Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/683

 

                             

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Э.Чанцалням, шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00014 0703 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Д.М, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялыг өршөөн хэлтрүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүнсалаа ** тоотод “нялх хүүхэд дагуулаад архи уулаа гэж хэллээ” гэх шалтгаанаар Д.Н-тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь олон удаа цохих, гарыг нь хөших зэргээр зодон эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүг хамарсан цус хуралт, зүүн бугалга, ар нурууны цус хуралт, дээд эрүүний 2 шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүнсалаа ** тоотод “нялх хүүхэд дагуулаад архи уулаа” гэж хэллээ гэх шалтгаанаар Д.Н-тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь олон удаа цохих, гарыг нь хөших зэргээр зодон бие махбодод нь “баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүг хамарсан цус хуралт, зүүн бугалга, ар нурууны цус хуралт, дээд эрүүний 2 шүдний сулралбүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цаг 43 минутад ирсэн “энэ тоотод зодоон болоод байна” гэсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал), хохирогч Д.Н-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 08 цагийн орчим миний гар утас руу зүүн салаанд байдаг танил Ц залгаад гэрт ирээд хүүхдийн толгой бариад өгчих гэхээр нь би ийм эрт очиж чадахгүй орой яваад очъё гэсэн...орой 19-20 цагийн орчим зүүн салаанд Ц-ын гэрт очиход...С гэх хүүхэн хоёр нялх хүүхэд дагуулсан байсан болохоор нь би “миний дүү ийм жоохон хүүхэдтэй байж битгий архи уу” гэж хэлснээс болж тэр хүүхэн босож ирээд намайг орон дээр дараад миний нүүр лүү олон удаа гараараа цохиж зодсон. Бас миний зүүн гарыг өчөөд байсан...нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12, 20 дахь тал), гэрч Н.Ц-ын “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны орой М бид хоёр хоёр найзтайгаа нийлж архи уугаад юм яриад байж байхад Н “такси бариад ирлээ” гээд манайд орж ирсэн...Н М-т “чи харанхуй шөнө хүүхэдтэй явж байж архи уугаад байхдаа яадаг юм бэ” гээд хэлээд байсан...Тэгээд М, Н хоёр гэрт орж ирснээ гэнэт хоорондоо маргалдаж зодолдоод унасан. Арай хийж салаад Н цагдаа дуудсан. Би зодуулчихлаа гэж хэлсэн. М нь хүүхдүүдээ аваад явсан. Н-ийн нүд нь хөхөрсөн байсан, М-ийн биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан...М Н-ийн нүүрэн тус газар нь гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11987 дугаартай “...Д.Н-ийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүг хамарсан цус хуралт, зүүн бугалга, ар нурууны цус хуралт, дээд эрүүний 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Д.М нь мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нөхөртэйгөө маргалдаад хүүхдүүдээ аваад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны ** тоотод байх найз Ц-ын гэрт очиж 2-3 хоносон. 26-ны өдөр Ц бид хоёр нэг шил архи хувааж уугаад сууж байсан чинь Ц-ын хуурай эгч нь гэх эмэгтэй согтуу орж ирснээ “намайг нялх хүүхэдтэй явж байж архи уулаа” гэхээр нь би “найзтайгаа хамт юм яриад сууж байна, та жаахан чимээгүй байчих, хүүхэд унтаж байна” гэсэн чинь намайг хүүхдээ аваад явахгүй юу гэхээр нь би чамд ямар хамаатай юм гээд хэрэлдэж марган нэг нэгнийхээ үснээс зулгаасан. Би нүүрэн тус газар нь гараараа цохиж авсан чинь намайг зөрүүлээд цохисон...Намайг манай найзууд С гэж дууддаг миний хоч байгаа юм... Н-ийн биед учирсан гэмтэл шархыг би учруулсан...” гэж (хавтаст хэргийн 64 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...би нөхөртэйгөө муудалцаад найз Ц-ын гэрт түр амьдарч байсан. Хэрэг гарах өдөр би Ц-тай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Орой 9-10 цагийн үед Н гээд байгаа хүн согтуу, нэг залуутай хамт, 1 шил архи барьчихсан орж ирэн. Би сэтгэл санаагаар унаад нөхрийнхөө талаар яриад байж байсан чинь “чи яахаараа хүүхдээ дагуулаад архи, дарс уугаад яваад байдаг юм бэ” гэхээр нь би “за эгчээ уучлаарай, ийм зүйл болчихлоо” гэсэн чинь өөдөөс чанга орилоод байсан. Тэгээд л ийм хэрэг гарсан...” гэж мэдүүлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.М нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11987 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.М-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.Н-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Д.М-ийн хохирогчийг цохиж, зодсон үйлдэл болон хохирогч Д.Н-д учирсан баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүг хамарсан цус хуралт, зүүн бугалга, ар нурууны цус хуралт, дээд эрүүний 2 шүдний сулрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч, шүүгдэгч нар хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, харилцан үл ойлголцсоны улмаас гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Н нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ (хавтаст хэргийн 20 дахь тал) мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.М-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хугацаанд зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгч: “...дахиж ийм үйлдэл гаргахгүйн тулд хичээнэ...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 52-54 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 66-70 дахь тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 35 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дахь тал), хүүхэд асарсны тэтгэмж авдаг талаарх албан тоот (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн оршин суух тодорхой хаягтай, өөрийн нэр дээр эд хөрөнгө, тээврийн хэрэгсэлгүй, 7 сартай хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхэд асарсны тэтгэмжээс өөр орлогогүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, ялыг бүрэн биелүүлсэн хувийн байдлыг тогтоов.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн урьд мөн хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн боловч засрал аваагүй хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээнээс дээгүүр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-т гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар түүнд оногдуулсан ялын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 3 сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглолоо.

    1. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалтыг удирдлага болгон шүүгдэгч Д.М-т оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар түүнд оногдуулсан ялын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5.Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.М-т сануулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА