Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 524

 

105/2019/0550/Э

 

 

 

 

 

2019           5             30                                             2019/ДШМ/524                                                           

 

Ж.Л-д  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Гантулгабат,

хохирогч О.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.Л- ,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Л- , хохирогч О.Болор-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Л-д  холбогдох эрүүгийн 1906012590464 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х Б овгийн Ж-ийн Л- , ............тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............/;

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан;

Ж.Л-  нь 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 201-139 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч О.Болор-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Л- ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Л- ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л- ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л-  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Л-  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Л-  давж заалдах гомдол болох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Л-  миний бие Дулааны 4 дүгээр цахилгаан станцад 8 дахь жилдээ ажиллаж байна. Гэр бүлийн буруу харилцаанаас болж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 240 цаг нийтэд тустай ажил хийх ял авсан. Бид ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд маань цэцэрлэгт хүмүүждэг, эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй, би өдөр бүр ажлын хөлс, цалингаараа амьжиргаагаа залгуулдаг. Надад оногдуулсан ялыг гүйцэтгэхээр ажилгүй болоод ажлаас халагдах гээд байгаа тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Бид тогтвортой ажилтай байхгүй бол орон байрны зээл, цалингийн зээл, маш олон зээлтэй амьдардаг юм. Ажилтай байх нь чухал байгаа тул миний гаргасан алдааг дахин эргэж харж тусална уу. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна. ...” гэв.

 

Хохирогч О.Болор-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Болор-Эрдэнэ миний бие, Ж.Л-  /нөхөр/ бид хоёр хүүгийн хамт амьдардаг. Бид гэр бүлийн маргаанаас болж, манай нөхөр Ж.Л-  нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 240 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн. Бид одоогоор маргаан байхгүй, эвлэрч хамт амьдарч байгаа. Ж.Л-  ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Манайх орон сууц, цалингийн зээлтэй. Ажлаас нь байнга утсаар дууддаг, бэлэн байх ёстой ажил хийдэг. Манай нөхөр надад дахин гар хүрэхгүй гэсэн. Нийтэд тустай ажил хийхэд ажилгүй болох магадлал тун өндөр байгаа тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Гантулгабат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Ялын төрөл, хэмжээг сонгох эрх давж заалдах шатны шүүхэд хадгалагдах учраас саналгүй. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Ж.Л-  нь 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 201-139 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч О.Болор-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч О.Болор-Эрдэнийн “...Ж.Л-  том хүүгээ цэцэрлэгээс авсан. Гэрийн түлхүүргүй гэж хүлээж байсан. Гэрт ороод “Хүүхдээ эртхэн авахгүй яасан юм бэ, 2 цаг гаран танай хүүхдийг харж байна гээд багш нь утасдаад байсан. Үсээ засуулах байсан бол хамт яваад засуулчихгүй” гэж хэлсэн. Тэгтэл Л-  “Чи яагаад над руу томроод байгаа юм, битгий хүн цагдаад бай, чи яасан том юм” гэж уурлаад намайг нүүрэн тус газар нүд орчим цохиж, би хана налж унасан. Тэгээд хоёр гуя руу өшиглөсөн. ...” /хх 5-6/,

гэрч Б.Отгоны “...Над руу Болор-Эрдэнэ яриад “Л-  намайг зодоод явчихлаа, явуулахгүй утас булааж авч, би зугтаагаад гараад ирлээ” гээд уйлаад байсан. Тэгээд би Болор-Эрдэнэ рүү очиход баруун нүд нь хөхөрч хавдсан, уйлаад орж ирсэн. ...” /хх 7/,

гэрч О.Тэмүүжингийн “...Гэртээ орж хоорондоо хүүхдээ оройтуулж авлаа гэж маргалдаж байсан. Тэгээд Болор-Эрдэнэ эгч гэнэт уйлаад байсан. Уйлж байхдаа “Танай ах чинь намайг ийм болгочихлоо” гэж хөмсөгний орчим нь хавдсан байсан. ...” /хх 28/,

шүүгдэгч Ж.Л- ын “...Над руу хуруу гараа гозолзуулаад дайраад байхаар нь зүүн хацар руу нь баруун гараараа 1 удаа алгадсан. Болор-Эрдэнэ зүүн шанаагаараа хана мөргөж унасан. ...” /хх 24/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2285 дугаартай “...О.Болор-Эрдэнийн биед тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, хацарт хаван, хавдар цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. ...” шинжээчийн дүгнэлт /хх 12/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Л- ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Л- ын хохирогч О.Болор-Эрдэнийг нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Ж.Л- , хохирогч О.Болор-Эрдэнэ нар тус тус “...оногдуулсан ялыг гүйцэтгэхээр Ж.Л-  ажилгүй болж, ажлаас халагдах учир оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Хохирогч А.Болор-Эрдэнийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “...Бид одоо хамт амьдарч байгаа, Ж.Л- ын цалингаар орон сууц, цалингийн зээлээ төлдөг. Байнгын хяналттай ажил хийдэг тул шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг хийхээр ажлаас нь халчих магадлал өндөр байгаа тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Надад дахин гар хүрэхгүй гэсэн...” гэсэн хүсэлтийг харгалзан үзэж, Ж.Л-д  анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л- ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л- ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л-  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л-д  оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоожсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Л-  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ