| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2018/00333/И |
| Дугаар | 00833 |
| Огноо | 2018-04-12 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 00833
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 23-р хороо, Овоотын 71-р гудамж, 19 тоотод оршин суух, Монгол овогт Пүрэвдоржийн Э/РД:/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Нарны гүүр, Жи эс тауэр, 8-р давхар, 802 тоотод байрлах, “МД” ХХК/РД: /-д холбогдох
2 240 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Оюунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие П.Э 2015 оны 05-р сард “МД” ХХК-д цахилгаанчинаар ажилд орж, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 5, 6, 7-р саруудад ажилласан болно. “МД” ХХК-д 8 сард дахин гэрээ байгуулж, 8, 9-р саруудад Хэнтий аймгийн Биндэр суманд цахилгаанчин албан тушаалд ажилласан.
Дараах саруудад ажилласан хоногийн цалин хөлсөө авч чадаагүй байгаа тул 2015 оны 07 сарын 7 хоногийн цалин 280 000 төгрөг, 2015 оны 8 сарын 31 хоногийн цалин 1 240 000 төгрөг, 2015 оны 9 сарын 10 хоногийн цалин 400 000 төгрөг, 2015 оны 10 сарын 8 хоног 320 000 төгрөг, 2016 болон 2017 онуудад удаа дараа очиж цалингийн талаар асууж, нэхэмжилж, шаардаж байсан ба тухай бүрд санхүүжилт байхгүй, хариуцсан захирал солигдсон, 6-р сарын дундуур наадмын дараа, өмнө гэх мэтээр өдийг хүрч байна. Энэ байдал нь хөлсөөр ажиллах гэрээг зөрчиж байгаа тул нэхэмжлэл гаргаж байна.
Иймд миний бие П.Э 7, 8, 9, 10-р саруудад ажилласан нийт хоногийн цалин хөлс болох 2 240 000 төгрөгийг “МД” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч П.Эын өмгөөлөгч Ц.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Э нь 2015 оны 5-р сарын 9-ний өдөр хариуцагч компанитай хөлсөөр ажиллах гэрээ байгуулаад 5 болон 6-р сарын цалин хөлсөө аваад 7-р сард цалингаа дутуу авсан. Хөлсөөр ажиллах гэрээний 1.1 дэх хэсэгт цахилгаанчинаар, 1.1.3 дахь хэсэгт цалин хөлсийг өдрийн 40 000 төгрөгөөр тохирсон байдаг. А тал буюу хариуцагч компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажлын хөлс өгөөгүй учраас үлдэгдлэл цалин хөлс болох 2 240 000 төгрөгийг нэхэмжилж байна. 2015 он, 2016 он, 2017 онд цалин хөлсөө авах талаар удаа дараа шаардаж байсан. Энэ хүн хийсэн ажлынхаа хөлсийг л нэхэж байна. Иргэний хуулийн 359-р зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хийсэн ажлын хөлсийг хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч “МД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд нэхэмжлэгч П.Эын зүгээс хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан цалин 2 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг танилцаж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Нэхэмжлэгч П.Эоос тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа бөгөөд Хөлсөөр ажиллах гэрээгээр “МД” ХХК-д ажиллаж байсан гэх атлаа нэхэмжлэлийн шаардлага нь цалин 2 240 000 төгрөг гаргуулна гэх бөгөөд, энэхүү үнийн дүнг тодорхойлохдоо 2015 оны 7 сард 7 хоног ажилласан цалин 280 000 төгрөг, 2015 оны 8 сард 31 хоног ажилласан цалин 1 240 000 төгрөг, 2015 оны 9-р сард 10 хоног ажилласан цалин 400 000 төгрөг, 2015 оны 10-р сард 8 хоног ажилласан цалин 320 000 төгрөг буюу нийт 2 240 000 төгрөгийн цалин гаргуулна хэмээн тооцож, тодорхойлсон нь ойлгомжгүй байгаа бөгөөд Хөлсөөр ажиллах гэрээний дагуу хөлс нэхэмжилж байгаа юу эсвэл Хөдөлмөрийн харилцаанаас үүсэлтэйгээр цалин нэхэмжилж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Учир нь Иргэний хуулийн 359-р зүйлд “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний харилцааг зохицуулсан байх бөгөөд 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээ”-ээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 360.1-д “... ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж өгсний дараа төлнө” гэж тус тус зохицуулсан байдаг тул нэхэмжлэгч П.Э нь Хөлсөөр ажиллах гэрээний дагуу хөлс нэхэмжилж байгаа бол тус гэрээний дагуу тохиролцсон ажил, үйлчилгээг зохих ёсоор гүйцэтгэсэн гэдгээ нотлосны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага гаргах нь зүйтэй болов уу гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Хөлсөөр ажиллах гэрээ гэж байгуулсан боловч ямар ажлыг хаана хийсэн нь тогтоогдохгүй байна. Ажлыг хэдэн хувьтай яаж гүйцэтгэсэн талаар баримт байхгүй байна. Компанийн зүгээс олгосон 2 295 000 төгрөгийг хийсэн ажилд нь тохирсон хөлс олгосон гэж үзэж байна. Ийм учраас 2 240 000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан 2 240 000/хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “МД” ХХК хийсэн ажилд нь тохирсон хөлс олгосон гэж маргасан.
2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “МД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргалд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “МД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргалын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2015 оны 08 дугаар сард Хөлсөөр ажиллах гэрээ/цаашид “Гэрээ 1” гэх/, 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хөлсөөр ажиллах гэрээ/цаашид “Гэрээ 2” гэх/ байгуулсан болох нь Гэрээ 1, Гэрээ 2-р тогтоогдож байна.
Гэрээ 1-ийн 1-ийн 1.1, Гэрээ 2-ын 1-ийн 1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хэрэгжүүлж байгаа төсөлд цахилгаанчинаар ажиллах, хариуцагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус Гэрээ 1, Гэрээ 2 нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний шинжтэй байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь ... ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг ... хүлээнэ.” гэж заасан.
Гэрээ 1, Гэрээ 2 нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015 оны 07 дугаар сарын 7/долоо/ хоногийн хөлс 280 000/хоёр зуун наян мянга/ төгрөгийг, 2015 оны 8 дугаар сарын 31/гучин нэг/ хоногийн хөлс 1 240 000/нэг сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг, 2015 оны 9 дүгээр сарын 10/арав/ хоногийн хөлс 400 000/дөрвөн зуун мянга/ төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 8/найм/ хоногийн хөлс 320 000/гурван зуун хорин мянга/ төгрөгийг, бүгд 2 240 000/хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-т “... ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө.” гэж заасан.
Гэрээ 1, Гэрээ 2-т нэхэмжлэгчийн гүйцэтгэх ажлын төрөл, хэмжээ, хугацаа, ажлын нийт хөлсийг заагаагүй болох нь Гэрээ 1, Гэрээ 2-р нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь Гэрээ 1, Гэрээ 2-т заасан ямар төрлийн ажлыг, хэдий хугацаанд гүйцэтгэсэн талаар болон хариуцагчаас нийт хэдэн төгрөгийн хөлс авахаар тохиролцсон болохоо нотлохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлохгүй байна.
Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ажлын хөлсийг дутуу төлсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагчаас ажлын хөлсөд бүгд 2 240 000/хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МД” ХХК-иас бүгд 2 240 000/хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч П.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ