Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 181

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Б-ы нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ө сургууль /захирал Н.О/-д холбогдох хэргийг хэлэлцэв.

Шүүххуралдаанд: нэхэмжлэгч С.Б-, хариуцагч Ө сургуулийн захирал Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Дауренбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ө сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн б/02 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цагийн багшаар томилох тухай” тушаалын С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн математикийн багшаар эгүүлэн тогтоолгох тухай. 

Нэхэмжлэгч С.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие  Ө сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Аийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн б/49 дугаартай “Ажилд томилох” тухай тушаалаар тус сургуулийн математикийн үндсэн багшаар томилогдож, ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Би ажилд томилогдсон цагаас эхлэн ажлын ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, өөрийн хариуцсан ажилдаа эзэн ёсоор хандаж, хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж байсан юм. Ажил олгогчийн намайг ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг огт үндэслэлгүй бөгөөд миний урьд ажиллаж байсан сургуулийн математикийн үндсэн багшийн орон тоо хасагдаагүй, хэвээр хадгалагдаж байгаа юм. Ажил олгогчийн зүгээс намайг үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж үндэслэлгүйгээр давтан зөрчил гаргасан хэмээн ажлаас халж байгаад гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасныг ажил олгогч зөрчиж, намайг ажлаас чөлөөлсөн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Ө сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн б/02 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цагийн багшаар томилох тухай” тушаалын  С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн математикийн багшаар эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Ө сургуулийн захирал Н.О шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Б- нь Ө сургуулийн захирал /М.А/-ын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилд томилох тухай” б/49 дугаартай тушаалаар математикийн гүнзгийрүүлсэн сургалт нээж байгаатай холбоотой математикийн багшаар томилогдсон байна. Гэхдээ тус сургуулийн захирлаар ажиллаж байсан М.А нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, дүгнэлтгүйгээр холбогдох хууль журмыг зөрчиж, гүнзгийрүүлсэн сургалт нээж, С.Б- нарын 3 багшийг багшаар томилон ажиллуулж, сургуулийн төсвөөс цалинжуулж ирсэн юм.  Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 333 дугаар тогтоолоор батлагдсан “Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам”-д заасан ажиллагааг хийгээгүй, уг журмыг бүхэлд нь зөрчиж, гүнзгийрүүлсэн сургалт нээж, гаднаас багш томилон ажиллуулж, тэдгээрийг сургуулийн төсвөөс санхүүжүүлэн сургуулийн төсвийг хэтрүүлж, авлага, өр төлбөр үүсгэсэн байна. Энэ нь Баян-Өлгий аймгийн Төрийн Аудитын газраас манай сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон бөгөөд төсөв хэтрүүлсэн, авлага, өр, төлбөр үүсгэсэн зөрчилд холбогдуулан тус аймаг дахь Төрийн Аудитын газар /2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07/38 тоот албан шаардлага/-аас “Батлагдсан орон тооноос гадуур авч ажиллуулсан илүү орон тоог хасаж, батлагдсан орон тооны хязгаар, цалингийн санг мөрдөж ажиллах” гэсэн шаардлага хүргүүлсэн билээ. Миний бие сургуулийн захирал буюу төсвийн захирагчийн хувьд Төсвийн тухай хуульд зааснаар батлагдсан төсвийг зохистой удирдах, авлага, өр төлбөр үүсгэхгүй байх, төсвийг зориулалтаар нь зарцуулах, батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан ажилчдын цалин хөлсийг тогтоох үүрэгтэй бөгөөд дээрх эрх, үүргээ биелүүлэх үүднээс хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шаардлагын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон юм. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан нэхэмжлэгч С.Б- давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр эсхүл үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, үндэслэлгүйгээр ажлаас нь халсан асуудал байхгүй болно. Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг зөрчиж намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж дурджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үндэслэлүүдийг зохицуулсан байх бөгөөд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Б-ы ажлын байр хэвээр хадгалагдаагүй байхад намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг зөрчсөн гэж буруутгасан нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгч С.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.  

Нэхэмжлэгч С.Б- шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 10 жил Бастама хувийн сургуульд ажилласан. 2017 оны 9 дүгээр сарын 1-нд 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал байсан А шинээр гүнзгийрүүлсэн сургалт нээн ажиллуулах гэж байна, та ирээд ажиллаж өгөөч гэж урилга явуулсан. Туршлагатай багш ажилд авмаар байна манайд ирээд ажиллаж өгөөч гэсний дагуу би тус хүсэлтийг нь хүлээж авч тус сургуульд ажилд орсон. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хугацаагүй гэрээ байгуулаад, тушаал гарсан байгаа. Дараа нь тус сургуулийн захирал солигдсон. Одоо тус гүнзгийрүүлсэн сургалт зохион явуулах ажил маань төсөвт суугаагүй юм байна гэж биднийг цагийн багш болгосон байгаа. Би анх ажиллаж байсан газраасаа бүр мөсөн гарсан байгаа учраас тэнд буцаад ажилд орох боломжгүй болсон. Одоо болохоор цагийн багш болоод бараг ажилгүй шахуу болсон байж байгаа. Тийм учраас үндсэн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна гэв. 

Хариуцагч Ө сургуулийн захирал Н.О шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч С.Б- багш маань 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/49 дугаартай А захирлын тушаалаар Математикийн гүнзгийрүүлсэн сургалт нээхдээ холбогдуулан ажилд орсон байдаг. Гэвч тухайн үеийн захирал холбогдох дүрэм журмыг зөрчиж гүнзгийрүүлсэн сургалтыг эрх бүхий албан тушаалтны зохих зөвшөөрөл дүгнэлтгүйгээр нээн ажиллуулж энэхүү С.Б- нарын 3 багшийг ажилд авсан байдаг. Ажилд авснаар төсвөөс энэ багш нарыг цалинжуулсан. Гэтэл багш нар маань сургуулийн батлагдсан орон тоонд байхгүй байгаагаас манай сургуульд өр үүсгэх явдал бий болсон. Гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журмыг зөрчиж ажилласан байдаг. Үүний улмаас манай сургуульд өр авлага үүссэн. Үүнтэй холбоотой манай сургуульд Аймгийн Төрийн аудитын газраас хяналт шалгалт хийгээд төсөв авлага хэтэрсэн, өр төлбөр үүссэн, батлагдсан орон тооны хязгаарт багтаан ажиллах, цалингийн санг мөрдөж ажиллах гэсэн албан шаардлагыг бид нарт хүргүүлсэн. Үүнийг хэрэгжүүлэхийг зорьсон. Төсвийн шууд захирагчийн хувьд би өөрөө төсвийн тухай хуулиа баримталж дагаж, мөрдөж ажиллах үүрэгтэй байдаг. Үүнтэй холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримталж би Б- багшдаа хийсэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цагийн багшаар томилсон байдаг. Саяын хэлж байгаа илүү цагийн хувьд манайх Математикийн бүх багш нараа үндсэн болгоход математикийн цаг хүрэхгүй. Тухайн үед А захирал маань энэ зохицуулалтыг хийж байхдаа математикийн Мельсбек гэж багшид шатрын дугуйлангаас 3 цагийг авч өгч байгаад 19 цагийг гүйцээж байсан. Энэ багш нарын орон тоог аль болох шийдүүлэх гэж аймгийн удирдлагууд холбогдох удаа дараа амаар хэлж албан тоот хүргүүлж цалин мөнгийг нь шийдүүлж тодотголд  тусгуулж авах юмсан гэж маш их гүйсэн байгаа. Энэ маань бүтээгүй учраас энэ багш нарыгаа 01 дүгээр сарын 02-ны өдрөөс цагийн багш болгосон байгаа. Гэхдээ би бүр ажлаас нь гаргаагүй боломжоор 16 цаг гаргаж өгч ажиллуулж байгаа. Гүнзгийрүүлсэн сургалт маань анх журам зөрчигдөж нээгдсэн байна. Тухайн С.Б- багшид ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгч байсан. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь, 

Ө сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б\49 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар тус сургуульд гүнзгийрүүлсэн сургалт нээж байгаатай холбоотой нэхэмжлэгч С.Б-ыг тус сургуулийн математикийн багшаар томилж, мөн ажил олгогч Ө сургуулийн захирал нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч С.Б-тай “Хөдөлмөрийн гэрээ”-г хугацаагүй байгуулсан байна.

Хариуцагч Ө сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”-аар нэхэмжлэгч С.Б-ыг ажлаас чөлөөлөгдөх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдсэн ба мэдэгдэх хуудсанд нэхэмжлэгч С.Б- гарын үсэг зурсан байна.  

Хариуцагч Ө сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б\02 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цагийн багшаар томилох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, сургуулийн дотоод журмын 3.3 дахь заалт болон аймгийн Төрийн аудитын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 07\38 албан шаардлагыг тус тус үндэслэн тус сургуулийн математикийн багш С.Б-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дуусгавар болгож, мөн өдрөөс эхлэн математикийн цагийн багшаар томилоход дараах байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:

1) Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасны дагуу ямар хууль тогтоомжид заасан ямар эрх бүхий байгууллагын шаардсанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь тогтоогдоогүй, нотлох баримт байхгүй байна. 

2) Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар тухайн англи хэлний багшийн “орон тоо хасагдсан”, эсхүл тухайн “орон тоо цөөрүүлсэн” эсэхийг тушаалд тодорхой тусгаагүй байна. Хариуцагч англи хэлний цаг хүрэлцэхгүй байгаа тул орон тоог цөөрүүлсэн гэх боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Хариуцагч талаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийн 2017, 2018 оны батлагдсан төсвийн харьцуулсан жагсаалтаар уг сургуульд ажиллагсдын тоо 2017 онд 108, 2018 онд 112 болж, мөн гүйцэтгэх ажилтны тоо 2017 онд 86, 2018 онд 87 болж тус тус өссөн тоогоор батлагдсан болох нь нотлогдож байна. Энэ орон тооны жагсаалтаар гүйцэтгэх ажилтан (математикийн багшийн орон тоо )-ны орон тоо хасагдаагүй, цөөрүүлэгүй харин орон тоо нэмэгдсэн болох нь тогтоогдож байна.

3) Харин Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 07\38 БӨА2017/05-ГА “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын шаардах хэсгийн 1-д “батлагдсан орон тооноос гадуур авч ажиллуулсан илүү орон тоог хасаж, батлагдсан орон тооны хязгаар, цалингийн санг мөрдөж ажиллах” гэж тусгасан боловч чухам ямар орон тоонд илүү хүн авсан эсэх нь тодорхойгүй, нарийвчлан тогтоосон нотлох баримт байхгүй байна. 

Мөн энэхүү Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 07\38 дугаартай “Албан шаардлагын хариу хүргүүлэх тухай” хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 161 дугаартай албан бичигт ...Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуульд нийт 13 орон тоо илүү ажиллаж байна....Аймгийн Засаг дарга орон тооны хязгаарлалт баталж өгөөгүй учир орон тоо нэмэгдсэн ба авсан орон тооны хүмүүсийг ажлаас нь гаргах ямар ч боломжгүй байна. Тодотгол хийж өгсний дараа өр төлбөр орон тооны асуудлыг зохицуулах болно... гэсэн боловч мөн ямар орон тоонд илүү хүн авсан эсэх нь тодорхойгүй байхад математикийн багш С.Б-ы орон тоо илүү гэсэн нь бодит байдалтай нийцээгүй байна. 

4) Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Хяналт шалгалтын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Ө сургуулийн 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн тухай” танилцуулгын 7-р асуудалд тусгаснаар тус сургууль нь “Бага дунд боловсролын тухай хуулийн 14.9-д “Гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулгаар явуулсан сургалтын нэмэгдэл зардлын хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан жишгийг үндэслэн сургуулийн зөвлөл тогтооно. Сургалтын нэмэгдэл зардлыг эцэг эх, асран хамгаалагчаас гаргуулж болно”, мөн Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2002 оны 333 дугаар Журам батлах тухай тушаалын 3.9-д “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт явуулахтай холбогдон гарах нэмэгдэл зардлын хэмжээг Боловсролын тухай хуульд заасны дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталсан жишгийг үндэслэн сургуулийн зөвлөл хичээлийн жил бүр тогтооно”, 2.1.2.1-д “гүнзгийрүүлсэн сургалтын хичээл заах багш нь тухайн хичээлийг зохих төвшинд зохион явуулах өндөр ур чадвар, дадлага туршлагатай, зөвлөх тэргүүлэх заах аргач мэргэжлийн зэрэгтэй байх”, 2.2.-д “Энэхүү журмын 2.1-д заасан шаардлагын аль нэгийг хангаагүй нөхцөлд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт явуулахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэсэн нь нэхэмжлэгчийн эрх үүрэгт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.  

4) Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэсэн заалтууд нь багш С.Б-д хамааралгүй төсвийг ерөнхийлөн захирагчийн буюу тус сургуулийн захирлын бүрэн эрхийн асуудалд хамааралтай болно. 

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Б-ы хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй дуусгавар болгосон нь нотлогдож байгаа тул хариуцагч Ө сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн б/02 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цагийн багшаар томилох тухай” тушаалын С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан математикийн багшаар эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Ө сургуулийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан Ө сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн б/02 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цагийн багшаар томилох тухай” тушаалын С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б-ыг Ө сургуулийн математикийн багшаар эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ө сургуулийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МАНГИЛИК