Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0067

 

 

С.Амарсанаагийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч С.Амарсанаа

Нэхэмжлэгч: С.Амарсанаа

Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “С.Амарсанаа миний эзэмшиж байсан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/450 дугаар захирамжтай Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Баян давааны ард олгосон 3 га газрыг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар хүчингүй болгосон, уг захирамжийн С.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 44 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийтунгалаг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 123/2023/0031/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Амарсанаагаас хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан “С.Амарсанаа миний эзэмшиж байсан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/450 дугаар захирамжтай Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Баян давааны ард олгосон 3 га газрыг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар хүчингүй болгосон, уг захирамжийн С.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Амарсанаагийн эзэмшиж байсан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/450 дугаар захирамжтай Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Баян давааны ард олгосон 3 га газрыг 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар хүчингүй болгосон, уг захирамжийн С.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч С.Амарсанаа дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.9 дэх хэсэгт “...Газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, байгууламж, зам талбай бариагүй болох нь тогтоогдсон байна...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс газар дээр 2017 онд хашаа барьсан буюу төмөр шонтой төмөр торон хашааг 13.920.000 төгрөгөөр худалдаж авч газар дээрээ барьсан, мөн хашааны сахиул, цалин өгч харуулж байсан зэрэг тайлбарыг гаргаж байсан болон дансны хуулгаар нотолсон байдаг. Өөрөөр хэлбэл газрыг 2017 оноос хойш хөрөнгө, мөнгө зарцуулан ашиглаж байсан байхад шүүх огт ашиглаагүй мэтээр буюу заавал барилга байгууламж бариагүй тул ашигласан гэж үзэхгүй гэх агуулга бүхий хэт өрөөсгөл ойлголтоор хэргийг шийдвэрлэсэн. Тухайн газарт нэхэмжлэгч нь хөрөнгө заран хашаа барьж, харуулд олон жил цалин өгч харуулж байгаа тул газрыг ашигласан гэж үзэхээр байна.

 

3.2. Нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрт 2016 оноос хойш 2019 оныг хүртэлх хугацаанд нийт 4.440.000 төгрөгийг төлсөн. Гэтэл хариуцагч тал газрын төлбөрийг төлөөгүй гэх ор үндэсгүй тайлбарыг гаргаж маргасан бөгөөд шүүх газрын төлбөр төлсөн эсэх тал дээр хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байна. Тодруулбал 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/330 дугаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн гол нэг үндэслэл нь газрын төлбөр төлөөгүй бол хүчингүй болгохоор захирамжилсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч би газрын төлбөрийг тогтмол төлж байсан буюу харин ч газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсны дараа ч төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт дурьдагдсан газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байхад шүүх хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй нь үндэслэл муутай.

 

3.3. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үндэслэлдээ удаа дараа дурьдах боловч нотлох баримтыг буруу, дутуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Учир нь хэрэгт цугларсан баримтаар дээр дурьдсан газрын төлбөрийг төлсөн баримт авагдсан байхад огт дүгнээгүй, мөн хэрэгт 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 07/663 дугаар чиглэл хүргүүлэх тухай Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албан бичиг нотлох баримтаар авагдсан байхад шүүх хэрэгт хамааралтай холбогдолтой талаас нь үнэлээгүй байна. Уг нотлох баримтад “...Уг захирамжийг хүчингүй болгох хэсэгт үндэслэсэн Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 19:04:031/221 тоот албан шаардлагыг татан авч үзэхэд иргэн С.Амарсанаагийн 2015 оны А/450 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар хүчингүй болгохоор дурьдагдаагүй... ” гэх нотлох баримт авагдсан байхад шүүх огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

3.4. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзал, үндэслэлээ нотлох, хүсэлт гаргаж нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах эрх нь нээлттэй. Гэтэл сонсох ажиллагаа хийсэн болон суманд хуулбар байгаа учраас шүүх рүү хүргүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, сонсох ажиллагааг хийсэн бол баримтаар нотлох боломжтой байхад шүүхэд утгагүй тайлбарыг хийж, шүүх үндэслэл муутай дүгнэлт хийсэн.

 

3.5. Нэхэмжлэгч ...газрын эзэмших эрх зөрчигдсөн болохыг мэдээгүй газрын төлбөрийг төлсөн болон сүүлд 2 жилийн дараа газрын төлбөрийг төлөхөөр очихдоо мэдэж байгаагаас үзэхэд хариуцагч хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй болох нь нотлогдож байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар эзэмшигч С.Амарсанаа надад дээрх хуульд заасан хэлбэрээр мэдэгдээгүй, мөн энэ талаар баримтжуулах үүрэг болгосон боловч хариуцагч нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Гэтэл шүүх хэт нэг талыг баримталж, хариуцагч тал маргаан бүхий захиргааны актыг надад хэрхэн яаж мэдэгдсэн болон сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй хууль зөрчсөн байхад хууль зүйн дүгнэлтийг хийж чадалгүй, илт үндэслэл муутай шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 123/ШШ2023/0044 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч С.Амарсанаагаас “С.Амарсанаа миний эзэмшиж байсан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/450 дугаар захирамжтай Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Баян давааны ард олгосон 3 га газрыг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар хүчингүй болгосон, уг захирамжийн С.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасан.

 

3. Маргаан бүхий Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.1.7 дахь заалт, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 02 дугаар тогтоол, Үндэсний аудитын газрын харьяа Төв аймгийн Аудитын газрын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ТӨАГ-2017/02-НА-01/111 тоот албан шаардлага, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 19-04-031/221 тоот албан шаардлага зэргийг үндэслэн 2008, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016 онд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй олгогдсон болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр буюу түүнээс дээш жил ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй 101 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон жагсаалтын 70 дугаарт нэхэмжлэгч С.Амарсанаагийн газар эзэмших эрх багтсан байна.

 

4. Анхан шатны шүүх “...Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/450 дугаар актаар газар эзэмших эрх үүсч, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан бол энэ хугацаанаас хойш 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл уг газар дээрээ нэхэмжлэгч нь хашаа барьсан гэхээс өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, ... газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, байгууламж, зам талбай бариагүй болох нь тогтоогдож байна, ... нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг зөрчсөн” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

5. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

 

6. Тодруулбал, хэрэгт маргаан бүхий акт болох Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжийн үндэслэл болсон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 02 дугаар тогтоол, Үндэсний аудитын газрын харьяа Төв аймгийн Аудитын газрын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ТӨАГ-2017/02-НА-01/111 тоот албан шаардлага, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 19-04-031/221 тоот албан шаардлага болон нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа газрын дуудлага худалдаа, төсөл, сонгон шалгаруулалт зарласан эсэх зэрэг баримтууд авагдаагүй байхад шүүхээс шууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь буруу. Өөрөөр хэлбэл шүүх хэргийн оролцогч нарын маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах шаардлагатай нөхцөл байдлыг бүрэн тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх байтал ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

7. Хэрэгт авагдсан Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 07/663 дугаартай албаны бичигт “...захирамжийг хүчингүй болгох хэсэгт үндэслэсэн Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 19-04-031/221 тоот албан шаардлагыг татан авч үзэхэд иргэн С.Амарсанаагийн 2015 оны А/450 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар хүчингүй болгохоор дурдагдаагүй бөгөөд Төв аймгийн Аудитын газрын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ТӨАГ-2017/02-НА-01/111 тоот албан шаардлага нь байхгүй байгаа тул иргэний газрын хувийн хэргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн эсэхийг судлан үзэж иргэнд албан бичгээр хариу өгнө үү” гэж дурдагдсан, харин анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...330 дугаартай шийдвэрт тусгагдсанаар холбогдох Аудит болон Мэргэжлийн хяналтын газрын албан шаардлагыг үндэслэсэн. Аудитын албан шаардлагад С.Амарсанаагийн газар багтсан байдаг...” гэж мэдүүлсэн зэрэг зөрүүтэй үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг албан шаардлага хэрэгт авагдаагүйгээс шүүх дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

 

8. Түүнчлэн анхан шатны шүүхээс 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 426 дугаар албан бичгээр “...Төв аймгийн Эрдэнэ суманд 2015 онд газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарласан шийдвэр, холбогдох баримт болон тус сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, С.Амарсанаагийн 18692299002990 нэгж талбарын дугаартай газрын хувийн хэрэг” зэргийг нотлох баримтаар гаргуулахаар Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна.

 

9. Гэтэл дээрх албан бичгийн биелэлт хангагдаагүй, холбогдох баримтууд нотлох баримтаар ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн төдийгүй нэхэмжлэгч С.Амарсанаад анх маргаан бүхий газрыг ямар зориулалтаар олгосон, тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан, газрын хувийн хэрэг болон газар эзэмших эрх дуусгавар болгох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж, улмаар маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх нь хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

10. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.

 

11. Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагчийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, сумын газрын даамал гэж хариуцагчийг зөрүүтэй бичсэн байгааг анхаарвал зохино.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА