Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/968

 

 

 

 

 

 

 

 

   2022         06         23                                       2022/ШЦТ/968

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч М.Отгонжаргал,

хохирогч Д.Б.,

шүүгдэгч Б.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.ийн Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 01276 1694 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, Б. овогт Б.ийн Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Кино үйлдвэрийн автобусны буудал дээр Д.Б.гийн нүүр лүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: “Тэр өдөр Гачуурт чиглэлийн автобусанд сууж явсан. Тэгээд сандал дээр унтчихсан байсан. Гэтэл гэнэт нэг хүн хөл рүү өшиглөөд сэрээсэн. Тэгээд хартал нэг хүн бос, хаана буух юм, архичин энэ тэр гээд байсан. Тэгэхээр нь би за би ингээд буучихна аа гэтэл цамцнаас зуурахаар нь би “хойшоо бай” гээд гараараа цохичихсон юм. Өөр дахиж цохисон юм байхгүй. Ингээд цагдаагийн хэлтэс дээр очтол хохирогч “энэ хүн намайг алах гэж байна, баривчил” гээд дээшээ, доошоо гүйгээд цагдаагийнхныг бужигнуулчихсан. ” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б. мэдүүлэхдээ: “...би унтаж байхад нь өшиглөж босгоогүй. Гэтэл “хэдүүлээ архи ууя” гээд байсан. Тэгэхээр нь манай нөгөө эгч “бид нар ажлаа хийж явна, тийм байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл энэ хүн жолооч руу дайраад байсан, жолооч хүний урманд үг хэлээгүй, залуу хүүхэд байсан. Энэ хүн бид хоёрыг “муу архичин авгай, та нарын ажил хийх гэж юу байсан юм бэ” гэж загнасан. Тэгээд яг Кино үйлдвэр дээр ирэхэд хүмүүсийн карт даруулахгүй хааж зогсчихоод болохгүй байсан. Тэгээд би тэсч чадахгүй “та энэ хойд талын сандал дээр суу, хүнгүй байна” гээд таттал эргэхдээ миний нүүрэн дундуур цохисон, би арагшаа саваад сандлын ирмэг дээр толгойгоороо унасан. Гэтэл нэг залуу намайг босгоод, “ажлаа хийж яваа хүнийг цохиж унагаалаа” гээд энэ ахыг хоёр цохиж авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгд “цагдаад өг” гээд хашгирсан.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Д.Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сити баазын Ботаник, Жуков чиглэлийн автобусанд ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Тэгтэл 18:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Кино үйлдвэрийн автобусны буудлаас автобустайгаа хөдлөөд явсан. Тэгтэл автобусанд байсан 55-60 орчим насны эрэгтэй автобусанд сууж байгаа зорчигчдын картыг уншуулахгүй, хөндлөн зогсоод байсан. Тэгэхээр нь би та наанаасаа холдоод хүмүүс оруулаач гэсэн. Тэгсэн намайг хэл амаар доромжлоод, миний зүүн талын хацар луу гараа атгаж байгаад цохисон. Би автобус дотор унахдаа толгойгоороо сандал мөргөөд унасан. Миний толгой болон зүүн талын хавирга хэсгээр хөндүүрлэж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

- Гэрч С.Буяннэмэхийн өгсөн: “...нөгөө согтуу хүн хүмүүсийн карт даруулдаггүй янз бүрийн юм ярьж, согтуурхаад байсан тул та холд, хойшоо яв гэж шаардлага тавьсан чинь түүнийг элдэв бусаар хэлж, хэл амаар доромжилж явсаар байгаад Кино үйлдвэрийн буудал дээр ирэх үед тэр согтуу хүн Б.г гараараа цохисон чинь сандал руу унасан. Б.гийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж унагаасан. Түүний зүүн талын хацар хавдсан харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3076 тоот: “Д.Б.гийн биед тархины доргилт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Кино үйлдвэрийн автобусны буудал дээр Д.Б.гийн нүүр лүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Д.Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сити баазын Ботаник, Жуков чиглэлийн автобусанд ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Тэгтэл 18:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Кино үйлдвэрийн автобусны буудлаас автобустайгаа хөдлөөд явсан. Тэгтэл автобусанд байсан 55-60 орчим насны эрэгтэй автобусанд сууж байгаа зорчигчдын картыг уншуулахгүй, хөндлөн зогсоод байсан. Тэгэхээр нь би та наанаасаа холдоод хүмүүс оруулаач гэсэн. Тэгсэн намайг хэл амаар доромжлоод, миний зүүн талын хацар луу гараа атгаж байгаад цохисон. Би автобус дотор унахдаа толгойгоороо сандал мөргөөд унасан. Миний толгой болон зүүн талын хавирга хэсгээр хөндүүрлэж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

- Гэрч С.Буяннэмэхийн өгсөн: “...нөгөө согтуу хүн хүмүүсийн карт даруулдаггүй янз бүрийн юм ярьж, согтуурхаад байсан тул та холд, хойшоо яв гэж шаардлага тавьсан чинь түүнийг элдэв бусаар хэлж, хэл амаар доромжилж явсаар байгаад Кино үйлдвэрийн буудал дээр ирэх үед тэр согтуу хүн Б.г гараараа цохисон чинь сандал руу унасан. Б.гийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж унагаасан. Түүний зүүн талын хацар хавдсан харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3076 тоот: “Д.Б.гийн биед тархины доргилт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогч Д.Б. нь баримтаар 1.464.279 төгрөгийн хохирол нэхэмжилсэн тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Б.ийн Б.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Б.гаас 1.464.279 төгрөгийг гаргуулан хохирогч Баюуд овогт Дизабадийн Б. /ЗА76122507/-д олгосугай.

            6. Хохирогч Д.Б. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД