Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/909

 

 

 

 

 

 

 

 

   2022         06         16                                       2022/ШЦТ/909

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч С.Бумбаяр,

шүүгдэгч Ш.Х. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт С.гийн Бумбаярт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Ш.ын Х.т тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02231 1749 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Б. овогт С.гийн Бумбаяр.

Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Б. овогт Ш.ын Х..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Бумбаяр, Ш.Х. нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр захын урд байрлах авто засварын газар автомашинаа засуулахаар ирсэн иргэн Б.Д.ийн Приус 20 загварын автомашины зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бумбаяр мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Д.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 12:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр зах орж, өөрийн эзэмшлийн 11-65 УБӨ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд 4 амортизатор авахаар явсан. Тэгээд Өгөөмөр зах ороод зүс таних Ганбат гэх хүн дээр очсон. Ганбат гэх хүнээс 4 ком бул, 1 гар, 1 өндгөн тулгуур авахаар болсон. Ингээд Ганбат ах солиод өгнө гэсэн болохоор солиулахаар болсон. Ингээд хажууд байсан гэх туслах ажилтан залууг дагаад явсан. Бид хоёр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр захын урд байрлах хашаанд өөрийн тээврийн хэрэгслээ үлдээгээд явсан. Ингээд 19:00 цагийн орчимд машинаа аваад тухайн засвараас гарсан. Ингээд тээврийн хэрэгслээ асаахад тэнхлэг тохиргоо нь алдагдаад тээврийн хэрэгслийн урд хоёр амортизатор хатуу байсан. Тэгэхээр нь дахиад өөр амортизатороор солиулчих гэсэн. Ингээд Ганбатын туслах залуу Болдбаатар гэдэг хүнээр амортизаторын пуршээ солиулсан. Тэгээд би тээврийн хэрэгслээ асаасан чинь чекний гэрэл асаад тээврийн хэрэгслийн яндангийн доор боолтны ором гарсан байсан. Тэгээд тээврийн хэрэгслээ унаад гэртээ харьсан. 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгслээ оношлогоонд оруулахад зөөлөн яндан байхгүй байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Бумбаяр, Ш.Х. нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр захын урд байрлах авто засварын газар автомашинаа засуулахаар ирсэн иргэн Б.Д.ийн Приус 20 загварын автомашины зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Д.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 12:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр зах орж, өөрийн эзэмшлийн 11-65 УБӨ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд 4 амортизатор авахаар явсан. Тэгээд Өгөөмөр зах ороод зүс таних Ганбат гэх хүн дээр очсон. Ганбат гэх хүнээс 4 ком бул, 1 гар, 1 өндгөн тулгуур авахаар болсон. Ингээд Ганбат ах солиод өгнө гэсэн болохоор солиулахаар болсон. Ингээд хажууд байсан гэх туслах ажилтан залууг дагаад явсан. Бид хоёр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр захын урд байрлах хашаанд өөрийн тээврийн хэрэгслээ үлдээгээд явсан. Ингээд 19:00 цагийн орчимд машинаа аваад тухайн засвараас гарсан. Ингээд тээврийн хэрэгслээ асаахад тэнхлэг тохиргоо нь алдагдаад тээврийн хэрэгслийн урд хоёр амортизатор хатуу байсан. Тэгэхээр нь дахиад өөр амортизатороор солиулчих гэсэн. Ингээд Ганбатын туслах залуу Болдбаатар гэдэг хүнээр амортизаторын пуршээ солиулсан. Тэгээд би тээврийн хэрэгслээ асаасан чинь чекний гэрэл асаад тээврийн хэрэгслийн яндангийн доор боолтны ором гарсан байсан. Тэгээд тээврийн хэрэгслээ унаад гэртээ харьсан. 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгслээ оношлогоонд оруулахад зөөлөн яндан байхгүй байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт С.гийн Бумбаярт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Ш.ын Х.т тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Хохирогч Б.Д.ийн хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Бумбаяр, Ш.Х. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч С.Бумбаярт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ш.Х.т 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Х.ын урьд цагдан хоригдсон 15 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 120 цагаар тооцож эдлэх ялаас хасаж, Ш.Х.ын эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Бумбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт С.гийн Бумбаяр, Б. овогт Ш.ын Х. нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бумбаярт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Х.т 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х.ын урьд цагдан хоригдсон 15 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 120 цагаар тооцон эдлэх ялаас хасаж, Ш.Х.ын эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Ш.Х.т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Бумбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД