тул хөдөлмөрийн харилцаа үүссэн гэх үндэслэлгүй. Мөн тухайн үед намайг тус сургуулийн захирлын албан тушаалд томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл надтай нэг ч удаа уулзаагүй байж нэхэмжлэлдээ надтай уулзсан мэтээр бодит байдлыг мушгин гуйвуулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ удаа дараа зөрчиж байгаа нь шүүхийг үл хүндэтгэж байна. Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. Гэтэл Ш.Б-ийн хувийн хэрэг байхгүй байгаа тул тус сургуулийн үйлчлэгчийн ажилд орох нь нотлогдохгүй байгаа ба ажлаас үндэслэлгүй халагдсан гэдэг нь ямар ч нотолгоогүй, үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасан шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарахгүй гэж үзэж байна. Түүнчлэн одоо үйлчлэгчийн орон тоо байхгүй тул Ш.Б-ийг ажилд авах боломжгүй. Тэгээд ч энэ асуудал надтай холбоотой биш өмнөх 2 захиралтай холбоотой асуудал. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэлгүй байх бөгөөд тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөлийг шүүхээр хэлэлцэх шаардлагагүйгээр нотлогдож байх төдийгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1-р сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1.855.080 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган ажилд эгүүлэн тогтоолгохоор шаарджээ.  

Хариуцагч нь “Манай сургуулийн бичиг хэргийн архивт Ш.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, төрийн албан хаагчийн анкет, ажилтны хувийн хэрэг нь байхгүй тул хөдөлмөрийн харилцаа үүссэн гэх үндэслэлгүй. Энэхүү маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасан шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарахгүй гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаа дууссан байх тул Ш.Б-ийг ажилд авах боломжгүй” хэмээн маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байх ба мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана”, мөн зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж тус тус заажээ.

 

Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас халсан талаарх шийдвэрийг одоог хүртэл бичгээр гаргаж өгөөгүй байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажиллуулахгүй байгаа нь тодорхойгүй байснаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Ш.Б нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ш.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуульд үйлчлэгчээр түр ажиллаж байгаад 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түүнийг үндсэн ажилтнаар авч ажиллуулсан болох нь тус сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/14 дүгээр “Ш.Б-ийг ажилд авах тухай” тушаал, 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар “Ажилд авах тухай” тушаалын хуулбараар тус тус нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй...” гэж зааснаар ажил олгогч нь 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан нэг хувийг ажилтан Ш.Б-т өгсөн байх тул талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.  

 

Ажил олгогч нь ажилтныг ажилд авах, ажлаас халах тохиолдол бүрт бичгээр шийдвэр гаргах ёстой бөгөөд хариуцагчийн Ш.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй, ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтгаж үзнэ.

 

Зохигчдын тайлбараас үзэхэд Ш.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байх ба энэ тохиолдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан холбогдох заалтыг баримталж, бичгээр шийдвэр гаргаж ажилтныг ажлаас нь чөлөөлөх ёстой.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Ш-ийн Б-ийг Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулиас ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Ш-ийн Б-ийг Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ш.Б нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулиас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.             

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ