Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/237

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс:166/2022/0224/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Ч.Болормаа,

Шүүгдэгч Г.Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2218001300256 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 35 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55'дугаар зүйлийн 551. 1-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Г.Б-

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г.Б- нь 2022 оны 2 дугаар сарын 06-ны орой ***************** тоотод Б.Б.Д-гийнд хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ Б.Б.Д-гийн “Самсунг А12” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй.” гэв.

” гэв.

 

Эрүүгийн 2218001300256 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Г.Г.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Бид нар хамт архи уугаад хамт уусан Б.Д-, О- 2 тасраад уначихаар нь би Б.Д-гийн хажууд байсан гар утсыг хулгайлаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх 47/,

 

Хохирогч Б.Б.Д-гийн өгсөн: “...танил болох бүтэн нэрийг нь мэдэхгүй Т-, О- нарын хамтаар ********************** гэртээ очиж 3 шил 0.75 л “Экс” нэртэй архи уусан. Би тэндээ тасраад унтчихсан байсан ба нэг сэрээд хартал хамт байсан Төрөө байхгүй О- хамт унтаж байсан. Тэгээд гараад эхнэр Б.Б.С-ын ажил дээр очих гэж яваад цаг харах гэтэл миний гар утас байхгүй байсан ба эргээд гэртээ очоод үзтэл байхгүй болсон байсан. Миний гар утас “Самсунг А12” маркийн хар өнгийн утас байсан.” гэх мэдүүлэг /хх 16-17/,

 

Гэрч О.А-н өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр лангуун дээрээ байж байгаад хүн багатай байхаар нь хаах гэж байтал 17 цаг 40 минутын үед санагдаж байна 30 гаран насны туранхай бор залуу орж ирээд “Самсунг А12” утас авах уу ажиллагаа хэвийн гэхээр нь үзтэл ямар нэгэн асуудалгүй утас байхаар нь 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Гар утасны эзэн надад мөнгийг өгсөн учир нэхэмжпэх зүйл, хохирол байхгүй.” гэх мэдүүлэг /хх 21/,

 

Гэрч Ц.Э- өгсөн: “...Б.Б.Д- буюу Д- нь манай нөхөртэй нийлж байнга архи уудаг залуу байгаа юм. Б.Д- над руу 2022 оны 3 сарын эхээр санагдаж байна “Г.Б- миний утсыг аваад зарчихсан байна” надтай нэг уулзуулаарай гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 23/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “Самсунг А12 маркийн 32GB багтаамжтай гар утас /хэрэглэж байсан/ 2022 оны 02 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 450000 төгрөг байна.” /хх 31/,

 

Шүүгдэгч Г.Г.Б-ийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 51-59/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч 2022 оны 2 дугаар сарын 06-ны орой ********************** тоотод Б.Б.Д-гийнд хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ Б.Б.Д-гийн “Самсунг А12” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450000 төгрөгийн буюу хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг хэлнэ.

Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг, хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч Г.Г.Б- нь хохирогч Б.Б.Д-гийн Самсунг А12 маркийн гар утсыг хулгайлсан болох нь хохирогч Б.Б.Д-гийн өгсөн: “...сэрээд хартал хамт байсан Төрөө байхгүй О- хамт унтаж байсан. Тэгээд гараад эхнэр Б.Б.С-ын ажил дээр очих гэж яваад цаг харах гэтэл миний гар утас байхгүй байсан ба эргээд гэртээ очоод үзтэл байхгүй болсон байсан. Миний гар утас “Самсунг А12” маркийн хар өнгийн утас байсан.” гэх мэдүүлэг /хх 16-17/, гэрч О.А- өгсөн: “...30 гаран насны туранхай бор залуу орж ирээд “Самсунг А12” утас авах уу ажиллагаа хэвийн гэхээр нь үзтэл ямар нэгэн асуудалгүй утас байхаар нь 200.000 төгрөгөөр худалдаж авсан. /хх 21/ гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Г.Б-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Бид нар хамт архи уугаад хамт уусан Б.Д-, О- 2 тасраад уначихаар нь би Б.Д-гийн хажууд байсан гар утсыг хулгайлаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх 47/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б.Д-д 450000 төгрөгийн хохирол учирсан ба хулгайд алдсан эд зүйлээ биет байдлаар буцаан авсан болох нь хавтаст хэргийн 13-р хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Г.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлж барагдуулсан ба улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцнэ.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Г.Г.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Шүүгдэгч Г.Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Б-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ