Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/478

 

 

 

    2022            06           20                                      2022/ШЦТ/478                             

                                                                                                                     

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ч-ийн З-д холбогдох эрүүгийн 22020 0077 0037 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч М.Энхбаатар, шүүгдэгч Ч.З, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг биеэр эдэлж байгаад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 172 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 03 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Ч-ийн З /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.З нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Агниста хотхоны 99 дүгээр байрны 35 тоотод байх гэртээ болон мөн өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан “Мөс” гэх нэршилтэй метамфетамины /methamphetamine/ агууламжтай, цэвэр жин нь нийт 36.046 грамм хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ч.З-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ сонсгосон ялыг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлж ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн үед Б.Явуухулангийн дүү гэх эмэгтэй надтай утсаар яриад “мөс гэх нэршилтэй зүйлийг Хархорин захын тэндээс аваарай” гэхээр нь очиж авсан. Эрин хорооллын тэндээс очиж авсан ба 19 цагийн үед телеграммаар зураг явуулаад, тавьсан байршлаа явуулсан байсан. Тэгээд би тэр зүйлийг аваад гэртээ ирээд задалж үзэхэд 3 хэсэгт хуваагаад хар уутанд хийчихсэн байсан.

Би нөгөө хүнээс “яагаад ийм их мөс байгаа юм бэ” гэхэд “ахаа, 2-3 хүнд өгөх юм” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “ийм зүйл би хийж чадахгүй шүү, өмнө нь хэрэгт холбогдож байсан” гэж хэлсэн. Энэ үед Н.Т орж ирсэн. “1XBET” тоглоомын теллер Б.Хуланд өгөх ёстой мөнгийг авахаар ирсэн байсан. Би нөгөө хүнтэйгээ дахин холбогдох гэсэн боловч гэрт хүн байсан болохоор айгаад, гэрээсээ гарч Наадам центрийн Хаан банкны АТМ-ээс мөнгө хийх гэж явж байгаад баригдсан. Би энэ мөс гэдэг зүйлийг надад хэн явуулсныг мэдэхгүй байгаа юм.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 22020 0077 0037 дугаартай хэргээс:

 

1. 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 00 цаг 02 минутад Toyota Prius 20 маркийн 22-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 03-04, 05-09 дэх тал), 

 

2. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Агниста хотхоны 99 дүгээр байрны 35 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 10-11, 12-17 дахь тал), 

 

3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 18-19, 20-23, 24 дэх тал), 

 

4. Ч.Згийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 38-41 дэх тал), 

 

5. Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримт (хэргийн 33-35, 36-38 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Прокурорын 2022 оны 02 дугаар 01-ний өдрийн 41 дугаартай тогтоол (хэргийн 1-р хавтас 49-50 дахь тал),

 

7. Эрүүгийн 22020 0077 0037 дугаартай хэрэгт Ч.Згийн гэрт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан:

“№1” гэж дугаарласан зиплок ууттай 2.6 грамм нунтаг цагаан мөс мэт зүйл, 2 гэж дугаарласан зиплок ууттай 11.1 грамм мөс мэт зүйл, 3 гэж дугаарласан зиплок ууттай 16.1 грамм мөс мэт зүйл, 4 гэж дугаарласан зиплок ууттай 11.1 грамм мөс мэт зүйл, цахилгаан жижиг жин, цаасан хайрцагтай эвдэрхий кофе чанагч зэрэг эд зүйлд үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцсон 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 1-р хавтас 51, 52, 54-55 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Тий гэрчээр өгсөн:

“...Өнөөдөр 19 цагийн үед байх танил ах Ч.З фейсбүүкээр харилцаад, “хүрээд ирээч, ах нь гэртээ ганцаараа байгаа, тамхилъя” гэхээр нь би гэрт нь 19 цаг өнгөрч байхад очсон. Гэрт нь ороход Ч.З ах ганцаараа байсан ба бид хоёр юм ярьж тамхилсан. Ч.З ах ариун цэврийн өрөөнд тамхилж байхдаа “ах нь дансаар чинь гүйлгээ хийж магадгүй” гэж хэлсэн. Тэгээд надад мөс харуулсан ба би сонирхоод “хэрэглэж үзье” гэхэд зөвшөөрсөн.

Ч.З ах нунтаг мөс гаргаж ирээд, жижиг шилтэй соруултай зүйлийг доороос нь халаагаад гарсан утааг сорж байсан. Би тэр утаанаас хоёр гурван удаа сорсон, уг мөсийг татахад бие арзайгаад, гоё ч юм шиг мэдрэмж төрөөд байсан.

Тэр үед Ч.З ах “мөс сонирхсон хүн чамд байдаг уу” гэхээр нь “ахаа, би энэ мөс хэрэглэдэг хүмүүсийн хүрээллийг сайн мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд саарал өнгийн жин гаргаж ирээд, түүн дээр жоохон гялгар ууттай мөс гэх зүйлээ тавьсан байхаар нь би зургийг нь өөрийнхөө гар утсаараа авсан юм. Удалгүй Ч.З ах “хальт гараад ирье, дансаар чинь гүйлгээ хийж магадгүй шүү, чи гэрт байж бай” гээд гараад явсан.

Цагийн дараа над руу залгаад “чи гэртээ харивал харьж бай, харих үгүйгээ өөрөө мэдээрэй, гарахдаа ахдаа хэлээрэй” гэж хэлсэн ба би гэрээс нь яваагүй, зурагт үзээд өөрийн гар утсаа ухаад л сууж байсан. Би “гэртээ харъя” гэж бодож байсан боловч унааны мөнгөгүй байсан болохоор Ч.З ахыг гэртээ ирэхээр нь унааны мөнгө аваад харих гэж бодож байсан. Удалгүй хаалга тогшоод цагдаа нар орж ирсэн юм. Цагдаа нар гэрт нэгжлэг хийхэд ариун цэврийн өрөөнөөс нэлээн хэдэн ууттай мөс гэх зүйл олдсон.

Би 2017 онд өвс хэрэглээд нэг жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба тэр үед Амгалангийн хорих ангид Ч.З ахтай танилцаж байсан юм. Тэрнээс хойш бие биеэ мэддэг болсон ба Ч.З ахыг шоронгоос гарахад нь би нэг удаа уулзаж тамхилж байсан. Тэгээд уулзаагүй байж байгаад фейсбүүкээр холбогдож, өнөөдөр уулзсан.

Ч.З ах надад тэр мөс гэх зүйлээ хаанаас, яаж авснаа хэлээгүй. Бид хоёр ариун цэврийн өрөөнд зүгээр янжуур тамхи татаад зогсож байхад Ч.З ах халааснаасаа ууттай мөс гэх зүйлийг гаргаж ирээд, жин дээр тавихаар нь би сонирхоод зургийг аваад хэрэглэж үзэхээр болсон юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 60-61 дэх тал),

- Мөн гэрчийн дахин өгсөн: “...Ах нь гарчхаад ирье, чиний данс руу мөнгө хийнэ, чи Б.Хулангийн мөнгийг өгөөрэй” гэж хэлж байсан. Б.Хулан нь манай найзын найз охин нь байгаа юм. Б.Хулан нь “1XBET” гэсэн олон улсын бооцоо тавьдаг тоглоомын Монгол дахь албан ёсны теллер хийдэг юм. Би Хулангаас 300.000 гаруй төгрөгийг зээлээр тоглосон, өртэй байгаа гэсэн үг. Ч.З ах Б.Хулантай надаар дамжуулж танилцаад 300.000-400.000 төгрөгийн өртэй болсон. Тэр мөнгийг нийлүүлээд Б.Хуланд өгөх гэж байсан юм. Одоо болтол Ч.З ах өрөө өгөөгүй, Б.Хулан надаас мөнгөө нэхээд байгаа.

Ч.З ах гялгар уутанд хийсэн багахан хэмжээний мөсийг харуулаад, бид хоёр тэр мөснөөс нь хамт ариун цэврийн өрөөнд хэрэглэсэн. Үлдэгдэл мөс, хэрэглүүрээ Ч.З ах өөрөө аваад гараад явсан. Би гэрт нь очихоос өмнө Ч.З ахад мөс байгаа гэдгийг мэдээгүй. Тэгэхэд түүний гэрээс их хэмжээний мөс хураагдсан.

Өмнө нь Ч.З ах миний данс руу 100.000-200.000 төгрөг шилжүүлээд, надаар Б.Хулангийн данс руу хийлгэж бооцоо тавьдаг байсан. Сүүлдээ өөрөө Б.Хулантай холбогдоод мөнгөө хийчихдэг болсон. Түүнээс хойш миний дансаар мөнгөн гүйлгээ хийхээ больсон. Б.Хулан над луу залгаад “Ч.З ахаасаа мөнгө авч өг, миний бичсэн чатыг уншихгүй байна” гээд байсан. Тэгтэл Ч.З ах “хүрээд ирээч” гэхээр нь очсон юм.

Би Ч.З ахыг ямар зорилгоор, хаашаа явсныг мэдэхгүй. Түүнийг хүлээж байгаад автобусны мөнгө авах гээд байж байсан юм. Ч.З ах надад мөс өгөөгүй. Мөс хэрэглэх аргыг мэддэг юм байна лээ. Шилэн дотор нэг соруул хийчихсэн байхаар нь соруулаас нь сорсон. Сороход бие арзайгаад таагүй мэдрэмж төрсөн. Удалгүй толгой өвдөөд, айдастай ч юм шиг болж эхэлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 64-65 дахь тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Алтанзулын гэрчээр өгсөн:

“...Б.Явуухулан нь миний төрсөн ах байгаа юм. ...Хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож, миний мэдэхийн хар тамхины хэргээр ял эдэлсэн. Манай ах 2021 онд Турк Улс руу явсан, ямар зорилгоор явсныг бол мэдэхгүй байна. ...Ах Явуухулантай фейсбүүк чатаар холбогддог. Хамгийн сүүлд 2022 оны 03 сарын 28-ны өдөр надтай утсаар холбогдоод “цагдаагийн байгууллагаас чамайг дуудсан гэсэн, чи очоод мэдүүлгийг нь өгөө, нэг хүн намайг чадах гээд байх шиг байна” гэсэн утгатай юм ярьсан. Өөрийнх нь ярьж байгаагаар Явуухулан ах дээр таньдаг хүн нь очоод  хувцасны наймаа хамт хийе гэхээр нь ах чадахгүй, та хэдтэй харьцахгүй гэж хэлсэн гэсэн. Тэр хүн нь өс санаад ахыг хэрэгт хийх гээд байх шиг байна гэж хэлсэн. Мөн тэр хүнийх нь найз нь Монголд хэрэгт холбогдсон юм шиг байна гэж хэлсэн. Гэхдээ ямар хүнийг хэлээд байгааг мэдээгүй.

Би нэг ч илгээмжтэй холбоотой асуудлаар ахтай ярьж холбогдож байгаагүй, миний нэр дээр ч илгээмж ирж байгаагүй. ...Манай ах Турк улсаас гутал, хувцас онлайнаар захиалга авч Монгол улс руу илгээдэг ажил хийж байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 59-60 дахь тал),

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Хонгорзулын гэрчээр өгсөн мэдүүлэг:

“...Ах Явуухулан 2021 оны 4 сард Турк улс руу явсан. Тэнд ямар ажил хийж, амьдарч байгааг нь мэдэхгүй байна. Хаая нэг холбогдоход гар утас зараад байгаа бололтой байсан. Явуу ахаас 2 удаа илгээмж ирсэн. Тэр нь хувцаснууд байсан. Ямар ч балай хүн төрсөн дүү рүүгээ хар тамхи өгч явуулна гэж ямар юм байх вэ дээ. Оныг нь санахгүй байна, ямар ч байсан хар тамхины хэрэгт холбогдоод хэрэг нь шийдэгдэхгүй 3-4 жил болсныг санаж байна. Би Явуу ахын найз нөхдийн талаар мэдэхгүй. Би нэг ч илгээмжийн талаар ахтай ярьж байгаагүй, миний нэр дээр ч илгээмж ирж байгаагүй.  2021 оны 9 сард эмэгтэй хүний гутал, шорт гээд өөрсдөө өмсөх хувцас  хунар өгч явуулсан байсан. Ямар карго илгээмжээр ирснийг нь мэдэхгүй  байна. Над руу утсаар залгаад Түркээс юм ирсэн гээд авчирч өгсөн. 2011 оны 11 сард явуулсан ачаа нь урд хил дээр удаж удаж хар, саарал 2 куртка, түрийтэй гутал өгч явуулсан байсан...” гэсэн мэдүүлэг  (хэргийн 2 дугаар хавтас 68-69 дэх тал),

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Хулангийн гэрчээр өгсөн мэдүүлэг:

“...Би ХААн банкны ... тоот дансыг 2021 оны оны 12 сараас хойш ашиглаж байгаа. Өмнө ХААН банкны данс ашиглаж байгаагүй. Би 1 ХВЕТ гээд олон улсын мөрийтэй тоглоомын Монгол дахь салбарын агент Ану ХВЕТ-ийн доор ажилладаг. Агент гэдэг нь 1 ХВЕТ тоглоомыг сонирхож тоглохоор болсон иргэн миний ХААН банкны ... тоот данс руу мөнгөө хийгээд, би 1 ХВЕТ тоглоомыг зохион байгуулж байгаа ID руу хийж цэнэглэж өгдөг. Тоглоомыг тоглохын тулд гар утаснаасаа 1ХВЕТ гэсэн апплекейшн татаж аваад өөрийн нэр ID хаяг нээж нэвтэрнэ. Нэвтрээд ороход олон улсын бүх тэмцээнд мөрий тавьж болохоор цэснүүд, ... мөн бүх мөрийтэй тоглоомын цахим цэс гарч ирдэг.  Ингээд тоглоом тоглохын тулд дансаа цэнэглэх ёстой. Дансыг нь би цэнэгдэж өгдөг. Цахим тоглоом тоглосон хүн мөнгө хожвол би буцаагаад хожсон мөнгийг нь данс руу нь хийж өгдөг ажил хийдэг юм.

Би чулууны Занданхүү гэж хүнийг танихгүй. Анх ажилд ороод 1 ХВЕТ тоглодог хүмүүсийг олох нь чухал байсан. тэгээд Тэлмүүнд тоглох хүн байвал надад хэлээрэй гэж хэлсэн. Тэгтэл манай найз Тэлмүүн манай нэг ах тоглоно гээд өөрийнхөө данснаас над руу мөнгө шилжүүлж Zaagii.ch гэсэн хүнийг тоглуулдаг байсан. Zaagii.ch гэх хүн нь фейсбүүкийн найз болсноос хойш Тэлмүүнээр мөнгө дамжуулахгүй шууд над руу мөнгөө хийдэг болсон.  Zaagii.ch фейсбүүк хаягтай ах 1 ХВЕТ тоглоом тоглоод хожсон мөнгөнийхөө мэдээллийг над руу би баталгаажуулаад  данс руу нь мөнгийг нь хийдэг. Zaagii.ch фейсбүүк хаягтай ах ер нь надаар цэнэглүүлж тоглоод их мөнгө хождог байсан Хамгийн ихдээ 11 сая төгрөг хожиж байсан. Нийт 46 сая төгрөг хожсон мэдээлэл гарч ирж байна. Гэхдээ хэдэн төгрөг алдсаныг нь мэдэхгүй байна. Мөнгө хожчихоод буцаагаад тоглоод дуусгадаг Тоглоомонд их дуртай хүн байсан.

Zaagii.ch фейсбүүк хаягтай ах мөнгөний тал дээр ямар ч асуудалгүй байдаг байсн болохоор би зээлээр цэнэглэж өгдөг байсан. тэгээд тоглоод хожихоор нь дундаас нь суутгаад авдаг. 2022 оны 1 сарын сүүлээр 700.000 төгрөгөөр тоглоод түнийгээ алдчихсан. Тэгээд дахин 1 сая төгрөгөөр цэнэглэчих, ахад нь бэлэн мөнгө байна, АТМ болохгүй байна гээд видео чатаар мөнгөө харуулж байсан. Тэгээд түүнээс хойш фейсбүүк чатад орж ирэхгүй таг болсон.” гэсэн мэдүүлэг.   (хэргийн 2 дугаар хавтас 93-94 дэх тал),

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Амгаланбаатарын гэрчээр өгсөн:

“...Би Хаан банкин дахь 5753хххх59 дугаартай дансыг удаан хугацаанд хэрэглэж ашиглаж байна. Надад өөр банкны данс байхгүй. ...Би Ч.Зг дээр үеэс таньж мэднэ. Ч.З нь түүхий эдийн “Жин Короно” гэх компанийн захирлаар ажилладаг байсан юм. Би хөдөө явж, ноос ноолуур аваад Ч.Зд зардаг байсан. Бид хоёр найз нөхдийн холбоотой.

Би 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймагт ноос угаах үйлдвэр дээрээ ажиллаж байхдаа Ч.Зтэй тааралдсан юм. Тэгэхэд “шоронд ороод сая гарч ирсэн” гэхээр нь “хоол хүнсэндээ хэрэглээрэй” гээд 1.0 сая төгрөгийг шилжүүлсэн. Өөр ямар нэгэн гүйлгээ хийгээгүй. Надад хар тамхины талаар мэдээлэл байхгүй, телевиз, радиогоос л сонсож мэдсэн зүйл байгаа. Би хар тамхи хэрэглэж байгаагүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 90-91 дэх тал),

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 989 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн №1-4 дугаарласан мөс мэт зүйлс шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 2,051 грамм зүйлийг задлахад 2 хэсэг зиплок түгжээ бүхий уутанд мөс мэт зүйл ирүүлсэн 1-1 гэж ялган дугаарласан цэвэр жин 0,817 г мөс мэт зүйл, 1-2 гэж ялган дугаарласан цэвэр жин нь 0,804 грамм мөс мэт зүйл /нийт 1,621 грамм/, №2 гэж дугаарласан цэвэр жин нь 9,942 грамм мөс мэт зүйл, №3 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутыг задлахад 3 хэсэг ууттай мөс мэт зүйлийг хооронд нь ялган 3-1 гэж дугаарлаж, цэвэр жин 4,933 грамм мөс мэт зүйл, 3-2 гэж дугаарлаж цэвэр жин нь 4,820 грамм мөс мэт зүйл, 3-3 гэж дугаарлаж цэвэр жин нь 4,866 грамм мөс мэт зүйл /нийт 14,619 грамм/, №4 гэж дугаарласан цэвэр жин нь 9,864 грамм мөс мэт зүйлс тус бүрд метамфетамин /methamphetamine/ илрэв.

3. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг.  

Шинжилгээнд ирүүлсэн 1-4 дугаартай мөс мэт зүйлсийг дүгнэлтийн хамт буцаaв.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 77-84 дэх тал),

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 900 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Чулуун Занданхүү ХЕ75122215” гэж хаягласан шээсэнд метамфетамин /MAMP/ илрэв.

3. Метамфетамин /MAMP/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 87-89 дэх тал),

 

15. Нанжидсүрэнгийн Ундраагийн эзэмшлийн Голомт банк дахь 11090хххх5 дугаартай, Чулууны Занданхүүгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5029хххх01 дугаартай Депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 06-07 дахь тал),

 

16. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 200 тоот шинжээчдийн дүгнэлт:

1. Ч.З нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. Ч.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт, шинж үгүй байна.

3. Ч.З нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ч.З сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Ч.З сэтгэцэд идэвхит эм бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна.

6. Ч.З сэтгэцэд идэвхит эм бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна.

7. Ч.Зд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 1-р хавтас 98-99 дэх тал),

 

17. Шүүгдэгч Ч.Згийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 10-ны үеэр би Б.Явуухулантай чатаар холбогдоод сонин сайхан ярилцаж байгаад, “наанаасаа бага зэргийн хэрэглэх юм явуулж болдоггүй юм уу” гэж асууж байсан. Ингээд Б.Явуухулан нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Бүгд найрамдах Турк Улсаас фейсбүүк чатаар холбогдоод “жоохон юм явуулъя” гэж хэлсэн. Би тухайн үед “хар тамхи явуулах гэж байгаа юм байна” гэж ойлгосон.

Би “илгээмж юм уу, каргоноос өөрийн биеэр авч чадахгүй ээ, тэрнээс чинь би айж байна” гэж хэлсэн. Тэгэхэд “эргээд холбогдоно” гээд утсаа салгаад алга болсон. Б.Явуухулан надтай холбогдсон чатаа өөрөө шууд устгачихдаг байсан. Ингээд байж байтал 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Б.Явуухулангийн дүү нь байна” гээд нэг эмэгтэй фейсбүүк чатаар холбогдоод, “2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр явуулах гэсэн зүйл нь нислэг хойшлоод явуулж чадаагүй байж байгаад одоо Улаанбаатар хотод ачаа нь ирээд нэг хүн авчихсан байна гэнэ, аваач” гэж хэлэхээр нь “хаанаас очиж авах юм бэ” гэхэд “Хархорин захын наад талын шар байртай хороололд ирээд залга” гэж хэлсэн.

Би гэрээсээ 18 цагийн үед гараад, Хархорин зах дээр очоод нөгөө эмэгтэйн чат руу “ирчихлээ” гээд мессеж бичихэд, над руу “эд зүйл үлдээсэн газар” гээд зураг явуулсан. Тэгээд явуулсан зургийн дагуу байрны авто зогсоолын хажуу талд гялгар уутанд хийсэн зүйл байхаар нь аваад машиндаа авч ороод, задлаад үзэхэд кофе чанагчийг хогнуудын хамт хаясан байсан.

Кофе чанагчийг эвдээд онгойлгож үзэхэд мөс байхаар нь хогтой кофе чанагчийг машиндаа үлдээгээд, мөсийг гэр лүүгээ аваад орсон. Б.Явуухулангийн эмэгтэй дүү гээд “Гүүд Мон” гэсэн хаягаас залгасан санаж байна. Гүүдтэй л чат байсан санаж байна. Миний утсан дээр байгаа. Би мөсөө гэртээ авч ороод байж байтал Н.Т над руу залгасан. Тэгэхээр нь би “гэртээ ганцаараа байна, хүрээд ир” гэж хэлэхэд удаагүй хүрээд ирсэн.

Н.Тийг орж ирэхээс өмнө би өөрт байсан электрон жингээ гаргаж ирээд мөсийг хэмжиж үзэхэд 40 гаруй грамм мөс байсан. Тэгэхээр нь бага зэргийг тасалж аваад, үлдсэн мөсөө ариун цэврийн өрөөний таазанд нуусан. Ингээд Н.Т гаднаас орж ирэхээр нь тасалж авсан жижиг мөсөө харуулаад “ийм юм байна үзэх үү” гэж асуугаад, ариун цэврийн өрөөнд дагуулж ороод, өөрөө мөсөө хэрэглэчихээд том өрөө лүү гарч цай уусан.

Энэ үед Н.Т мөс хэрэглэсэн байх, түүнээс биш би Н.Тийг мөс хэрэглэхийг хараагүй. Тэгээд би цайгаа уучихаад “гарчихаад ирье” гэж хэлээд жижиг тасалж авсан мөс, хэрэглүүрээ аваад гадагшаа гарсан. Н.Тийг хамт явах уу гэж асуухад “би таныг иртэл байж байя” гээд байсан. Би “хоол хийж байгаарай” гээд үлдээгээд гарсан. Гэрээсээ гараад Наадам центрийн хажууд явж байгаад цагдаад баригдсан.

Би гэрээсээ АТМ орж данс руугаа мөнгө хийгээд, хүний өрийг өгөх зорилготой явж байсан юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 130-132, 2-р хавтас 102-103, 105-106 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Ч.Өлзийбадрах (хэргийн 1-р хавтас 67-68 дахь тал), гэрч Н.Ундраа (хэргийн 1-р хавтас 70-72, 2-р хавтас 55-56 дахь тал) нарын мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 151 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 1-р хавтас 146 дахь тал), үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 148 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 150 дахь тал), Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 94 дугаартай, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар (хэргийн 1-р хавтас 169-172, 173-176 дахь тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 172 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамж (хэргийн 1-р хавтас 179-181 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх болон хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтууд (хэргийн 1-р хавтас 232-239, 2-р хавтас 48-54 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд зохих журмын дагуу шалгасан, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж, Ч.Зд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.    

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж Үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “Сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх энэ төрлийн бодис, аливаа бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж айдас түгшүүрт автах, булчин шөрмөс хөших, биеийн халуун нэмэгдэх, ам хатах зэргээр олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир тухайн төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт заасан Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж, гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. 

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн биедээ, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж, улмаар дээрх хориглосон хүн амын эрүүл мэндэд хөр хөнөөл бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах, солилцох, арилжих, төлбөр тооцооны үүрэгт шилжүүлэх, үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр хууль бус эргэлтэд оруулахыг “борлуулсан” гэж тус тус үзэх юм. 

 

Тухайн хэргийн нөхцөлд:

Шүүгдэгч Ч.З нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Агниста хотхоны 99 дүгээр байрны 35 тоотод байх гэртээ болон мөн өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан “Мөс” гэх нэршилтэй метамфетамины /methamphetamine/ агууламжтай, цэвэр жин нь нийт 36.046 гр хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтаар хэрэг гарсан 2022 оны 1 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цаг 02 минутын орчимд Ч.Згийн жолоодон явсан Toyota Prius 20 маркийн 22-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад шүүгдэгч хууль бус эд зүйл хадгалсан тухайгаа өөрөө зааж өгснөөр түүний автомашины зүүн хойд талын хаалганы доорх цементэн талбайгаас хураан авч, хэрэгт №1 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийг жинлэхэд уутны хамт 3.0 грамм /зураг №6, 7/, мөн өдрийн 00 цаг 45 минутад оршин суух гэр болох Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Агниста хотхоны 99 дүгээр байрны 35 тоотод үзлэг, нэгжлэг хийх үед ...тус байрны нойлын өрөөний уналттай тааз, гэрлийн завсраас зиплок түгжээ бүхий 3 хэсэг ууттай цагаан нунтаг зүйл илэрснийг хураан авч 2, 3, 4 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 2 гэж дугаарласан ууттай нунтаг цагаан зүйл 11.2 гр, 3 гэж дугаарласан нунтаг цагаан зүйлс нь 16.7 гр, 4 гэж дугаарласан нунтаг цагаан зүйлс нь 11.4 гр жинтэй, нийт хураан авсан 1-4 дугаартай зиплок түгжээ бүхий ууттай нунтаг цагаан зүйлсийн жин уутны хамт 42.3 гр болж байх ба ШШҮХ-ийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 02 сарын 11-ны өдрийн 989 дугаартай (хэргийн 1 дүгээр хавтас 77-79 дэх тал) шинжээчийн дүгнэлтээр эдгээр 1-4 гэж дугаарласан мөс мэт зүйлс тус бүрд метамфетамин буюу НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг /methamphetamine/ бодис илэрсэн бөгөөд эдгээрийн нийт цэвэр жин нь 36.046 гр болох нь тогтоогдсон байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба борлуулах зорилгогүйгээр, эсхүл борлуулах зорилготойгоор олж авсан, хадгалсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх онцлогтой, “худалдан борлуулах зорилго”-тойгоор мансууруулах буюу  сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг үлэмж ихэсгэх үр дагавартай учир уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болж хуульчлагдсан.

 

Шүүгдэгч Ч.З нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж аван өөрийн биедээ болон орон гэртээ хадгалсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон ба сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, хэрэглээний дундаж тун, хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох тун хэмжээ болон тухайн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн “хар зах зээл дээрх” дундаж үнэ /хэргийн 2 дугаар хавтас 151 дэх тал/ зэргээс “худалдаалах зорилгоор олж авч хадгалсан” гэх тухайн гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэсэн болно.

 

Нийслэлийн Прокуророос шүүгдэгч Ч.Згийн хориглосон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж аван биедээ болон орон байрандаа хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна. 

 

Иймд Ч.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан хадгалсан үйлдэлд маргахгүй гэх боловч худалдан борлуулах зорилгоор олж аваагүй гэж маргаж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх болгон өөрчилж өгнө үү” хэмээн мэтгэлцсэнийг шүүх дээр дурдсан үндэслэлээр хүлээн авч хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Шүүдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Зд 03 /гурав/ жил 06 /сарын/ хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэн уг ялаа биеэр эдэлж байгаад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 172 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 03 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан (хэргийн 3 дугаар хавтас 128-130, 131-) болох нь хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтох тухай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 сарын 13-ны өдрийн 172 дугаартай шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг баримтаар тогтоогдсон ба дээрх хяналтын хугацаа дуусаагүй байхад мансууруулах бодис хэрэглэж, дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон болох нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийг 6.9 дүгээр зүйлд заасан заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэснийг журамлан хэрэглэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Ч.Зд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 /гурав/ жил 06 /сарын/ хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 жил 06 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Ч.Згийн биечлэн эдлэх ялыг нийт 04 /дөрөв/ жил 09 /ес/ сар 03 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ял гэж тогтоон, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор (хэргийн 1-р хавтас 51-55 дахь тал) эрүүгийн 22020 0077 0037 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдсан “№1” гэж дугаарласан зиплок ууттай 2.6 грамм нунтаг цагаан мөс мэт зүйл, 2 гэж дугаарласан зиплок ууттай 11.1 грамм мөс мэт зүйл, 3 гэж дугаарласан зиплок ууттай 16.1 грамм мөс мэт зүйл, 4 гэж дугаарласан зиплок ууттай 11.1 грамм мөс мэт зүйл, цахилгаан жижиг жин, цаасан хайрцагтай эвдэрхий кофе чанагч зэрэг эд зүйлс нь хэргийн хамт шүүхэд шилжиж ирээгүй, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.

 

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор (хэргийн 51-55 дахь тал) хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “№1” гэж дугаарласан зиплок ууттай 2.6 грамм нунтаг цагаан мөс мэт зүйл, 2 гэж дугаарласан зиплок ууттай 11.1 грамм мөс мэт зүйл, 3 гэж дугаарласан зиплок ууттай 16.1 грамм мөс мэт зүйл, 4 гэж дугаарласан зиплок ууттай 11.1 грамм мөс мэт зүйл, цахилгаан жижиг жин, цаасан хайрцагтай эвдэрхий кофе чанагч зэрэг зүйлсийг тус тус зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэж, устгасан, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг СД-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.З нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр (хэргийн 1-р хавтас 110, 136, 2-р хавтас 108-109, 3-р хавтас 111-112, 115-116 дахь тал) нийт 139 /нэг зуун гучин ес/ хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт Ч.Згийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.З нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                                     

                                                           ТОГТООХ нь:

 

1. Х овогт Ч-ийн З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Ч.Зд 03 /гурав/ жил 06 /сарын/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Ч.Зд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 /гурав/ жил 06 /сарын/ хугацаагаар хорих ял дээр өмнөх буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 жил 06 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 04 /дөрөв/ жил 09 /ес/ сар 03 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ял гэж тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ч.Зд оногдуулсан 04 /дөрөв/ жил 09 /ес/ сар 03 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Згийн цагдан хоригдсон нийт 139 /нэг зуун гучин ес/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг СD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээж, Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “№1” гэж дугаарласан зиплок ууттай 2.6 грамм нунтаг цагаан мөс мэт зүйл, 2 гэж дугаарласан зиплок ууттай 11.1 грамм мөс мэт зүйл, 3 гэж дугаарласан зиплок ууттай 16.1 грамм мөс мэт зүйл, 4 гэж дугаарласан зиплок ууттай 11.1 грамм мөс мэт зүйл, цахилгаан жижиг жин, цаасан хайрцагтай эвдэрхий кофе чанагч зэрэг эд зүйлийг тус тус зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэсүгэй.

 

7. Энэ хэрэгт Ч.Згийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.З нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.    

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ч.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Зд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД