| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/0457/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/899 |
| Огноо | 2022-06-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/899
2022 06 16 2022/ШЦТ/899
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,
улсын яллагч Б.Өлзийжаргал,
шүүгдэгч Б.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.гийн Б.эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 2553 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б. овогт Б.гийн Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б. нь 2021 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх” худалдааны төвийн 11 дугаартай лангууны хаалтыг эвдэн нэвтрэн орж, иргэн О.М.ын орлогын мөнгө болох 625.200 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч О.М.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10:00 цагийн орчимд дүү О.Мөнхтуяагийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Мөнх” худалдааны төвийн 11 дугаартай лангуун дээрээ ирсэн. Тэгтэл лангууны гадна модон хөшгөн хаалтыг дундуур нь нугалчихсан байсан. Тэгээд ороод үзтэл лангууны кассны доод шургуулганд байсан орлогын мөнгөнөөс 625.200 төгрөг байхгүй байхаар нь лангууныхаа хяналтын камерыг шүүж үзсэн. Тэгтэл 35-40 орчим насны туранхай эрэгтэй хүн хулгай хийгээд гарч байгаа бичлэг байсан. Манай дүү “Мөнх” захыг нээхэд нэг согтуу “Мөнх” худалдааны төвийн хаанаас нь мэдэгдэхгүй нэг газраас нь гараад ирсэн гэсэн. Тэгэхээр нь манай дүү О.Мөнхтуяа иргэний үнэмлэхийн зургийг нь дараад явуулсан байсан. Би хяналтын камерын бичлэгт бичигдсэн хулгай хийсэн хүний царайтай харьцуулаад үзэхэд мөн байсан. Тэгээд худалдааны төвөөсөө гараад ойр орчмоор хайж байгаад Баянзүрх захын орчимд төстэй эрэгтэй хүн явж байхаар нь очиж уулзаад өмдний халаасыг нь үзтэл манай лангуунаас алдагдсан 625.200 төгрөг гарч ирсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,
- Гэрч О.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай ах О.М.ын лангуунаас мөнгө алдагдсан байна гэсэн. Тэгээд ах гараад нөгөө залууг хайж байгаад барьж аваад би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Манай худалдааны төвийн өөр лангуунуудаас эд зүйл алдагдаагүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
- Б.Б.ийн яллагдагчаар өгсөн: “Би сонсгож буй зүйл анги болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухай үед нэлээд согтуу байсан учир хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Би “Мөнх” худалдааны төвөөс хулгай хийсэн мөнгөө гэмт хэрэг үйлдээд баригдсаныхаа дараа буцаагаад бүгдийг нь өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-17/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б. нь 2021 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх” худалдааны төвийн 11 дугаартай лангууны хаалтыг эвдэн нэвтрэн орж, иргэн О.М.ын орлогын мөнгө болох 625.200 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
- Хохирогч О.М.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10:00 цагийн орчимд дүү О.Мөнхтуяагийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Мөнх” худалдааны төвийн 11 дугаартай лангуун дээрээ ирсэн. Тэгтэл лангууны гадна модон хөшгөн хаалтыг дундуур нь нугалчихсан байсан. Тэгээд ороод үзтэл лангууны кассны доод шургуулганд байсан орлогын мөнгөнөөс 625.200 төгрөг байхгүй байхаар нь лангууныхаа хяналтын камерыг шүүж үзсэн. Тэгтэл 35-40 орчим насны туранхай эрэгтэй хүн хулгай хийгээд гарч байгаа бичлэг байсан. Манай дүү “Мөнх” захыг нээхэд нэг согтуу “Мөнх” худалдааны төвийн хаанаас нь мэдэгдэхгүй нэг газраас нь гараад ирсэн гэсэн. Тэгэхээр нь манай дүү О.Мөнхтуяа иргэний үнэмлэхийн зургийг нь дараад явуулсан байсан. Би хяналтын камерын бичлэгт бичигдсэн хулгай хийсэн хүний царайтай харьцуулаад үзэхэд мөн байсан. Тэгээд худалдааны төвөөсөө гараад ойр орчмоор хайж байгаад Баянзүрх захын орчимд төстэй эрэгтэй хүн явж байхаар нь очиж уулзаад өмдний халаасыг нь үзтэл манай лангуунаас алдагдсан 625.200 төгрөг гарч ирсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,
- Гэрч О.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай ах О.М.ын лангуунаас мөнгө алдагдсан байна гэсэн. Тэгээд ах гараад нөгөө залууг хайж байгаад барьж аваад би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Манай худалдааны төвийн өөр лангуунуудаас эд зүйл алдагдаагүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
- Б.Б.ийн яллагдагчаар өгсөн: “Би сонсгож буй зүйл анги болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухай үед нэлээд согтуу байсан учир хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Би “Мөнх” худалдааны төвөөс хулгай хийсэн мөнгөө гэмт хэрэг үйлдээд баригдсаныхаа дараа буцаагаад бүгдийг нь өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-17/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б.эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч О.М. нь хохирлын мөнгөө буцаан авсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б.эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Б.эд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 31 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Б.гийн Б.ийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б.эд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.ийн урьд цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД