| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 188/2018/0887/Э |
| Дугаар | 489 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 489
2019 5 23 2019/ДШМ/489
Прокурорын дүгнэлтийг хянан
шийдвэрлэх тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч А.Ч ,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас прокурор Д.Туяагийн бичсэн дүгнэлтээр А.Ч т холбогдох эрүүгийн 1810029180045 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн А-ын Ч, ........... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........../;
Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 144 дугаартай магадлалаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан.
А.Ч нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Азжаргалын гээгдүүлсэн байсан “IPhone-7 plas” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж Б.Дөлгөөн нь Т.Азжаргалд өгчихөөрэй гэж өгөхөд нь Баянаа гэгчид 285,000 төгрөгийн барьцаанд тавьж завшсаны улмаас бусдад 810,000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төрийн банк”-ны эсрэг талд С.Нямсүрэнтэй заамдалцан, ноцолдож байхад нь салгах гэж очсон О.Солонгоог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгтээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлжээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурор газраас: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т ”...Шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба хүнд ялтай зүйл хэсэг заалт хэрэглэх үндэслэл бүхий нөхцөл байдал...” шинээр илэрсэн тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлт бичиж ирүүлжээ.
Прокурор Д.Туяа тус шүүхэд бичсэн прокурорын дүгнэлтдээ: “...А.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 12 дугаар гудамжны 200 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Д.Цэнддоржийг хардалтын улмаас үснээс нь зулгааж, ор руу шидэж, нурууг нь хазах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эрүүгийн 1810029180045 дугаартай хэрэг үүсгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай тус дүүргийн прокурорын газрын хяналтанд ирүүлээд байна.
Гэтэл А.Ч нь өмнө нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Азжаргалын гээгдүүлсэн байсан “IPone-7 plas” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж Б.Дөлгөөн Т.Азжаргалд өгчихөөрэй гэж өгөхөд нь Баянаа гэгчид 285,000 төгрөгийн барьцаанд тавьж завшсаны улмаас бусдад 810,000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төрийн банк”-ны эсрэг талд С.Нямсүрэнтэй заамдалцан, ноцолдож байхад нь салгах гэж очсон О.Солонгоог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгтээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор ...шийтгүүлсэн байна.
А.Ч т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах боломжгүй байх бөгөөд урьд гарсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулан шийдвэрлэх үндэслэл тогтоогдоод байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т ”...Шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба хүнд ялтай зүйл хэсэг заалт хэрэглэх үндэслэл бүхий нөхцөл байдал...” гэж зааснаар шинээр илэрсэн тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэн. ...” гэжээ.
Прокурор Х.Эрдэнэтуяа дус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Д.Туяагийн бичсэн дүгнэлтийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...Шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба хүнд ялтай зүйл хэсэг заалт хэрэглэх үндэслэл бүхий нөхцөл байдал...” гэж зааснаар илэрсэн. Тодруулбал, А.Ч ийн 2 хүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр байгаа тул өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шинээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгтээ нэгтгэж шийдвэрлэнэ. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч А.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би прокурорын яриад байгаа 3 үйлдлээс гадна өөр дээрмийн гэмт хэрэгт холбогдож, цагдан хоригдоод байгаа. Чингэлтэй дүүргийн прокурорт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүхээс буцсан...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
А.Ч нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Азжаргалын гээгдүүлсэн байсан “IPhone-7 plas” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж Б.Дөлгөөн нь Т.Азжаргалд өгчихөөрэй гэж өгөхөд нь Баянаа гэгчид 285,000 төгрөгийн барьцаанд тавьж завшсаны улмаас бусдад 810,000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төрийн банк”-ны эсрэг талд С.Нямсүрэнтэй заамдалцан, ноцолдож байхад нь салгах гэж очсон О.Солонгоог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А.Ч ийн нийт ялыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, тус шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болжээ.
Гэтэл А.Ч ийн дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 12 дугаар гудамжны 200 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Д.Цэнддоржийг хардалтын улмаас үснээс нь зулгааж, ор руу шидэж, нурууг нь хазах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан болох нь 1810029180045 дугаартай эрүүгийн хэргийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор А.Ч т ял оногдуулах үед тэрээр 1810029180045 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсаныг шүүх мэдэх боломжгүй байжээ.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд” хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заахдаа зөвхөн ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол хэрхэхийг зохицуулаад, ял оногдуулахаас өмнө үйлдсэн гэмт хэрэг ял оногдуулсан бол хэрхэх асуудлыг зохицуулаагүй орхигдуулсан тул шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг үүсгэсэн.
Өөрөөр хэлбэл, 2015 оны Эрүүгийн хуулиар ялтны ял эдлэхээс өмнө үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэсэн тохиолдолд ялуудыг хэрхэн нэгтгэх журмыг хуульчлаагүй нь шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байдалд хүргэж байна.
Иймд А.Ч ийн үйлдсэн гэх хэргүүд нь цаг хугацааны хувьд нэг шийтгэх тогтоолоор шийтгэгдэх боломжтой хэмээн бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1810029180045, 1810023190712 дугаартай хэргүүдийг нэгтгүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Мөн А.Ч нь 1810029180045, 1810023190712 дугаартай эрүүгийн хэргүүдээс гадна дахин өөр гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдож байгаа гэсэн мэдүүлгийг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан болохыг анхааруулан тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Ч т холбогдох 1810023190712, 1810029180045 дугаартай эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ