Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1026

 

 

 

 

 

 

 

 

     2022        06         30                                   2022/ШЦТ/1026

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж, шүүгч С.Аюушжав, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

            иргэдийн төлөөлөгч О.Мягмардолгор,

             улсын яллагч К.Чимгээ,

             шүүгдэгч Ч.Ю., түүний өмгөөлөгч Б.Манлайжав, Э.Ганбат,

            шинжээч эмч Ө.Сарангэрэл /цахимаар/,

            гэрч Э.Саранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Ч.ын Ю.ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06684 0771 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б. овогт Ч.ын Ю..

            Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Ч.Ю. нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын ........ тоотод байрлах гэртээ өөрийн төрсөн дүү Ч.Ю.тай “архи их уулаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа цохих, хана мөргүүлэх зэргээр биед нь халдан гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас хохирогч нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан буюу түүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Ю. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “2019 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө би төрсөн дүү Ч.Ю.ын утас руу залгаад найз Э.Саранцэцэгтэйгээ манайд ир гэж дуудсан. Дуудсан шалтгаан нь гэх юм бол дүү маань гадуур архи дарс уугаад, зодоон цохион хийгээд, найз охинтойгоо маргалдаад байна гэсэн шалтгааныг гэрийнхнээсээ сонсоод дүүгээ дуудсан. Дүү маань 09:00 цаг өнгөрөөгөөд найз Ц.Батбаяр, найз охин Э.Саранцэцэгтэйгээ манайд ирсэн. Ирэхдээ дүү маань нэлээн согтуу байсан. Ц.Батбаяр ч гэсэн их согтуу байсан. Би бол дүүгээ найз охинтойгоо эв түнжинтэй, аз жаргалтай, сайн байх талаас нь бодож дүүгээ дуудсан. Би дуудахдаа давхар аав, ээжийг дуудуулсан байсан. Тэгээд Ц.Батбаяр удахгүй явсан, аав, ээж маань ч гэсэн удахгүй ирсэн. Дүү маань архи уусан, согтуу байсан болохоор найз охиноо харааж зүхээд, 30-40 минут муухай зан гаргасан, найз охиноо алгадсан, дайрсан. Гэхдээ би дүүгээ цохиж, хана мөргүүлсэн зүйл байхгүй. 2019 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө караоке бааранд 3-4 хүнтэй зодолдсон гэж би хүмүүсээс сонссон. 2019 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө найз охиныдоо очоод бас л согтуу хөлчүү, янз бүрийн зан авир гаргасан гэж сонссон. Би бол тусгаар Монгол Улсын иргэн, Үндсэн хуульдаа захирагдах ёстой, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхээ эдлэх ёстой, шүүх засаглал та бүхнийг хүндэтгээд үнэн зөвөөр ярих ёстойгоо мэдэж байгаа. Хайртай төрсөн дүүгээ би санаатай алсан гэсэн зүйл ангийг надад тулгаад, тийм хэргийг тэгсэн шүү гээд байх нь иргэн хүний хувьд, ах хүний хувьд санал нэгдэхгүй.” гэв.

Гэрч Э.Саранцэцэг шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Би Солонгосоос ирээд удаагүй байсан. Ч.Ю. ахын хүүхдийнх нь үсний найр болсон. Тэгээд тэднийд юм хийлцэж өгч байгаад манай талийгаач найз залуу найзтайгаа уулзчихаад ирье гээд явсан юм. Тэгээд нэлээн үүрээр ирээд, маргааш өглөө нь би гэр лүүгээ яваад өгсөн. 03-04-нд шилжих шөнө байх, шөнө дунд 00:00 цаг нэлээн өнгөрчихсөн байсан юм, миний утас руу залгаад, хаалга нүдээд, тэгээд гараад харсан чинь найз Ц.Батбаяртайгаа нэлээн юм уучихсан байсан. Тэгээд гэртээ оруулаад, манайд хоносон. Тэр өглөө нь би Солонгос руу явах ёстой байсан. Тэгээд болиод, өглөө 05:30 цагийн үед би босчихсон байсан байх, манайд 07:00-08:00 цаг хүртэл байж байгаад, 1 дүгээр хороолол руу гэр лүү нь явах гээд бид 3 гарч байсан юм. Өөрөө хэд хоног архи дарс уугаад байсан болохоор Ч.Ю. ах залгаад “яагаад архи дарс уугаад байна, ахынхаараа хүрээд ир” гэсэн. Тэгээд Ч.Ю.ын ахынх руу такси бариад явсан. Эдний үүдэнд бас тэр хоёр улаан Cass байх пиво авч уугаад орсон. Тэгээд ортол Ч.Ю. ах бид хэдэд айраг энэ тэр хийж өгөөд, яаж байна ийж байна гээд ярилцсан. Бид хоёр хоорондоо жаахан маргаантай байсан болохоор намайг нэг алгадаад авсан юм. Тэгтэл Ч.Ю. ах “чи одоо яаж байгаа юм, архи дарс битгий уу” гэх зэргээр ахын маягаар сургааль айлдсан гэх юм уу хэлсэн. Тэгээд байж байгаад Ц.Батбаяр явсан. Тэгээд дахиад намайг цохих гэсэн байх. Тэгэхээр нь Ч.Ю. ах “чи чинь одоо хаашаа янзын юм бэ” гээд нэг цохих шиг болсон. Тэгээд газар гараараа тулаад босоод ирсэн. Тэгээд босч ирчихээд дахиад Ч.Ю. ах руу өөрөө дайраад байсан. “Чи миний ах биш” ч бил үү ямар ч байсан 3-4 цохиод л болсон юм аа. Өөрөө ч уучихсандаа гэх юм уу ах руу нэлээн л уурласан. Ч.Ю. ах хуралтай гэж байсан. Намайг байхад нэг цохисон, тэгээд босч ирээд нэг цохиж байсан. Би жижиг өрөөнд хоол хийж байсан болохоор тэнд байж байсан. Удалгүй аав, ээж хоёр ирсэн. Тэгээд орж ирэхэд нь Ч.Ю. ах “наад эх захгүй хүүхдэдээ юм хум хэлж байгаач” гэсэн. Намайг жижиг өрөөнд байж байхад ямар ч байсан түчигнэлдээд, хана дуугарах шиг болсон. Тэгээд босоод гараад ирсэн чинь хөлөө жийчихсэн сууж байсан. Тэгээд л би ер нь бол явсан.” гэв.

Шинжээч эмч Ө.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Гавлын ясны гэмтэл байгаагүй. Голомтлог цусан хураа, голомтлог цус харвалтын үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломж байсан. Хүндрэл бол сүүлд буюу 06-ны өдөр үүссэн. Тархи хавагнах гэдэг нь гавал тархины гэмтлийн хүндрэл нь юм. Над дээр анх 02-03-нд шилжих шөнө бусдад зодуулсан гэсэн өгүүлэмжтэй тогтоол орж ирсэн. Тэгээд өвчний түүх, задлан шинжилгээгээ өөрөө орсон болохоор 02-03-нд үүссэн гэмтэл гэж үзсэн. 04-ний өдөр бол мэс засал хийх боломжгүй нөхцөл байдалтай болсон байсан. Амь хохирогчид цусан хураа зэргийг шимэгдүүлэх, тархийг хавагнуулахаас хамгаалах зэрэг эмчилгээг цаг алдалгүй хийсэн байсан бол амь насыг аврах боломжтой байсан. 04-ний өдөр хийсэн КТГ-ээр үзэхэд нөгөө хүндрэлүүд нь үүсчихсэн байсан болохоор би 04-ний өдөр үүссэн гэмтэл гэж үзээгүй. Тэр дороо ховдол нь шахагдаад, тархи нь хавагнаад байдаггүй. Амь хохирогчид учирсан гэмтлүүдийг авснаас хойш ерөнхий шинж тэмдгүүд хэдий хугацааны дараа үүсч эхэлнэ гэдгийг нарийн тооцоолох боломжгүй. Энэ нь хүн хүнд өөр өөр байдаг. Бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан дүгнэлтэд ямар үндэслэлээр 04-ний өдөр үүссэн гэмтэл байх боломжтой гэж үзсэн дээр тайлбар хэлэх боломжгүй байна. Тэр шинжээч нараас нь тодруулсан нь зүйтэй байх.” гэв.           

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-38/,

- Гэрч А.Довдоннямын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн орой Зайсангийн эцэст автобусны буудал дээр найзтайгаа дүү Намсрайжаваа хүлээгээд байж байхад манай дүү Намсрайжав машинтай ирсэн. Намсрайжавыг Шар хад руу явуулсан байсан, тэгээд ирэхдээ найз Ч.Ю.тайгаа хамт ирсэн, наана нь манай ажлын Октябрь, бас нэг танихгүй залуу дөрвүүлээ ирсэн. Ч.Ю.ын биеийн ил харагдах хэсэгт шарх, гэмтэл болсон, хувцас хунар урагдсан, цус нөж болсон зүйл огт байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 74/,

- Гэрч А.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Уруулаас цус гоожоод тогтохгүй байна гэсэн утгатай дуудлага мэдээлэл өгсний дагуу Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын барилгын 7-1-38 тоотод очсон. Дуудлага өгсөн газарт үзүүлэгч Ч.ын Ю., түүний ээж, аав хоёр гэх хоёр хүн байсан, өөр хүн байгаагүй. Үзүүлэгч бага зэргийн хавдартай, цус алдаагүй, тогтсон, уруулын орчимд цус гоожиж хатсан байдалтай, өөр биед илт мэдэгдэхүйц гэмтэл, шарх байгаагүй. Ч.Ю.ын доод уруулын гадна, дотор хэсэгт ил мэдэгдэх шарх, гэмтэл үүсээгүй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2448 тоот: “Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай чамархай, дагзны суурь хэсгийн орой, хажуу, завсар хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, шулуун синус, тенториум хэсгийн цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархай, дагзны эдийн доторх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун зүүн хажуу, 3, 4 дүгээр ховдлын цус ирвэлт, хуйх, гавлын оройн шар хальсанд цус хуралт, уруулд няцарсан шарх, уруул, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун нүд, дээд зовхи, хүзүү, өвчүү, цээж, зүүн бугалга, баруун зүүн ташаан толгойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархины гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, уруулын шарх гэмтэл нь хөнгөн зэрэгт, цус хуралтууд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь ГССҮТ-н 14774 тоот өвчний түүхэнд дурдсанаар 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 55 минутанд нас баржээ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж нас баржээ.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 91-94/,

- Гэрч Ц.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “Ч.Ю. түрүүлж буугаад гадаа байгаа 3-4 залуучууд руу очсон. Би араас нь машинаас бууж Ч.Ю. дээр очиход 3-4 залуучуудтай уулзсан, 1 залуутай хоорондоо маргаад бие биенийхээ хувцаснаас барьсан байсан. Би Ч.Ю.т “дэмий, анд аа” гээд түүнийг салгаад шууд машиндаа суугаад явсан. Ч.Ю. тэр залуутай хоорондоо “яах гээд байгаа юм бэ” гэх мэт юм яриад маргалдаад, бие биенийхээ хувцаснаас барьсан байсныг салгасан, хоорондоо бие биенийгээ огт зодож цохиогүй. Би дэлгүүрээс улаан өнгийн Cass нэртэй пиво 2 ширхэгийг авч таксин дотор уучихаад 09:00 цагийн үед Ч.Ю. ахынд бид 3 орсон. Ах Ч.Ю.ынх нь 2 өрөө байртай байсан бөгөөд том өрөөнд нь ах Ч.Ю., Ч.Ю., Э.Саранцэцэг 3 орсон, би гал тогооны өрөөнд орж суусан. Ч.Ю. ах надад айраг хийж өгсөн, би 3 аяга айраг уусан. Том өрөөнд Ч.Ю. ах уурлах маягтай Ч.Ю.ыг яагаад архи, дарс уугаад яваад байгаа юм, эхнэртэйгээ учир зүйгээ ол гээд хоорондоо юм ярьж байсан. Ч.Ю. ах надад архи ч юм уу нэг юм хийж өгсөн. Би уух гэж байгаад үнэрийг нь аваад, огиод том өрөөний хаалгаар шагайгаад Ч.Ю.т “явлаа шүү, анд аа” гэхэд “за за” гэсэн. Ч.Ю. ах намайг “чи явж байгаа юм уу, ахын дүү” гэхээр нь “би явлаа” гээд гараад явсан. Намайг Ч.Ю. ахын гэр лүү талийгаачийг оруулж өгөхөд ил харагдах хүзүү, уруул хэсэгт огт хөхөрсөн, няцарсан зүйл байгаагүй. Энэ гэмтэл хэзээ үүссэнийг мэдэхгүй байна. Талийгаачийн хувцасны цаадах бие хэсгийг үзэж хараагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 197-202/,

- Гэрч А.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай охин Э.Саранцэцэг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны үед байх өдрийг нь сайн санахгүй байна талийгаачийн буяны ажлын дараа гэртээ ирээд надад талийгаач Ч.Ю.ыг ах Ч.Ю. зодсон тухай хэлсэн. Э.Саранцэцэг надад “ах нь гадуур тэнэлээ, архи уулаа гээд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ч.Ю.ыг зодсон” гэж хэлсэн. Тэр өдрийн буюу 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн орой намайг гэртээ байхад Ч.Ю.ыг эмнэлэгт хэвтлээ гэж утсаар Э.Саранцэцэг ярьсан. Тэгэхээр нь би Гэмтлийн эмнэлэгт хоол, цай аваад очсон юм. Тэгэхэд Э.Саранцэцэг талийгаачийг ухаангүй байна гэж байсан. Би сайн сонирхож асуугаагүй, гадуур явж байгаад хүнд зодуулсан гэж ойлгосон. Гэтэл талийгаачийн ажил явдлын дараа 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ч.Ю. ах нь зодсон тухайн надад хэлсэн. Би Э.Саранцэцэгийн ингэж надад хэлснийг Э.Саранцэцэгт сануулж хэлмээр байна. Үнэн зөвөөр, дутуу хэлснээ нөхөж мэдүүл гэж хэлмээр байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210-211/,

- Гэрч Э.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “Өглөөний 10 цагийн үед Бабаяа харилаа гээд яваад өгсөн. Тэгээд бид гурав үлдээд Ч.Ю. ах хуралтай гээд судар номоо бэлдээд байж байтал Ч.Ю. надтай маргалдаж, миний нүүр лүү баруун хацар луу зүүн гараараа 2 удаа алгадсан. Тэгтэл Ч.Ю. ах Ч.Ю.т хандаад “чи чинь одоо яаж байгаа юм бэ” гэж хэлтэл Ч.Ю. ахынхаа өөдөөс доромжилж, элдэв хараалын үгс хэлж байсан ба ерөнхийдөө “чи миний ах биш” гэх зэрэг утга бүхий яриа гаргасан. Тэгээд Ч.Ю. ахтайгаа хэрэлдэж байгаад намайг дахиад цохих гэж дайрахад Ч.Ю. ах намайг өмөөрч, миний урдуур ороод Ч.Ю.т “чи одоо яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл Ч.Ю. ахынхаа өөдөөс биеэрээ тулж очоод “чамайг будаа болгоно” гэх зэргээр хэлээд толгой хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Ч.Ю. ах “чи муу яадаг хар чацага вэ” гэж хэлээд уурлаад Ч.Ю.ын нүүр хэсэг рүү зүүн гараараа цохитол Ч.Ю. газар унасан ба босч ирээд дахиад ахынхаа өөдөөс дайрч цохиход нь ах нь зөрүүлээд нүүр лүү нь дахин цохисон. Тэр хоёрын уг зодоон дуусаад төд удалгүй Ч.Ю.ын дээд уруулнаас цус гараад байхаар нь би сальфетка авч өгөөд цусыг цэвэрлүүлсэн. Тэгээд Ч.Ю. ах Ч.Ю.т цаас өгөөд, аргадаад, Ч.Ю. уйлаад суугаад байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 218-221/,

- Гэрч Э.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “Тухайн асуудал болдог өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр талийгаач Ч.Ю.ын хамт түүний төрсөн ах Ч.Ю.ын гэрт очоод тэр хоёр хоорондоо маргалдаж, Ч.Ю. нь Ч.Ю.ыг нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад 2 удаа цохисон, тэр үед Ч.Ю. нь газарт бөгс, өгзөг хэсгээрээ унасан, тэгтэл гаднаас Ч.Ю.ын аав, ээж хоёр нь орж ирэхээр нь би жижиг өрөөнд нь ороод сууж байсан чинь том өрөөнд Ч.Ю., Ч.Ю. хоёр нь дахиад маргалдаж, ээж Х.Мандалсүх нь урдуур орж салгаж байгаа сонсогдож байсан, яг тэр үед том өрөө жижиг өрөө хоёрын дундах хана хүчтэй доргих шиг болохоор нь би том өрөө рүү яваад очсон чинь Ч.Ю. хаалганы ард талд хоёр хөлөө жийчихсэн, нүүрээ дарсан байдалтай сууж байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 223-224/,

 - Гэрч Х.Мандалсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Талийгаач буцаж орж ирээд ах Ч.Ю.ынхаа өөдөөс “намайг аав, ээжийн хүүхэд биш гэлээ, би аав, ээжийн хайртай хүүхэд биш юм уу” гэж уурлан хэлээд ах руугаа дайрч, заамдаад барьсан. Тэгтэл ах Ч.Ю. нь “чи одоо болиоч, яасан давруу юм бэ, чи хүн шиг бай” гэх зэрэг үгсийг хэлж ширээнийхээ араас босч, талийгаачтай заамдалцаад, ширээнийхээ араас наашаа гарч ирсэн. Тухайн үед Ч.Ю. талийгаачийг заамдаж түлхээд өрөөнөөсөө хөөж гаргах гээд байсан ба заамдалцаад түлхээд байхаар нь би айгаад ойр хавьд хутга, шөвөг байгаа юм биш байгаа гэж шалгаад, гал тогооны өрөөний ширээн дээр ил байсан том балиус хутгыг далд хийсэн. Тэгээд эргээд тэр хоёр дээр иртэл талийгаач хана налаад суусан байдалтай унасан байсан. Би талийгаачийг унасан байхаар нь гайхаад Э.Саранцэцэгээс “яав, юу болсон бэ” гэж асуухад “Ч.Ю. ах гар гээд талийгаачийг түлхэж байсан ба түг гэх чимээ гараад хана доргих шиг болоод дуугарахаар нь хартал талийгаач хана налаад унасан байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи хараагүй юм уу” гэж дахин асуухад “би айгаад харж чадаагүй, чимээ гарахаар нь харсан” гэж хэлсэн. Тэгээд би “яаж байгаа юм бэ та хоёр чинь” гэж хэлтэл талийгаач удалгүй босч ирээд “уучлаарай, ах аа” гэж хэлсэн. ...Тэгээд бид гурав байж байтал талийгаач том өрөөний орон дээр цаашаа харчихаад гараа дэрлээд хэвтээд л байсан. 14:00 цаг өнгөрч байхад би талийгаачийг харахад дээд уруул орчмоос нь цус шиг зүйл гараад байхаар нь эмнэлэгт үзүүлье гэж хэлэхэд “зүгээр ээ, ээж, би ингэсхийж байгаад Сараагийнх руу явна” гэж хэлж байсан. ...Тэгтэл түргэн тусламжийн эмч 17:00 цаг болж байхад ирээд “сайн байна уу” гэж мэндлээд талийгаачийн биеийг үзэхээр очтол талийгаач “өө хөгшөөн” гэж хэлээд, өөрөө босч ирээд эмчтэй хамт буйдан дээр суусан. Эмч талийгаачийн дээд уруулд 2 ширхэг оёдол тавьж өгсөн. Тэгээд эмч явлаа гээд гарахад талийгаач “баярлалаа, хөгшөөн” гэж хэлсэн. Тэгээд талийгаач буцаад хэвтээд өгсөн. ...Тухайн үед 19:00 цагийн орчим болж байсан байх. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа талийгаач гэнэт өөрөө босч ирээд “ээж, цай байна уу” гэж асуухаар нь аягатай цай өгтөл цайгаа уучихаад хөнжил нөмрөөд буцаад хэвтээд өгсөн. ...Талийгаач дахин босч ирээд бие засах өрөө рүү орчихоод гарч ирсэн ба толгой өвдөөд задарлаа, бие муу байна гэж хэлсэн. ...Би тухайн үед анзаарч хараагүй юм. Сүүлд талийгаачийг орон дээр цаашаа хараад хэвтэж байхад нь харсан чинь уруулнаас нь цус шиг зүйл гараад гэмтсэн байсныг харсан. ...Би бодохдоо талийгаач хана мөргөж унаад тархины гэмтэл авчихсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-230/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 341 тоот: “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2448 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Хэргийн материалаар гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 74 дугаартай дүгнэлтийн 1 дүгээр хариултын 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө байх боломжтой гэснээс бусад хариултууд үндэслэлтэй байна. Амь хохирогч Ч.Ю.ын цогцост гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн баруун тал бөмбөлгийн дух, зулай чамархай, дагзны хэсгийн орой, хажуу завсар зүүн чамархай, духны суурь хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, шулуун синус, тенториус хэсгийн цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархай, дагзны эдийн доторх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун зүүн хажуу, 3, 4 дүгээр ховдлын цус иврэлт, хуйх, гавлын оройн шар хальсанд цус хуралт гэмтлүүд нь шинэ гэмтэл ба 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлийн үүссэн цагийг нарийвчлан тогтоох боломжгүй. Гэмтлийн хүндрэл өгөх хүртлээ тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Ч.Ю.ын дээд уруулын зүүн талын шарх, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 67-75/,

- Гэрч Ц.Мөнхнастын дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 4/,

- Гэрч Х.Мандалсүхийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 65/,

- Гэрч Ц.Батбаярын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 68-69/,

- Гэрч Ц.Батбаярын дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 71/,

- Гэрч О.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 78/,

- Гэрч О.Гантогтохын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 82-83/,

- Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 97-98/,

- Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 115-117/,

- Ч.Ю.ын өвчний түүх, “Лазер мед” эмнэлгийн шинжилгээ, ГССҮТ-ийн цээжний рентген зураг, Төгсгөлийн эпикриз /1-р хх-ийн 128-139/,

- Гэрч Э.Саранцэцэгийн дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 170/,

- Гэрч Э.Саранцэцэгийн дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 214/,

- Гэрч Б.Тэмүүлэнгийн дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 8-10/,

- Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт /2-р хх-ийн 37/,

- Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 63-64/,

- Ч.Ю.ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /3-р хх-ийн 97-114/,

- Ч.Юмжирмаа, Б.Марал нарын шүүхэд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Ч.Ю. нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын 7-1-38 тоотод байрлах гэртээ өөрийн төрсөн дүү Ч.Ю.тай “архи их уулаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа цохих, хана мөргүүлэх зэргээр биед нь халдан хүнд гэмтэл учруулж, уг гэмтлийн хүндрэлийн улмаас хохирогч нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан болох нь:

- Гэрч Э.Саранцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан: “...Намайг жижиг өрөөнд байж байхад ямар ч байсан түчигнэлдээд, хана дуугарах шиг болсон. Тэгээд босоод гараад ирсэн чинь хөлөө жийчихсэн сууж байсан...” гэх мэдүүлэг, 

- Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн шүүх хуралдаанд гаргасан: “...Тархи хавагнах гэдэг нь гавал тархины гэмтлийн хүндрэл нь юм. ...Амь хохирогчид цусан хураа зэргийг шимэгдүүлэх, тархийг хавагнуулахаас хамгаалах зэрэг эмчилгээг цаг алдалгүй хийсэн байсан бол амь насыг аврах боломжтой байсан. ...Амь хохирогчид учирсан гэмтлүүдийг авснаас хойш ерөнхий шинж тэмдгүүд хэдий хугацааны дараа үүсч эхэлнэ гэдгийг нарийн тооцоолох боломжгүй...” гэх мэдүүлэг,     

- Гэрч Б.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Үзүүлэгч бага зэргийн хавдартай, цус алдаагүй, тогтсон, уруулын орчимд цус гоожиж хатсан байдалтай, өөр биед илт мэдэгдэхүйц гэмтэл, шарх байгаагүй. Ч.Ю.ын доод уруулын гадна, дотор хэсэгт ил мэдэгдэх шарх, гэмтэл үүсээгүй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2448 тоот: “...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж нас баржээ.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 91-94/,

- Гэрч Ц.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг Ч.Ю. ахын гэр лүү талийгаачийг оруулж өгөхөд ил харагдах хүзүү, уруул хэсэгт огт хөхөрсөн, няцарсан зүйл байгаагүй. Энэ гэмтэл хэзээ үүссэнийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 197-202/,

- Гэрч А.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Э.Саранцэцэг надад “ах нь гадуур тэнэлээ, архи уулаа гээд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ч.Ю.ыг зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210-211/,

- Гэрч Э.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Ч.Ю. босч ирээд дахиад ахынхаа өөдөөс дайрч цохиход нь ах нь зөрүүлээд нүүр лүү нь дахин цохисон. Тэр хоёрын уг зодоон дуусаад төд удалгүй Ч.Ю.ын дээд уруулнаас цус гараад байхаар нь би сальфетка авч өгөөд цусыг цэвэрлүүлсэн. Тэгээд Ч.Ю. ах Ч.Ю.т цаас өгөөд, аргадаад, Ч.Ю. уйлаад суугаад байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 218-221/,

- Гэрч Э.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Ч.Ю., Ч.Ю. хоёр нь дахиад маргалдаж, ээж Х.Мандалсүх нь урдуур орж салгаж байгаа сонсогдож байсан, яг тэр үед том өрөө жижиг өрөө хоёрын дундах хана хүчтэй доргих шиг болохоор нь би том өрөө рүү яваад очсон чинь Ч.Ю. хаалганы ард талд хоёр хөлөө жийчихсэн, нүүрээ дарсан байдалтай сууж байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 223-224/,

- Гэрч Х.Мандалсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Тэгээд эргээд тэр хоёр дээр иртэл талийгаач хана налаад суусан байдалтай унасан байсан. Би талийгаачийг унасан байхаар нь гайхаад Э.Саранцэцэгээс “яав, юу болсон бэ” гэж асуухад “Ч.Ю. ах гар гээд талийгаачийг түлхэж байсан ба түг гэх чимээ гараад хана доргих шиг болоод дуугарахаар нь хартал талийгаач хана налаад унасан байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-230/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 341 тоот: “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2448 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Хэргийн материалаар гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 74 дугаартай дүгнэлтийн 1 дүгээр хариултын 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө байх боломжтой гэснээс бусад хариултууд үндэслэлтэй байна. ...Гэмтлүүд нь шинэ гэмтэл ба 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн хүндрэл өгөх хүртлээ тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Ч.Ю.ын дээд уруулын зүүн талын шарх, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 67-75/ зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Ю.ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмтлийн хүндрэлийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатаас “...Түргэн тусламжийн эмч Б.Тэмүүлэн үзүүлэгчээр татгалзах хуудас бөглүүлээгүй бөгөөд үзүүлэгчийг орхисноос болоод гэмтлийн хүндрэл гарсан эсэхийг шалган тогтоогоогүй, бүрэлдэхүүнээр дүгнэлт гаргасан шинжээч нараас дүгнэлтийн үндэслэлийг мэдүүлэг авах байдлаар тогтоогоогүй, шүүгдэгч нь хохирогчид хүнд гэмтэл учруулж, үүний улмаас хохирогч нас барсан тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй.” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайжаваас “...Ч.Ю.ад дүүгээ алъя гэсэн санаа, сэдэлт байгаагүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй бөгөөд хөнгөрүүлсэн тохиолдолд шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй, гэрч Э.Саранцэцэг нь урьд худал мэдүүлгүүд өгсөн тул хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.” гэж, улсын яллагчаас “...Э.Саранцэцэг нь эдгээр хүмүүстэй нэг гэр бүлийн гишүүний харилцаатай байсан, амь хохирогчийн аав, ээж нь хэцүү байдалд байсан тул Ч.Ю. нь цохисон талаар мэдүүлээгүй, хүнийг алах гэмт хэрэгт амь хохирогч шууд, эсхүл хэсэг хугацааны дараа амь насаа алдсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, тархи хавагнасан нь цохих үйлдлийн улмаас үүссэн.” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах”, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргүүд нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцөлүүдээр ялгагдаж байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Ч.Ю. нь өөрийн дүү Ч.Ю.тай “Э.Саранцэцэгтэй хэрүүл маргаан хийж, алгадлаа, зүй бус ааш, авир гаргалаа, архи уулаа, амьдралаа бодсонгүй, үг авсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж, Ч.Ю. нь Ч.Ю.ын толгойн тус газар нь цохих зэрэг үйлдэл хийж, тодорхой цохилтын хүчээр амь хохирогч хана мөргөснөөр толгой, тархинд нь хүнд гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогджээ.

Хэрэг учрал болсон цаг хугацаанд байсан гэрч Э.Саранцэцэгийн дахин өгсөн мэдүүлэгт “...тэр хоёрын зодоон дуусахад Ч.Ю.ын дээд уруулнаас цус гараад байсан. Тэгээд Ч.Ю. ах Ч.Ю.т цаас өгөөд, аргадаад байсан. ...Тухайн үед Ч.Ю. ах намайг өмөөрсөн. ...Би талийгаач болон Ч.Ю. ах хоёрыг хоорондоо нэг их айхтар зодолдоогүй болохоор хэлээгүй юм.” гэж /1-р хх-ийн 219/, хэрэг учрал болсон цаг хугацаанд байсан гэрч Х.Мандалсүхийн дахин өгсөн мэдүүлэгт “...Тэгээд би “яаж байгаа юм бэ та хоёр чинь” гэж хэлтэл талийгаач удалгүй босч ирээд “уучлаарай, ах аа” гэж хэлсэн. Тэгээд ах Ч.Ю. нь талийгаачийг “чи одоо наад бузар дэвээ арилга, хярам бэлдэж, бие засах өрөө рүү ороод угаа” гэж хэлсэн.” гэсэн /1-р хх-ийн 229/ зэргээс үзвэл шүүгдэгч Ч.Ю. нь хохирогч Ч.Ю.ын биед гэмтэл учруулахдаа түүний амь насыг хохироох санаа, сэдэлтэй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарт хандсан сэтгэхүйн харьцаа, гэрчүүдийн мэдүүлэг зэрэгт үндэслэн шүүгдэгч Ч.Ю.ын үйлдсэн гэмт хэрэгт хүнийг алах гэмт хэргийн субъектив санаа, зорилго үгүйсгэгдэж байх бөгөөд харин гэрч Э.Саранцэцэг, Х.Мандалсүх нарын дээрх мэдүүлэг, гэрч Б.Тэмүүлэнгийн өгсөн “...бүтэн биеийн үзлэг хийсэн, үзлэгээр биеийн байдал болон амин үзүүлэлтүүд тогтвортой, уруулын шархнаас өөр биед мэдэгдэх зовиур байхгүй гэж байсан ба ил мэдэгдэх шарх, гэмтэл үүсээгүй байсан.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2448 тоот “...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж нас баржээ.” гэх дүгнэлт, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 74 тоот: “...дээрх хүндрэлүүд үүсэх хүртэл үйлдэл хөдөлгөөн хийгээд явах боломжтой.” гэх дүгнэлт, шинжээч эмч Ө.Сарангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Голомтлог цусан хураа, голомтлог цус харвалтын үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломж байсан. Тархи хавагнах гэдэг нь гавал тархины гэмтлийн хүндрэл нь юм. Амь хохирогчид цусан хураа зэргийг шимэгдүүлэх, тархийг хавагнуулахаас хамгаалах зэрэг эмчилгээг цаг алдалгүй хийсэн байсан бол амь насыг аврах боломжтой байсан. Амь хохирогчид учирсан гэмтлүүдийг авснаас хойш ерөнхий шинж тэмдгүүд хэдий хугацааны дараа үүсч эхэлнэ гэдгийг нарийн тооцоолох боломжгүй. Энэ нь хүн хүнд өөр өөр байдаг.” гэх мэдүүлэг зэргээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн шинж буюу шүүгдэгч нь амь хохирогчийг цохих зэргээр биед нь халдахдаа түүний эрүүл мэндэд тодорхой хохирол, хор уршиг учирч болзошгүйг тухайн цаг мөчид ухамсарласан, ухамсарлах боломжтой байсан боловч хүсэж үйлдсэн, ингэхдээ хохирогчийн амь насыг хохироох эргэлзээгүй, туйлын санаа, сэдэл агуулаагүй болох нь шүүгдэгч, амь хохирогч хоёрын хооронд маргаан, зодоон болсны дараах цаг хугацаанд гаргасан шүүгдэгчийн үйлдэл, хандлага зэргээр тодорхойлогдож байна.

Нөгөөтээгүүр, шүүгдэгч Ч.Ю.ын үйлдэл нь хохирогчид гавал тархины битүү гэмтэл учруулснаар төгс үйлдэгдсэн байх бөгөөд үүний дараа дараагийн цаг хугацаанд хохирогч гэмтлийн хүндрэл үүсч эхлээгүй байхад тодорхой үйлдэл хөдөлгөөн хийж, орчиндоо харьцаатай, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, тодорхой шийдвэр гаргах чадвартай байсан гэж үзэхээр байна. Харин эмнэлгийн тусламж үйлчилгээг хугацаа алдалгүй авсан тохиолдолд амь насыг аврах боломжтой байсан боловч тодорхой хугацааны дараа гэмтлээс үүдэлтэй хүндрэл үүсч, гавал тархины гэмтэлд холбогдох эмнэлгийн тусламж, үйлчилгээг хугацаа алдаж буюу хүндрэл үүссэний дараа авснаар хохирогч 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 55 минутад нас барсан нь шүүгдэгч Ч.Ю.ын үйлдлийн хүндрүүлэх нөхцөл байдал болсон гэж үзэх үндэслэлтэй.

Харин хүнийг алах гэмт хэргийн тухайд гэм буруутай үйлдлийн улмаас үхэлд шууд хүргэсэн, эсхүл уг үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хэсэг хугацааны дараа хохирсон нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэх утга агуулгад гэмт этгээдийн хүнийг алахад чиглэсэн идэвхтэй үйлдэл буюу тухайн үйлдлийн үр дагаварт хохирогч амь насаа алдаж болзошгүй нь харьцангуй тодорхой болохыг ухамсарласан, ухамсарлах боломжтой байхад хүсэж үйлдсэнээр хохирогч амь насаа тэр даруй алдсан, эсхүл тодорхой бус хэсэг хугацааны дараа буюу эмнэлгийн туслалцаа цаг алдалгүй авсан эсэхээс үл хамааран нэгэнт амь насыг аврах боломжгүй гэмтлийн улмаас амь насаа алдсан байх нөхцөлийг хамааруулан авч үзэх нь зүйтэй гэж үзэв.  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 74 тоот  дүгнэлтэд “...2019.11.02-11.03-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.” гэж, шинжээч эмч Ө.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Над дээр анх 02-03-нд шилжих шөнө бусдад зодуулсан гэсэн өгүүлэмжтэй тогтоол орж ирсэн. Тэгээд өвчний түүх, задлан шинжилгээгээ өөрөө орсон болохоор 02-03-нд үүссэн гэмтэл гэж үзсэн. 04-ний өдөр хийсэн КТГ-ээр үзэхэд хүндрэлүүд үүсчихсэн байсан тул 04-ний өдөр үүссэн гэмтэл гэж үзээгүй.” гэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 341 тоот дүгнэлтэд “...74 дугаартай дүгнэлтийн 2019.11.02-11.03-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой гэснээс бусад хариултууд үндэслэлтэй байна. ...Гэмтлүүд нь шинэ гэмтэл ба 2019.11.04-ний өдөр үүссэн байх боломжтой. Ч.Ю.ын дээд уруулын зүүн талын шарх, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2019.11.04-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэжээ.

Шүүх эмнэлгийн шинжээчийн 74 тоот дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэргээс үзвэл 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн компьютер-томографийн шинжилгээгээр хохирогчид гэмтлийн хүндрэл үүссэн байснаас гадна 02-03-нд шилжих шөнө бусдад зодуулсан гэх өгүүлэмж байсан тул тухайн өгүүлэмжид холбогдуулан гэмтэл 02-03-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой гэж, мөн шинжээч нарын 341 тоот дүгнэлтэд “гэмтлүүд нь шинэ гэмтлүүд” байх тул 2019.11-02-11.03-нд шилжих шөнө бус 2019.11.04-ний өдөр үүссэн байх боломжтой гэсэн буюу дээрх дүгнэлтүүд нь гагцхүү хэрэг учрал болж өнгөрсөн байж болзошгүй цаг хугацааны хамрах хүрээ, хязгаарын боломжийг тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтад тулгуурлан амь хохирогчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “өдрийн цагт” авсан гэмтлийн хүндрэл тухайн өдрийн орой үүссэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул шинжээч нараас зайлшгүй “гэмтэл 2019.11.02-11.03-нд шилжих шөнө үүссэн”-ийг үгүйсгэсэн тайлбар, нотолгоог тодорхойлуулах шаардлагагүй байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Б.Тэмүүлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...Үзүүлэгч Ч.Ю.ын дээд уруулын дотор хэсэгт язарсан шарх үүссэн, тэр орчмоороо бага зэргийн хавдартай, цус алдаагүй, тогтсон, уруулын орчимд цус гоожиж хатсан байдалтай, өөр биед илт мэдэгдэхүйц гэмтэл, шарх байгаагүй. Үзүүлэгч надад хандаад “энэ шархыг зүгээр боож болохгүй юм уу?” гэхээр нь “заавал эмнэлгийн тусламж авах шаардлагатай, чи Гэмтэл явж үзүүлэх үү?” гэтэл “үгүй, эндээ оёулж болох уу?” гэж асуусан. Тэгэхээр нь “болно” гээд бүтэн биеийн үзлэг хийсэн ба үзлэгээр биеийн байдал болон амин үзүүлэлтүүд тогтвортой, уруулын шархаас өөр биед мэдэгдэх зовиур байхгүй гэж байсан. Түүний хүзүү хэсгээр бага зэрэг улайсан байсан. Уруулын шархыг ариутган оёдол тавьж, боолт хийж, зөвлөгөө өгөөд, Гэмтэл судлалын үндэсний төвд үзүүлэхийг зөвлөсөн.” гэж, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...Шаардлагатай тохиолдолд 103 дуудаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэх, шархыг өдөр болгон боолгохыг зөвлөсөн. Тухайн үед Ч.Ю.ын биеийн ерөнхий байдал болон амин үзүүлэлт тогтвортой байсан.” гэж, гэрч Х.Мандалсүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгт “...Би эмчээс “наад хүүхэд чинь толгой өвдөөд байна гээд байх юм, одоо яах вэ?” гэхэд “Тархины гэмтэл, бэртлийг мэдэхгүй. Тэгэхээр Гэмтэл орж үзүүлэх хэрэгтэй.” гэж хэлсэн.” гэжээ.

Дээрх мэдүүлгүүдээс үзвэл Түргэн тусламжийн эмчийн зүгээс хуульд заасан чиг үүргийнхээ дагуу хохирогч Ч.Ю.т эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн буюу түүнд бүтэн биеийн үзлэг хийж, тодорхой асуумж, үзүүлэгчийн хүсэлт зэрэгт үндэслэн, яаралтай түргэн тусламжийн хэмжээ, хязгаарын хүрээнд тухайн цаг мөчид өөрт илэрхий болсон бэртэл, гэмтэлд шаардлагатай эмчилгээг хийж, улмаар шаардлагатай тохиолдолд дараа дараагийн холбогдох арга хэмжээг авахыг зөвлөсөн нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас цаг хугацаа алдаж, гэмтлийн хүндрэл үүсэх шалтгаан нөхцөл болсон, мөн үзүүлэгчээр татгалзах хуудас бөглүүлээгүй нь үзүүлэгчийн хүсэл зоригийг тодорхойлох боломжийг хязгаарласан гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдал болж байна.

Түүнчлэн, хэрэг учрал болсон цаг хугацаанд хэн аль нь байсан гэрч Э.Саранцэцэг нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нийт 7 удаа гэрчийн мэдүүлэг, гэрч Х.Мандалсүх нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нийт 4 удаа гэрчийн мэдүүлэг, гэрч Д.Ч. нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг дуустал нийт 3 удаа гэрчийн мэдүүлэг тус тус өгчээ.

Дээрх мэдүүлгүүдээс Э.Саранцэцэг нь 2022 оны 02 дугаар сарын 28, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлгүүддээ, Х.Мандалсүх нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ тус тус Ч.Ю. нь амь хохирогчтой маргалдаж, улмаар харилцан бие биеийнхээ биед халдаж, Ч.Ю. нь Ч.Ю.ыг цохих зэрэг үйлдэл хийсэн талаар мэдүүлсэн байх бөгөөд гэрч Д.Ч. нь уг үйл баримтын талаар мэдүүлээгүй байна.

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн бодит үйл баримтын талаар өмнөх мэдүүлгүүддээ дурдаагүй гэрч Э.Саранцэцэг нь хариуцлага хүлээх учиртай гэж тайлбарлах боловч шүүх дээрх гэрчүүдийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө өгсөн мэдүүлгүүдийг бүхэлд нь худал гэж үзээгүй, харин тэдгээр нь болсон үйл явдлаас тодорхой үйл баримтыг зориуд мэдүүлээгүй нь хуульд нийцээгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, саад учруулах нөхцөл болсон бөгөөд шүүх тэдгээр нотлох баримтуудын холбогдох хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүх иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...гэрч нарын мэдүүлгийг үндэслэн Ч.Ю. нь тухайн гэмт хэргийг санаатай үйлдээгүй байх тул гэм буруугүй.” гэх санал болон дээрх үндэслэлээр прокуророос Ч.Ю.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасныг удирдлага болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Ч.Ю.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Юмжирмаагаас гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй гэсэн тайлбарыг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “...хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу шүүгдэгч нь гэм буруу дээрээ анхнаасаа маргаж оролцсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан нөхцөлийг тус тус хэрэглэх, мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялаас 2 жилийг хасч, эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт гэмт этгээд хэргийн зүйлчлэл ямар байгаагаас үл хамааран өөрийн үйлдлийн мөн чанарыг ухамсарлаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдэл, оролцооны тухайд анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн байх нөхцөлийг хамааруулан авч үзнэ.

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайжаваас “...Ч.Ю. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй.” гэж, өмгөөлөгч Э.Ганбатаас “...хүнийг алах гэмт хэрэгт гэм бурууг хүлээн зөвшөөрвөл хүнийг алсан гэх хэрэгт буруутгагдах тул гэм буруу дээр маргасан, харин зүйлчлэл хөнгөрч, шүүгдэгчийн үйлдэл, оролцоо таарснаар гэм бурууг хүлээн зөвшөөрч буй юм.” гэж тус тус тайлбарлах боловч шүүгдэгч Ч.Ю.ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээс үзвэл “амь хохирогчийн биед халдаагүй, цохиогүй, тухайн өдрөөс өмнө гэмтэл авсан байхыг үгүйсгэхгүй” гэх утга агуулга бүхий тайлбар өгч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, улмаар хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч өөрийн үйлдлийн шинж чанар, оролцоог бүхэлд нь үгүйсгэж байгаа нь хэргийн зүйлчлэлийн талаар маргах үйл баримтад хамаарахгүй бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй гэх байр суурийг үгүйсгэх шалтгаан болж байна.

Иймд шүүх шүүгдэгч Ч.Ю.ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэх хэм хэмжээг хэрэглэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг нөхцөлүүдийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу “Монголын Их хүрээ” хийдийн тодорхойлолт, шүүгдэгч нь 6-15 насны 3 хүүхэдтэй, охин Ю.ын Нарандэжид, Ю.ын Одмэнд нар нь өвчний учир эх Б.Маралын байнгын асаргаа, хяналтад байдаг, эхнэр Б.Марал нь эрхэлсэн тодорхой ажилгүй буюу өрхийн орлогогүй зэрэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бичгээр гаргасан “...хэдийгээр харамсаад баршгүй хэрэг болсон ч төрсөн ах Ч.Ю.ад гомдол санал,  нэхэмжлэх зүйл байхгүй, хамгийн бага ял оногдуулж өгнө үү.” гэх хүсэлт, эх Х.Мандалсүхийн бичгээр гаргасан “...төрүүлсэн эхийн хувьд сэтгэл санааны хүнд байдалд байгаа ч хүү Ч.Ю.ад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх хүсэлт, эцэг Д.Ч.ын бичгээр гаргасан “...харамсаад барамгүй хэрэг болсныг яалтай билээ. Хүү Ч.Ю.ад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх хүсэлт, эхнэр Б.Маралын бичгээр гаргасан “...Миний нөхөр Ч.Ю. нь зан аашийн хувьд дөлгөөн, сайн эцэг, сайн хань юм. Хүүхдүүдийн минь ирээдүйн хувь заяа, манай гэр бүлийн цаашдын амьдрал нөхөр Ч.Ю.ын ял шийтгэлийн асуудлаас маш ихээр хамаарах тул хөнгөл ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх хүсэлт болон шүүгдэгчийн өөрийн үйлдлийн гэм бурууд хандах байр суурь зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг нь 5-12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх харьцангуй тодорхой санкцтай бөгөөд шүүгдэгч Ч.Ю.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан ялаас 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Тус гэмт хэрэг нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үйлдэгдсэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасныг баримтлан мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасна.” гэж зааснаар Ч.Ю.ад оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасч, Ч.Ю.ын эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ю.ын урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, цагдан хоригдсон 119 хоног, нийт 121 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б. овогт Ч.ын Ю.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

            2. Шүүгдэгч Б. овогт Ч.ын Ю.ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Ч.Ю.ад 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус зааснаар Ч.Ю.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасч, Ч.Ю.ын нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ю.ад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ю.ын урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 121 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

   8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ю.ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                    

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЛЗОД

                       

                                                 ШҮҮГЧ                               С.АЮУШЖАВ                                         

                                                 ШҮҮГЧ                               Г.ХАТАНЦЭЦЭГ