Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/244

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2022/0232/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Ихтамир, шүүгч Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Иргэдийн төлөөлөгч Б.Б.-А,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Х.Х.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ч-т холбогдох эрүүгийн 2218001570226 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт *********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х.Ч-

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Х.Х.Ч- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн *************давхрын шатан дээр Ю.Ю.Ү-тай маргалдан зэвсэг буюу отвёртка хэрэглэн түүний цээж тус газар хатгаж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Х.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр бол миний отвёртка. Бид хоёр орцонд утас янзалж байгаад, архи нэмж уух талаар ярилцаж байгаад картаа өгчих би архинд яваад ирье гэхээр нь би юу гэж чамд картаа өгдөг юм бэ гээд маргаснаас болсон гэв.

 

Хохирогч Ю.Ю.Ү-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ажлаас буугаад 11 цагийн үед гэртээ ирээд утсаар яриад уулзсан уулзахдаа уусан байсан. Тэгээд утаснаас болж маргаад ийм зүйл болсон. Миний бие одоо ажлаа хийгээд явж байгаа, ямар нэгэн гомдолгүй” гэв.

 

Шүүх хэргийн бодит байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмын дагуу яллах болон цагаатгах талуудаас шинжлэн судалсан нотлох баримтыг бүхий л талаас нь шинжлэн судлав.

 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Х.Х.Ч- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр *************** 04 давхрын шатан дээр Ю.Ю.Ү-тай “ архи авъя, картаа өгчих” гэснээс үүдэлтэйгээр маргалдаж отвёрткаар хатгаж түүний эрүүл мэндэд цээжний зүүн дээд хэсэгт хатгагдсан, цээжний хөндийг нэвтэрч уушги хатгагдсан шарх, цээжний зүүн хөндийд хий хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт: дотор эрхтнийг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол хүнд зэргийн гэмтэлд хамаарна гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно.

Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж заасан бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн зүйлийн 2.4 дэх хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгчийн гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоожээ.

 

Шүүгдэгч Х.Х.Ч-ын яллагдагчаар өгсөн: “...Ю.Ү- надаас урьд нь авч байсан гар утсыг дүүдээ өгчихсөн гээл LG маркийн гар утастай ирж байсан. Надад тэр гар утсаа өгөөд гэртээ оруулаад хэсэг цэнэглэчих гэсэн юм. Тийм болохоор би гэртээ оруулж гар утсыг нь цэнэглэчхээд Нокиа гаргаад ирэхэд тэр утас болохгүй байна гэхээр нь би халив буюу отвёртк гаргаж ирээд тухайн утсыг орцондоо шатан дээр суугаад задалж байхад хажуугаас Ю.Ү- картаа өгчхөөч гээд гуйгаад байсан. Би “чамд юу гэж картаа өгдөг юм харь, би гэртээ орж унтлаа, надад архины хэрэг байхгүй гэж хэлээд хаалгаа нээтэл ээж цаанаас гарч ирээд юун хүн оруулах гээд байгаа юм гэхээр нь цаанаа байж бай гэж хэлээд хаалгаа буцааж хаагаад орцонд Ю.Ү-тай маргалдаж эхлээд улмаар гар утас засаж байсан отвёрткаар цээжний зүүн хэсэг рүү нь нэг удаа хатгасан юм.” гэх мэдүүлэг /хх 89-90/,

 

Хохирогч Ю.Ю.Ү-ын өгсөн: “...Намайг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчим танил Х.Х.Ч- хүрээд ирээч гэж миний 95********* дугаарын утас руу залгаж дуудаад байсан. Ингээд би тэдний гэр болох ,,,,,,,,,,тоотод очсон. Бид хоёр эхлээд гар утас ярьж байсан болохоор гар утаснаас болоод маргалдсан гэж хэлсэн. Х.Ч- бид хоёр архинаас болж маргалдаад Х.Ч- миний цээж рүү үзүүртэй зүйлээр хатгасан.” гэх мэдүүлэг /хх 21-23/,

 

Гэрч Ю.Б- өгсөн: “...эгч Дагиймаа над руу залгаад Ю.Ү- цээж рүүгээ шөвөгдүүлсэн байна, амьсгалж чадахгүй байна гэсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос шууд Дархан руу гараад шууд тухайн шөнөдөө ирсэн юм. Би эмнэлэг дээр ирээд ах Ю.Ү-тай уулзахад биеийн байдал муу хагалгаанд орох гээд гуурс залгуулсан байсан. Хэнд хатгуулсан талаараа надад хэлж чадахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 25/,

 

Гэрч Д.Э- өгсөн: “...машиндаа ганцаараа сууж байхад зүүн талд эгэмний доод хэсэгтээ гараараа дараад гуйваад яваад байсан, тийм болохоор би машинаасаа буугаад зүрх нь өвдөөд байгаа юм болов уу гэж бодоод явж очоод тухайн хүнээс биеийн байдлыг нь тодруулахад надад хэлэхдээ миний зүрхний дээд хэсэгт эгэмний орчим хүн үзүүртэй зүйлээр хатгачихлаа гэсэн. Тийм болохоор би цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэхийг хүлээж байх хооронд ойролцоогоор 2 минут болоод нөгөө хүн газар унаад хэвтээд өгөхөөр нь би буцаж цагдаа руу залгаад би энэ хүнийг эмнэлэг рүү аваад очъё гэж хэлээд эмнэлэг рүү машиныхаа арын суудалд суулгаад хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх 34/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 275 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Ю.Ю.Ү-ын биед цээжний хатгагдсан шарх, зүүн уушгины бүрэн шалчийлт, цээжний хөндийн цусан хураа, цээжний зүүн хэсгийн арьсан доорх хийжилт тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Ю.Ю.Ү-ын биед илэрсэн гэмтэл нь 2022.02.28-нд үүссэн байх боломжтой.

-Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.” /хх 37-38/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 343 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Ю.Ю.Ү-ын биед цээжний зүүн дээд хэсэгт хатгагдсан, цээжний хөндийг нэвтэрч уушги хатгагдсан шарх, цээжний зүүн хөндийд хий хуралт бүхий гэмтэл үүсжээ.

-Цээжний зүүн дээд хэсгийн хатгагдсан шарх нь нарийн үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Гэмтэл нь босоо, суугаа, хэвтээ аль ч байрлалд үүсэж болно.

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүхээс үзэхэд уг гэмтэл шарх нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой байна. Уушгины хатгагдсан шархнаас цээжний зүүн хөндийд хий хуралт үүсэх хүндрэл үүсээд удаан байх боломжгүй, амь насанд аюултай байдал үүссэн тул энэ шинжээрээ шинэ гэмтэл болох нь тогтоогдож байна.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Тус гэмтэл шарх цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 49-50/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаартай дүгнэлт:

-Хар саарал өнгийн цамцны зүүн суганы оёдол хэсгээс баруун тийш 11 см зайд 0.2х0.2мм хэмжээтэй гэмтэл нь цоорхой үүссэн байна. Цагаан өнгийн богино ханцуйтай цамцны зүүн мөрний оёдлоос 4см зайд 0.2х0.2мм хэмжээтэй гэмтэл нь цоорхой үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь шовх, хатуу мохоо зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн 22 см хэмжээтэй отвёрткаар дээрх гэмтлүүд үүсгэгдсэн байх боломжтой.

-Шинжилгээнд ирүүлсэн 22см хэмжээтэй отвёрткаар дээрх гэмтлүүд үүсгэгдсэн байх боломжтой. /хх 69-70/,

 

Хохирогч Ю.Ю.Ү-ын эмчилгээний талаарх баримтууд /хх 93-99/ зэрэг болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Х.Х.Ч-ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлт дуусгавар болсон бүртгэлийн лавлагаа, эзэмшил өмчлөлийн газартай эсэх лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа,  /хх 100/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд /хх 114-126/ зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.

 

Шүүгдэгч Х.Х.Ч-ын гэмт үйлдэлд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Х.Х.Ч- нь хохирогч Ю.Ю.Ү-ын эрүүл мэндийн халдашгүй байх эрхэнд халдаж цээжин тус газарт отвёрткаар хатгасан үйлдлийн улмаас учирч болох хохирлыг ухамсарлан ойлгож, мэдсэн, улмаар хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Б.-А нь шүүгдэгч Х.Х.Ч-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлт гаргасан болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ю.Ю.Ү- нь эм, эмчилгээний зардалд 538600 төгрөг, 10 хоногийн ажлын хөлс нийгмийн даатгал 120000 төгрөг, гар утас эвдэрсний төлбөр болон бусдад зардалд 2141637 төгрөг нийт 2680237 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгчээс 1000000 төгрөгийг төлж, хохирогч Ю.Ю.Ү- шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үлдэх 1680237 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон. 

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Х.Х.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогч Ю.Ю.Ү-ын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэхэд харшлах шалтгаангүй гэж үзлээ.

            Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Х.Х.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг отвёртка, хар хөх өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн нимгэн даавуун хагас ханцуйтай цамц 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Х.Х.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Ч-т оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг отвёртка, хар хөх өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн нимгэн даавуун хагас ханцуйтай цамц 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Х.Ч-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

 

 

                                                       ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР

 

 

                                                        ШҮҮГЧ                                 Н.ИДЭР