Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
Хэргийн индекс | 142/2016/0188/э/ |
Дугаар | 160 |
Огноо | 2016-10-24 |
Зүйл хэсэг | 091.2.12, 091.2.15, |
Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир
Иргэдийн төлөөлөгч С.Алтанцэцэг
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав
Шүүгдэгч М.Мөнх-Очир нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Мижидийн Мөнх-Очирт холбогдох 201614000214 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.
1.1. Бүргэд овогт Мижидийн Мөнх-Очир, Монгол улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Гуулин тосгонд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 33-5 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД ФБ75102876/
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
2.1. Шүүгдэгч М.Мөнх-Очир нь 2016 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6 дугаар хорооллын 13 дугаар байрны 19 тоотод өөрийн төрсөн эцэг 67 настай З.Мижидийг согтуу агсарсан гэх шалтгаанаар зодож биед олон тооны гэмтэл учруулан бие хамгаалж чадахгүй, өндөр настай, согтуу гэдгийг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч М.Хишигзаяагийн “З.Мижид нь миний төрсөн эцэг. Эцэг эхээс бид тавуулаа. Гурав дахь ах маань М.Мөнх-Очир бөгөөд ажил хийдэггүй, зуны цагт хөдөө явж мал маллаж барилга дээр хар бор ажил хийдэг. Талийгаач аав маань архи уудаг байсан, уухаараа агсраад ааш авир гаргаад байдаг байсан. Нас барах хүртлээ ээжтэй хоёулаа 6-13-19 тоотод амьдардаг байсан. Мөнх-Очир ах хөдөө байж байгаад хэрэг гарахаас 4-5 хоногийн өмнө ирээд аав ээжтэй цуг байсан. 2016 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө нохой хуцаад байсан. Тэгэхэд би босоогүй, цаг хараагүй. Өглөө 05 цагт ээж утсаар ярьсан. Тухайн үед харахад ээж 03 цагт залгасан байсан. Ээж утсаар ярихдаа Мөнх-Очир ах аав хоёр чинь маргалдаад байх шиг байсан. Чанга яриад байсан тэгээд ах чинь гараад явсан шүү гэртээ оруулж хоол цай идүүлээрэй гэж байсан. 07 цагт босоод харахад ах амбаарт хураасан байсан эд зүйлийг гаргаад байж байсан. Би 09 цаг өнгөрөөгөөд аавынд очсон. Аав том өрөөндөө согтуу унтаж байх шиг байсан. Дуудахад дуугарахгүй байхаар нь үзтэл бие нь хөхөрсөн байхаар нь цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 21-22, 24-р хуудас/
2. Гэрч Х.Хандмаагийн “ Би Бүрэнбүст багийн Номин худалдааны төвийн урд талын түц ажиллуулдаг бөгөөд өчигдөр 2016 оны 04 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн үед нөхөр маань хоол авч ирээд хоёулаа цуг түцээ хааж түгжээд гэртээ харьсан. Нөхөр маань 21 цагийн үед гэрээсээ гарсан. Би гэртээ хүү Мөнх-Очиртой үлдсэн. Нөхөр маань 00 цаг болж байхад ирж байгаа сонсогдсон. Би хажуу талын жижиг өрөөнд унтаж байсан. Нөхөр маань хүүтэйгээ нөгөө өрөөнд байсан. Сонсоход хоорондоо хэрэлдэж маргалдаад байгаа сонсогдсон. Удаагүй хүү маань намайг хөөгөөд байна гээд явсан. Тэр үед 02 цаг болж байсан. 03 цагт харахад нөхөр унтаж байх шиг байсан. Би өглөө 05 цагт гаднаас нь түгжээд явсан. Тэгэхэд нүцгэн л унтаж байх шиг байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 81-82-р хуудас/
3. Гэрч Х.Мөнх-Алдарын “Манай гэрт орж ирэхдээ Мижид гуай архи дарс уугаагүй, эрүүл байсан. Орж ирэхдээ задлаагүй 1.5 литрийн боргио пиво авч орж ирсэн. Аав Мижид гуай хоёр пиво хувааж уугаад дараа нь аав 0.75 литрийн Сархад архи аваад ир гэснийг би дэлгүүрээс авчирч өгсөн. Тэгээд архиа ууж дуусгаад аав Мижид гуайг хүргэж өгнө гэхээр нь би та унт би хүргээд өгье гээд Мижид гуайг гэрт оруулж өгсөн. Хаалгыг нь тогшиход хүүхэд нь бололтой нэг ах хаалга нээж би оруулж өгөөд гэр рүүгээ явсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 90-р хуудас/
4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаар шинжээчийн дүгнэлтийн “Талийгаачийн биед цээжний хөндийн битүү гэмтэл, хоёр талын олон хавирганы хугарал, баруун талын олон хавирганы хоёрлосон хугарал, доод эрүүний хугарал, доод уруул нүүрэнд шарх, нүүр, доод эрүүний хэсэгт, урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцралт үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний хөндийн битүү гэмтэл, хоёр талын олон хавирганы хугарал, баруун талын олон хавирганы хоёрлосон хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, доод эрүүний хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, доод уруул, нүүрэнд шарх, нүүр, доод эрүүний хэсэгт, урууланд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтэл нь талийгаачийг босоо, суугаа 3. ямар ч байрлалд байхад нь үүсэх боломжтой ба чиглэлийг нарийн тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь бүгд амьд байхад үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь шууд үхэлд хүргэх эсэхийг тогтоох боломжгүй. Талийгаачийн цогцосноос авсанд цусанд 2.3 промиль процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана. Талийгаачийн үхлийн шалтгаан нь цээжний хөндийн битүү гэмтэл, хоёр талын олон хавирганы хугарал, баруун талын олон хавирганы хоёрлосон хугарал, уушигны авчийлт, гэмтлийн шок болно” гэсэн дүгнэлт. /х/х-н 43-45-р хуудас/
5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 473 дугаар шинжээчийн дүгнэлтийн “2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн гаргасан №35 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогчид эмнэлэгийн анхны яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжгүй байжээ” гэсэн дүгнэлт. /х/х-н 55-56-р хуудас/
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3101 дугаартай шинжээчийн дүгнэлт “Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай цоорхой гарсан байна. Саарал цамцанд гарсан 2 см, хар гутланд гарсан 2.5 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзарсан уранхай байна. Уг уранхайнууд нь гараар татах үед үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /х/х-н 75-76-р хуудас/
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4023 дугаартай ДНХ-ийн шинжилгээний дүгнэлтийн “сэжигтэн М.Мөнх-Очирын саарал өнгийн ноосон цамц, ногоон өнгийн дэрний уут, хивснээс авсан цус мэт зүйл илэрсэн нь З.Мижид гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт. /х/х-н 67-69-р хуудас/
8. Шүүх сэтгэц гэм судлалын магадлагааны “М.Мөнх-Очир нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчин эмгэггүй учир өөрийн үйлдлийг ухамсарлах чадвартай. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай. Сэтгэцийн хувьд эрүүл учир албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй” гэсэн дүгнэлт. /х/х-н 142-р хуудас/
9. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х/х-н 2-7-р хуудас/
10. Хувцсанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /х/х-н 13-17-р хуудас/
11. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /х/х-н 38-41-р хуудас/
12. Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /х/х-н 19-20-р хуудас/
13. Шүүгдэгч М.Мөнх-Очирийн “Аав нэлээн согтуу байсан. Тэгээд том өрөөнд орж ирээд намайг чи гэр рүүгээ яваарай, 3 хоногийн дотор зайлаарай гээд байсан. Тэгээд ээжийн унтаж байсан өрөөнд ороод ээжийг унтуулахгүй архи авч өг гээд байхаар нь би аавыг ээжийн өрөөнөөс чирч том өрөөнд оруулаад ээжийг унтуулж амраа ажил хийгээд ядарч байгаа гэхэд чи намайг аавыгаа гэж боддоггүй гээд миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр лүү нь 4. гараараа 6-7 удаа цохисон. Цохиулаад аав газар унаад босч ирээгүй, би өшиглөөгүй тэгээд аав унтаад өгсөн” гэсэн мэдүүлэг болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /х/х-н 95-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнх-Очир мэдүүлэхдээ “ Би аавыгаа 5-6 удаа цохьсон нь үнэн. Өшиглөж дэвссэн зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав мэтгэлцэхдээ “Шүүгдэгчтэй уулзаж ярилцахад сэтгэцийн байдал нь эргэлзээтэй байдаг. Иймд сэтгэцийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэй байна. Мөн хохирогчид учирсан гэмтлүүд хэрхэн яаж учирсан талаар үйл баримт тодорхойгүй байдаг. Иймд бодит болсон үйл баримтыг тогтоолгохоор мөрдөн байцаалтанд буцаах шаардлагатай гэж үзэж байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч Ж.Гэрэлмаа мэдүүлэхдээ “талийгаачид олон тооны гэмтэл учирсан. Баруун зүүн талын олон тооны хавирга хугарсан байгаа нь биеийн жингээс гадна нэмж хүч үйлчилснийг харуулж байгаа. Талийгаач 68 настай, 2,3 промиль процент этилийн спирт илэрсэн нь хэдийгээр согтолтын хүнд зэрэгт хамаарахгүй ч их хэмжээний согтолттой байсан гэж үзнэ” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч М.Мөнх-Очир нь 2016 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6 дугаар хорооллын 13 дугаар байрны 19 тоотод өөрийн төрсөн эцэг 67 настай З.Мижидтэй маргалдан зодож бие махбодид олон тооны гэмтэл учруулан бие хамгаалж чадахгүй, өндөр настай, согтуу гэдгийг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мөнх-Очирт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна. Амь хохирогчийн бие махбодид гадны нөлөөтэйгээр амь насанд аюултай олон тооны хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлүүд учирсан, хохирогч 67 настай, түүний цуснаас 2.3 промиль процент этилийн спирт илэрсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан задлан шинжилгээний дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул амь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдалд байхад нь онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэж үзэх үндэстэй.
Амь хохирогч нь биедээ ямар нэг гэмтэлгүй гэртээ орсон бөгөөд шүүгдэгч М.Мөнх-Очир нь амь хохирогчтой маргалдаж, түүнийг зодсон болох нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтийн шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг болон шүүх сэтгэцийн шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг тогтоолгохоор дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Мөнх-Очирт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж буйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч М.Мөнх-Очир нь нийт 181 хоног цагдан хоригдсныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Хохирогч М.Хишигзаяа нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар алаг өнгийн нокиа маркийн гар утас 1 ширхэгийг хохирогчид буцаан олгож, цайвар өнгийн энгэр хэсэгтэй товчтой, захтай богино ханцуйтай цамц 1 ширхэг, зах нь цахилгаантай, босоо захтай хар саарал өнгийн ханцуйтай ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хагас түрийтэй хар өнгийн нэг хос гутал, цайвар өнгийн хоёр ханцуй нь хөх өнгөтэй, дээрээ цайвар өнгийн хоёр ширхэг хөндлөн хээтэй урт цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн дотуур майк 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, хөх өнгийн ноосон оймс 1 хос, босоо шаргал өнгийн судалтай хар өнгийн дотоож 1 ширхэг, төмөр аралтай арьсан тэлээ 1 ширхэг, улаан хээтэй ногоон өнгийн дэрний уут 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Мөнх-Очир нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 288, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүргэд овогт Мижидийн Мөнх-Очирийг онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д зааснаар шүүгдэгч М.Мөнх-Очирыг 15 /арван таван/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч М.Мөнх-Очирт оногдуулсан 15 жил 1 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 6. М.Мөнх-Очирын цагдан хоригдсон 181 /нэг зуун наян нэг/ хоногийг түүний эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар алаг өнгийн нокиа маркийн гар утас 1 ширхэгийг хохирогчид буцаан олгож, цайвар өнгийн энгэр хэсэгтэй товчтой, захтай богино ханцуйтай цамц 1 ширхэг, зах нь цахилгаантай, босоо захтай хар саарал өнгийн ханцуйтай ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хагас түрийтэй хар өнгийн нэг хос гутал, цайвар өнгийн хоёр ханцуй нь хөх өнгөтэй, дээрээ цайвар өнгийн хоёр ширхэг хөндлөн хээтэй урт цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн дотуур майк 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, хөх өнгийн ноосон оймс 1 хос, босоо шаргал өнгийн судалтай хар өнгийн дотоож 1 ширхэг, төмөр аралтай арьсан тэлээ 1 ширхэг, улаан хээтэй ногоон өнгийн дэрний уут 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мөнх-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА
Ц.АЛТАНГАДАС