Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 459

 

 

 

 

 

                            

 

 

 

 

   2018          05          14                                               138/ШШ2018/00459

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, шүүгч Ш.Алтанцэцэг, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

           Нэхэмжлэгч:  Д-ын Эгийн хүсэлттэй

 

            “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 15 279 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, гуравдагч этгээд Б.Д, нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгч Д.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дорнод аймагт 1984 оны 4 дүгээр сараас эхлэн өмгөөлөгчөөр, 2001 оны 02 сараас эхлэн нотариатчаар ажиллаж байсан. Одоо нотариатчийн үйл ажиллагааг дангаар эрхлээд 16 жил болж байна. 2007 оны 3 дугаар сард Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлд зааснаар “албан тушаалаа урвуулан ашигласан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдсон. Эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш надаас мэдүүлэг авахад намайг Цэндцууд холбогдох “Бусдыг залилан мэхэлсэн” эрүүгийн гэмт хэрэгт холбогдолгүй болохоо удаа дараа хэлж тайлбарласан. Гэтэл 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Дорнодын мөрдөн байцаагч нь миний албан үүргийг түр түдгэлзүүлэх тухай тогтоол гаргасан. Үүнийг би 2007 оны 8 дугаар сарын сүүлээр мэдсэн. Мөрдөн байцаагч тухайн үед намайг дуудаж хоёр тогтоол танилцуулсан. Нэг нь нотариатын үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх, нөгөө нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолууд байсан. Тэгэхэд нь би албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй тул үйл ажиллагааг минь түдгэлзүүлэх шаардлага байхгүй гэж хэлэхэд “дээрээс заавал үйл ажиллагааг чинь түдгэлзүүл гэсэн даалгавар өгөөд байна” гэсэн. Тэгэхээр нь би “тэгвэл дээрх үйлдэл чинь өмгөөллийн үйл ажиллагаа явуулахтай холбоогүй” гэхэд, өмгөөллийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэн миний нотариатын үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолтой танилцуулж гарын үсэг зуруулсан. Түүнээс хойш Монголын Нотариатчдын танхим руу бичиг явуулсан байсан. Тэгээд нотариатын танхимаас миний тамгыг хураасан. Үүнээс хойш би өмгөөлөл болон нотариатын үйл ажиллагаа огт явуулаагүй. Би тухайн үед буюу 2007 онд банкны зээлтэй байсан. Үйл ажиллагаа явуулах эрхийг минь түдгэлзүүлснээс болж зээлийн эргэн төлөлтөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Иймээс би Улаанбаатар хот руу оюутан охин дээрээ очсон.  Би хотод очоод найзаасаа зөвлөгөө авч прокурорын газарт өргөдөл гаргах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тэгээд би прокурорын газарт хандахад хэргийг татан авч хянасан. Тэгэхэд албан үүргийг тань түдгэлзүүлэх шаардлагагүй юм байна. Аймгийнхаа прокурорт ханд гэж хэлсэн. Тухайн үед болсон явдлаас болж би сэтгэл санаагаар унаж, бие маань муудаж цөсний өвчин хүндэрч байсан. Үүнээс болж би цөсний хагалгаанд хүртэл орсон. Дорнод аймгийн мөрдөн байцаагч над руу ярьж “таны нотариатын үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлсэн тогтоол хүчингүй болсон байна” гэж хэлсэн. Би 2007 онд 9 сар ажиллаж нийт 15.398.880 төгрөгийн орлого оруулсан ба сарын дундаж орлого 1.710.986 төгрөг болно. Үүнийг нэг сарын ажлын дундаж хоногт хуваахад өдөрт 77.800 төгрөгийн орлоготой ажиллаж байсан байна. Харин тамгаа хүлээлгэж өгсөн 2007 оны 9 сарын 05-ны өдрөөс, хүлээн авсан 2007 оны 11 сарын 20-ны өдөр хүртэл нийт ажлын 55 хоног ажиллаагүй ба ажиллаагүй үеийн орлогыг тооцож үзэхэд 4.279.000 төгрөг болж байна. /нэг өдрийн орлого 77.800 х 55 хоног = 4.279.000 төгрөг/. “Өмгөөлөгч” сэтгүүлд миний өмгөөлөгчийн эрхийг хураасан талаар мэдээ гарсан байсан. Тэгээд найз нөхөд маань над руу ярьж яагаад өмгөөллийн эрхийг чинь түдгэлзүүлсэн юм бэ гээд ярихад нь би миний өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг минь түдгэлзүүлсэн болохыг мэдсэн. Би Улаанбаатар хотоос дээрх асуудлын талаар  тодруулахад бидэнд өмгөөллийн эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгосон талаар мэдээлэл ирээгүй гэж хэлсэн. Тэгээд холбогдох байгууллагад хандаж өмгөөллийн эрхийг чинь сэргээе гэж хэлсэн. Би 21-р байшинд 17 жил амьдарсан. Миний тамга хураагдсан гэдгийг банк мэдээд үлдэгдэл зээлээ хаахыг шаардсан. Тэгээд би гэр бүлтэйгээ ярилцаж байраа зарах талаар гэрийхэндээ хэлэхэд дургүй байсан. Би тухайн үед банкны зээлээ хаахын тулд 11 сая төгрөгөөр байраа зарсан. Мөн энэ үед татвар төлөхгүй гээд бэлэглэлийн гэрээгээр байраа шилжүүлж мөнгийг бэлнээр авсан юм. Тухайн үед банкны зээлээ барагдуулж надад 1 сая төгрөг үлдэж тэр мөнгөөрөө хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн. Иймд сэтгэл санааны хохирол 15 000 000 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого 4 279 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэндцууд холбогдох хэргээр гэмт хэргийг шалгах явцад гарын үсэг зураагүй байхад нотариатын гэрчлэлт хийсэн талаар мэдүүлсний дагуу нотариатч Д.Эг хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзэж шалгасан. Түүний алдар хүндэд хууль бусаар халдаагүй. Хуульд зааснаар Д.Эгийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохирол гэж мөнгө нэхэмжилж байгаа хэдий ч өмнө нь цөс нь өвддөг байсан талаар ярьж байна. Д.Эгийн өмгөөллийн эрхийг түдгэлзүүлсэн талаар “Өмгөөлөгч” сэтгүүлд мэдээллэсэн боловч түүний нэр хүнд унасан эсэх талаар нотолсон зүйл байхгүй байна. Д.Э нь өмгөөлөгч хийдэг байсан уу эсхүл нотариатын үйл ажиллагаа эрхэлдэг байсан юм уу эсхүл давхар үйл ажиллагаа явуулдаг байсан юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Мөн байраа зарсан гэж ярьж байгаа боловч бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжүүлж байгаа нь татвараас зайлсхийсэн шинжийг харуулж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 19 279 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 13 дугаар бүлэгт тус тус заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд харъяалагдах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас дээрх хохирлыг гаргуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан байх тул шүүх Монгол Улсын Засгийн газрын эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Дорнод аймгийн Цагдаагийн газар нь “дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашигласны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн уг үйлдэлд Д.Эг холбогдуулан яллагдагчаар татах тогтоолыг 2007 оны 03 сарын 27-ны өдөр үйлдэж, хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

Улмаар дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үед нь мөрдөн байцаагчийн 2007 оны 8 сарын 07-ны өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх” тухай тогтоолоор түүний нотариатын ажил үүргийг зогсоож, улмаар нотариатын үйлдэл хийх эрх бүхий тамга тэмдгийг 2008 оны 9 сарын 07-ны өдөр хураан авчээ.

            Дорнод аймгийн Прокурорын газрын 2008 оны 01 сарын 26-ний өдрийн 10 дугаартай “ Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  тогтоолоор Эрүүгийн хуулийн 20607340 дугаартай хэргээс “ яллагдагч Д.Эгийн нотариатчийн хувьд хийсэн үйлдэл нь хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2-т заасан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

            Энэ үеэс эхлэн нэхэмжлэгч Д.Э нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус  зааснаар хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах эрх үүссэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-т зааснаар иргэнийг хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсны улмаас иргэнд учирсан хохирлыг төр хариуцаж арилгах үүрэгтэй бөгөөд уг хохирлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Э нь дээрх эрүүгийн хэрэгт 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба тэрээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцогдож яллагдагчаар татагдан  шалгагдаж эхлэснээс хойш эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй болсноос гадна, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байтал Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын 2008 оны 3 сарын 12-ны өдийн 82 дугаар тушаалаар түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, энэ тухай 2008 оны “Өмгөөлөгч” сэтгүүлд бичигдсэн, нотариатын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлэн түүний тамга тэмдгийг хураан авсан зэргээр түүний хөдөлмөрлөх үйл ажиллагаа тодорхой хугацаанд зогссон, мөн нийгэмд эзлэх байр суурь тодорхой хэмжээгээр буурсан нь түүний сэтгэл санааны байдалд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх тухай зохицуулсаны дагуу түүний сэтгэл санаанд учирсан хохиролд нэхэмжилсэн 15 000 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Түүнчлэн нэхэмжлэгч Д.Э нь дээрх хууль бус ажиллагааны улмаас 2007 оны 9 сарын 05-ны өдрөөс мөн оны 11 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 55 хоног ажил хөдөлмөр эрхлээгүй байх ба тэрээр 2007 онд нийт 9 сар ажиллаж, 15 398 880 төгрөгийн орлого олж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх ба тэрээр нэг сарын дундаж орлогоо 1 710 986 төгрөгт тооцож нэг сарын ажлын дундаж хоногт хувааж, нэг өдрийн орлогоо 77 800 төгрөгт тооцож нийт ажилгүй байсан  55 хоногт олох ёстой байсан орлогоо 4 279 000 төгрөгөөр тооцож гаргасныг үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд нийт 19 279 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгох үндэслэлтэй байна.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 134 дугаар зүйлийн 134.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-т тус тус заасныг баримтлан Засгийн газрын нөөцийн сангаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 19 279 000 /арван есөн сая хоёр зуун далан есөн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгосугай.

          2. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.9-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА

                                                         ШҮҮГЧИД                           Ш.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                                 Г.УРТНАСАН