Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 166

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа,

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг

Шүүгдэгч М.Удвал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж,

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Маамуугийн Удвалд холбогдох Эрүүгийн 201614000128  дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

             Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 24-03 тоотод оршин суух урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 сарын 04-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Равдан овгийн Маамуугийн Удвал /ОН 93010207/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч М.Удвал нь 2 удаагийн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч 2016 оны 03 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 4-28-а тоот А.Сугаржавын гэрээс Элко маркийн 32 инчийн ЛСД зурагт, эмэгтэй хүний хавар намрын гутал, үхрийн мах зэрэг эд зүйл хулгайлж 552 000 төгрөгийн, 2016 оны 04 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хөтөлийн 1-21 тоот Д.Оюунбатын гэрээс Сони маркийн ЛСД зурагт, будаа агшаагч, мөнгөн аяга, флаш, жижиг оврын зөөврийн гэрэл, хонь, үхрийн мах, гар утас зэрэг эд зүйл хулгайлж 1 410 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд  

              1. Шүүгдэгч М.Удвал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэв.

              2. Хохирогч А.Сугаржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би эхнэр хүүхдийнхээ хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 4-28-а тоотод оршин суудаг юм. 2016 оны 03 сарын 04-ний орой 18 цаг болох гэж байхад эхнэр бид 2 хүүхдээ аваад хадам ээжийн гэр рүү явсан. Тэр шөнө хадам ээжийнд хоноод маргааш өглөө нь буюу 2016 оны 03 сарын 05-ны орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай гэрт хулгайч орж 32 инчийн Элко маркийн зурагт, эмэгтэй хүний хавар намрын гутал, хөргөгчинд байсан үхрийн мах зэрэг эд зүйл алга болсон байсан. Үхрийн мах нь 8 килограмм орчим цул мах байсан. Хулгайч манай гэрийн цоожийг эвдээд орсон. Хохирлоо аудитын үнэлгээгээр нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р тал/ .

            3. Хохирогч Д.Оюунбатын мөрдөн байцаалтын шатанд  өгсөн ...Би 2016 оны 04 сарын 13-ны өдрийн өглөө эрт хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд гэртээ ирсэн. Гэртээ байж байгаад 12 цагийн орчим гэрээсээ гараад хотын төв рүү явсан. Ингээд орой цэцэрлэгээс хүүхдээ аваад 17 цагийн орчим гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цоож зүгээр байх шиг байсан. Гэрээ онгойлгох гэтэл цоожны цүүг цааш нь татаж байгаад даруулга төмрийг  нь хөшиж гэрийн хаалга онгойлгосон бололтой байсан. Гэртээ ороод үзсэн чинь гэрийн хойморт байсан зурагт алга болсон байсан. Энэ өдөр манай гэрээс Сони маркийн 40 инчийн ЛСД зурагт болон Хятад улсад үйлдвэрлэсэн будаа агшаагч, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, 32 GB флаш диск 1 ширхэг,  зүүж хэрэглэдэг зөөврийн гэрэл, хөлдөөгчинд эвдэж хийсэн байсан хонины бүтэн мах, жижиглэж хийсэн хязаалан үхрийн гуяны мах, Жи мобайлын гар утас, Самсунг маркийн тоочтой гар утас зэрэг эд зүйлийг гэрээсээ хулгайд алдсан. Би гэрээсээ 1 410 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл алдсан бөгөөд зурагт болон гар утсаа олж авсан. Одоо 470 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл аваагүй байгаа. Гомдолтой байна, хэн буруутай хүнээр хохирлоо төлүүлнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 талд/,

            4. Гэрч Г.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2016 оны 03 сарын 05-ны өдөр 20 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь гэрийн цоожийг эвдэн хулгайч орж зурагт, эмэгтэй хүний гутал, мах зэрэг зүйлийг авсан байсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10 талд/

               5. Гэрч М.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2016 оны 04 сард яг өдрийг нь санахгүй байна. Хагас сайн өдөр байсан бөгөөд нөхрийнхөө хамт ус авах гээд өөрийн эзэмшлийн 72-78 ОРО улсын дугаар бүхий тоёото чезерь маркийн машинтай худаг дээр явж байсан. Гэтэл миний охин дүү Удвал би Хабитатад явж байна хүрээд ирээч, намайг хотын төв рүү хүргээд өг гэж хэлсэн. Намайг очиход Их залуу багийн байрны  баруун талын замын урд талд байх шар өнгийн худгийн хажуу  талд зурагт бариад зогсож байсан. Би очоод юун зурагт вэ гэж асуусан чинь Удвал найзаасаа авсан, би зурагт авч явж байгаа болохоор таныг дуудсан юм гэж хэлсэн. Удвал миний машинд сууж хотын төв орж ирээд Урт цагааны урд буусан. Намайг машиндаа суугаад хөдлөх гэтэл тэр над руу залгаад зурагт барьцаанд тавихад том хүний бичиг баримт хэрэгтэй гэнээ гэсэн. Тэгэхээр нь би Удвалын орсон ломбард руу ороод зурагтыг барьцаанд тавих гэж байсан чинь цагдаа нар ирээд барьж авсан. Хар өнгийн зурагт байсан маркийг нь мэдэхгүй. Удвал зурагтнаас өөр ямар нэгэн зүйл авч яваагүй. Найзаасаа авсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/

               6. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 05/56 дугаартай ... Телевизор 32 инчийн ЛСД, 8 килограмм үхрийн мах, эмэгтэй хүний хавар намрын гутал нийт 552 000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 11-15 тал/

              7. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2016 оны 04 сарын 27-ны өдрийн 99 дугаартай: Зурагт, будаа агшаагч, мөнгөн аяга, флаш, гэрэл, хонины мах, үхрийн гуяны мах, Жи мобайлын гар утас, Самсунг маркийн гар утас нийт 1 410 000 төгрөг гэх  дүгнэлт /хх-ийн 41-42 тал/,

              8. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-30, 45-48 талд/,

            9. Эд зүйл хураан авч, үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 44-48 тал/

            10. Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 25 тал/

            11. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүгдэгч М.Удвал нь 2016 оны 03 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 4-28-а тоот А.Сугаржавын гэрээс Элко маркийн 32 инчийн ЛСД зурагт, эмэгтэй хүний хавар намрын гутал, үхрийн мах зэрэг эд зүйл хулгайлж 552 000 төгрөгийн, 2016 оны 04 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хөтөлийн 1-21 тоот Д.Оюунбатын гэрээс Сони маркийн ЛСД зурагт, будаа ашгаагч, мөнгөн аяга, флаш, жижиг оврын зөөврийн гэрэл, хонь, үхрийн мах, гар утас зэрэг эд зүйл хулгайлж 1 410 000 төгрөгийн нийт 1 962 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Сугаржав, Д.Оюунбат, гэрч  Г.Алтанцэцэг, М.Уянга  нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул үнэн зөв баримт гэж үзэв.

Шүүгдэгч М.Удвалд холбогдох хэргийн зүйлчлэл зөв түүнийг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Удвал нь Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 сарын 04-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан ба тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байна.

Иймд шүүгдэгч М.Удвалд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэн түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Хохирогч А.Сугаржав, Д.Оюунбат нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн болно.

Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  цагдан хоригдоогүйг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

           1. Шүүгдэгч Равдан овгийн Маамуугийн Удвалыг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч М.Удвалын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Удвалын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

         4. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

          5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч М.Удвалд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/  сарын хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар ялтан М.Удвалд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

         7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.