Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/236

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс:166/2022/0223/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Г.Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2218000000242 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эх дүү нарын хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.Б-,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 15- ны өдрөөс 04 дүгээр сарын 16-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Эрдэнэс плаза төвийн ойролцоо Н.Н.Д-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа зөвшөөрч байгаа. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2218000000242 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.Н.Д-ын өгсөн: “...Т- гэх нэртэй залуу нь надтай хэрүүл өдөөд намайг шууд баруун гараараа миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохиод шууд баруун хөлөөрөө миний зүүн талын ташаа хэсэг рүү өшиглөөд миний дээр гарч сууж байгаад хоёр гараараа миний нүүр рүү маш олон цохисон. Тухайн үед Т- намайг зодож байхад бид хоёрыг хажууд Б-, Т-, Т-, П-, П-гийн ах гэх хүмүүс байсан. Ингээд Т-г П- ах салгаад Эрдэнэс плазагаас зүүн урд зүгт байрлах альфа таун руу дагуулаад явахаар нь миний дургүй хүрээд араас нь очтол намайг Т- нь дахин газар унагааж байгаад миний дээр гарч сууж байгаад миний нүүр рүү хоёр гараараа нэлээн хэдэн удаа цохиход миний доод шүд хугарчихсан юм.” гэх мэдүүлэг /хх 16-17/,

 

 Гэрч Б.П- өгсөн: “...Н.Д- өөрөө эхэлж Г.Б-ын нүүр лүү нь алгадаад доороо оруулсан чинь Г.Б- доороос нь өргөж гаргаж ирж өөрөө босоод босоогоороо хоёр биеэ нүүр лүү нь цохиж эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх 24/,

 

 Гэрч Н.Б- өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд 00 өрөө орж байх явцдаа дүүгээ унтаж байхыг харсан чинь дэр нь цус болчихсон, амных нь завжаар цус гарсан, нүүр нь хавдсан, гадна талаар зулгаралт үүссэн, чихний ар яс нь хавдаад товойсон, толгойны орой хэсэг нь цустай болчихсон байсан. Тэгээд би дүү Н.Д-ыг татаж босгоод юу болсон талаар асуусан чинь Г.Б- гэх залуу намайг зодсон гэсэн.” гэх мэдүүлэг /хх 26/,

 

Гэрч О.Э- өгсөн: “...Г.Б-, Н.Д- хоёр дээр доороо ороод цохилцоод байсан. Нэг нэгийгээ яг хэдэн удаа хааш нь цохисныг сайн харж амжаагүй. Г.Б-, Н.Д- хоёр харилцан зодолдсон юм. ...Н.Д- хамар амнаас нь цус гарчихсан байсан. Г.Б- их согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх 28/,

 

Гэрч О.Т-гийн өгсөн: “...Н.Д- Г.Б-ын нүүр лүү нь цохих гээд гар нь онож өгөхгүй халтираад толгойны арагшаа болон баруун чих, зүүн шанаа хэсэг рүү нь цохисон. Мөн хөлөөрөө жийх үйлдэл гаргаад өөрөө унаад байсан... Харин Г.Б- Н.Д-ын дээр нь гараад нүүр лүү нь болон эрүү ам хэсэг рүү нь 6-7 удаа цохиод байсан. Н.Д-ын цээжин дээр нь суугаад хоёр гарыг нь хөдөлгөөнгүй болгочхоод цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх 30/,

 

Гэрч А.Т-гийн өгсөн: “...Н.Д-, Г.Б- хоёр нэг мэдсэн чинь маргалдаад байсан. Би Н.Д-ыг салгасан чинь над руу дайраад байсан. Тэгээд би тэврээд цааш нь түлхээд аваад явсан. Тэгээд Г.Б- руу дайраад байхаар нь хоорондоо учраа олог гээд орхисон чинь Альфа тауны тэр хавьд ахиад зодолдох гээд цохилцоод байсан.” гэх мэдүүлэг /хх 34/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 425 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

-Н.Н.Д-ын биед доод үүдэн баруун 1 дүгээр шүдний булгаралт, доод үүдэн баруун 2 дугаар шүд болон дээд үүдэн баруун шүдний цөгцний хугарал, доод зүүн 1,2 дугаар шүдний сулрал, эрүүл ясны түүшин сэртэнгийн хугарал хамар ясны хугарал, 2 нүдний дээд зовхи, толгойн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Доод үүдэн баруун 1 дүгээр шүд булгарсан буйлны ором нь хонхор, бүрэн түрж эдгэрээгүй, хамар ясны хугарал нь бороолоогүй, зөөлөн эдэд хаван хавдартай, нүүр, толгойн хуйханд хаван хавдартай, 2 нүдний дээд зовхины цус хуралт нь хөх ягаан өнгөтэй байх тул дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Доод үүдэн баруун 1 дүгээр шүд булгарч унасан, энэ түвшинд эрүү ясны түүшин сэртэн хугарсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Доод үүдэн  баруун 2-р шүд болон дээд үүдэн баруун 1-р шүдний цөгцний хугарал, доод үүдэн зүүн 1, 2-р сулрал, хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Доод үүдэн баруун 1-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. /хх 54-58/,

 

Шүүгдэгч Г.Г.Б-ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 84/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 86-87/, тээврийн хэрэгсэл эзэмшдэг бүртгэлгүй тухай тодорхойлолт, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд /хх 93-96/, суралцагчийн хөгжил, төлөвшлийн тодорхойлолт /хх 102-114/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Г.Г.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 15- ны өдрөөс 04 дүгээр сарын 16-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Эрдэнэс плаза төвийн ойролцоо Н.Н.Д-тай маргалдан зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогджээ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Г.Б- нь хохирогч Н.Н.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Н.Д-ын өгсөн: “...Т- гэх нэртэй залуу нь надтай хэрүүл өдөөд намайг шууд баруун гараараа миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохиод шууд баруун хөлөөрөө миний зүүн талын ташаа хэсэг рүү өшиглөөд миний дээр гарч сууж байгаад хоёр гараараа миний нүүр рүү маш олон цохисон. ...Т- нь дахин газар унагааж байгаад миний дээр гарч сууж байгаад миний нүүр рүү хоёр гараараа нэлээн хэдэн удаа цохиход миний доод шүд хугарчихсан юм.” гэх мэдүүлэг /хх 16-17/, гэрч Б.П- өгсөн: “...Н.Д- өөрөө эхэлж Г.Б-ын нүүр лүү нь алгадаад доороо оруулсан чинь Г.Б- доороос нь өргөж гаргаж ирж өөрөө босоод босоогоороо хоёр биеэ нүүр лүү нь цохиж эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх 24/, гэрч Н.Б- өгсөн: “...дүүгээ унтаж байхыг харсан чинь дэр нь цус болчихсон, амных нь завжаар цус гарсан, нүүр нь хавдсан, гадна талаар зулгаралт үүссэн, чихний ар яс нь хавдаад товойсон, толгойны орой хэсэг нь цустай болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх 26/, гэрч О.Эрдэнэбатын өгсөн: “...Г.Б-, Н.Д- хоёр дээр доороо ороод цохилцоод байсан. Нэг нэгийгээ яг хэдэн удаа хааш нь цохисныг сайн харж амжаагүй. Г.Б-, Н.Д- хоёр харилцан зодолдсон юм. ...Н.Д- хамар амнаас нь цус гарчихсан байсан. Г.Б- их согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх 28/, гэрч О.Т-гийн өгсөн: “...Н.Д- Г.Б-ын нүүр лүү нь цохих гээд гар нь онож өгөхгүй халтираад толгойны арагшаа болон баруун чих, зүүн шанаа хэсэг рүү нь цохисон. Мөн хөлөөрөө жийх үйлдэл гаргаад өөрөө унаад байсан... Харин Г.Б- Н.Д-ын дээр нь гараад нүүр лүү нь болон эрүү ам хэсэг рүү нь 6-7 удаа цохиод байсан. Н.Д-ын цээжин дээр нь суугаад хоёр гарыг нь хөдөлгөөнгүй болгочхоод цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх 30/, гэрч А.Т-гийн өгсөн: “...Альфа тауны тэр хавьд ахиад зодолдох гээд цохилцоод байсан.” гэх мэдүүлэг /хх 34/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 425 дугаартай шинжээчийн дүгнэлт: Доод үүдэн баруун 1 дүгээр шүд булгарч унасан, энэ түвшинд эрүү ясны түүшин сэртэн хугарсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Доод үүдэн  баруун 2-р шүд болон дээд үүдэн баруун 1-р шүдний цөгцний хугарал, доод үүдэн зүүн 1, 2-р сулрал, хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 54-58/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Н.Н.Д- нь “эмчилгээний зардал болох 3650000 төгрөгийг хүлээн авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар /хх 120/, хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх 121/ зэргээр шүүгдэгч Г.Г.Б- нь хохирол төлбөрөө төлж барагдуулсан нь тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Г.Б- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан байдал, хувийн байдлыг харгалзан улсын яллагч ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Б-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 120000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Г.Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ