Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорийн Нямдэлгэр |
Хэргийн индекс | 128/2020/0729/З |
Дугаар | 128/ШШ2021/0101 |
Огноо | 2021-02-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2021/0101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С.Ж
Хариуцагч: Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч
Нэхэмжлэлийн шаардлага: Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 тоот ажлаас халах тухай захирамжийг хүчингүйд тооцуулж, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бшүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Төгөлдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сийн Ж би Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдон 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/12 тоот захирамжаар Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтэст Эрчим хүч хариуцсан мэргэжилтэн албан тушаалд дэвшин томилогдож 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тангараг өргөн төрийн жинхэнэ албан хаагч болсон. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл авч байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, төрийн албаны ёс зүй, хэм хэмжээг сахиж, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлж ажилласан. Ингэхдээ өөрийн ажиллаж буй байгууллагын дотоодод болж байгаа зүй бус үйлдлүүд тухайлбал эрүүгийн шинжтэй болон бусад хууль, дүрэм зөрчсөн, авлига, албан тушаал ашиг сонирхлын хууль бус үйлдлүүд зэргийг баримт нотолгоотойгоор Ерөнхий сайдад болон Авлигатай тэмцэх газарт хандан 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нийтийн ашиг сонирхлын төлөө мэдээлэл хүргүүлсэн. Миний бие Төрийн албаны хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх; үүргийг биелүүлсэн. Гэтэл энэхүү мэдээллийг олж мэдсэн даруйдаа ажил олгогч маань өс хонзон санаж, намайг ээлжийн амралтаас орж ирэнгүүт ажлаас болон төрийн албанаас халах захирамжийг гаргасан.
Миний бие энэхүү захирамжийг хууль бус гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ биелүүлээгүй гэсэн заалтад:
Миний бие төрийн албан хаагчийн үүргийг бүхэлд нь биелүүлээгүй мэт дурджээ. Миний бие ажиллаж байх хугацаандаа төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлэн, алдаа дутагдалгүй, сахилга, сануулгын шийтгэлгүй ажилласан. Миний бие хэлтсийн дарга болон бусад дарга удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг цаг тухайд нь өөрийн хариуцсан болон хариуцаагүй бүхий л ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн. Миний ажлын тайлангуудад энэ бүхэн тодорхой бий.
2. Төрийн албаны тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам зөрчин албан тушаалын бүрэн эрхээ бусдад дарамт шахалт үзүүлэн шашны үзлийн ухуулга сурталчилгаа хийхэд ашигласан:
Манай байгууллагын онцлог болоод удирдлагын чадамжаас шалтгаалан 2016-2020 онуудад ажлын бүтээмж гэх зүйл бараг байгаагүй бөгөөд чөлөөт цаг их тул ажилтан албан хаагчид, хэлтсийн дарга нар албан өрөөндөө архидах, ажлын цагаар зугаа цэнгэлд автах, ажлын цагаар хувийн ажлуудаа амжуулах, нэгнийхээ өрөөгөөр сэлгүүцэх, мөрийтэй тоглох, тамхи татах, сошиал орчинд цагаа өнгөрөөх, гадны хүмүүсийг өрөөндөө авчирч зугаацах, зэрэг зохисгүй үйлдэл их байсан. 2019 онд байгууллагын ёс зүйн зөвлөлийн тайлан, өргөдөлд байх ёстой. Жишээ нь: 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлд Ж.Б нь ажилтан албан хаагчдыг ажил хийдэггүй, сул цаг их байсан, мөн өөрөө архиддаг байсан, одоо больсон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа. Захирагчийн Ажлын албаны хурлын тэмдэглэлд дурдагдаагүй бол эх бичлэг нь надад байгаа бөгөөд миний хөрвүүлсэн хурлын тэмдэглэлд бий.
Мөн 2018 онд хувь хүний хөгжил, энергийн талаар судалж, цаашлаад шашин гэж юу болох, бидэнд хэрэгтэй юу, хүн төрөлхтний амьдрал ахуйд шашин ямар ач холбогдол нөлөөлөл үзүүлдэг вэ гэдгийг таньж мэдэхээр ажлын бус цагаар сургалтад хамрагдсан. Энэхүү сургалтаас дэлхийн томоохон шашнуудын үүсэл хөгжил, түүх, сургаалуудын ялгааг ойлгож хүний төлөвшил, амьдрал ахуйд мөрдлөг болгох олон сайхан зөвлөмж, сургаалийг онссон ба аливаа шашны зорилго нь хүн төрөлхтний ухамсар, ёс зүйг зөв, сайн тал руу хөтөлж, хуулиар зүйлчлээгүй аливаа худал хуурмаг, ёс бус зүйлс, садар самуунаас ангид байхыг сануулахад чиглэсэн байдгийг ойлгосон. Энэ ойлголтыг маань улам бататгаж Улсын Их хурлаас Бурхан багшийн дүйцсэн өдрийг улс нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхээр баталсан нь шашны ач холбогдлыг үнэлж, ард иргэддээ танин мэдүүлэхийн тулд төр засгаас анхаарч байгаа явдал юм.
Түүнчлэн, өөртөө дүгнэлт хийхийн хамт энэ байгууллагад төрийн албаны болоод хувь хүний ёс зүй алдагдсан байгааг илүү тодорхой харж чадсан. Иймээс миний бие энэ сургалтаас сонсож мэдсэн сайн зүйлээ хамтран ажиллагсдадаа хуваалцаж сургалтын талаар 2019 оны 4-5 сард санал болгосон.
Хамт олондоо дотночлон хүргэсэн мэдээллийг тэд янз бүрээр хүлээж авсан. Зарим нь татгалзаж, зарим нь сонирхож үзье гээд танилцуулах сургалтуудад чиглүүлэгч багш нартай уулзсан. Манай хамт олноос миний санал болгосон сургалтад хэн нэгэн хамрагдаагүй, миний зүгээс бусдад дарамт шахалт үзүүлсэн явдалгүй бөгөөд албан тушаалын эрх ч надад байхгүй. Сургалтад орох эсэх, сургалтад заасан зүйлийг хүлээж авах эсэх нь тухайн хүний асуудал тул миний бие дахин хэлээгүй. Миний бие сургалт санал болгосноос аливаа шашны суртал ухуулга хийгээгүй.
Гэвч энэ асуудлыг ажлаас халах нэг үндэслэл болгохын тулд удирдлагын зөвлөл гэх хэсэг бүлэг этгээдүүд хамт олны дунд санал асуулга нэртэй ажиллагааг зохион байгуулж Шашны суртал ухуулга хийсэн, бусдыг айлган дарамталсан, хамтран ажиллаж чадахгүй гэх мэтээр зориудаар гүтгэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл хүртэл гаргаж өгсөн байна. Өргөдөлдөө Эрүүгийн хуулийн 14.4-р зүйлд дурдагдсан үндэслэлүүдийг оруулсан гүтгэлгийг бичиж яллахыг оролдсон нь иргэн хүний Үндсэн хуулиар олгогдсон шашин шүтэх, эс шүтэх эрхэнд халдаж, нэр төрийг санаатайгаар унагасан явдал юм. И.Б нь авлига албан тушаалын хэрэгтээ буруугаа хүлээж хариуцлагаа ухамсарлахын оронд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хамт олны хурлаар надад хандан дээд газруудад мэдээлэл өгсөн н.Б, та 2-той тэмцэхэд өөрийн мэдлэг, туршлага янз янзын юмнууд-аа зориулна, чиний шашны асуудлыг шалгуулна гэх мэтээр заналхийлсэн.
Энэ нь хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт хамаарах ялгаварлан гадуурхсан явдал гэж би үзэж байна.
Мөн энэ үйл ажиллагаанд удирдлагын зөвлөлийн тойрон хүрээлэлд байж, хайр хишгийг харамгүй хүртдэг хэсэг бүлэг хүмүүс үгсэн хуйвалдаж, оролцож байгаа нь өөрөө албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж, зохион байгуулалттай үйлдсэн үйлдэл гэж үзэж байна.
3. Албан тушаалын тодорхойлолтод заагдсан мэргэжлийн шаардлага хангахгүй болсон үндэслэлд:
Миний бие ШУТИС-ийг Эрчим хүчний удирдлага мэргэжлээр 2003 онд төгссөн. Энэ мэргэжлээр Цахилгаан техникийн үндэс, цахилгаан хангамж шугам сүлжээ, Цахилгаан станц, станцын тоног төхөөрөмж, Эрчим хүчний системийн автоматжуулалтын үндсэн мэдлэгийг эзэмшсэн бөгөөд албан тушаалын тодорхойлолтод заагдсан мэргэжлийн шаардлагыг бүрэн хангана гэж үзэж байна.
Төрийн албаны зөвлөлөөс 2018 онд албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах үүрэг чиглэлийг манай байгууллагад өгсөн. Миний бие 2015 онд манай байгууллагаас баталсан албан тушаалын тодорхойлолтууд дээрх учир дутагдалтай талуудыг засварлаж дулаан хангамж хариуцсан мэргэжилтэн, ус хангамж хариуцсан мэргэжилтэн, эрчим хүч хариуцсан мэргэжилтэн зэрэг инженерийн албан тушаалын тодорхойлолтуудад нэмэлт өөрчлөлт тусгасан төсөл боловсруулж хүний нөөцийн мэргэжилтэн Б.Од хүргүүлсэн. Яагаад гэвэл цаг үеийн асуудлыг тусгаж дэд бүтцийн байгууламж баригдаж буй явцад хяналт тавих, шинээр дэд бүтцийн барилга байгууламж барихад хяналт тавих гэх мэт агуулгууд байсан бөгөөд Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл-ийн хүрээнд хийгдсэн 4 багц ажил дуусаж, Ашиглалтын өмнөх захиргаанд шилжсэн байсантай авцалдахгүй байсан.
Энэ үйл явцтай холбоотойгоор Эрчим хүч хариуцсан ажлын байрны
тодорхойлолтын 1,2-р үндсэн зорилтын дэд бүтцийн инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийг барьж дууссаны дараа үндсэн шугамаас хэрэглэгч рүү холбоход хийх шаардлагатай ажил үүргүүдийг нэмэлтээр тусган боловсруулсан. Миний боловсруулсан саналыг оруулсан эсэх, эрчим хүч хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт оруулах талаар хүний нөөцийн мэргэжилтэй тодруулга аваагүй, зөвшилцөөгүй төдийгүй шинээр батлуулж байгаа албан тушаалын тодорхойлолтын талаар ямар ч мэдээлэл өгөөгүй өдий хүрсэн.
4. Удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй,
Миний бие 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанд анх ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Архив, бичиг хэргийн болон албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй Захирагчийн туслахын ажил үүргийг тодорхой хугацаануудад цалингийн нэмэгдэл, урамшуулалгүй хавсран гүйцэтгэж байгууллагадаа чин сэтгэлээр ажиллаж ирсэн.
Миний бие хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл үр дүнгээ үнэлүүлэхийн тулд Төрийн албаны хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-д заасан эрхийн дагуу 2020 оны 04 дүгээр сард цалингийн зэрэг дэв, шатлал нэмэгдүүлэх өргөдөл гаргасан Гэтэл миний цалингийн зэрэг дэв, шатлал ахиулах өргөдлийн хариу болгон 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/125 тоот албан бичигтээ намайг анхаарч халамжилсан, хамт олны дэмжлэгээр өдий зэрэгтэй яваа, ажлын чадамжгүй мэтээр гуйвуулж өөрсдийн өмнө нь гаргасан шийдвэрээ үгүйсгэсэн байна. Хамт олны хурал зарлан энэхүү сүржин тайлбараа өгөхдөө намайг доромжилж чам шиг юм мэргэжилтэн болсон нь бидний ач гэх мэтээр басамжилсан нь төрийн албаны ёс зүйд нийцэхгүй байна.
Манай байгууллагад ажлын мэдлэг туршлага, ур чадвараас үл хамааран танил талаа ажилд авах, цалингийн шатлал зэрэг дэвийг ч мөн энэ байдлаар нэмэгдүүлдэг байдал ердийн үзэгдэл болж, үнэлэмж шударга бус, удирдлага болон хүний нөөцийн үзэмжээр аливаа асуудал шийдэгддэг бөгөөд албан тушаалын эрх мэдэл, сүр хүчээр далайлган ялгаварлан гадуурхах, басамжлах, үг хэлээр доромжлох нь хэрээс хэтэрснийг энд цохон дурдъя.
Архивын ажлын тухайд:
Анх миний бие Архивын ажлыг хүлээн авахад ажил авахаас өмнөх бүх баримт бичгүүдийн харилцаа Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар-т заасны дагуу явагдаагүй, 2014 он ба түүнээс өмнөх онуудын маш чухал баримт материалууд архивт шилжиж ирээгүй ажилтан албан хаагчдын гар дээр хяналтгүй байсан. Тиймээс ажилтан албан хаагчдын гар дээрх материалыг архивын зааврын дагуу архивт авч, ангилал бүртгэл хийх, холбогдох дүрэм, журам заавруудыг боловсруулах гэх мэт маш их ачаалалтай ажилласан. Богино хугацаанд буюу 2 сарын хугацаанд байгууллагын ажилтан албан хаагчидтай хамтран зүтгэсний үр дүнд Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт 83%-тай үнэлэгдсэн.
Миний бие ажиллах хугацаандаа албан хаагчдын гар дээр байгаа 2015 болон түүнээс өмнөх оны бүх баримт материалуудыг архивт төвлөрүүлэхийн тулд аргачлал заавар боловсруулан 2016 онд захирамжаар батлуулж, архивын баримтыг дүрэм журмын дагуу архивлах ажил, Байгууллагын архив ямар стандарт, дүрэм журамтай байх ёстой вэ тэр бүх шаардлагын дагуу үндэс суурийг тавихыг чин сэтгэлээсээ хичээж ажилласан. Үүний үр дүнд байгууллага албан ёсоор архивтай болж, улам сайжран цэгцэрч чадсан. Хэдийгээр энэ бүхэн энэ байгууллагад үнэлэгдэж чадаагүй ч төрийн байгууллагад хийсэн үнэт зүйлтэй хүн гэж өөрийгөө дүгнэж байна.
2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан архивын баримт материалын жагсаалт ба 2017 оны 03 дугаар сарын 07-нд Архивын ажилтнаар томилогдсон Б.Лд үлээлгэн өгсөн архивын баримт материалын жагсаалтаас энэ бүх ялгаа тод харагдана. Хавсралтад ажил хүлээлцсэн баримтуудыг хавсаргалаа.
Миний бие бичиг хэргийн ажлыг мөн Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу мөрдөн ажилласан. Тухайлбал ирсэн, явсан бичгийн дэвтрийн хөтлөлт, хяналтын картаар хариутай бичгүүдэд хяналт тавих, шаардлага тавих, баримт бичгийн мэдээ тайлан гаргах, төлөвлөгөө гаргах гэх мэтээр дүрэм журмын дагуу ажилласан. Байгууллагын удирдлагад албан хэрэг хөтлөлтийн программ авах тухай удаа дараа хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй тул компьютерийн санамжид баримт бичгийг эмх цэгцтэй төрөлжүүлж хадгалах, ашиглах, цахим хайлт хийхэд хялбар болгох гэх мэтээр санал санаачилга гарган ажилласан. Бусад ажилтан албан хаагчдын зүгээс өөрсдийнх нь ажил үүрэгтэй холбогдол бүхий баримт материалыг хүсэхэд хүндрэлгүйгээр шуурхай гаргаж өгөх мэтээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байсан.
Захирагчийн туслахын ажлын тухайд:
Хэдийгээр миний Хөдөлмөрийн гэрээнд үндсэн ажил үүрэг болгож тусгаагүй боловч нэлээдгүй хугацаагаар цалингийн нэмэгдэл, урамшуулалгүйгээр энэ ажлыг хавсран гүйцэтгэсэн. Тухайлбал /яг тодорхой бол санахгүй байна, ажлын тайланд тэмдэглэгдсэн байгаа -2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сар хүртэл 2 сар гаруй хугацаанд
2016 оны 12 дугаар сараас 2017 оны 09 сар хүртэл 8-9 дүгээр сарын хугацаанд гэх мэтээр ажиллажээ. Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 93-р тушаалд Захирагчийн туслах ТЗ-4 албан тушаалын ажлыг хийсээр байхад энэ талаар хүний нөөц, бүртгэл санхүүгийн хэлтэс, байгууллагын удирдлагаас эдгээр хугацааны цалинг олгоогүйд миний бие гомдолтой байгаа бөгөөд нөхөн нэхэмжлэхийг хүсэж байна. Тухайн үед би энэ талаар хүний нөөцийн мэргэжилтэн Б.О, Бүртгэл санхүүгийн хэлтсийн дарга Ж.Б, нягтлан С.Э нарт сануулж ярьж хэлж байсан боловч хэл ам гаргадаг, барьцдаг, ажлын ачаалал бага байхад олон юм ярьдаг нэр зүүгээд адлагдаад өнгөрч байсан. Захирагчийн туслах ямар ажил хийж, ямар учраас урамшуулалт цалин авдаг тухай бусад туслахуудын ажлын тайлангаас харагдана.
Энд бичигдсэн ажил үүргүүдийн тухайд миний ажлын тайланд байгаа. Эдгээр ажлуудыг хариуцлагатай гүйцэтгэж байсан учир тухайн үед Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Б болон бусад удирдлагын танил тал, садан төрлийн холбоогүй намайг Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтэст Эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулсан болов уу.
Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтэст мэргэжилтнээр томилогдсон үеэс хэлтсийн архив, өөрийн хариуцсан болон бусад чиглэлийн албан бичиг төлөвлөлт болон хурал зөвлөгөөнд оролцох, хэлтсийн 7 хоног, сар, улирлын төлөвлөгөө, тайлан боловсруулах, Замын- Үүд чөлөөт бүсийн дэд бүтцийн талаар танилцуулга, мэдээлэл бэлтгэх зэргээр ажилласан. Тухайлбал 2018 онд хэлтсийн бүх ажилтан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтын төслийг боловсруулан Гэрээ эрх зүй хүний нөөцийн мэргэжилтэнд хүргүүлсэн, 2019 онд Хуурай боомтын хөгжил ба шийдэл форумд Замын-Үүд чөлөөт бүсийн талаар танилцуулга бэлтгэсэн, 2020 онд Захирагчийн Ажлын албаны, дотоод хэрэгцээнд Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд хийгдсэн 4 багц ажлын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний албан ёсны тоон мэдээлэл, хариуцагч байгууллагын талаар нэгтгэсэн мэдээлэл бэлтгэсэн, мөн бусад хэлтэс албан хаагчид болоод аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулга мэдээлэл хүргэх, авто зам, барилга байгууламж барих эхлүүлэхтэй холбогдон гарах асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх гэх мэт ажлуудыг үндсэн чиг үүргийн бус гэж хойш суулгүйгээр хийж гүйцэтгэсэн. Эдгээр нь миний ажлын тайланд тодорхой бий.
Харин аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийн цахилгаан хэрэглээг тооцоолох, тэдгээрийн техник эдийн засгийн ашигтай хувилбарыг тооцоолох зорилгыг ханган ажиллахын тулд миний бие чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдийн төслүүдийг судалж ашиглалтын зардал, эрчим хүчний хэрэглээг оруулсан хэсгийг түүвэрлэсэн. Энэ нь миний ажлын компьютерт0://ДБХГХХ/2019/ eehleed файл дотор бий./ Ихэнх төслүүдэд энэ тооцоолол байгаагүй тул бүх аж ахуйн нэгжүүдээс тэдэнд шаардлагатай цахилгаан эрчим хүчний хүчин чадал, хэрэглээний төдийгүй, бусад дэд бүтцийн хүчин чадлын хэрэгцээ шаардлагын мэдээллийг авахаар маягт хүснэгт боловсруулан 2019 онд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай албан бичигт хавсралтаар хүргүүлсэн. Үүний дагуу зарим аж ахуйн нэгжүүд мэдээлэл ирүүлээгүй. Гэхдээ бүх аж ахуйн нэгжүүдийн цахилгааны хүчин чадал, хэрэгцээ шаардлагыг тойм байдлаар тооцоолж, чөлөөт бүсэд цахилгаан эрчим хүчний хангалттай их хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлсон.
Албан тушаалын тодорхойлолтын үндсэн зорилгын бодит байдал дээр хэрэгжих боломжгүй шалтгаан нь Замын-Үүд чөлөөт бүс дэх Цахилгаан хангамжийн 110/кВА-ийн дэд станц, инженерийн шугам сүлжээ нь Барилгын тухай хуулийн 4.1.3, 14.3,-д заасан Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах /1 жил/ тодорхой хугацаанд Барилга хот байгуулалтын яамны дэд бүтцийн Ашиглалтын өмнөх захиргаанд харьяалагдаж байсан. Энэ хугацаанд өмчлөгч, ашиглагч нь энэ хугацаанд өмчлөгч, ашиглагч нь тодорхой болоогүй тул дэд станцыг хүчдэлд холбож, ажиллуулах боломжгүй, засгийн газар, дээд шатны байгууллагуудын шийдвэрийг хүлээсэн зогсонги байдалтай байсан. Мөн туршилт, тохируулгын ямар нэг үйл ажиллагаа явагдаагүй тул газар дээр нь очиж ажиллах, хяналт тавих ажлын шаардлага гараагүй. Байгууллагын удирдлагууд бүгд энэ талаар мэддэг тул Ашиглалтын өмнөх Захиргааны дарга н.Мэндсайханаас мэдээлэл хүсэхээс хэтрэхгүй байсан. Замын-Үүд чөлөөт бус дэх Цахилгаан хангамжийн 110/кВА-ийн дэд станц, Инженерийн шугам сүлжээний багц ажлыг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр улсын комисс хүлээн авсны дараа Ашиглалтын өмнөх захиргаа хариуцаж, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 367-р тогтоолоор БЗӨБЦТС ТӨХК-д шилжүүлсэн. Энэ хугацаанд манай байгууллагаас тусгай зөвшөөрөл авч Эрчим хүчний барилга байгууламжийн өмчлөл ашиглалтыг хариуцах хувилбар яригдсан бөгөөд миний бие өөрийн эрхэлсэн ажил үүргийн хүрээнд 2019 онд Замын-Үүд" чөлөөт бүсэд шаардагдаж буй хучин чадлын тооцоолол, хэрэв дэд бүтцийн ашиглалтыг манай байгууллага хариуцах тохиолдолд жилд шаардагдах зардал төсөв, шаардлага тай тусгай гэх мэт цаг үеийн шаардлагаар тооцоолол, мэдээ танилцуулгуудыг гаргаж ажилласан. 2019 онд манай захирагчийн Ажлын албаны удирдлагын санаачилгаар чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 5 аж ахуйн нэгжийн газрын байршлыг сольж нэг дор төвлөрүүлсэн бөгөөд чөлөөт бүсийн эрчим хүчний үндсэн шугамаас биш бие даасан байдлаар цахилгаан эрчим хүчээр хангагдахад дэмжлэг үзүүлж ажилласан. Миний бие 2019 онд албан томилолтоор чөлөөт бүсэд газар дээр нь очиж ажиллах хүсэлтийг удаа дараа /9,12 сар/ гаргаж байсан боловч Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Б нь БСХ-ийн дарга Ж.Бгээс асууж байж явуулна гэдэг байсан ба албан ажил чухал бус томилолтын зардлыг өөрсдөө зарцуулах, бусдын эрх ашиг нь тэдэнд чухал байсан тул явуулдаггүй тэр бүү хэл хоолны сав чи хэрэггүй гэх мэтээр доромжилдог байсныг энд дурдмаар байна. БЗӨБЦТС ГӨХК-д эрчим хүчний байгууламжийн өмчлөл, ашиглалт шилжсэнээр 2020 оны 05 дугаар сард дэд станцын тоног төхөөрөмжүүдэд анх удаа туршилт, хүчдэлд залгахын өмнөх тохируулга хийж бэлтгэл ажлыг хийсэн бөгөөд энэ үед миний бие Замын-Үүд чөлөөт бүсэд томилолтоор ажиллаж холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, мэдээлэл солилцон ажилласан ба ажлын байрны үндсэн зорилтын 1, 2-р үндсэн зорилтын хэрэгжилтийг хангаж ажилласан.
Уулзалтын үр дүнгээр чөлөөт бүс дэх бодит хэрэгцээ шаардлагатай аж ахуйн нэгжүүдийн цахилгааны техникийн нөхцөлүүдийг нэгтгэн авч цааш уламжлах, хамтран ажиллах чиглэл гарсан.
Энэ чиглэлийн дагуу 2020 оны 05 дугаар сард аж ахуйн нэгжүүдэд хандан техникийн нөхцөлөө ирүүлэх тухай зар мэдээг zfz.gov.mn зар тавьсан байгаа. Үүний дагуу аж ахуйн нэгжүүд эрчимжиж байсан боловч энэ ажил тасалдаж байна.
Мөн томилолтын үеэр Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэлийн хүрээнд 2019 оны 09 дүгээр сард хийгдсэн Мэргэжлийн албадын нэгдсэн байрын гадна цахилгаан хангамжийн далд ажил хойшид хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулахаар хийгдсэн байсныг илрүүлж, мэргэжлийн холбогдох шаардлагыг хариуцагч байгууллагад тавин зөрчлийг арилгуулж ажилласан. Үүнтэй холбоотой цаашид анхаарах асуудлууд ч бас байгаа.
Миний бие 2020 оны сүүлийн хагас жилд чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж байгууллагууд болон цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага болох БЗӨБЦТС ТӨХК-ийн Замын-Үүд дэх салбарын удирдлагатай хамтран ажиллахад талуудын эрх, үүрэг чиглэлийг тодорхой болгох, тодорхой үр дүн шийдэлд хүргэх уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байсан.
Албан тушаалын зорилт хангагдсан байдал:
Миний бие Эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан хугацаанд албан тушаалын тодорхойлолтын 3-р үндсэн зорилтыг маш сайн ханган ажилласан бөгөөд чөлөөт бүсийн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний байгууламж, тэдгээрийн инженерчлэл, шугам сүлжээнээс гадна бусад дэд бүтэц, барилга байгууламж, авто замын холбогдолтой албаны мэдээллийн сан бүрдүүлэхэд идэвх зүтгэл гарган ажилласан. Байгууллагын дотоод пейж хуудаст байршуулсан дэд бүтцийн 4 багц ажлын танилцуулга, 2003-2013 онд хийгдсэн бүтээн байгуулалтын тухай зэрэг танилцуулгуудаас тодорхой харагдана. Эцэст нь дүгнэхэд Ажлын байрны тодорхойлолтын зорилго, үндсэн зорилтуудын хэрэгжилт нь цаг үеийн байдлаас шалтгаалан зарим үед хэрэгжих боломжгүй байсан бөгөөд миний бие боломжит ажил үүргүүдийг цаг тухайд нь биелүүлж, нэмэлт өөр бусад чиглэлийн ажил үүргүүдийг амжилттай гүйцэтгэж ажилласан байна.Энэ бүхнийг шууд удирддаг хэлтсийн дарга, хэлтсийн хамт олон бодитой тодорхойлно. Харин бусад хэлтсийн дарга нар өөр хэлтсийн мэргэжилтний гүйцэтгэлийг үнэлэхэд учир дутагдалтай. Миний ажлын тайлангууд болон хэлтсийн шуурхай хурлын тайлангуудад оролцсон ажлуудаас тодорхой харагдана. 2019 оны ажлын гүйцэтгэлийн үр дүн 88% үнэлгээгээр үнэлэгдсэн. 2020 оны 1-р улирлын төлөвлөгөөний хэрэгжилт СО\/Ю19-вирусын цар тахлын улмаас зарим нэг ажлууд хойшлогдсон ба 85-с дээш хувьтай хэрэгжсэн. 2-р улирлын төлөвлөгөөний биелэлт 90-с дээш хувьтай хэрэгжсэн. Байгууллагын удирдлагаас ажил үүргийн хангалтгүй үнэлэгдсэн тухай сануулга, сахилгын шийтгэл авч байгаагүй.
Ажлаас халагдсаны дараа:
2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажил хүлээлцэх үеэр миний бие дарамт шахалт, хяналт дор 2-р улирлын ажлын тайлангаа 1 цагийн хугацаанд бичиж мэргэжилтэн Ш.Ад тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгсөн. Тухайн үед Хүний нөөцийн мэргэжилтэн Б.О, нярав Я.Х нар компьютер унтраахыг шаардаж ажлын тайлангаа аль эрт бэлдэх ёстой байсан, өгөхгүй гэх зэргээр дарамталж, гэмт хэрэгтэн шиг харьцсан. 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр БСХ-ийн дарга Ж.Б нь явах хүнээр ачаа бүү татуул гэдэг чиний ажлын тайлангаар яадаг юм, чиний хийдэг гэж юу байсан юм гэх мэтээр тохуурхсан.
Ажлаас халагдсаны дараа миний хувьд жинхэнэ дарамт шахалт, заналхийлэлд өртөж миний амьдрал хар дарсан зүүд болж эхэлсэн. Үүнд албаны баримт нотолгоо болгож гадагш гаргасан гэмт хэрэгтэн гэж чичлэх, өрөөнөөсөө хөөх,мал хулгайч гэж доромжлох, бусдын нэр төрд халдсан чи ял авна гэж сүрдүүлэх, миний дээд газарт хүргүүлсэн мэдээлэлд дурдсан урамшуулал нэрээр төсвийн мөнгийг хууль бусаар ашиглан ажилтан албан хаагчид аялал зугаалгад явдаг тухай мэдүүлснийг И.Б болон удирдлагын зөвлөлийн гишүүд, нягтлан бодогч, нярав нар хамтран чи өөрөө гаргаж ирсэн асуудал, чи өөрийнхөө явсан зардлыг төлөх ёстой тэгэхгүй бол Нийгмийн даатгалын дэвтэр өгөхгүй гэх мэтээр удаа дараа дарамталсан тул миний бие Замын-Үүд эдийн засгийн Чөлөөт бүсийн Төрийн сангийн дансанд 1,342,006 төгрөг төлсөн. Үүнийг төлөөд ч тойрох хуудаст гарын үсгүүдээ зураагүй, нийгмийн даатгалын дэвтэр өгөөгүй тул ажилгүйдлийн тэтгэмж авах боломжийг хаасан. Тэр ч байтугай Засгийн газрын 11-р байранд намайг нэвтрүүлж болохгүй гэж байрны харуулд олон удаа үүрэгдэж, дарамталсныг харуул н.Л******* болон бусад харуулууд батална. Энэ бүхэн ярианы бичлэгээр надад бий.
Миний нэр төрд удаа дараа халдаж хамт ажиллагсдад намайг аюултай хүн, хамт олныг үймүүлэгч, сөрөг гэх мэтээр ойлгуулж хүний нөөцийн мэргэжилтэн, ГЭЗХНХ-ийн дарга нар хамтран тусгай яриа уулзалтуудыг хийдэг тухай би мөн сонссон, Төрийн байгууллагуудын ялзрал дээд цэгтээ хүрснийг хэн хүнгүй тунхаглаж, Төрийн сайдууд төрөөс ширхэг хадаас хулгайлсан хүнд хариуцлага тооцох тухай, авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй хатуу тэмцэх тухай мэдэгдэж, олон нийт мэдээллийн хэрэгслээр авлигын эсрэг дуу хоолойгоо сайн сайхан нийгмийн төлөө хүргэхийг уриалж сурталчилж байгаа боловч бодит байдал дээрээ энэ бүхэн хий хоосон худал зүйл гэдгийг биеэрээ мэдэрлээ.
Манай байгууллагын удирдлагууд авлига, албан тушаалын хууль бус үйлдлүүд үйлдсэн нь баримт нотолгоотой, илэрхий байхад Авлигатай тэмцэх газраас Замын-Үүдийн прокурорт шилжүүлсэн гэдгээр ам таглаж, харьяа дээд байгууллага, арга хэмжээ авахгүй удаж байна. Харин ч тэдэнд дахин хууль бус үйлдэл, эрх нөлөөгөө хэрэгжүүлэх, баримт материалаа засах хугацаа, боломжийг олгож хууль бусыг илчилсэн хүнээс өс хонзон, хариугаа авах эрхийг нээлттэй байлгаснаар намайг ажлаас халж, байнга сүрдүүлэн, заналхийлж адаг сүүлд нь би өөрөө гэмт хэрэгтэн мэт цагдаад байцаагдаж, гэрээсээ гарахаас хүртэл айхад хүрч байна.Харин хууль бусыг үйлдэгчид ажлын цагаар аялал зугаалга зохион байгуулж баяр тэмдэглэж, тойрох хуудас зурах хүнгүй үетэй тааралдсан.
Мөн миний бие байгууллагын талаар Ерөнхий сайд У.Хэд хүргүүлсэн мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Шадар сайдын Ажлын албанаас манай Захирагчийн Ажлын албанд шууд хуулбарлан хүргүүлсэн тохиолдол гарч энэ талаар миний бие дахин гомдол мэдүүлэн манай байгууллагад 2020 оны 08 дугаар сард шалгалт орсон. Төрийн алба дээр дооргүй сахилга хариуцлагагүй, хууль бус үйлдлүүдээ нуун дарагдуулдаг, эрх ашгаараа нэгддэг зэрэг бусармаг зүйлтэй алхам тутамдаа таарч байна. Ийм шударга бус байдалд миний бие маш их гомдолтой байна гэжээ.
Нэхэмжлэгч С.Ж нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 3амын Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 тоот ажлаас халах тухай захирамжийг хүчингүйд тооцуулж, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүх хурал болох өдрийг хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэснийг Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 тоот ажлаас халах тухай захирамжийг хүчингүйд тооцуулж, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай гэж тодруулж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйл, 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны Гэрээ эрх зүй хүний нөөцийн хэлтсийн дарга бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чуын Б миний бие тус албанд мэргэжилтнээр ажиллаж байгаад халагдсан С.Жийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр танилцаад дараах тайлбарыг холбогдох нотлох баримтын хамтаар хүргүүлж байна.
Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан Сэмжидийн Жийг албанаас халах тухай Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй болохыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна:
1. С.Ж нь Төрийн албан хаагчийн үүргээ биелүүлээгүй, төрийн
албаны тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журам зөрчин албан
тушаалын бүрэн эрхээ бусдад дарамт, шахалт үзүүлэн шашны үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашигласан нь тогтоогдсон талаар:
С.Ж нь 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр томилогдсон цагаас эхлэн Албан тушаалын тодорхойлолтод заагдсан албан үүргээ хангалтгүй биелүүлж ажлын цаг хийдүүлж, шашны сургалтад сууж өглөө цаг бүртгэлийн машинд хуруугаа уншуулчихаад ажлын дундуур гарч яваад буцаж ажил тарах үед ирж бүртгүүлэн /хурлын протколд байгаа/ ажлын цаг ашиглах тал дээр хангалтгүй үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд өөрөө шашны сургалтад суухаас гадна бусад төрийн албан хаагчдыг шашны урсгалд татан оруулахаар хуурч мэхлэх, тулган шаардаж байсныг бусад алба хаагчид нотолдог. Үүнийг миний бие ч сайн мэдэх бөгөөд энэ талаар 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус албаны Ерөнхий нягтлан бодогч ажилтай С.Э өргөдөл гарган энэ талаар гэрч баримттайг аар удирдлагад хандсан байдаг. Энэхүү асуудлыг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Удирдлагын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэж холбогдох албан хаагчдаас нэг бүрчлэн асуухад С.Жийн дээрх хууль зөрчсөн үйлдлийг гэрчилсэн тул энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.15 дахь хэсэгт Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг зөрчсөн", Төрийн Албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8 дахь заалт "Албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүйн үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн хориглох зүйлийг удаа дараа зөрчсөн, Эрүүгийн хуулийн 14.4 дүгээр зүйлийн 14.4.2-т заасан Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд саад учруулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан тул тус өргөдлийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01/185 дугаар албан бичгээр харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгуулахаар хүргүүлсэн.
Уг өргөдлийг шалгасан мөрдөгч ажилдаа хайнга хандаж өргөдөлд дурдагдсан алба хаагчдыг асуулгүйгээр хугацаандаа баригдаж хаасан асуудал гаргасан бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж дотоод хяналт шалгалт явуулсан тухай албан бичгүүдээр нотлогдож байгаа. Энэ талаар өргөдөл гаргагч С.Э Прокурорт гомдол гаргасан байдаг бөгөөд тус үйлдэл нь бусдад Христийн шашныг шүтэх талаар тайлбарлаж, ухуулсан нь тогтоогдсон талаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр нотлогдож байгаа.
Иймд С.Жийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэйгээс гадна Төрийн Албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8 дахь заалтад заасан төрийн албан хаагчийн хориглох зүйлийг зөрчсөн, байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн Ажлын байранд хориглох зүйл"-ийн 9.1 дэх хэсэгт заасан Улс төрийн намын, шашин болон шашингүйн үзэл бодлын талаар ухуулга сурталчилгаа хийх гэснийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т зааснаар албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон. Дээрх үйлдлүүд нь С.Эын удирдлагад хандаж гаргасан өргөдөл, уг өргөдлийг удирдлагын зөвлөлөөр хэлэлцсэн хурлын тэмдэглэл, цагдаагийн байгууллагын албан бичиг, прокурорын газраас ирсэн албан бичгүүдээр нотлогдохоос гадна, тус албаны нэр бүхий алба хаагчид гэрчилж байгаа.
2. С.Ж нь Албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн
шаардлага хангахгүй болсон талаар:
С.Ж нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс тус албанд бичиг хэргийн ажилтнаар ажилд орж 3 жил ажиллаж байгаад мэргэжилтэн болох хүсэлтээ хүний нөөцийн ажилтанд удаа дараа амаар гаргаж байгаад 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр захирагчид мэргэжилтэн болгож өгөхийг хүссэн өргөдөл гаргасан байдаг.
Тухайн үед түүний мэргэжил тохирох сул орон тоо байхгүй байсан тул хүсэлтийг шийдвэрлэхэд удирдлагын зүгээс хүндрэлтэй байсан тул түүнийг Төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн байдал, хамт олны дэмжлэг хүсэлтийг харгалзан үзэж эрчим хүч хариуцсан мэргэжилтний албан тушаалд албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил нь тохирохгүй байхад томилсон байдаг. Гэтэл томилогдсон даруйдаа санаачилгатай ажиллаж ажлын байран дахь заавал мэдвэл зохих баримт бичиг, хууль дүрэм журмыг судлахгүйгээр албан ажилд хамааралгүй шашны сургалтад ажил таслан явсан байдаг. Тухайн ажлын байранд тохирохгүй байгааг хариуцсан хэлтсийн дарга Ц.Г нь 2019 оны тайлангийн хурал дээр хэлж, ажлын байранд байх эсэхийг шийдвэрлэх талаар анхааруулж байсан нь хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт шинэчлэн батлагдахаар болсон тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дүгээр зүйлд заасны дагуу Захирагчийн ажлын албаны Удирдах, Гүйцэтгэх албан тушаалтнуудын Албан тушаалын тодорхойлолтыг батлуулахаар 2019 онд Төрийн албаны зөвлөлд төслөө хүргүүлсэн боловч тодорхой шалтгааны улмаас удааширч 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор гүйцэтгэх албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтыг баталсан бөгөөд 6 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр ирүүлснийг захирагчийн 2020 6 дугаар сарын 25-ны өдрийн А/25 дугаар захирамжаар баталсан.
Төрийн албаны зөвлөлийн 125 дугаар тогтоолын 06 дугаар хавсралтаар эрчим хүч хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт батлагдсан бөгөөд тус тодорхойлолтын 3 дугаар хэсэгт заасан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэжил хэсэгт цахилгааны инженер /07/1304/ цахилгаан хангамж /07/1305/, сэргээгдэх эрчим хүч/071301/ мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй алба хаагч тэнцэх юм. Гэтэл нэхэмжлэгч нь Эрчим хүчний удирдлага мэргэжилтэй тул тус албан тушаалд тэнцэхгүй болох нь 2019 оны 2 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагын албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх гэснийг зөрчиж байгаа нь албан тушаалын тодорхойлолт болон бакалаврын дипломоор нотлогдож байна. Захирагчийн Ажлын албаны эрчим хүч хариуцсан мэргэжилтний ажлын байранд мэргэжлийн инженер мэргэжил эзэмшсэн хүн байх зайлшгүй шаардлагатай ба энэ нь чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт иргэд, аж ахуйн эд хөрөнгө, эрүүл мэнд аюулгүй байдалд өндөр хохирол учирч болох үр дагавар гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс энэ албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах захиалгаа Төрийн албаны зөвлөлд хүргүүлээд байна.
Мөн Төрийн албаны зөвлөлийн дээр дурдсан тайлбарын хүрээнд нотлох баримт болгож Төрийн албаны зөвлөлийн тогтоол, албан бичиг, Захирагчийн Захирамж, Албан тушаалын тодорхойлолтыг тус тус хавсаргав.
3. С.Ж нь удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг
хангаагүй талаар:
Нэхэмжлэгч нь 2018 онд мэргэжилтнээр томилогдсоноос хойш албан ажилдаа идэвх, санаачилгагүй хандаж, ажлын цаг ашиглалт байхгүй, ажил дээрээ үндсэн ажлаас өөр зүйл хийж цаг нөхцөөх байдалтай байдаг хирнээ шагнал, урамшил, цалингийн нэмэгдэл олгох асуудал яригдах бүрд бусад ажлаа хэвийн болон ачаалалтай ажилласан алба хаагчидтай барьцах, өөрийгөө л бүх зүйлийг авч байх ёстой мэтээр удирдлагын шийдвэрийг эсэргүүцэж ирсэн алба хаагч юм. Энэхүү байдал нь 2019 оны ажлыг дүгнэсэн тайлангийн хурал дээр удирдлагын бүрэлдэхүүний зэмлэл, хэлтсийн даргын албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа талаар анхааруулга, бусад дарга нарын цаашид ажилдаа ахиц гаргаж хариуцлагатай байх талаарх сануулга зэргээр нотлогддог бөгөөд өөрөө ч дээрх байдлыг хүлээн зөвшөөрсөн нь хурлын тэмдэглэлд тодорхой туссан байдаг.
Мөн 2020 оны 1 дүгээр улирлын тайланг дүгнэх хуралд Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн тайлангийн хурлын тэмдэглэлээр Мэргэжилтэн н.А энэ удаа С.Жийг урамшилд хамруулах саналтай байна гэж санал гаргаж түүнийг нь хэлтсийн дарга нь бодит үндэслэлээр дүгнээгүй нь тус хурлын тэмдэглэлээр нотлогддог бөгөөд хамт олны дараагийн хурал дээр н.А дийлэнх ажлыг хийж буй боловч тогтмол шагнал урамшилд хамрагддаг тул энэ удаад хангалттай ажиллаагүй боловч С.Жийг урамшилд хамруулахаар дүгнэснийг удирдлагын зөвлөл бодит ажил хийсэн н.Аийг урамшилд хамруулж, С.Жийг урамшилд хамруулаагүй тул Ж нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр цалингийн шатлал, зэрэг дэв нэмүүлэх тухай өргөдөл гаргасан байдаг. Энэхүү өргөдлийн хууль зүйн үндэслэл бүхий хариуг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өөрт нь өгсөн. Энэ хариу өөрт нь таалагдахгүй байна гэж үзэж Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Аудитын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг шалгуулж болох бүх газарт байгууллагын удирдлагын талаар гомдол гаргасан боловч холбогдох шалгалтууд хийгдэж түүний гомдолд дурдсан зөрчил дутагдал тогтоогдохгүй гүтгэлгийн шинжтэй үйлдэл удаа дараа гаргасаар байгаа болно.
Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, хөдөлмөрийн дотоод журмын 10.1, 10.5 дахь заалтуудыг зөрчсөн нь баримтаар нотлогдож байгаа болно.
Түүний нэхэмжлэлд дурдсан байгууллагын удирдлага дарамталдаг,
гадуурхдаг шагнал урамшилд хамрагддаггүй, томилолтоор ажиллуулдаггүй, албаны хэрэгцээт зүйлсээр хангагддаггүй, хууль бус үйл ажиллагаа явагддаг талаарх зүйлсийг үгүйсгэж байна. Энэ талаараа өөрөө гомдол тайлбартаа ч өөрийгөө сайн ажилласан гэх талаар бичихдээ хурал форумд оролцож байсан тухайгаа нотолсон байна.
Мөн түүнийг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн 2017 оны 063 дугаар тушаалаар Хөдөлмөрийн алдар цол тэмдгээр байгууллагаас санал хүргүүлж шагнуулж байсан нь баримтаар байгаа болно. Манай байгууллага төсөв санхүүгийн хүрэлцээ байхгүй байдлаас шалтгаалан 2015 оноос 2020 оныг хүртэлх хугацаанд нэг ч алба хаагчид урамшил олгож байгаагүй бөгөөд, томилолтын зардал бага байдгаас Замын-Үүд сүм руу очиж үзээгүй алба хаагч ч өнөөдрийн байдлаар олон байна. Зөвхөн зайлшгүй шаардлагын улмаас удирдлагын бүрэлдэхүүн, ажлын чухал шаардлага гарсан үед тухайн ажлыг хариуцсан цөөн алба хаагч л жилдээ 1 удаа явах, зарим жил явахгүй байх тохиолдлууд ч байгаа болно. Байгууллагын удирдлагын зүгээс С.Жийг өрх толгойлсон, ар гэрийн байдлыг харгалзан үзэж аль болох ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, арга хэмжээ тооцож, цалинг хасалгүй дэмжиж, эв зүйгээр асуудалд хандах талаар санал гаргаж ирснийг тухайн алба хаагч ухамсарлаж талархаж, хамт олонтойгоо нэгдэж ажиллах тал дээр өөртөө дүгнэлт хийхгүй удирдлагын шийдвэрийг үл тоон, басамжилж, доромжилж, байгууллага, хамт олны эсрэг явуургүй ажиллагаа зохион байгуулж байгаад удирдлага болон нийт алба хаагчдын өмнөөс харамсаж байна.
Энэхүү тайлбарт дурдсан үндэслэл нь байгууллагын бүтэн жилийн болон улирлын тайлангийн хурал, удирдлагын зөвлөлийн хурал, хамт олны хурал, шуурхай хуралдааны тэмдэглэлүүдээр нотлогдож байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ж тус шүүхэд хандан Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 тоот ажлаас халах тухай захирамжийг хүчингүйд тооцуулж, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.Жийг анх 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б-30 дугаар захирамжаар тус бүсийн Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн архив, бичиг хэргийн ажилтнаар түр томилж, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн архив, бичиг хэргийн ажилтнаар, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/11 дугаар захирамжаар Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн архив, бичиг хэргийн ажлаас чөлөөлж, Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн Бичиг хэргийн ажилтнаар, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн Бичиг хэргийн ажлаас чөлөөлж, Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр тус тус томилжээ.
Маргаан бүхий Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 дугаар С.Жийг ажлаас халах тухай захирамжаар Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.8, 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтэн С.Ж нь төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ биелүүлээгүй, Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журам зөрчин албан тушаалын бүрэн эрхээ бусдад дарамт, шахалт үзүүлэн шашны үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашигласан, албан тушаалын тодорхойлолтод заагдсан мэргэжлийн шаардлага хангахгүй болсон, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй гэж үзэн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс үүрэгт ажлаас нь халжээ.
Нэхэмжлэгчээс ... миний бие ажиллаж байх хугацаандаа төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлэн, алдаа дутагдалгүй, сахилга, сануулгын шийтгэлгүй ажилласан, ажлын байрны тодорхойлолтын зорилго, үндсэн зорилтуудын хэрэгжилт нь цаг үеийн байдлаас шалтгаалан зарим үед хэрэгжих боломжгүй байсан бөгөөд миний бие боломжит ажил үүргүүдийг цаг тухайд нь биелүүлж, нэмэлт өөр бусад чиглэлийн ажил үүргүүдийг амжилттай гүйцэтгэж ажилласан, ... Төрийн алба дээр дооргүй сахилга хариуцлагагүй, хууль бус үйлдлүүдээ нуун дарагдуулдаг, эрх ашгаараа нэгддэг зэрэг бусармаг зүйлтэй алхам тутамдаа таарч байна. Ийм шударга бус байдалд миний бие маш их гомдолтой байна гэж маргасан.
Нэхэмжлэгч С.Жийг ажлаас халсан маргаан бүхий Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 дугаар захирамжид дурдсан зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргасан болох нь дараах байдлаар тогтоогдож байна гэж шүүхээс үзэв.
1. Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ биелүүлээгүй, Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журам зөрчин албан тушаалын бүрэн эрхээ бусдад дарамт, шахалт үзүүлэн шашны үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашигласан талаар:
Замын-Үүд чөлөөт бүсийн Ерөнхий нягтлан бодогч С.Э нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч И.Бд хандан ... Ажлын албаны Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн мэргэжилтэн С.Ж нь 2018 онд мэргэжилтэн болсноос хойш албан ажлаа хийлгүй хийдүүлж, өглөө бүртгүүлээд гараад явчихдаг, орой ирэхдээ бүртгэлээ хуруу уншигч машинд хийж бүтэн цагаар ажилласан мэтээр өнөөдрийг хүртэл явж ирсэн. Энэ нь ямар учиртай байсныг би болон манай ажлын хамт олонд 2019 оноос ил мэдэгдэж эхэлсэн. Тэр ажил дээрээ байхдаа үндсэн ажлаа хийлгүй библи ном гаргаж ирж тавьж хуулаад бичээд байж байдаг байсан, ... өөрөө шашин шүтэхээс гадна намайг болон манай алба хаагчдад хуурч мэхэлж шашныг тулган шаардаж эхэлсэн баримтуудыг захирагчийн ажлын албаны бүх алба хаагчдаас асуухад хэлнэ. Энэ үйл ажиллагаа хэрхэн явуулдаг талаар хэлэхэд хүн бүрийг ганцаарчилж уулзаж нэг хүнтэй уулзуулмаар байна, нэг гоё газар надтай оччих гэх үйлдлээ нэг хүнээс доод тал нь 10-15 хоног тэр хүнийг шахалтад оруулахаар тухайн хүн нь түүний шахалт, дарамтаас айж үндсэн ажлаа хийхийн тулд аргагүйн эрхэнд зөвшөөрдөг, тэгээд нэг удаа уулзаад боллоо шүү гэж гуйж байгаад уулзах хүнтэй нь уулзахаар нөгөө шашны номлогч, түгээгч нартайгаа нийлж бүлэглэн шашинд элсэхийг шаардаж гэр бүлээ хамаатан саднаа элсүүлэхийг уриалж сүм дээр явж очихыг ятган шаарддаг байгаа юм. Мөн тэнд нь очихгүй бол ажил амьдралд чинь муу юм болно гэж айлган сүрдүүлж алба хаагчдыг сэтгэлзүйн дарамтад оруулсан байдаг. Утсаар залгаж утсыг нь авахгүй бол албан өрөөний үүдэнд ирж зогсоод дуудаад ажил хийлгэдэггүй. Одоо бид нар түүнээс аль болох зугтаж ажил дээрээ тааралдахгүй байх талаар өглөө ажилдаа ирэхдээ л айдас хүйдэстэй ирж байгаа нь ажиллах нөхцөл боломжийг алдагдуулж, ажлын бүтээмжийг бууруулж, сэтгэлзүйн гүн хямралд оруулж, цаашид бид бүгдийг хэвийг ажиллах боломжгүй болгож байна. Энэ асуудлын хохирогч болсон алба хаагчид нь Я.Х, М.Л, Б.Д*******, Б, Б, А, З*******, Ч.Б, Ц.Г, Н.Н******* нар юм. Эдгээр хүмүүс нь энэ асуудлыг биеэрээ үзэж түүний дарамт, шахалт, тулгалтаас айж яах аргаа олж ядан байх, суух газаргүй болж байсан алба хаагчид бөгөөд бүгд амьд гэрчүүд байгаа юм гэсэн агуулгатай өргөдлийг гаргажээ.
Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчаас 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр С.Эаас гаргасан өргөдлийг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Өргөдөл шалгуулах тухай 01/185 дугаартай албан бичгээр хандсаныг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.А******* гомдлыг шалгаад, 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай санал гарган Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт хүргүүлжээ.
Улмаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Б******* саналыг хянаад 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1540 дугаар Прокурорын тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолд ... С.Ж нь ажлын байрандаа буюу 2019 оны 5 дугаар сараас ажилтан М.Л, С.Э, Х, Зо******* нарт Христийн шашин шүтэх талаар сурталчилсан үйл баримт материалд авагдсан гэрч М.Л, С.Э, С.Ж нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогджээ. Гэвч иргэн С.Ж бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлж шашны байгууллагын үйл ажиллагаа, шашны зан үйл үйлдэхэд нь саад учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй, харин бусдад Христийн шашин шүтэх талаар тайлбарлаж, ухуулсан байх тул гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дурдсан байна.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын тогтоолын агуулгаас үзвэл нэхэмжлэгч С.Ж нь хамт ажилладаг нэр бүхий ажилтнуудад Христийн шашны талаар удаа дараа тайлбарлаж, ухуулж, сурталчилсан болох нь хамт ажилладаг гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн баримтаар тогтоогдсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Албан тушаалын мэргэжлийн шаардлага хангахгүй болсон талаар:
Нэхэмжлэгч С.Жийн ажиллаж байсан Замын-Үүд чөлөөт бүсийн ажлын албаны Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтэнд тус чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Ажлын байр (албан тушаалын) тодорхойлолтоор тавигдах Ерөнхий шаардлагад Цахилгаан хангамжийн инженер, эрчим хүч гэсэн мэргэжилтэй албан хаагч байхаар заажээ.
Нэхэмжлэгчийг анх Замын-Үүд чөлөөт бүсийн ажлын албанд 2015 оноос Бичиг хэргийн ажилтнаар ажиллуулж байгаад 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулсан байх бөгөөд энэ талаар хариуцагчаас ... С.Жаас гаргасан өргөдлийн дагуу тухайн үед түүний мэргэжилд тохирох өөр сул орон тоо байхгүй байсан тул түүний Төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн байдал, хамт олны дэмжлэг хүсэлтийг харгалзан үзэж тухайн албан тушаалд албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил нь тохирохгүй байхад томилсон гэж тайлбарладаг бөгөөд уг үйл баримттай талууд маргаагүй.
Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 125 дугаар Зөвшөөрөл олгох тухай тогтоолоор Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны бүтцийг баталсан байх бөгөөд тогтоолын 6 дугаар хавсралтаар Эрчим хүч хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар хэсэгт заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагад Цахилгааны инженер, Цахилгаан хангамж, Сэргээгдэх эрчим хүч гэсэн мэргэжилтэй албан хаагч байхаар тусгаснаас үзвэл нэхэмжлэгчийн мэргэжил уг албан тушаалд тавигдах шаардлагад нийцэхгүй байна.
3. Удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй талаар:
Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Удирдлагын зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрийн хурлаар 2019 оны жилийн эцсийн тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, дүгнэлтийг үндэслэн зарим албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгох, цалингийн шатлал нэмэгдүүлэх талаар хэлэлцжээ.
Уг хурлаар нэхэмжлэгч С.Жийн 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.З*******гаас ... ажлын тайланг хараад сэтгэл дундуур байна. Ц.Г дарга ийм өндөр үнэлгээ тавиад ажлын байрны чиг үүргийн дагуу санаачилгатай ажиллах гэж яагаад бичсэн юм бэ, ажиллуулах ёстой гээд удирдлагуудад үүрэг болгоод байгаа юм уу, чиг үүргийнхээ дагуу ажиллаж чаддаггүй бол яагаад 88,5 авсан юм бэ, хэлтсийн тайлангаа дахиад сайн нягтал, анхаар, өөрийгөө чадавхжуул гэж, Бүртгэл, санхүүгийн хэлтсийн дарга Ж.Бгээс ... чи надад маш хангалтгүй тооцоо өгсөн, өмнө хэлэх боломж гараагүй, өөрийгөө сайжруул гэж, Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн дарга Ц.Гаас... цаашдаа шаардлага хангахгүй бол ажлын байрны асуудал яригдана гэдгийг ойлгох хэрэгтэй, тиймээс анхаарах хэрэгтэй гэж, Захирагчийн ажлын албаны дарга М.Э*******аас ...хүмүүсийн хэлснийг ойлгосон байх, тиймээс шатлал ахиулах асуудал байхгүй, үндсэн асуудал дээрээ ямар шүүмж сонсов, 2020 онд илүү үр дүнтэй ажиллахад шатлалын асуудал яригдана, энэ хэмжээнд хүрээгүй байна, цаг ашиглалтад анхаар гэсэн дүгнэлтийг хэлж байсан нь хурлын тэмдэглэлд тусгагджээ.
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч С.Жаас цалингийн шатлал ахиулах, зэрэг дэв олгуулах тухай гаргасан өргөдөлд Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/125 дугаар албан бичгээр ...2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хийгдсэн ажилтан, албан хаагчдын гүйцэтгэлийг дүгнэх үнэлгээний багийн хуралд хариуцсан хэлтсийн даргаас хэлтсийн албан хаагчдадаа 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд дүгнэлт өгөхдөө таны талаар ажлын байрны зорилтыг хангалтгүй биелүүлсэн цаашдаа ажлын байрны гүйцэтгэлийг хангаж биелүүлэхгүй бол ажлын байранд байх үгүй асуудал яригдана гэсэн анхааруулга өгч 2020 онд идэвх, санаачилгатай ажиллах байх гэсэн итгэл хүлээлгэж ажилтныхаа идэвхийг сэргээсэн байдлаар 88,5 гэсэн өндөр үнэлгээ өгсөн байдаг. Гэтэл та заагдсан дутагдалд дүгнэлт хийлгүй цалингийн шатлал ахиулах санал сөргүүлэн гаргасныг хэлтсийн дарга таны гаргасан саналд бодит дүгнэлт өгөлгүй гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлттэй нэгтгэн байгууллагын үнэлгээний багийн хуралд оруулж хэлэлцүүлсэн. Энэ хурал дээр ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, идэвх санаачилгын талаар үнэлгээний багийн гишүүн бүр танд зэмлэл, зөвлөмж өгч цаашид ажлаа идэвх, санаачилгатай хийх талаар анхааруулан залуу алба хаагчийн ажиллах идэвх санаачилгад урам өгөх зорилгоор хариуцсан хэлтсээс танд өгсөн үнэлгээг дэмжиж таны цалингийн шатлал ахиулах хүсэлтийг УИХ-ын 21-р тогтоолоор батлагдсан журамд нийцүүлэн тухайн үед хойшлуулсан байдаг. Таны эзэмшсэн мэргэжил албан тушаалын тодорхойлолтод заагдсан мэргэжлийн шаардлага хангахгүй байгаа нь тухайн ажлын байрны зорилт чиг үүргийг биелүүлэн ажиллахад нөлөөлж байгааг 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээний багийн хурал дээр та өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар удирдлагаас удаа дараа анхааруулж байсан. Дээрх байдлуудаас үндэслэж танд зэрэг дэв олгох, цалингийн шатлал ахиулах нөхцөл бүрдээгүй байна гэж байна гэсэн хариуг өгч байсан зэргээс үзвэл нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн хэрэгжилтийг хангалттай түвшинд гүйцэтгэж байгаагүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн, хэрэгт нотлох баримтаар авагдсан Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэл, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 125 дугаар тогтоол, Замын-үүд чөлөөт бүсийн захирагчийн 2020 оны А/25 дугаартай захирамж, хавсралт, Эрчим хүч хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт, Захирагчийн ажлын албаны 2020 оны 05 дугаар сарын 18, мөн оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлүүд зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь маргаан бүхий Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 дугаар захирамжид дурдсан сахилгын зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/56 тоот захирамжийн хавсралтаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйл Ажлын байранд хориглох зүйлс, 9.1-дэх Улс төрийн намын, шашин болон шашингүйн үзэл бодлын талаар ухуулга сурталчилгаа хийх гэж, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чин үүргийн хэрэгжилтийг хангах, 39 дүгээр зүйлийн 39.1.8-д албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүй үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашигласан гэж тус тус заасан хуулийн болон холбогдох журмын заалтуудтай нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ биелүүлээгүй, төрийн албаны тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам зөрчин албан тушаалын бүрэн эрхээ бусдад дарамт, шахалт үзүүлэн шашны үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашигласан, албан тушаалын тодорхойлолтод заагдсан мэргэжлийн шаардлага хангахгүй болсон, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, 48.1. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 48.1.З. төрийн албанаас халах гэж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 6.1-д Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулах гэж тус тус заажээ.
Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн зэргийг нь харгалзан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй байна.
Энэ хэргийн маргаан бүхий тохиолдлын тухайд, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам, Замын-Үүд чөлөөт бүсийн Хөдөлмөрийн дотоод журам зэргээр хориглосон хориглолтыг зөрчсөн үйлдэл гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас халахаар гаргасан шийдвэр нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд дээрх үндэслэлүүдээр С.Жийн Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.8, 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1.3, Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Жаас Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 тоот ажлаас халах тухай захирамжийг хүчингүйд тооцуулж, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР