| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2022/0222/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/235 |
| Огноо | 2022-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2022/0222/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагч Б.Ш.Б-,
Шүүгдэгч Ш.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б холбогдох эрүүгийн 2218000000247 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цутгагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш.Б-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б.Б.С-той маргалдан улмаар нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Маргах зүйл байхгүй.” гэв.
Эрүүгийн 2218000000247 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Б.С-ын өгсөн: “...бид хоёр архи хувааж уугаад дуусах дөхөж байх үед 13 цагийн орчим Ш.Б- намайг сандал дээр сууж байхад хөлөөрөө гэнэт миний нүүр лүү буюу зүүн талын хөмсөг рүү өшиглөөд авсан. Тэгсэн чинь шууд зүүн талын хөмсөг язраад цус гарсан. Тэгэхээр нь би цусаа тогтоох гээд байж байсан чинь дахиж миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон.” гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч Б.М- өгсөн: “...Ш.Б-ийн охин Б.У- намайг гаднаас дуудсан, тэгэхээр нь би гараад очтол 4 тоот өрөөнд Б.С- ах аав хоёр зодоон хийгээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өрөө рүү яваад ороход Б.С- ах ширээний урд газарт хэвтэж байсан. Ш.Б- ах босоод зогсчихсон, охин нь сугадаад зогсчихсон байдалтай байсан. Би ороод шууд Ш.Б- ахыг татаад гаргаад гэр лүү нь оруулсан.” гэх мэдүүлэг /хх 17/,
Гэрч Б.Б.У-гийн өгсөн: “...Хүүхдээ гадаа салхилуулж байсан чинь тус өрөөнд ширээ нүдээд байгаа юм шиг түжигнээд байгаа юм шиг дуу гараад байхаар нь яваад очтол Б.С- гэдэг хүн газар хэвтэж байсан. Харин аав маань хажууд нь зогсчихсон доошоо тонгойчихсон гараараа зангидаад далайчихсан цохих гээд байж байсан юм.” гэх мэдүүлэг /хх 19/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 525 дугаартай шинжээчийн дүгнэлт:
-Б.Б.С-ын биед зүүн хөмсгөнд шарх, нүүрэнд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
-Б.Б.С-ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 26-27/,
Шүүгдэгч Ш.Б-ийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оюутны дотуур байрны сахиул албан тушаалын тодорхойлолт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56-59/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх 69-71/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 86/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Ш.Б- нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б.Б.С-той тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд шарх, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогджээ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Б- нь хохирогч Б.Б.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн “...Ш.Б- намайг сандал дээр сууж байхад хөлөөрөө гэнэт миний нүүр лүү буюу зүүн талын хөмсөг рүү өшиглөөд авсан. Тэгсэн чинь шууд зүүн талын хөмсөг язраад цус гарсан. Тэгэхээр нь би цусаа тогтоох гээд байж байсан чинь дахиж миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон.” гэх мэдүүлэг /хх 14/, гэрч Б.Мөнгөнбаярын өгсөн: “...өрөө рүү яваад ороход Б.С- ах ширээний урд газарт хэвтэж байсан. Ш.Б- ах босоод зогсчихсон, охин нь сугадаад зогсчихсон байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх 17/, гэрч Б.Б.У-гийн өгсөн: “...яваад очтол Б.С- гэдэг хүн газар хэвтэж байсан. Харин аав маань хажууд нь зогсчихсон доошоо тонгойчихсон гараараа зангидаад далайчихсан цохих гээд байж байсан юм.” гэх мэдүүлэг /хх 19/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 525 дугаартай шинжээчийн дүгнэлт: Б.Б.С-ын биед зүүн хөмсгөнд шарх, нүүрэнд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” ” гэх дүгнэлт /хх 26-27/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.Б.С- нь “..Ш.Б- надад 7 хоногийн ажлын хөлс 108000 төгрөг, бариа хийлгэсний төлбөр болон эмчилгээнд 300000 төгрөг төлсөн. Ийм учраас надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар /хх 94/ өгсөн байх тул шүүгдэгч Ш.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан, чин санаанаас гэмшсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-эд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ш.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ