Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2022/0975/З |
Дугаар | 221/МА2024/0036 |
Огноо | 2024-01-11 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2024/0036
“ЭТЭЭ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У
Нэхэмжлэгч: “ЭТЭЭ” ХХК
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О , Д.А
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-25220000093 дугаар татварын нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2 дахь хэсэг буюу 2019 онд 595,095,000.00 төгрөгийн эрх борлуулсны орлогод татвар ногдуулан суутгаж тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд тусгаагүй зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль алдангийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 766 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б ,
Хариуцагч Б.О , Д.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2022/0975/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ЭТЭЭ” ХХК-иас хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О , Д.А нарт холбогдуулан “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-25220000093 дугаар татварын нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2 дахь хэсэг буюу 2019 онд 595,095,000.00 төгрөгийн эрх борлуулсны орлогод татвар ногдуулан суутгаж тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд тусгаагүй зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль алдангийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 766 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 29 дүгээр зүйлийн 29.1.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.2, 15 дугаар зүйлийн 15.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг тус тус баримтлан “ЭТЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 25220000093 дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 6, 7, 8-д нэхэмжлэгчийг суутган төлөгчийн үүрэг биелүүлээгүй гэж буруутгасан байна. Ямар субьектуудын хооронд юуг өгч, аваад, хэн /юу/ хэрхэн орлого олсон юм. Өөрөөр хэлбэл: Хэн орлого олоод, хэн орлого олгоод /зардал гараад/ байгаа юм гэдгийг зайлшгүй зөв, эргэлзээгүй тодорхойлох ёстой. “ЭТЭЭ” ХХК-ийн нийт энгийн хувьцааг өмчилж байсан Монгол Улсын иргэн С.О нь “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, нийт хувьцааны 51%-ийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “ХИ” ХХК-д, үлдсэн хувьцааны 49%-ийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр “СК” ХХК-д тус тус худалдсан. Тодруулбал: “ЭТЭЭ” ХХК-ийн өмчлөгч иргэн С.О болон “ХИ” ХХК, “СК” ХХК-ийн хооронд “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ” хийгдсэн ба энэхүү хэлцлийн харилцаанд “ЭТЭЭ” ХХК оролцоогүй. Дээрх хэлцлийн дагуу “ЭТЭЭ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орж иргэн С.О хувьцаа эзэмшигчээс хасагдаж оронд нь “ХИ” ХХК, “СК” ХХК хувьцаа эзэмшигч болсон.
3.2. Нэхэмжлэгч хуулийн этгээд “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээний харилцаанд тал болж оролцоогүй өөрийн мөнгөн хөрөнгөнөөс зардал болгож мөнгө гаргаагүй байтлаа бусдын гүйлгээг зардал гэж бүртгэн, тайлан гаргаж болохгүй, нягтлан бодох бүртгэлд энэ нь хүлээн зөвшөөрөгдөх зүйл биш юм. Шүүх болон хариуцагч нар нь харилцаанд оролцогч этгээд болон хэн орлого олсон этгээд юм, хэнээс зардал гарсныг нь зөв тодорхойлоогүйгээс хууль хэрэглээний алдаа үүссэн.
3.3. Шүүх “ЭТЭЭ” ХХК-ийг суутган төлөгч гэж үзэж байгаа бол “ЭТЭЭ” ХХК-иас орлого олсон этгээдийг аж ахуйн нэгж гэж тогтоосон тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 4.1.6-д “суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг; хэрэглэх нь үндэслэлтэй юм. Гэтэл шүүх “эрх шилжүүлсэн хувьцаа худалдсан гэрээний төлбөр нь “ЭТЭЭ” ХХК-ийн дансанд хийгдэж, уг данснаас С.О данс руу шилжсэн нь Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар нотлогддог бөгөөд хэргийн оролцогч нар энэ үйл баримттай маргаагүй” гэж дүгнэсэн атлаа хуулийг буруу хэрэглэлээ.
3.4. Хэрвээ “ЭТЭЭ” ХХК-ийг зардал гаргаж, барааг худалдан авсан этгээд гэж үзэх юм бол орлого олсон этгээд буюу бараа борлуулагч нь хувь хүн байтал ямар үндэслэлээр НӨАТ-ын суутган төлөгч болгож байгааг мөн НӨАТ-ын суутган төлөгчийн үүрэг нэхэмжлэгч хуулийн этгээдэд үүсч байгааг шүүх огт тайлбарласангүй.
3.5. Хэрвээ татварын улсын байцаагчдын зөв гэж үзэх юм бол “ЭТЭЭ” ХХК-ийг орлого олсон гэдгийг нотлох ёстой. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно”, 8.2-т “Эрх борлуулсны орлогод дараахь орлогыг хамааруулна”, 8.2.1-д “эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого” гэснийг үндэслэн хариуцагч нар нэхэмжлэгчийг “Эрх борлуулсан” гэж үзсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 11, 12 болон Маргаан бүхий актад дурдсан шиг нэхэмжлэгчийн “Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл” нь борлуулагдаад бусдад шилжсэн зүйл огт байхгүй, “ЭТЭЭ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хэвээр байгаа болно.
3.6. Хариуцагч нар нь “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ” -г татан авч анхан шатны баримтаар үнэлсэн боловч гэрээний тал болон суутган төсөвт төлөх үүрэг бүхий этгээдийг зөв тодорхойлж чадаагүй, эрх зүйн онол, /эрүүгийн эрх зүй/ сургаалд байдаг гэм буруугийн андуурал хэмээх ойлголтод хамаардаг “Объектын андуурал” гаргаж, татвар суутган төлөх үүрэггүй этгээдээр суутган төлүүлэхийг шаардсан байна.
3.7. Хэрвээ шүүх болон татварын улсын байцаагчдын зөв гэж үзэх юм бол Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 5-д дурдсан “эрх шилжүүлсэн, хувьцаа худалдсан гэрээний төлбөр нь “ЭТЭЭ” ХХК-ийн дансанд хийгдэж, уг данснаас С.О данс руу шилжсэн нь Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулгаар нотлогддог бөгөөд хэргийн оролцогч нар энэ үйл баримттай маргаагүй” гэж дүгнэсэнтэй холбоотой. Гэтэл дээрх баримтад “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-ний тал болсон “ХИ” ХХК, “СК” ХХК нь гэрээний төлбөр болох 595,095,000.00 төгрөгийг С.О-д өд шилжүүлэхдээ “ЭТЭЭ” ХХК-нд 484,000,000.00 шилжүүлсэн байдаг. “ХИ” ХХК, “СК” ХХК нь хувь хүн С.О-д өд олгосон орлого шилжүүлэхдээ суутганы үүргээ биелүүлж, татвар суутгасан дүнгээр буюу 484,000,000.00 төгрөгийг шилжүүлснийг шүүх анхаарч үзсэнгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0766 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “ЭТЭЭ” ХХК-иас “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-25220000093 дугаар нөхөн ногдуулалтын актаар “ЭТЭЭ” ХХК-д 249,996,863.49 төгрөгийн нөхөн татвар 75,181,207.78 төгрөгийн торгууль, 49,173,400.61 төгрөгийн алданги нийт 374,351,471.88 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснээс нэхэмжлэгчээс актын Тэмдэглэх хэсгийн 1, 2 дахь хэсэг буюу 2019 онд 595,095,000.00 төгрөгийн эрх борлуулсны орлогод татвар ногдуулан суутгаж тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд тусгаагүй зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр №2522400951 дугаартай “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-ын дагуу “ЭТЭЭ” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх заалтыг тус тус үндэслэн 249,996,863.49 төгрөгийн нөхөн татвар, 75,181,207.78 төгрөгийн торгууль, 49,173,400.61 төгрөгийн алданги, нийт 374,351,471.88 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №НА-25220000093 дугаартай актыг үйлдсэн байна.
2.3. Харин Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 40 дугаар тогтоолоор маргаан бүхий акт болох татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-25220000093 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хэвээр баталжээ.
2.4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“ЭТЭЭ” ХХК-ийн нийт энгийн хувьцааг өмчилж байсан С.О нь Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан, нийт хувьцааны 51%-ийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “ХИ” ХХК-д, үлдсэн хувьцааны 49%-ийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр “СК” ХХК-д тус тус худалдсан ба энэхүү хэлцлийн харилцаанд “ЭТЭЭ” ХХК оролцоогүй учир тус компанид суутган төсөвт төлөх үүрэг үүсэхгүй...” гэж, харин хариуцагчаас “...“ЭТЭЭ” ХХК нь арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч С.О 2018 онд “ХИ” ХХК-д 51 хувийг, 2019 онд “СК” ХХК-д 49 хувийг тус тус худалдсан болох нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ мөн дансны хуулгаар нотлогддог. Хяналт шалгалтаар 2019 онд энэхүү эрх борлуулсны орлогод татвар ногдуулан суутгаж тайлагнаагүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг зөрчсөн тул хариуцлага ногдуулсан” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
2.5. Нэхэмжлэгч “ЭТЭЭ” ХХК нь Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх №12900098 дугаар бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч байх ба Харилцаа холбооны зохицуулах хорооноос тус тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2027 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай сунгажээ.
2.6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно” гээд 8.1.2-т “эрх борлуулсны орлого”, мөн зүйлийн 8.2-т “Эрх борлуулсны орлогод дараахь орлогыг хамааруулна” гээд 8.2.1-д “эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого” гэж Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг” ойлгоно гэж, 17 дугаар зүйлийн 17.2-т “Албан татвар төлөгчийн дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна” гээд 17.2.7-д “эрх борлуулсны орлогод 30 хувиар” гэж, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээг тодорхойлсон ба 7.2 дахь заалтаар дараах үйл ажиллагаанд мөн албан татвар ногдуулна гээд 7.2.1-д “эрх борлуулах” гэж тус тус заасан тул арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “ЭТЭЭ” ХХК-ийн нийт энгийн хувьцааг өмчлөгч С.Отус компанийн нийт хувьцааг “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-ээр бусдад шилжүүлсэн байх тул эрх борлуулсны албан татвар ногдоно гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
2.7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “ЭТЭЭ” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч С.О тус компанийн хувьцааны 51 хувийг “ХИ” ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №559 тоот “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ээр хувьцааны нэгжийн үнийг 7.845.000 төгрөгөөр тооцон 400.095.000 төгрөгөөр худалдахаар, мөн гэрээний 4.1-д “Энэхүү гэрээний 2.3-д заасан нийт төлбөр болох 400.095.000 төгрөгийг хоёр талын 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан “NTN” телевизэд хөрөнгө оруулж хамтран эзэмших тухай санамж бичгийн хоёрдугаар зүйлд заасны дагуу төлж барагдуулах болно” гэж, мөн өдөр “ХИ” ХХК-тай байгуулсан №560 тоот “Эрх шилжүүлэх тухай” гэрээгээр ““ЭТЭЭ” ХХК-ийн нийт 100 энгийн хувьцааны 51 ширхэг хувьцаанд ногдох эрх, үүргийг шилжүүлэхээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав” гэж,
Мөн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр №716 тоот “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ээр “ЭТЭЭ” ХХК-ийн 49 ширхэг буюу 49 хувийн хувьцааг “СК” ХХК-д 195.000.000 төгрөгөөр худалдахаар, мөн гэрээний 2.4-д “Худалдан авах хувьцаанд тус телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний гэрчилгээ болон орон нутгийн зөвшөөрөл, бүх техник тоног төхөөрөмж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх оффисын түрээсийн зардал бүгд багтсан болно” гэж, мөн өдөр “СК” ХХК-тай байгуулсан №717 тоот “Эрх шилжүүлэх тухай” гэрээгээр ““ЭТЭЭ” ХХК-ийн нийт 49 энгийн хувьцааны 49 ширхэг хувьцаанд ногдох эрх, үүргийг шилжүүлэхээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав” гэж тус тус тохиролцон С.О-өөс “ЭТЭЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг дээрх компаниудад шилжүүлсэн байна.
2.8. Гэтэл “ЭТЭЭ” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан тус компанийн дүрмийн 5.2-т “компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 1,000,000 төгрөг ба нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг энгийн хувьцаа байна” гэж заасан байхад “ХИ” ХХК-д 51 ширхэг хувьцааг худалдахдаа хувьцааны нэгжийн үнийг 7.845.000 төгрөгөөр тооцон нийт 400.095.000 төгрөгөөр, харин “СК” ХХК-д 49 ширхэг хувьцааг 195.000.000 төгрөгөөр худалдсан төдийгүй тус худалдах, худалдан авах гэрээнд “Худалдан авах хувьцаанд тус телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний гэрчилгээ болон орон нутгийн зөвшөөрөл, бүх техник тоног төхөөрөмж...багтсан болно” гэсэн нь тухайн компаниудад хувьцаа худалдах замаар эрх борлуулсан гэж үзэхээр байна.
2.9. Энэ тохиолдолд хариуцагч Татварын улсын байцаагч нараас хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээгээр “ЭТЭЭ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх борлуулсан тул татвар суутган төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэгчид нөхөн ногдуулалтын акт ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Эрх борлуулсны орлогод дараахь орлогыг хамааруулна” гээд 8.2.1-д “эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого”-д татвар ногдуулах, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7-д “эрх борлуулсны орлогод 30 хувиар” гэж заасантай тус тус нийцжээ.
2.10. Тодруулбал, иргэн С.О өөрийн нэр дээрх эрхийг борлуулаагүй тул түүнийг эрх борлуулсны орлого олсон гэж үзэж хувь хүнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах боломжгүй, нөгөө талаас “ЭТЭЭ” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан “ХИ” ХХК, “СК” ХХК-иудын тухайд өөрсдийн нэр дээр эрх шилжүүлж аваагүй тул мөн суутган төлөгчийн үүргийг хүлээлгэх боломжгүй.
2.11. Иймээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хуульд заасан хэлбэрээр буюу хувьцаа шилжүүлэх замаар эрх борлуулсан байгаа энэ тохиолдолд мөн зүйлийн 8.2.2-т “хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлогод татвар ногдуулна” гэж заасантай адилтган үзэж эрх эзэмшигч нэхэмжлэгч компанид татвар ногдуулсныг буруутгах боломжгүй.
2.12. Нэгэнт эрх эзэмшигч хуулийн этгээдэд буюу “ЭТЭЭ” ХХК-д татвар ногдуулж байгаа тохиолдолд “ХИ” ХХК болон “СК” ХХК-д давхцуулан татвар ногдуулах үндэслэлгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
2.13. Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хууль /2006 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан “...2022 оны Улсын Дээд шүүхийн тогтоолоор уг маргаантай ижил төстэй эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл тус хуулийн өөрчлөлтөөс өмнөх үйл баримтыг дүгнэсэн шүүхийн шийдвэрийг энэ хэрэгтэй адилтган тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй.
2.14. Нөгөөтэйгүүр, нэгэнт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар эрх эзэмшигч хуулийн этгээдэд эрх борлуулсны орлогод нь 30 хувиар татвар ногдуулахаар хуульчилсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...“ЭТЭЭ” ХХК-ийн захирал С.О өөрийн өмчлөлийн 100 ширхэг хувьцааг дээрх компаниудад худалдаж орлого олсон, хариуцагч нар орлого олсон этгээдийг зөв тодорхойлоогүй” гэх гомдол үндэслэлгүй.
2.15. Мөн татварын улсын байцаагч нар маргаан бүхий актаар гэрээний үнийн дүнгээс тооцон татвар ногдуулсан нь зөв байх ба “ХИ” ХХК, СК” ХХК-иудын тухайд С.О-д тэй байгуулсан гэрээний дагуу төлбөрийг шилжүүлэхдээ татварт ноогдох хувийг суутган авч шилжүүлэлгүй татварт суутгуулсан гэж тайлбарлаж байгаа бол ийнхүү илүү төлсөн татвараа зохих журмаар шийдвэрлүүлэх эрхтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 766 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА