Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/976

 

 

 

 

 

 

 

 

 

2022          06          24                                      2022/ШЦТ/976

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод  даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

                                                                         улсын яллагч Н.Өнөрбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бээжин,

шүүгдэгч Д.Б., түүний өмгөөлөгч С.Чинбат, М.Идэрхангай

иргэдийн төлөөлөгч Э.Анхбаяр, нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт Д.ийн Б.д холбогдох эрүүгийн 2206 00000 1340 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1977 оны 05 дугаар сарын 24-ний өдөр  45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бие  эрүүл, ухаан санаа  бүрэн , Б. овогтой Д.ийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцсийн автобусны буудалд орчимд хохирогч С.Б.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зодож амь насыг хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б. мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бээжин мэдүүлэхдээ: Би хохиролд гарсан 13.700 000 гаруй төгрөгийг бүгдийн нэхэмжилнэ. Зарим нэгийн тамга тэмдэггүй гэж ярьж байх шиг байна. Бид нар авсан газраа очоод тамга тэмдэгийг нь дараад баталгаажуулж болно. Бид нар хаанаас юу яаж авснаа бүх зүйлээ мэдэж байгаа. Бид нар нэхэмжилж байгаа мөнгөө бүгдийн нэхэмжилнэ гэж бодож байгаа. Энэ Б.ын талаас ч гэдэг юм уу, ажил явдал болж байхад яагаад нэг ч хүн ирж уулздаггүй юм. Би бол өөрөө энэ хүн 4 хүүхэдтэй эхнэр нь ганцаараа үлдэж байгаа гэдгийг бодож байсан. Гэтэл яагаад эндэхийн талаас яагаад өмгөөлөгч чинь биечлэн ирээд уулзаж болдоггүй юм. Би тэр нь дээр аягүй гомдолтой байна. Ядаж ирээд уулзсан бол би бас хүн байна даа, ядаж сэтгэл гаргаж байна, би тэр танай эхнэр 4 хүүхдийг нь бодоогүй биш бодсон. Би бүр оршуулгын зардалд мөнгө нэхнэ гэж бодож байсан. Гэтэл нэг ч ирж уулзаагүй. За яахав эхнэр 4 хүүхэд энэ хүний өмнөөс мөнгө төлөх учраас би болихоор шийдэж байсан. Оршуулгын зардлыг минь бүрэн гаргаад өгчихвөл би дахиж юм нэхэмжлэхгүй гэдэг талаасаа би ярьж байна. Өөр надад хэлж яриад байх зүйл байхгүй. Өмгөөлөгч чинь над руу нэг удаа ярихдаа манай Б. дээр өөрийн эзэмшлийн нэг машин байна гэхээр нь би тэр машиныг аваад яахав ээ та нар машиныг борлуулаад мөнгийг нь надад өгчих гэж хэлсэн. Би тэр машиныг аваад зараад явах надад зав байхгүй гэдгээ хэлсэн. Өөр хэлээд байх зүйл байхгүй. Одоо би гомдолтой байна. Өөр хэлэх зүйл алга. Ядаж шүүх хурлын өмнө ирээд уулзчихсан бол би бас өөр зүйл бодно гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

                          Хэргийн үйл баримтын талаар:

 

          Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /1-р хх-ийн 1-2-р тал/

БЗДЦГ ЦХ-3, Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас, /1-р хх-ийн 3-4-р тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 5-10-р тал /

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 11-14-р тал /

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бээжингийн өгсөн: ...орой 22:40 цагийн үед миний төрсөн эцэг С.Б.ы хамтран амьдрагч байгаа Урнаа эгч, зээ охин 16 настай Энхзул нарыг гэртээ байж байхад нь хуучин эцэс дээр таксинд явдаг хүмүүс ирээд “С.Б. ахыг хүн цохиод ухаангүй хэвтэж байна” гэж хэлсэн учраас над руу утсаар залгаад Улиастайн хуучин эцэс дээр С.Б. ахыг хүн цохиод ухаангүй хэвтэж байна гэж хэлсэн. Би болсон асуудлыг сонсоод гэрээсээ гараад Улиастайн хуучин эцэс дээр ирэхэд цагдаагийн алба хаагч нар хамгаалалт авсан намайг ойртуулахгүй байсан.  гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 20-22-р тал /

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Уранцэцэгийн өгсөн: ...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 22:30 цагийн орчим Улиастайн хуучин эцэс дээр таксинд явдаг танихгүй эрэгтэй хүн гэрт ирээд танай нөхөр С.Б. Улиастайн хуучин эцсийн автобусны буудал дээр хүнд цохиулаад газар уначаад босохгүй байна гэж хэлсэн би уг жолоочтой Улиастайн хуучин эцэс дээр ирэхэд Айсо гэдэг дэлгүүрийн урд засмал замын боржюур дээр С.Б. дээшээ харсан хэвтэж байсан. Хүмүүс надад энэ хавиар таксинд явдаг байсан эрэгтэй хүн цохиод унагаасан гэж хэлсэн гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 24-р тал /

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баттулгын өгсөн: ...Ука гэх залуу 22 цаг 20 минутын үед согтуу ирээд ...Б. ах дээр очоод хоорондоо юм ярьж байгаад маргалдаж хоёр биенээ заамдаж аваад Цагаанаагийн автомашины хажуу талаар гараад ирсэн. Тухайн үед Цагаанаа бид хоёр С.Б. ах Ука хоёрыг салгах гэж оролдож байхад С.Б.ыг Ука хэд хэдэн удаа толгой хэсэгт нь цохиод бие биенээ заамдаж боох гэж байхад нь Цагаанаа, зүс таних таксинд явдаг залуу бид гурав салгасан. Тэгээд би өөрийнхөө автомашины хажууд очоод зогсож байхад Ука эргэж С.Б. ах руу дайраад нэг удаа өшиглөхөд С.Б. ах замын бетонон хашлага болон Цагаанаагийн автомашин хоёрын хооронд доошоо хараад унахад нь Ука дээрээс нь очоод дарсан. Харин зүс таних таксины жолооч түрүүлж  очоод Укаг араас татаж салгасан. Тэгээд Цагаанаа бид хоёр С.Б.ыг дээш харуулахад хамар хэсэг нь халцарчихсан амьсгалахгүй байсан гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 32-34-р тал /

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Баяржаргалын өгсөн: ...Тухайн үед Улиастайн хуучин эцсийн автобусны буудал дээр Б. /Ука/ согтуу ирээд таксины жолооч нартай очиж уулзаад яваад байсан. Тэгсэн Ука Б. ахыг хуучин эцэс дээр ирэхэд нь маргалдаад барьцалдаад авсан. Тэр хоёр заамдалцаад байсан болохоор би автомашинаасаа бууж очоод автобусны буудал дээр байсан жолооч Тулга, Цагаанаа бид гурав салгаад согтуу хүнтэй юундаа маргадаг юм гэж Б. ахад хэлээд Ука хөгшин хүнтэй яах гэж маргаад байгаан гэж хэлсэн. Б. Ука хоёрыг салгаад хоёр тийш болгоход Ука буцаж очоод Б. ахын толгой хэсэг рүү цохиод газарт унагаад дээрээс нь очоод ахиад цохих шиг болсон. Би гүйж очоод Б. ахын дээрээс Укаг татаж холдуулаад Б. ахыг босгооч гэж хэлэхэд Цагаанаа ах эргүүлсэн. ...амьсгалахгүй байсан гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 36-37 -р тал /

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Аацагааны өгсөн: ...Ука архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу ирээд намайг гэртээ хүргэж өг гэсэн. Би тухайн үед суучих гэрт чинь хүргээд өгье гэтэл явахгүй бүх жолооч нар дээр очоод хүргэж өг гээд байсан. Тэгээд байж байтал Б. миний автомашины урд талд өөрийнхөө автомашинтай ирээд зогсоход Ука Б. ах дээр очоод бас л гэртээ хүргэж өг гээд яриад байсан. Тэгсэн Б. ах хүргэж өгөхгүй гээд хоорондоо яриа өрнүүлж байхад Б. ахын араас Ука татаж аваад хоорондоо заамдалцсан. Баяраа бид хоёр тэр хоёрыг салгасан. Тэгсэн Ука эргэж очоод Б.ыг цохиход миний автомашины ард талд замын бетонон хашлага хоёрын завсраар унахад Ука дээр нь байсан. Б. доошоогоо хараад унасан дээш эргүүлэхэд амьсгалахгүй байсан гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 43-44-р тал /

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: 21:55:46 цагт цагаан өнгийн автомашины хажууд улаан цэнхэр өнгийн цамцтай эрэгтэй хүн нь амь хохирогч С.Б. хар өнгийн  малгай, цэнхэр өнгийн куртка, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн нь Д.Б.тай заамдалцсан байгаа байдалтай харагдана. 21:56:03 хохирогч С.Б. нь Д.Б.тай заамдалцсан байгаа байдал харагдана. 21:56:15 цагт С.Б.ыг Д.Б. цохиж байгаа байдал харагдана. 21:56:25 цагт С.Б.ыг Д.Б. цохиж дахин цохиж байгаа байдал харагдана. 21:57:03 цагт Д.Б. С.Б.ыг  баруун хөлөөрөө өшиглөж байгаа байдал харагдана. 21:57:05 цагт С.Б. Д.Б.ыг өшиглөх үед Д.Б. С.Батсуурийг баруун гараараа цохиж байгаа байдал харагдана. 21:57:03 цагт С.Б. газар унаж байгаа байдал харагдана. 21:57:09 цагт С.Б.ы дээрээс Д.Б. гараараа дарж байгаа байдал харагдана. 21:57:40 цагт С.Б. ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байв гэх тэмдэглэл, /1-р хх-ийн 56-64-р тал /

 

С.Б. нь нас барсан гэх хэргийн  гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн 67-72-р тал /

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 1111 дугаартай шинжээчийн :

 1. Талийгаач С.Б.ы цогцост хийсэн шинжилгээгээр зүүн гүрээний артерийн синокартиод зангилааны цочрол буюу хүзүүний рефлексийн бүсийн гэмтэл, залгиурын хананы цус хуралт, хамрын нуруу, дух, хүзүү, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх зүүн гүрээний артерын синокартиод зангилааны цочрол буюу хүзүүний рефлексийн  бүсийн гэмтэл, залгиурын хананы цус хуралт, хамрын нуруу, дух, хүзүү, эрүүнд зулгаралт бүхий гэмтлүүд нь талийгаачийг нас барах үед буюу хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. 3. 5. С.Б.ы зүүн гүрээний артерын синокартиод зангилааны цочрол буюу хүч үйлчилснээс хүзүүний рефлексийн бүс гэмтэн зүрх гэнэт зогсож нас баржээ. 4. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байсан байна. 6. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна. гэх дүгнэлт, /1-р хх-ийн 76-80-р тал /

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  Д.Б.ын өгсөн: Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ такси явдаг хэсэг дээр очоод танил ах болох С.Б.ыг гэрт хүргээд өгчих гэж хэлэхэд С.Б. ах надад үгүй гэж хэлснээс болж хоорондоо бие биенээ янз бүрийн муухай үгээр хэрэлдэж маргалдаж байгаад бид хоёр заамдалцаж аваад хоорондоо зодолдож байгаад С.Б. ахын нүүрэн тус газарт нь 2-оос 3 удаа гараараа цохисон. Тухайн үед С.Б. ах бид хоёрыг Цагаанаа, Баттулга нар салгасны дараа би буцаж С.Б. ах дээр очоод маргалдаж байхдаа дахин нэг удаа цохиод газарт унагаасан. Газарт унахдаа цементэн дээр толгойгоороо унасан гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 117-119-р тал /

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Л.Бямбатуяагийн өгсөн: Синокартиод гэдэг нь гүрээний ерөнхий артерын хана дагаж бамбай мөгөөрсний дээд ирмэгээс гадагш 1 см орчим зайд байрлах цусны хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн хангамж, цусны даралтын зохицуулгад оролцдог бүс юм. Хүзүүний рефлексийн бүсээс мэдрэлийн өгсөх салаа гардаг ба энэ нь уртавтар тархинд хүрч мэдрэл инпульсыг дамжуулдаг. Цусны даралт ихсэхээр уртавтар тархинд мөн мэдрэл инпульс дамжуулагддаг. Ингэснээр тэнэгч мэдрэл цочирч саатуулагч инпульс идэвхжин зүрхний булчингийн мэдрэлийн ширхэгээр дамжин зүрхний агшилтын хүч болон давтамжийг шууд багасгадаг. Ингэснээр зүрх  гэнэт зогсож байгаа юм. Өөрөөр хэлбэл хүзүүний рефлексийн бүс буюу мэдрэлийн зангилаануудад хүч үйлчилснээр цочролд орж улмаар тархи руу цочрол мэдрэлээр дамжин очиж тэнэгч мэдрэлийг цочроосноор зүрхийг гэнэт зогсоох механизм явагдсан. Энэ нь гэнэт үхэлд хүргэсэн байна. Тухайн хүзүүний рефлексийн бүсийн түвшинд цохих, цохигдох хүчин зүйлийн үйлчлэлээр рефлексийн бүсийг цочрооно. Хүзүүний рефлексийн гэмтэл, залгиурын хананы цус хуралт нь нэг гэмтэл. Энэ гэмтэл нь үхэлд хүргэх гол шалтгаан харин хамрын нуруу, дух, хүзүү, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 84-85 дугаар хуудас/

 

“Синокартиод” гэх хүзүүний рефлексийн бүсийн томографи тодорхойлолт, /1-р хх-ийн 86-90 дүгээр хуудас/

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн  Шүүх сэтгэц эмгэг судлалын 427 дугаартай шинжээчийн : 1. Д.Б. нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Д.Б. нь өөрийн үйлдлийг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдах чадвартай байна. 2. Д.Б. нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан үйл ажиллагаагаа удирдах чадвартай байсан байна. 3. Д.Б. нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. 4. Д.Б.д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 5. Д.Б. нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 6. Д.Б. нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 7. Д.Б. нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Д.Б. нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 100-101 дүгээр хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 49-53 дугаар хуудас/

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 54-55 дугаар хуудас/

Хохирлын баримт /1-р хх-ийн 139-203 дугаар хуудас

 

           Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 205 -р тал /

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 206 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд  хэрэгт авагдсаныг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Д.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцсийн автобусны буудал орчимд хохирогч С.Б.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж зодсоны улмаас зүүн гүрээний артерын синокартиод зангилааны цочрол буюу хүзүүний рефлексийн бүс гэмтэн зүрх гэнэт зогсож нас барж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн шалгах  ажиллагаанд  хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, гэрчээр Х.Уранцэцэг, Н.Баттулга, П.Баяржаргал, Б.Аацагааны өгсөн мэдүүлгүүд,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 56-64 -р тал /

С.Б. нь нас барсан гэх хэргийн шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 67-72 -р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 1111 дугаартай шинжээчийн   дүгнэлт/1-р хх-ийн 76-80 -р тал/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-10 -р тал/,  

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 11-14-р тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 49-53-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халД.гүй дархан байх эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.Б. нь хохирогч С.Б.ыг зодож улмаар зүүн гүрээний артерын синокартиод зангилааны цочрол буюу хүзүүний рефлексийн бүс гэмтэн зүрх гэнэт зогсож амь насаа алдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Д.Б.ын гэмт үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол буюу амь насаа алдсан хоёрын шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Д.Б.ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага  хүлээлгэх  үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш  хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэгт тооцохоор  хуульчилсан байна.

 Шүүгдэгч Д. Б.ын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилжээ.

Шүүгдэгч  Д. Б.ын  архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно,

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт: ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

          Иргэний  хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт: ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв замлгамжлагч шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бээжин нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм хорын хохиролд 13.767.522 төгрөгийн баримт гаргаж нэхэмжилжээ. /1-р хх-ийн 140-203-р тал/

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Б.ын ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бээжинд 12.400.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бээжин нь  өөр нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Д. Б.ыг баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. /2-р хх-ийн 4-р тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан ...Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Б. нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Д.Б.д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн зүйлийн 1.2-т заасан хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /есөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэх  саналыг гаргаж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас доош  ял  оногдуулах саналыг гаргав.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч  Д. Б.  нь  бага насны  4 хүүхэд болон  хувийн байдал зэргийг  нь харгалзан  хөнгөн  ял шийтгэл  оногдуулах саналыг гаргав.

         Иргэдийн төлөөлөгч “гэм буруутай” гэж дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т:..  энэ хуулийн тусгай ангид  хорих  ялын дээд хэмжээг  арван хоёр жил,  эсхүл  арван таван жилийн хугацаагаар  тогтоосон гэмт хэрэг үйлдсэн  хүн тухайн гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын  дээд хэмжээний хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багаггүй ял оногдуулна гэж хуульчилжээ.

          Шүүх шүүгдэгч Д.Б.д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт: ...шүүх  баривчлагдсан, цагдан хоригдсон  хугацааг  ялтны эдлэх ялд  оруулан тооцно.

мөн зүйлийн 2 дахь хэсэгт: ...баривчлагдсан, цагдан хоригдсон  нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор  тооцож  ялаас хасна гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.ын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны  06 дугаар сарын  24-ний өдөр  хүртэл  нийт  77  хоног цагдан  хоригдсон болох нь шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх тул түүнийг эдлэх  ялд нь оруулан тооцов. /1-р хх-ийн 110-112, 215-217-р тал/,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флашийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

 Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

1. Б. овогтой Д.ийн Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.д 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.д оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б.ын цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флашийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

6. Шүүгдэгч Д.Б. нь 12.400.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бээжинд төлсөн болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад баримтаар төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б.д урьд авсан цагдан  хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЛЗОД

 

                  ШҮҮГЧИД                               Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                               

                                                        Н.БААСАНБАТ