Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/692

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Г.Мөнхтүвшин, шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1001 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Ж.Д, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 79 дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ж.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрчим худалдааны төвийн хажуу талын Приус засварын үүдэнд “чи яахаараа манай нөхрийг түлхдэг юм” гэх зүйлээр шалтаглан иргэн Х.Э-ийн нүүр хэсэг рүү гар утас шидэж биед 3 шүдний булгарал, буйл, уруулд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Ж.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрчим худалдааны төвийн хажуу талын Приус засварын үүдэнд “чи яахаараа манай нөхрийг түлхдэг юм” гэх зүйлээр шалтаглан иргэн Х.Э-ийн нүүр хэсэг рүү гар утас шидэж, бие махбодод “3 шүдний булгарал, буйл, уруулд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Х.Э-ийн “..2022 оны 05 дугаар сарын 03-ны Эрчим төвийн үүдэнд аав Х-ын хамтаар машиндаа сууж байсан. Тэгтэл үл таних 3 хүн (1 эрэгтэй, 2 эмэгтэй) хүрч ирээд “таксинд явах уу” гэхээр нь би “та нар хаашаа явах юм” гээд асуусан чинь нэг эрэгтэй нь “миний хаашаа явах чамд ямар хамаатай юм бэ” гээд байхаар нь миний дургүй хүрээд “би явахгүй” гээд машины гадна зогсож байсан. Тэгтэл нөгөөх залуу хүрч ирэхээр би түүнийг цээж хэсэгт түлхэж өөрөөсөө холдуулсан. Тэр үед нөгөөх залуу өөдөөс дайраад агсраад байсан. Тэгтэл хамт явж байсан Д гэх нэртэй эмэгтэй нь “чи яахаараа манай нөхрийг түлхдэг” юм гээд хэрүүл хийж байгаад 2-3 метрийн зайнд зогсож байхад над руу утас шидэхэд миний ам хэсэгт оносон. Түүний дараа миний 3 шүд унасан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дэх тал), гэрч Ж.Х-ын “...үл таних хоёр залуу, хоёр эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтайгаар ирсэн. Тухайн хүмүүс “таксинд явах уу” гэж манай хүүхдээс асуусан. Манай хүүхэд “хаашаа явах вэ” гэж асуухад “Цамбагарав орно” гэж хэлж байсан. Тэгтэл нэг залуу нь “хаашаа явах нь чамд ямар хамаатай юм бэ” гээд агсраад согтуурхаад дайраад байсан. Манай хүүхдийг нөгөө агсраад байсан залуу хэд хэд цохиод авсан ба би дундуур нь орж салгасан. Тэд нар маргалдаж байгаад тус агсраад байсан залуугийн эхнэр бололтой нэг эмэгтэй гартаа барьж байсан утсаа манай хүү рүү чиглүүлээд шидсэн. Тэгтэл манай хүүгийн үүдэн доод шүд хэсэгт оноод 3 ширхэг шүд унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), гэрч Л.М-ийн “...манай хамаатны дүү Ц нь өөрийн эхнэр Д, үл таних эмэгтэй хүний хамтаар 08 цагийн орчимд бага зэрэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн. Бид нар манай ажил дээр Соёрхол гэх нэртэй 0.5 литрийн архийг дөрвүүлээ хувааж ууж байгаад тэр хэд явах болсон. 11 цаг 30 минутын орчимд манай ажлын үүдэнд зогсож байсан, зүс таних Приус машинтай залуутай уулзуулчхаад би өөрийн дугуй засвартаа ороод байж байтал нөгөө хэд маргалдаад байх шиг байхаар нь би нэг хүний дугуйг засчхаад гараад очсон чинь нөгөөх таксины жолооч гэх зүс таних залуугийн шүд нь хугарчихсан байсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал), гэрч Б.Ц-ийн “..тухайн үед манай эхнэр уурлаад жолооч залуу руу утсаа шидсэн. Намайг өмөөрөөд, мөн дээрээс түүнийг жолоочийн аав гэх эрэгтэй түлхэж унагасны улмаас тэр уурандаа шидсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6601 дугаартай “...Х.Э-ийн биед 3 шүдний булгарал, буйл, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 67-68 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Ж.Д нь яллагдагчаар “....такси хөлслөх гээд нэг Приус маркийн машин дээр очиход км нь 2000 төгрөг гэж хэлсэн. Манай нөхөр өдрийн цагаар 1500 төгрөгөөр явдаг биз дээ гэхэд тэгвэл тэр унаандаа суу гэсэн. Тэгээд манай нөхөр, тэр жолооч хоёр муудалцаж, барилцаж авсан. Би салгах гэж очтол жолоочийн аав нь гэх настай хүн нийлээд манай нөхөр лүү дайраад байсан. Би уурандаа босож очоод гар утсаа жолооч руу шидсэн. Жолооч миний шүд уначихлаа гэж байсан...” гэж (хавтаст хэргийн 81-82 дахь тал) мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байсан болно.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Прокурорын хяналтын шатанд яллагдагч Ж.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд прокурор түүний хүсэлтийг хүлээн авч, түүнтэй эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохирч, яллагдагч прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 17.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журамд нийцсэн байна.

Шүүгдэгч Ж.Д нь дээд боловсролтой монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6601 дугаар дүгнэлтээр хохирогч Х.Э-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.Д-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Х.Э-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүгдэгч Ж.Д-ийн хохирогчийн нүүр рүү гар утас шидсэн үйлдэл болон хохирогч Х.Э-д учирсан 3 шүдний булгарал, буйл, уруулд цус хуралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Х.Э нь “хохирлоо бүрэн авч дууссан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Д-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ж.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ж.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 93 дахь тал), байнга оршин суугаа газрын лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 94 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 87 дахь тал), эрүүл мэндийн даатгал төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 88-90 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 91 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 95-99 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

            2.2.       Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Д нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогч Х.Э-д 8,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ж.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Д-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Д нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогч Х.Э-д 8,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА