Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорийн Нямдэлгэр |
Хэргийн индекс | 128/2020/0701/З |
Дугаар | 128/ШШ2021/0078 |
Огноо | 2021-01-28 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2021/0078
2021 оны 01 сарын 28 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2021/0078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: И.О ХХК, /
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн эзэмшиж байсан MV-*******, MV-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг хариуцагчид даалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрт орших О*******
эртэй МV-*******, МV-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудыг хууль ёсоор эзэмшиж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.
Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 8/2592 дугаар мэдэгдлийг мөн оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан ба энэхүү мэдэгдлээр тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2020.06.03-ны өдрийн 183 дугаар шийдвэрээр манай компанийн эзэмшлийн дээр дурдсан байршилд хамаарах МV-*******, МV-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан шийдвэр гаргасан болохыг бидэнд мэдэгдсэн ба улмаар шийдвэрийг гардаж авахаар 2020.06.08-ны өдөр 20/06 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан боловч мэдэгдлийг гардуулсан тул шийдвэрийг гардуулахгүй гэсэн хариуг амаар өгсөн.
Иймд Кадастрын хэлтсийн даргын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасан ба тус газрын даргын 2020.07.27-ны өдрийн 1/3369 дугаар албан бичгээр шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн татгалзсан хариу авсан. Ийнхүү захиргааны урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа дуусгавар болсон тул шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг удирдлага болгон энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Нэг. Захиргаа аливаа шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, мөн хуулийн 24 дүгээр зүйл, 38 дугаар зүйлийн 38.2.3 дахь заалтад тус тус зохицуулсан хуулийн хүрээнд бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах, урьдчилан мэдэгдэх буюу оролцооны эрхээр хангах, актыг цуцлах нөхцөл байдлыг тогтоох үндсэн зарчим, үйл ажиллагааг хэрэгжүүлснээр эцсийн шийдвэр гаргах учиртай. Гэтэл хариуцагч тал Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчд энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасныг илтэд зөрчиж, цуцалсан шийдвэрээ гаргасны дараа мэдэгдсэн болно.
Ийнхүү захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх хууль ёсны ашиг сонирхол нь зайлшгүй хөндөгдөх тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4 дэх хэсэгт тус тус заасан мэдэгдэлд дурдсан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх, тайлбар өгөх улмаар тусгай зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг захиргааны зүгээс дахин хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох
хууль зүйн боломж шууд үгүйсгэгдсэн болно. Манай компани ямар ч байгаль орчинд хортой нөлөө учруулсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй атал захиргаа хууль зөрчин хууль бус шийдвэр гаргаж манай компанийн эрх ашгийг шууд хохироосон.
Мөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн манай компани захиргааны актыг гардаж авах хүсэлт гаргасан боловч татгалзсан атал Кадастрын хэлтсийн даргын 2020.06.03-ны өдрийн 183 дугаар шийдвэр гарсан өдрөө Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга Р.Төмөрчөдөрийн нүүр номд буюу Facebook хаягт (баримтжуулсан хувийг хавсаргасан болно) нийтлэгдсэн нь ойлгоход бэрхтэй үйлдэл болохыг энд дурдах нь зүйтэй.
Хоёр. Манай компани Ашигт малтмалын газар (хуучин нэр)-ийн даргын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 273 дугаар тушаалаар бүртгэгдсэн О*******ын алтны шороон ордын бодитой В зэргийн нөөцөд тулгуурлан боловсруулсан Техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 08-08 дугаартай дүгнэлт гаргасан болно.
Алтны шороон ордны нөөц бүртгэгдэж, орд ашиглах ТЭЗҮ батлагдсан боловч орон нутаг үндэслэлгүйгээр тус компанитай газар ашиглах болон хамтран ажиллах гэрээ байгуулаагүй ба Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.05-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр Засаг даргад газар ашиглуулах гэрээ байгуулахыг даалгасан шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэвч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын зүгээс тус сумын ИТХ нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж өгөөгүй байгаа тул газар ашиглуулах боломжгүй байна гэсэн тайлбар өгч ирсэн. Ийнхүү орон нутгийн удирдлага шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг өнөөдрийг хүртэл эс биелүүлсний улмаас МV-*******, МV-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайнууд дээр уул уурхайн ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, талбайн хөрс хөндөгдөөгүй, газар шорооны ажил огт эхлээгүй. Харин компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөр, холбогдох тайлан болон бусад баримт бичгээ цаг тухайд нь хүргүүлж хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирсэн.
Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ашигт малтмалын тусгай
зөвшөөрлийг цуцлуулах саналыг хэлэлцэж дүгнэлт гаргах ажлын хэсэг-ийн 2020.05.28-ны өдрийн 2020/04 дүгээр дүгнэлт (энэхүү дүгнэлтийг эс зөвшөөрч гомдлоо Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2020.07.21-ний өдрийн 20/08 дугаар албан бичгээр хүргүүлсэн ба одоогоор албан ёсны хариу өгөх хуулийн хугацаа дуусаагүй ба дүгнэлтийг хүчингүй болгоогүй тохиолдолд бид энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж болно) буюу Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг үндэслэн И.О ХХК-ийг дээрх талбайнууд дээр ашиглалтын үйл ажиллагаа явуулж, ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулсан гэх үндэслэлгүй мэдээлэл дээр тулгуурлан тус газрын кадастрын хэлтсийн даргын 2020.06.03-ны өдрийн 183 дугаар шийдвэрээр манай компанийн эзэмшлийн МV-*******, МV-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.
Захиргааны байгууллагын зүгээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу хяналт шалгалтыг удирдамжийн дагуу мөн шалгуулах этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцооны эрхээр нь хангах үндсэн зарчим хэрэгжих учиртай атал мөн л бидэнд байгаль орчинд хортой нөлөө учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгалт хийх тухай огт мэдэгдээгүй, хэрхэн, хэзээ шалгасан болох нь ч тодорхойгүй байна.
Манай компани нь МV-*******, МV-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасан Увс аймгийн Өмнөговь сумын нутагт байрших газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй, ямар нэгэн байдлаар газар ухаж, байгаль орчинд хортой нөлөөлөх хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байхад дээрх хуулийн заалтыг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй юм гэжээ.
Нэхэмжлэгч И.О ХХК нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч тал Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын гаргасан шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гаргасан дүгнэлттэй холбогдуулан 2020.08.22-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Түүнчлэн манай компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газын кадастрын хэлтсээс дүгнэлттэй холбогдох асуудлаар яаманд ханд гэсэн хариу өгсөн тул 2020.08.20-ны өдөр тус яаманд хандан 2020.05,28-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" 2020/04 дүгээр дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангуулан холбогдох баримт бичгийн хамт хуулбарлан өгөх, танилцах боломжоор хангуулах хүсэлт гаргасан боловч мөн л ямар ч хариу өгөөгүй буюу тухайн захиргааны акттай оролцогчийн хувьд танилцаж чадаагүй болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг ус тус баримтлан өмнөх үндсэн нэхэмжлэлд дурдсаны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авна уу.
Манай компани Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрт орших О******* нэртэй МV-*******, МV-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудыг хууль ёсоор эзэмшиж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020.05.28-ны өдрийн 2020/04 дүгээр дүгнэлт буюу Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг үндэслэн И.О ХХК-ийг дээрх талбайнууд дээр ашиглалтын үйл ажиллагаа явуулж, ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулсан зэрэг үндэслэлгүй мэдээлэл дээр тулгуурлан манай компанийн эзэмшлийн МV-*******, МV-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, мөн хуулийн 24 дүгээр зүйл, 38 дугаар зүйлийн 38.2.3 дахь заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар тус тус зохицуулсан хуулийн хүрээнд захиргааны аливаа шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, урьдчилан мэдэгдэх буюу оролцооны эрхээр хангах, нөхцөл байдлыг бодитоор тогтоох үндсэн зарчим, үйл ажиллагааг хэрэгжүүлснээр эцсийн шийдвэр гаргах учиртай. Гэтэл манай хувьд байгаль орчинд хортой нөлөө учруулсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй ийм зүйл үйлдэгдэх бодит боломж ч орон нутгийн захиргааны хууль бус эс үйлдэхүйн улмаас үйлдэгдэх боломжгүй атал ийнхүү хууль бус шийдвэр гаргажээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2020.05.26-ны өдрийн А/402 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг хэлэлцэж, дүгнэлт гаргах ажлын хэсэг нь журамд заасан нотлох баримт болон ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй буюу журмын заалтыг илтэд ноцтой зөрчиж, хууль бус дүгнэлт гаргасан болох нь тодорхой байна.
Түүнчлэн тус яамны гомдлыг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлан мэргэжилтэн н.Б******* (утасны дугаар 51*******)-тэй дугаар луу удаа дараа холбогдож, гомдол хүсэлтийн хариуг шаардсан боловч Мэргэжлийн хяналтын газраас ийм шалгалт хийгдсэн талаар тодруулсан боловч ийм шалгалт хийгдээгүй, тус компанийн шалгасан зүйл байхгүй талаар албан бичиг ирсэн, яаж ийм зүйл болсон талаар мэдэхгүй байна, судалж байна гэсэн хариуг утсаар өгсөн болно.
Бидний зүгээс байгаль орчин хортой хууль бус ямар ч үйл ажиллагаа явуулаагүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах мөн тус яамны гаргасан 2020.05.28-ны өдрийн 2020/04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: И.О ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ашигт, малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн эзэмшиж байсан МV-*******, МV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Увс аймгийн Өмнөговь сумын нутагт байрлах О******* нэртэй 89,73 гектар талбайн МV-******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр, Увс аймгийн Өмнөговь сумын нутагт байрлах О******* нэртэй 71.04 гектар талбайн МV-******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр Ю******* ХХК-д тус тус олгожээ.
Дээрх тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигчийн нэрийг И.О ХХК болгон өөрчилсөн өөрчлөлтийг 2016 онд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолтыг үндэслэн бүртгэсэн байна.
Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 62 тоот албан бичгээр тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа И.О ХХК-ийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгаад холбогдох дүгнэлтийг гаргуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/3859 тоот албан бичгээр И.О ХХК-д холбогдох дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/04 дугаар бүхий дүгнэлт нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг үндэслэн байгаль орчинд хортой нөлөө учруулсан, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 347 дугаар тогтоолоор баталсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй үйл ажиллагаа явуулсан тул И.О ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын МV-*******, МV-******* тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ.
Дээрх хуулийн заалтыг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын 183 дугаар шийдвэр гарсан болно.
Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, мөн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.
И.О ХХК-аас ирүүлсэн 2020 оны 07 дугаар сарын 09-ний гомдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар шийдвэрээр тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-*******, МV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул танай компаниас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/3369 тоот албан бичгээр өгсөн байна.
Иймд И.О ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн эзэмшиж байсан МV-*******, МV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд И.О ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/11/ дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Төрийн хяналт шалгалтын хуулийн хүрээнд
захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь бодит нөхцөл байдалд тохирсон үндэслэл бүхий байх учиртай атал манай компанийн хувьд байгаль орчинд хортой нөхцөл учруулсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй... мөн ...журамд заасан нотлох баримт болон ажиллагааг огт хийгээгүй... Мэргэжлийн хяналтаас шалгалт хийгээгүй... гэжээ.
1. Хяналт шалгалтыг хэн хийх эрхтэй тухайд:
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3.1-д Төрийн хяналт шалгалт нь
.. нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт
шалгалтаас бүрдэнэ., 31.1.1-д "хяналт шалгалт гэж иргэн, хуулийн этгээдийн
явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/ ... нь хууль тогтоомжид заасан
шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга
хэмжээний цогцолборыг, Хяналт шалгалтын зарчим нь 4.1.1-д хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдал нь бусад аливаа сонирхол, зорилгоос илүүд байх, 8.1-т Бүх шатны Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 8.1.1-д хууль тогтоомж, ...Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах 8.З.1-д Сум, дүүргийн Засаг даргын тусгай бүрэн эрх 8.3.1-д хууль тогтоомж, ...Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохиож байгаа ажил, түүний явц, үр дүнгийн тухай нутаг дэвсгэртээ оршдог байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдын мэдээллийг сонсож, илтгэл сонсголыг хэлэлцэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах.
Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.3-т байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.8-д Төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина, 9.1-д Байгаль орчны менежментийн болон уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага болон байгаль орчны төрийн бус байгууллага хяналт тавина гэж сумын Засаг даргын хяналт шалгалт хийх, хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагтаа хариуцах эрх хэмжээг хуульчилж өгсөн.
Тиймээс хяналт шалгалт хийх эрх бүхий этгээдийн буюу Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар тоот албан бичиг нь Төрийн хяналт шалгалтын хуулийн хүрээнд бодит нөхцөл байдлыг тогтоосон.
2. Шийдвэр нь бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэлтэй эсэх тухайд: Бид өөрсдөө байгалийн бүтээгдэхүүн, бидний оршин тогтнох үндэс нь Байгаль.
Байгаль орчны салбарын Үндсэн хууль гэж болохуйц хууль нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль байдаг. Иргэн, хуулийн этгээд амьдрахын тулд үйл ажиллагаа явуулах нь тодорхой, үйл ажиллагаа нь байгаль орчинд ямар нэг байдлаар сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Энэ сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчныг хамгаалах үүргийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар барьж, хэрэгжилтийг хангуулдаг. Тухайлбал: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй
31 дүгээр зүйл Аж ахуйн нэгж, байгууллагын үүрэгт:
1/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газар, нутгийн
өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын шийдвэр, улсын байцаагч, байгаль хамгаалагчийн шаардлагыг биелүүлэх;
2/эрх бүхий байгууллагаас баталсан байгаль орчны холбогдолтой стандарт,
хэм хэмжээ, дүрэм, журмыг чанд сахин биелүүлж, дотоодын хяналтыг хэрэгжүүлэх;
4/байгаль орчинд сөрөг нөлөөлөл бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж
ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагааныхаа сөрөг нөлөөллийг бууруулах, зогсоох болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг жил бүр төсөвтөө тусган хэрэгжүүлэх;
5/гэрээний дагуу тарьж ургуулсан ой, ургамал, үржүүлсэн амьтан сэргээн
сайжруулсан усны ундарга, засаж тохижуулсан газрыг сум, дүүргийн Засаг даргад
хугацаанд нь хүлээлгэн өгөх;
7/бохирдлын эх үүсвэр бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны
менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, өөрийн үйлдвэрлэлийн үйл
ажиллагааны улмаас байгаль орчинд ялгаруулж байгаа хатуу, шингэн, хийн хаягдлыг хянах ажлыг зохион байгуулж ажиллуулах үүрэг бүхий дотоод хяналтын нэгжтэй байх.
8/хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдийн байгаль орчинд учруулсан хохирлыг
нөхөн төлүүлэх, хариуцлага хүлээлгэхийг Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагчаас шаардах;
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.1-д
Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ:
7.1.2 байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ;
7.2.2 байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
7.2 Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ.
8 дугаар зүйл. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ:
8.1 Энэ хуулийн 7.4.3-т заасны дагуу гарсан дүгнэлтэд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын зорилт, чиглэл хамрах хүрээ, хугацааг тодорхой заана.
8.4 Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, дараах
асуудлыг тусгана:
8.4.1 төсөл хэрэгжих орчны байгаль орчны төлөв байдал;
8.4.2 төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эрчим,
тархалт, үр дагаврыг тогтоосон тооцоо, судалгааны үр дүн;
8.4.3 төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах
арга хэмжээний зөвлөмж;
8.4.4 төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэж
болзошгүй бохирдлыг бууруулахад боломжит арга технологи, байгаль орчинд ээлтэй техник, технологийг ашиглах зөвлөмж;
8.4.5 байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээнд эрсдэлийн үнэлгээ
хийхээр заасан бол төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд
үзүүлэх нөлөөллийн эрсдэлийн үнэлгээ;
8.4.6 газрын тос, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт
зэрэг төсөлд хаалтын үйл ажиллагааны чиглэл, нөхөн сэргээлтийн зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ;
8.4.7 байгаль орчны менежментийн төлөвлөгөөний зорилт, хамрах хүрээ,
шалгуур үзүүлэлтүүд;
8.4.8 төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх
нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл;
8.4.9 төсөл хэрэгжих газрын түүх соёлын үнэт зүйлс, төслийн онцлогтой
уялдсан бусад асуудал.
9 дүгээр зүйл. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө:
9.1 Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой
ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах,
нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна.
9.2 Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.
9.3 Ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно.
9.4 Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална.
9.5 Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ.
9.6 Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалал, хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна.
9.8 Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална.
9.10 Ашигт малтмалын ашиглалт, баяжуулах, боловсруулах үйлдвэр, химийн
үйлдвэрийн үйл ажиллагааны төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нөхөн сэргээлтийн тусгай дансанд ашиглалтын үйл ажиллагаа дуусах хүртэл жил бүр тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг төвлөрүүлнэ гэж заасан байтал энэ хуулиар тогтоосон үүргээ хэрэгжүүлээгүй үйл ажиллагаа явуулдаг Засаг даргын тавьсан шаардлагыг удаа дараа зөрчиж, хэрэгжүүлээгүй тухай Засаг дарга тодорхой бичсэн.
Мөн яам дүгнэлт гаргахаас өмнө дотроо хариуцсан нэгжээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр батлуулж, нөхөн сэргээлтийн тусгай дансанд мөнгөө байршуулдаг эсэх талаар лавлагаа мэдээлэл авахад огт хийлгэж байгаагүй нь тодорхой байдаг.
Ийм атал яаж хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглалт болгож, бас нэг компаниас нөгөөд шилжүүлж чадсаныг ойлгохгүй байна. Эндээс дүгнэж үзэхэд хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй явж болдог гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа нь тодорхой байна.
Илэрхий, тодорхой нөхцөл байдлаас гадна Яам Ашигт малтмалын тусгай
зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт-ийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай
хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д "байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна 15 дугаар зүйлийн 15.1.1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах", Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл Тусгай зөвшөөрлийг цуцлах 56.1 Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална, 56.1.5-т тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэснийг үндэслэн дүгнэлт гаргасан бөгөөд бодит нөхцөл байдалд нийцсэн, хууль үндэслэлтэй шийдвэр болно.
Иймд Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлтэд шууд
хамааралгүй боловч тусгай зөвшөөрлөө хууль бусаар авсан байх нөхцөл
байдал ч тодорхой, илэрхий байдлаар хөндөгдөж байгааг харгалзан үзэж,
Иргэн, хуулийн этгээд хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эрх
бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг үл тоон, удаа дараа, 10 гаруй жил
хууль зөрчиж, хуулиас дээгүүр авирлах хандлагыг таслан зогсоох, Яамнаас гаргасан дүгнэлт болоод тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр
нь хуулийн үндэслэлтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.О ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/04 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулж, тус компанийн эзэмшиж байсан MV-*******, MV-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Увс аймгийн Өмнөговь сумын нутагт байрлах О******* нэртэй 89.73 гектар талбайд MV-******* тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр, Увс аймгийн Өмнөговь сумын нутагт байрлах О******* нэртэй 71.04 гектар талбайн MV-******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр Ю******* ХХК-д тус тус олгожээ.
Дээрх тусгай зөвшөөрлүүдийн эзэмшигчийн нэрийг И.О ХХК болгон өөрчилсөн өөрчлөлтийг 2016 онд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолтыг үндэслэн бүртгэсэн байх бөгөөд уг үйл баримттай талууд маргаагүй байна.
Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/3859 тоот албан бичгээр ирүүлсэн 2020/11 дүгээр дүгнэлтийг үндэслэн И.О ХХК-ийн эзэмшлийн MV-*******, MV-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий байнгын ажлын хэсгийг байгуулж, маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/04 тоот дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 347 дүгээр тогтоолоор баталсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 62 тоот Хүсэлт уламжлах тухай албан бичгийг тус тус үндэслэн И.О ХХК-ийн эзэмшдэг MV-*******, MV-******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулсан, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй үйл ажиллагаа явуулсан тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан байна.
Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06/3972 тоотоор Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст хандан Манай яамнаас 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 01/3859 дүгээр албан бичгээр хүргэгдсэн Увс аймгийн Өмнөговь суманд ашигт малтмал ашиглах MV-*******, MV-******* тусгай зөвшөөрөлтэй И.О ХХК-ийн тусгай зөвшөөрөл цуцлах дүгнэлтийн 2020/04 дугаар давхардсан тул 2020/11 дугаараар ... өөрчлөн залруулга хийж байгааг үүгээр хүргүүлж байна гэсэн албан бичиг хүргүүлжээ.
Увс аймгийн Өмнөговь Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 62 тоот Хүсэлт уламжлах тухай албан бичгээр ...Энэ компани нь 0,5 га хэмжээний газарт дур мэдэн газрын хэвлий хөндсөн, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж байгаагүй, нөхөн сэргээлт хийгээгүй, жил бүрийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж биелэлтийг тайлагнадаггүй зөрчлийг удаа дараа гаргаж байсан. Иймд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.5 болон 15.10.6 дахь заалтуудад заасан тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа тул тус хуулийн 14.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан ирүүлжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд Тусгай зөвшөөрлийг цуцлах, 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална, 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж тус тус заасан байна.
Тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/0633 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/04 тоот буюу залруулсан байдлаар 2020/11 тоот дүгнэлтэд дурдсанаар И.О ХХК нь байгаль орчинд ямар хортой нөлөө үзүүлсэн гэж үзсэн үндэслэл, шалгалтын тайлан, холбоотой бүх баримтыг шаардахад тус яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Нэмэлт тайлбар, тодруулга, нотлох баримт хүргүүлэх тухай бичигт тухайн хяналт шалгалттай холбоотой баримтуудыг ирүүлсэн боловч хавсарган ирүүлсэн баримтуудаар И.О ХХК-тай холбоотой хяналт шалгалт явуулсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрхийг нарийвчлан зохицуулсан бөгөөд Архангай аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Эрдэнэсийн хотхон ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг ирүүлсэн ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/04 буюу залруулсан байдлаар 2020/11 дугаар дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг хэрэгжүүлж, бодит нөхцөл байдал, үндэслэл, шаардлагыг бүрэн тодруулах боломжтой бөгөөд үүрэгтэй байсан.
Хэдийгээр хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ... Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга саналаа ирүүлсэн байхад манайх цуцлахгүй байх үндэслэл байхгүй гэж тайлбарлах хэдий ч тус яам нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан эрх, үүргээ хэрэгжүүлж шаардлагатай ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгч компанид энэ талаар мэдэгдээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын Хүсэлт уламжлах тухай 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 62 тоот албан бичгийг үндэслэн И.О ХХК-ийн эзэмшдэг MV-*******, MV-******* дугаартай ашигт малтмалын ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулсан, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй үйл ажиллагаа явуулсан байх тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2020/04 буюу залруулсан байдлаар 2020/11 дугаар дүгнэлтийг гаргаж зөвхөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн болно гэх тайлбар, тус яамнаас ирүүлсэн баримтуудаар тогтоогддог.
Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 62 тоот албан бичигт: ... Тус сумын нутаг О******* хэмээх газар Ю******* компани 2011, 2012 онд MV-*******, MV-******* тоот дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшсэн. 2015 онд ашиглалтын MV-*******, MV-******* тоот тусгай зөвшөөрлөө И.О компанид шилжүүлсэн. 2013, 2015 онуудад тухайн компани ашиглалт явуулахаар ирсэн боловч нутгийн иргэдийн тэмцэлтэй тулгаран одоог хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Ю******* ХХК нь анх ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг ноцтой зөрчин, хуурамч бичиг баримт бүрдүүлэн лиценз авсан гэж бид үзэж байна. Тухайлбал:
1. Ю******* компани 2008 онд анх хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа Орлого багийн Иргэдийн нийтийн хурал, сумын ИТХ, Засаг даргаас санал аваагүй;
2. 2011 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа сумаас хуурамч бичиг баримт бүрдүүлж авсан нь архивын бичиг баримтаар нотлогдож байгаа юм. Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын 2013 оны 6/3662 тоот лавлагаанд дурдсанаар ******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усан сан бүхий хамгаалалтын бүстэй бүтэн давхцаж байгаа боловч Өмнөговь сумын ИТХ-аас тухайн газрын зарим хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтаас чөлөөлөхөөр шийдвэрлэснийг ИТХ-ын тэргүүлэгчдийн 2011 оны 35 тоот албан бичгээр Ашигт малтмалын газарт уламжилсан байна гэжээ. Гэтэл сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2011 оны 35 тоот албан бичиг нь архивт байхгүй, тэргүүлэгчдийн хурлаар О*******ын орон нутгийн хамгаалалтын асуудал хэлэлцээгүй байгаа.
3. Сумны Засаг даргын 2010 оны 67 дугаар захирамжаар усан сан бүхий газарт энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай захирамжаар Ю******* ХХК-ны усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг нуур, голуудад 200 метр болгож өөрчилсөн захирамж нь сумын архивт байхгүй бөгөөд 2011 оны 12 дугаар захирамж нь Овог солих захирамж байна.
4. Энэ компани нь 0,5 га хэмжээний газарт дур мэдэн газрын хэвлий хөндсөн, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж байгаагүй, нөхөн сэргээлт хийгээгүй, жил бүрийн БОМ-ийн төлөвлөгөө батлуулж биелэлтийг тайлагнадаггүй зөрчлийг удаа дараа гаргаж ирсэн.
Иймд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.5 болон 15.10.6 дахь заалтуудад заасан тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа тул тус хуулийн 14.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэж дурдсан байна.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/04 буюу залруулсан байдлаар 2020/11 дугаар дүгнэлтэд Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын санал, хүсэлтэд дурдаагүй асуудлаар буюу ... тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулсан гэж, дүгнэлтийн 2 дахь хэсэгт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй үйл ажиллагаа явуулсан тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж дурдсан нь нэхэмжлэгч компанийн дээр дурдсан баримт бичгийг байхгүй эсэхийг шалгаж тогтоох үйл ажиллагаа явуулаагүй, үндэслэл болгосон сумын Засаг даргын саналд ... тухайн компани ашиглалт явуулахаар ирсэн боловч нутгийн иргэдийн тэмцэлтэй тулгаран үйл ажиллагаа явуулаагүй гэснийг анхаарч үзээгүй нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй болжээ.
Хэдийгээр дээрх хууль бус дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар шийдвэрийг хууль бус захиргааны акт гэж шууд дүгнэх боломжгүй ч И.О ХХК-ийн эзэмшлийн MV-*******, MV-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, өөрийн эзэмшлийн талбайд ашиглалт хийх зэрэг шаардлагатай үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон тул уг шийдвэрийг хүчингүй болгож байж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжтой болно.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасан бөгөөд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд тухайн шийдвэрийн талаар мэдэгдээгүйг Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно, 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол гэж заасан болон цаг хугацааны хувьд мэдэгдэх боломжгүй гэх тайлбар, тодруулбал Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 62 тоот албан бичгийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/04 буюу залруулсан байдлаар 2020/11 дугаар дүгнэлтийг гаргаж, 5 өдрийн дараа буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар шийдвэрийг гаргахдаа тухайн асуудлыг нягталж тодруулалгүй яаран шийдвэрлэснийг зөвтгөх боломжгүй.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарт ... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцална, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эртэй байхаар хуульчилсан гэж заасан гэж дурдсан байх боловч нэгэнт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болох нөхцөлд шат шатны байгууллагууд холбогдох хууль тогтоомжид заасан өөрийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж аливаа шийдвэрийг гаргах нь сая хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцнэ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нарын буруутай үйл ажиллагаа тогтоогдож байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/04 буюу залруулсан байдлаар 2020/11 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, тус компанийн эзэмшиж байсан MV-*******, MV-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/04 буюу залруулсан байдлаар 2020/11 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, тус компанийн эзэмшиж байсан MV-*******, MV-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР