Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/910

 

 

 

 

 

 

 

 

  2022         06         16                                        2022/ШЦТ/910

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч Л.О. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ө. овогт Л.ийн О.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 01479 1528 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, “Ийгл” телевизэд ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, Ө. овогт Л.ийн О..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.О. нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин” их дэлгүүрийн шилэн хаалгыг гараараа цохиж эвдэн, улмаар дэлгүүр дотор байсан эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж, бусдад 2.446.990 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Надад мэдэж байгаа зүйл байхгүй. Би “Номин тав трейд” ХХК-ийг төлөөлж мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байна. Манай байгууллагын ажилчид учирсан хохирлын талаарх нотлох баримт гарган өгсөн байгаа. Манай байгууллагад учирсан хохирлыг би нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

- Гэрч Д.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрт хүн орсон байна гэж дуудлага төвөөс өгсөн. Тэгэхээр нь би хамт ээлжинд гарч байсан Бахытбек гэх ажлын газрын залуугийн хамт ирж шалгасан. Би “Номин” их дэлгүүрт 03:00 цагийн үед ирсэн ба ирээд шууд “Номин” их дэлгүүрийн төв хаалгаар гэрэл тусгаад харахад шилэн хаалганы цаана хүн явж харагдсан. Тэгэхээр нь би Бахытбекийг их дэлгүүрийн гаднах ойр орчмыг хараад өөр газраар орсон эсэхийг хараарай гээд явуулсан. Хэсэг хугацааны дараа Бахытбек эргээд ирсэн ба их дэлгүүрийг тойрч үзэхэд ямар нэгэн гаднаас цонх, шил хагалж нэвтэрсэн зүйл байхгүй байна гэсэн. Бид хоёр гаднах орчноо шалгаж дуусчихаад “Номин” их дэлгүүрийн 2 давхарт байдаг баарыг онгорхой байгаа эсэхийг харахад тус баар нь хаалттай байсан тул буцаад 2 давхраас лифтээр буусан. 1 давхарт буухад шил хагарах чимээ сонсогдсон ба бид хоёр төв хаалга руу очиход шилэн хаалга нь гол хэсгээрээ зууван хэлбэртэй хагарчихсан, хаалганы дотор талаас нэг үл таних согтуу эрэгтэй түлхчихсэн зогсож байсан. Бахытбек бид хоёр шууд очоод тэр гарах гэж байсан хүнийг шилэнд зүсэгдэхээс хамгаалаад шилэн хаалгыг гаднаас бариулнаас нь татаж онгойлгосон. Тус төв хаалга нь цоожтой байсан боловч суларчихсан байсан. Тэгээд хаалгыг татаж онгойлгоод дотор байсан хүнийг түр саатуулаад цагдаад өгсөн. Тус эрэгтэйг Бахытбек бид хоёр гарыг нь ард нь гавлаж саатуулсан ба тэр эрэгтэй эсэргүүцэл үзүүлээгүй, шал согтуу, хаана байгаагаа мэдэхгүй байсан. Мөн тэр эрэгтэйн гар нь цус болчихсон, гараа шилэнд зүсчихсэн харагдсан ба тэрээр манай найз дүү энд байгаа, ойрхон байдаг гэх зүйл ярьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

- Гэрч Э.Мэргэншагайн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 04:00 цагийн үед би ажлын газар буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байрлалтай “Номин” худалдааны төв дотор үл таних хүн ороод эд зүйлс эвдэлсэн байна гэх дуудлага хамгаалалтын албанаас ирсэн тул би яараад ажлын байр луугаа очиход гэрээт харуул хамгаалалтын ажилтан манай ажил дээр ирчихсэн хүн эд зүйлс эвдэлчихлээ гээд зогсож байсан. Тэгэхээр нь би худалдааны төвийг шалгахад үүдэн дэх 2 давхар шилэн хаалга хагарчихсан байсан тул би худалдааны төвд ажилладаг зохион байгуулагч эмэгтэй Оюун-Эрдэнийг утсаар дуудаад ирэхээр нь хамт худалдааны төв рүү орсон. Намайг анх очиход худалдааны төвийн үүдний хоёр шилэн хаалганы нэг нь хагарчихсан, дотроо харанхуй байсан тул Оюун-Эрдэнэ бид хоёр худалдааны төв рүү орохдоо гэрэл асааж тог өгч байж орсон. Бид хоёрыг ороход үүд хэсгийн гоо сайхны лангууны шүүгээний нэг шилэн хаалга хагарчихсан, шил  нь газраар тарчихсан байсан ба цааш явахад дэлгүүрийн кассны посс машиныг баруун зүгт байдаг оффис руу харсан шат руу гарах хэсгийн урд байх шалан дээр шидэж хагалсан, цахилгаан барааны лангууны орчим байсан 4 ширхэг ус буцалгагч газар шидэж хаясан, 2 нь зарагдах боломжгүй болсон байсан бөгөөд кассны хажуу талын цаасан самбарын голоор нь хугалж хаясан харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-57/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.О. нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин” их дэлгүүрийн шилэн хаалгыг гараараа цохиж эвдэн, улмаар дэлгүүр дотор байсан эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж, бусдад 2.446.990 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Надад мэдэж байгаа зүйл байхгүй. Би “Номин тав трейд” ХХК-ийг төлөөлж мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байна. Манай байгууллагын ажилчид учирсан хохирлын талаарх нотлох баримт гарган өгсөн байгаа. Манай байгууллагад учирсан хохирлыг би нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

- Гэрч Д.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрт хүн орсон байна гэж дуудлага төвөөс өгсөн. Тэгэхээр нь би хамт ээлжинд гарч байсан Бахытбек гэх ажлын газрын залуугийн хамт ирж шалгасан. Би “Номин” их дэлгүүрт 03:00 цагийн үед ирсэн ба ирээд шууд “Номин” их дэлгүүрийн төв хаалгаар гэрэл тусгаад харахад шилэн хаалганы цаана хүн явж харагдсан. Тэгэхээр нь би Бахытбекийг их дэлгүүрийн гаднах ойр орчмыг хараад өөр газраар орсон эсэхийг хараарай гээд явуулсан. Хэсэг хугацааны дараа Бахытбек эргээд ирсэн ба их дэлгүүрийг тойрч үзэхэд ямар нэгэн гаднаас цонх, шил хагалж нэвтэрсэн зүйл байхгүй байна гэсэн. Бид хоёр гаднах орчноо шалгаж дуусчихаад “Номин” их дэлгүүрийн 2 давхарт байдаг баарыг онгорхой байгаа эсэхийг харахад тус баар нь хаалттай байсан тул буцаад 2 давхраас лифтээр буусан. 1 давхарт буухад шил хагарах чимээ сонсогдсон ба бид хоёр төв хаалга руу очиход шилэн хаалга нь гол хэсгээрээ зууван хэлбэртэй хагарчихсан, хаалганы дотор талаас нэг үл таних согтуу эрэгтэй түлхчихсэн зогсож байсан. Бахытбек бид хоёр шууд очоод тэр гарах гэж байсан хүнийг шилэнд зүсэгдэхээс хамгаалаад шилэн хаалгыг гаднаас бариулнаас нь татаж онгойлгосон. Тус төв хаалга нь цоожтой байсан боловч суларчихсан байсан. Тэгээд хаалгыг татаж онгойлгоод дотор байсан хүнийг түр саатуулаад цагдаад өгсөн. Тус эрэгтэйг Бахытбек бид хоёр гарыг нь ард нь гавлаж саатуулсан ба тэр эрэгтэй эсэргүүцэл үзүүлээгүй, шал согтуу, хаана байгаагаа мэдэхгүй байсан. Мөн тэр эрэгтэйн гар нь цус болчихсон, гараа шилэнд зүсчихсэн харагдсан ба тэрээр манай найз дүү энд байгаа, ойрхон байдаг гэх зүйл ярьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

- Гэрч Э.Мэргэншагайн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 04:00 цагийн үед би ажлын газар буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байрлалтай “Номин” худалдааны төв дотор үл таних хүн ороод эд зүйлс эвдэлсэн байна гэх дуудлага хамгаалалтын албанаас ирсэн тул би яараад ажлын байр луугаа очиход гэрээт харуул хамгаалалтын ажилтан манай ажил дээр ирчихсэн хүн эд зүйлс эвдэлчихлээ гээд зогсож байсан. Тэгэхээр нь би худалдааны төвийг шалгахад үүдэн дэх 2 давхар шилэн хаалга хагарчихсан байсан тул би худалдааны төвд ажилладаг зохион байгуулагч эмэгтэй Оюун-Эрдэнийг утсаар дуудаад ирэхээр нь хамт худалдааны төв рүү орсон. Намайг анх очиход худалдааны төвийн үүдний хоёр шилэн хаалганы нэг нь хагарчихсан, дотроо харанхуй байсан тул Оюун-Эрдэнэ бид хоёр худалдааны төв рүү орохдоо гэрэл асааж тог өгч байж орсон. Бид хоёрыг ороход үүд хэсгийн гоо сайхны лангууны шүүгээний нэг шилэн хаалга хагарчихсан, шил  нь газраар тарчихсан байсан ба цааш явахад дэлгүүрийн кассны посс машиныг баруун зүгт байдаг оффис руу харсан шат руу гарах хэсгийн урд байх шалан дээр шидэж хагалсан, цахилгаан барааны лангууны орчим байсан 4 ширхэг ус буцалгагч газар шидэж хаясан, 2 нь зарагдах боломжгүй болсон байсан бөгөөд кассны хажуу талын цаасан самбарын голоор нь хугалж хаясан харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-57/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Л.О.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Хохирогчид 2.446.990 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Л.О.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Л.О.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө. овогт Л.ийн О.г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.О.д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.О. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Л.О.гээс 2.446.990 төгрөгийг гаргуулан хохирогч “Номин тав трейд” ХХК /РД:5469929/-д олгосугай.

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД