Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/232

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2022/0217/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б.Ч-,

Шүүгдэгч Г.Г.У- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.У-т холбогдох эрүүгийн 2118003360234 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.У-

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Г.У- нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын гадна талд гээгдүүлсэн иргэн Б.Б.Б-ийн эзэмшлийн Самсунг А-12 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлийнх гэдгийг  мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г.У-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2118003360234 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Б.Б-ийн өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим Дархан сумын 7 дугаар багт байрлах Буян захын гадна талд байрлах жижиглэнгийн бараа лангуу дээрээс худалдаа хийж байгаад өөрийн эзэмшлийн Самсунг А12 маркийн гар утсаа мартаж яваад буцаад нөгөө лангуу дээрээ хүрээд ирсэн чинь миний гар утас байхгүй байсан. Тэгээд өөрийнхөө гар утас руу залгаж үзэхэд миний утасны дуу нь зогсож байсан зүгээс хойд талд дуугарсан. Тэгэхээр нь би тэр зүг рүү яваад очиход дуу нь дуугарахаа больчихсон. Тэгээд нөхөртөө утсаа өгчхөөд машин руугаа очиж утсаа хайж үзэхэд машин дотор байхгүй байсан болохоор буцаж нөгөө жижиглэнгийн лангуу руу ирээд дахиад гар утас руугаа залгатал холбогдохгүй байхаар нь манай нөхөр бид хоёр яваад өгчихсөн. Самсунг А12 гар утас байсан. Манай нөхрийн дүү Мобикомоос 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 499.000 төгрөгөөр надад худалдаж авч өгсөн.” гэх мэдүүлэг /хх 18/,

 

Гэрч Д.Б- өгсөн: “...эхнэр бид 2 байж байтал нөгөө 2 хүн яваад 5-6 минутын дараа эхнэр нь буцаж ирээд гар утсаа алга болгочихсон байна. Танай лангуун дээр гар утсаа үлдээсэн үү гэж асуусан.Тэгэхээр нь би мэдэхгүй байна наад хавиараа хараараа гэж хэлсэн. Тэгээд би залгаж үзье дугаараа хэл гэсэн чинь би өөрөө залгана гээд өөрийнхөө гар утас руу залгаснаа дуудаж байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 20/,

 

Гэрч Ш.С- өгсөн: “...Би Дархан сумын 7 дугаар багт байрлах Буян захын автомашины зогсоол дээр машинаа тавьчхаад зах руу орж эд зүйл худалдаж авчхаад буцаж ирээд машинаа хөдөлгөөд явах гэтэл машины урд талд газарт утас байж байхаар нь би цуг явж байсан эхнэр Г.Г.У-ийг чи буугаад тэр гар утсыг авчих гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэр Г.Г.У- буугаад нөгөө машины урд газар байж байсан гар утсыг аваад...Би гар утас сайн мэддэггүй юм. Тэгээд манай эхнэр надад ийм гар утас байна гэж харуулахад тухайн гар утас том дэлгэцтэй, дэлгэцэн дээр нь мэдэрдэг гар утас байсан. Би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан би эхнэр Г.Г.У-ийг4-5 дугаар байрны гадаа буулгах хүртэл тухайн гар утас дуугараагүй байж байгаад манай эхнэр Г.У- тухайн гар утсыг аваад буучихсан.” гэх мэдүүлэг /хх 22/,

 

Гэрч С.О- өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай ээж Г.Г.У- Буян захын гаднаас Самсунг А12 маркийн гар утас олсон талаар хэлсэн. Тэгээд ээж Г.Г.У- тухайн өдөр өөрийн ажлын байран дээрээсээ өөрийн Хуавэй Ү-6 маркийн гар утсаа хулгайд алдсан юм. Тэгээд ээж Г.Г.У- нөгөө Буян захын гаднаас олсон гар утсанд өөрийн сим картыг сэргээж хийгээд ашиглаж байсан юм.” гэх мэдүүлэг /хх 26/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:

“Samsung А12” маркийн гар утас /хэрэглэж байсан/ 1ш нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 400000 төгрөг байна. /хх 31/,

 

Мобиком Корпораци ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/6933 дугаартай албан бичиг, хавсралт “...352307134************* IMEI кодтой утсанд ашигласан 95************* дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв.” /хх 54-55/,

 

Шүүгдэгч Г.Г.У-ийн хувийн байдлыг тогтоосон эзэмшил өмчлөлийн газартай эсэх тодорхойлолт /хх 59/, тээврийн хэрэгсэл эзэмшдэг талаарх тодорхойлолт /хх 64-65/, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 67-68/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 76/, оршин суух хаягийн лавлагаа /хх 92/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 96/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг янан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Г.Г.У- нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын гадна гээгдүүлсэн хохирогч Б.Б.Б-ийн эзэмшлийн Самсунг А-12 маркийн гар утсыг олж өмчлөгчид эргүүлэн өгөх, түүнчлэн холбогдох байгууллагад мэдэгдээгүй, өөрийн эзэмшилд авч гээгдэл эд хөрөнгийг завшсан үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Г.Г.У- нь хохирогч Б.Б.Б-ийн эзэмшлийн гээгдүүлсэн Samsung A12” маркийн гар утсыг завшсан болох нь хохирогч Б.Б.Б-ийн “...худалдаа хийж байгаад өөрийн эзэмшлийн Самсунг А12 маркийн гар утсаа мартаж яваад буцаад нөгөө лангуу дээрээ хүрээд ирсэн чинь миний гар утас байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 18/, гэрч Ш.С-  өгсөн: “...Би Дархан сумын 7 дугаар багт байрлах Буян захын автомашины зогсоол дээр машинаа тавьчхаад зах руу орж эд зүйл худалдаж авчхаад буцаж ирээд машинаа хөдөлгөөд явах гэтэл машины урд талд газарт утас байж байхаар нь би цуг явж байсан эхнэр Г.Г.У-ийг чи буугаад тэр гар утсыг авчих гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 22/, гэрч С.О- өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай ээж Г.Г.У- Буян захын гаднаас Самсунг А12 маркийн гар утас олсон талаар хэлсэн. ...Тэгээд ээж Г.Г.У- нөгөө Буян захын гаднаас олсон гар утсанд өөрийн сим картыг сэргээж хийгээд ашиглаж байсан юм.” гэх мэдүүлэг /хх 26/,  Мобиком Корпораци ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/6933 дугаартай “...9*********** Г.У-,” гэх албан бичгийн хавсралт /хх 54-55/ зэргээр хөдөлбөргүй нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Б.Б.Б- нь гээгдэл эд хөрөнгөө биед байдлаар буцаан авсан болох нь “Самсунг А-12 маркийн 352307134************, 356449144********* гэсэн имей дугаартай хар өнгөтэй, 2 сим картны оролттой, гар утас 1 ширхгийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөв.” гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Г.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д тус тус заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Г.Г.У-ийг торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Г.У- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.У-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.У-т шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ