| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2022/0362/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/482 |
| Огноо | 2022-06-22 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/482
2022 06 22 2022/ШЦТ/482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р овогт М-ын Ц-д холбогдох эрүүгийн 21020 0229 0143 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Онолт, шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Д.Батсүх, гэрч Д.Ал, Д.Алтацэцэг, О.Энхжаргал нарыг оролцуулан нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Туул тоосгоны Эрүүл мэндийн төвийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Р овогт М-ын Ц /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ц нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа тус төвийн шүдний их эмч Д.Алгийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “...төрсөн эгч тус төвийн сувилагч Д.Алтацэцэгийн хагалгааны зардалд хамт олноос тусламж хүсэж байна.” гэх агуулга бүхий өргөдлийг хүлээн авч, Туул тосгоны эрүүл мэндийн төвийн бүх ажилчдын 2019 оны хурлаар хэлэлцэж баталсан “Туул тосгоны эрүүл мэндийн төвийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Ажилчдын төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, ах дүү нар хүнд өвчтэй болон нас барсан тохиолдолд байгууллагаас 100.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасныг зөрчиж, төсвийг захиран зарцуулах бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/26 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал гарган, Д.Алд 934.899 төгрөгийг үндэслэлгүйгээр олгож давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Талуудын хүсэлтээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч М.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Туул тосгоны Эрүүл мэндийн төвд даргаар томилогдсон. Уг байгууллагад ажиллах хугацаанд М.Дайриймаа гэдэг хүн Авлигатай тэмцэх газарт “байгууллагын ажилчдад дарамт шахалт үзүүлдэг, Д.Алтацэцэг, Д.Ал гэдэг хүмүүст тэтгэмж олгосон нь зөв үү” гэдэг утгатай гомдол гаргасан. Энэ гомдлоор намайг жилийн хугацаанд шалгасан боловч надтай холбоотой мөнгө төгрөгийн асуудал гараагүй.
Манай байгууллагад сувилагч ажилтай Д.Алтацэцэг нь 8 удаа хагалгаанд орсон, 2 түнхэндээ төмөртэй, цусны хавдартай хүн байдаг. Түүний эгч Д.Ал нь мөн манай байгууллагад шүдний эмч ажилтай. Д.Алтацэцэг нь удаа дараа надаас мөнгөн тусламж гуйж байсан ба заримдаа ажил таслах, хоцроход би тасалснаар тооцдоггүй юм.
Тэтгэмжийн тухайд бол Д.Алтацэцэг нь 2019, 2020 онуудад хагалгаанд орсон ба хагалгаанд орсноо өөрөө заримдаа мэддэг, заримдаа мэддэггүй. Үүнийг түүний өвчний түүх карт нь баталж өгөх байх. Манай дүүргийн хороо, цэцэрлэгээс мөнгө гуйгаад яваад байхаар нь бид нар 2019 оны өргөдлийг нь үндэслээд 2020 онд 934.000 төгрөг олгосон. Би энэ шийдвэртээ харамсаад явж байна. Дээрх мөнгөн дүнгээс Авлигатай тэмцэх газар 100.000 төгрөгийг хасаад, 834.000 төгрөгийг Д.Алтацэцэгт давуу эрхээ эдэлж өгсөн гэж байгаа.
Би давуу эрхээ эдэлсэн буруугаа хүлээж байна, гэхдээ прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эхнээсээ би хууль мэдэхгүй учир яллах дүгнэлтээ гардаж авснаас хойш өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
2. Гэрч О.Энхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Миний хувьд шүүгдэгч М.Цтэй гэр бүл, садан төрлийн холбоо байхгүй, өс хонзон байхгүй. Ажил хэргийн холбоотой бөгөөд би Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. 2020 онд Д.Ал гэх хүнд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон, энэ талаар даргын тушаалтай гарсан байсан. Тухайн тэтгэмжийг төсөвт батлагдсан тэтгэмж, урамшууллын 2.0 сая төгрөгөөс олгосон байгаа. 2019 онд хүсэлт өгөөд авч чадаагүй байсан. Тэгээд 2020 онд тэтгэмж хүссэн Д.Алтацэцэг, Д.Ал хоёрын хүсэлт байсан.
Хоёуланд нь тэтгэмж олгосон. Тухайн ондоо тэтгэмж хүссэн өөр өргөдөл хүсэлт байгаагүй. Д.Алтацэцэг нь хүнд өвчтэй, эмчилгээ хагалгааны зардалд хандив тусламж цуглуулж байсан. Д.Ал, Д.Алтацэцэг нар нь эгч дүүс гэдгийг сүүлд өргөдөл хүсэлтийг нь хараад мэдсэн. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар 3 жил тутам эмч, сувилагч нарт 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог. Д.Ал эмчийн хувьд тэтгэмж аваагүй, энэ жилээс буюу 2022 оноос тэтгэмжийн эрх нь үүсэж байгаа болов уу. Төсвийн жил дуусаагүй байхад тэтгэмж, урамшууллын хэмжээ нэмэгдэх боломжгүй, тэтгэмжийн сан мөнгөгүй болсон тохиолдолд хүн хүсэлт гаргавал төсөв дотор зохицуулалт хийж зардлын бүлэг хооронд шилжүүлж болдог.” гэсэн мэдүүлэг,
3. Гэрч Д.Алгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би Туул тосгоны Эрүүл мэндийн төвд шүдний их эмчээр ажилладаг. Шүүгдэгч М.Цийн удирдлагад ажиллаж байна. 1988 онд Анагаах ухааны Их сургуульд асрагчаар ажиллаж байхад нэг оюутны байранд амьдарч байсан юм билээ. 2020 онд байгууллагын захиргаанд тэтгэмж олгох талаар хүсэлт өргөдөл гаргасан. Шалтгаан нь миний төрсөн эгч Д.Алтацэцэг 20 гаран жил цусны өвчтэй байсан. Хоёр түнхний яс нь үхжилд орсон. Хоёр түнхний хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай болж, хагалгааны зардал нь 8.000.000 төгрөг хэрэгтэй болсон. Эгч маань өөрөө өрх толгойлсон эмэгтэй, охинтойгоо нийтийн байранд түрээсээр амьдардаг тул би удирдлагадаа тэтгэмжид хамруулж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Тухайн үед алслагдмал газар ажилладаг төрийн алба хаагч тэтгэмжид хамрагдаж болдог гэж сонссон учраас хүсэлт гаргасан. Авсан тэтгэмжийг эгчийнхээ эмчилгээний хагалгааны зардалд зарцуулсан. Тухайн үед яаралтай мөнгөний хэрэг болоод бусдаас зээлэх, тусламж дэмжлэг хүсэх зэргээр хагалгааны зардлыг нь босгосон. Эгч Д.Алтацэцэг хоёр удаа хагалгаанд орсон. 2019 оны 11 сар, 2020 оны 3 сард тус тус орсон. Авлигатай тэмцэх газарт гэрчээр мэдүүлэг өгсний дараа Төрийн санд 834.000 төгрөгийг төлсөн байгаа. Тэтгэмжийн мөнгийг аваад эгч Д.Алтацэцэгийн хагалгаанд орох гэж хүнээс авсан байсан зээлийг төлсөн. Тэтгэмжийн 934.000 төгрөгийг 2020 оны 6 сар хавьцаа авсан. Тэтгэмж хүсэх өргөдөл 2019, 2020 онуудад гаргаж байсан. Ээж маань өндөр настай, бие муу хөгшин телевизэд хашаанд амьдардаг, манай 3 эрэгтэй дүү тодорхой эрхэлсэн ажилгүй, иймээс эгч Д.Алтацэцэгийг надаас өөр харж хандах хүн байхгүй.“ гэсэн мэдүүлэг,
4. Гэрч Д.Алтацэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би Туул тосгоны Эрүүл мэндийн төвд сувилагчаар ажиллаж байгаад 2020 онд хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар группт гарсан. 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр анх ээлжийн сувилагчаар ажилд орсон, 10 гаран жил ажилласан. Нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж хүссэн өргөдлийг 2019 онд анх гаргасан. 2020 онд шийдвэрлэгдэж тэтгэмж олгосон. Би 2 удаа хагалгаанд орсон. Нийт 8 удаа наркозонд орж байсан болохоор одоо зарим юмыг санахгүй мартаад байдаг болсон. Хэдэн төгрөгийн тэтгэмж авч байснаа ч санахгүй байна, тухайн үед бие муу байсан болохоор дүү маань хөөцөлдөж байсан байх.
Өндөр өртөгтэй эмчилгээ, эм тариа хэрэглэгдэг. 7.000.000-8.000.000 төгрөг гэж байсан. Дүү Д.Ал миний эмчилгээнд нэмэр тус болдог. Бас ангийн хүүхдүүд, найз нөхдийн хандив, бусдаас авсан зээл энэ тэр байсан. Нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж авсан талаар надад хэлж байсан. 7 хоногт 2 удаа цус сэлбэдэг, 2 удаа гармоны эмчилгээнд ордог байсан.” гэсэн мэдүүлэг
Хоёр: Эрүүгийн 21020 0229 0143 дугаартай хэргээс:
1. Хэрэг бүртгэлтийн 210200229 дугаартай хэрэг нээх тухай Мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тогтоол (хэргийн 1-р хавтас 01 дэх тал),
2. Иргэн М.Дайриймаагаас 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөл (хэргийн 1-р хавтас 03-04 дэх тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Дайриймаагийн гэрчээр өгсөн:
“...2017 оны 02 дугаар сард М.Ц нь манай төвийн даргаар томилогдон ирсэн. Ажилд ороод 1 билүү 2 сарын дараа эмч н.Одгэрэл, н.Өнөрмаа, үйлчлэгч н.Уранбямба нарыг цалингийн 20 хувь хасах болон халах тушаал гаргасан байсан юм. Тухайн үед би эмнэлгийнхээ Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байсан болохоор дээрх 3 ажилтны эрх, үүргийг нь хамгаалах үүрэгтэй байсан. Тэгээд даргад “эдгээр хүмүүст буруу байхгүй шүү дээ, халах шаардлага байхгүй” гэж хэлж байсан.
Үүнээс хойш намайг утсаар дарамтлах, есөн шийдийн үгээр доромжлоод байхаар нь Үйлдвэрчний эвлэлийн дарга н.Мягмарт хэлэхэд манай байгуулагад ирж үйл явцтай танилцсан. Дараагаар нь М.Ц тушаалаа хүчингүй болгосон ба надтай таарамжгүй харьцаатай байсан. Би 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүүхэд төрүүлээд, хүүхэд асрах чөлөөтэй байхад 2019 оны 3 дугаар сарын эхээр над руу залгаад “чам шиг юмыг ажилд авахгүй, хална” гэхээр нь би “халсан тушаалаа надад өгчихөөрэй” гэж хэлээд утсаа тасалсан.
Би тэр үед “ямар учраас декриттэй байгаа хүнийг ажлаас халдаг юм бэ” гээд Эрүүл мэндийн газар, Хууль зүйн яаманд өргөдөл өгсөн боловч надад хариу ирээгүй. Харин Хууль зүйн яамнаас Эрүүл мэндийн газарт өргөдлөөр ханд гэж байсан. Ингээд би 2-3 удаа Эрүүл мэндийн газарт хариугаа нэхэж очиход “өөрсдөө дотооддоо шийд” гэж хэлсэн.
Улмаар 2019 оны 6 дугаар сард ажилдаа ороод ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сараас хүүхэд асрах чөлөөгөө үргэлжлүүлэн авах хүсэлтээ өгч шийдвэрлүүлээд, 2020 оны 11 дүгээр сард ажилдаа орсон. Ингээд ажлаа хийгээд явж байхад 2021 оны 3 дугаар сард н.Төгсжаргал гэдэг эмч ажилд орсон. Ажилд ороод 7 хоног ч болоогүй байж намайг “М.Ц дарга таныг ажилд ороход танаас мөнгө авсан уу, манай дарга өлөн ш дээ, би шударга болохоор даргатай таардаггүй” гэж хэлсэн мэтээр даргад хэлсэн байсан. Тэгээд дарга намайг ажлын бус цагаар өрөөндөө дуудахаар нь ороход эмч н.Төгсжаргал, хүний нөөц, нярав Д.Рина, сувилагч н.Өнөр, бичиг хэргийн ажилтан Б.Гансэлэнгэ нар байсан ба намайг “шинээр орсон хүмүүст удирдлагаа мууллаа” гэж дайрч давшилсан.
2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр намайг ёс зүйн багийн болон удирдлагын багийн хурлаар оруулж, Б/18 дугаартай “Сануулах арга хэмжээ ноогдуулах” тухай тушаал гаргасан. Би хурлын үеэр гар утсаараа бичлэг хийж, бүх үйл явцыг бэхжүүлж авсан. Намайг удаа дараа гүтгэж, доромжилж, дарамталж байгаад гомдолтой байна.
Шалгуулах гэж байгаа гол асуудал бол манай төвийн дарга М.Ц нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.07 га газар авч, байшин барьсан. Мөн машинаа сайжруулсан, түүнчлэн эгч дүүс болох шүдний их эмч Д.Ал, сувилагч Д.Алтацэцэг нарын дансаар удаа дараа мөнгө төгрөг гаргаж байсан талаар дээрх хоёр хүн надад ярьж байсан. Нийлж өргөдөл бичиж өгөөд М.Цийг халуулъя гэхэд “би чадахгүй, өөрсдөө наад асуудлаа шийд” гээд өрөөнөөсөө гаргаж байсан. Мөн дээрээс нь М.Ц 2017 онд ажилд орсноос хойш ажилд орсон, гарсан хүмүүсээс мөнгө нэхэж авдаг, зээлээд өгдөггүй зэрэг асуудлууд их яригдаж байсан. Уг асуудлуудыг хуулийн дагуу шалгуулах хүсэлттэй байна.”гэх мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 8-9 дэх тал),
4. Хан-Уул дүүргийн Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/18 дугаар “тус байгууллагын их эмч М.Дайриймаад сануулах арга хэмжээ ноогдуулах” тухай тушаалын хуулбар (хэргийн 1-р хавтас 11 дэх тал),
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ринагийн гэрчээр өгсөн:
“...Би анх 2017 оны 5 дугаар сард Туул тосгоны Эрүүл мэндийн төвд хүний нөөц, нярав албан тушаалд орж ажиллаж байгаад сургуулийн жаахан хүүхдээ нааш, цааш зөөх боломжгүй болсон тул 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ба дахин 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс ажилдаа орсон. Би байгууллагын ажилчдын бүртгэл, ажил горилогчдын анкетыг хянах, ажилчдын чиг үүргийг тодорхойлох, ажил үүргийн гүйцэтгэл, цаг ашиглалтыг шалгах, ажилчдын ажлын болон хувийн асуудлаар гаргасан өргөдөл гомдлыг бүртгэж, байгууллагын даргад мэдээлэх, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг хариуцах, эмнэлгийн өвчтөнүүдийн угаалгын хэрэгсэл, материал хоол, ундыг бэлэн байлгах зэргийг хариуцаж ажилладаг.
Сувилагч Д.Алтацэцэг, шүдний эмч Д.Ал нар нь намайг ажилдаа орохоос өмнөхөн буюу 2020 оны 5 дугаар сард өргөдөл тус бүр нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал авсан байсан. Байгууллагын дотоод журамд 100.000 хүртэлх төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгоно гэж заасан байдаг. Гэтэл сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон нь байгууллагын дотоод журамд нийцэхгүй байгаа юм.
Би байгууллагын хурлын тэмдэглэлийг бичиг хэрэг хөтөлдөг Б.Гансэлэнгээр өнөөдөр гаргуулан авсан. Манай байгууллагын архивд уг тэмдэглэл байхгүй. Тэмдэглэлийг хэн, хэзээ бичсэнийг би мэдэхгүй. Тухайн үед ажиллаж байсан ажилчид л бичсэн байх.
Би сувилагч Д.Алтацэцэг, шүдний эмч Д.Ал нарыг төрсөн эгч дүүс гэдгийг мэддэггүй байж байгаад ажилд орсноос 2 сарын дараа анкетыг нь харж байгаад мэдсэн.”гэх мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 13-14 дэх тал),
6. “Д.Алтацэцэгт нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” Хан-Уул дүүргийн Туул тосгоны эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б\25, Б\26 дугаартай тушаалууд (хэргийн 1-р хавтас 16-17 дахь тал),
7. 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 119 дугаартай төлбөрийн хүсэлт, картаар олгох тэтгэмжийн хүснэгт баримтууд (хэргийн 1-р хавтас 22-23 дахь тал),
8. Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шүдний их эмч Д.Ал, сувилагч ажилтай Д.Алтацэцэг нарын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тус төвийн захиргаанд хандаж гаргасан өргөдөл (хэргийн 1-р хавтас 24-25 дахь тал),
9. Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл (хэргийн 1-р хавтас 26-27 дахь тал),
10. Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн Дотоод журам баримт (хэргийн 1-р хавтас 35-47 дахь тал),
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Энхжаргалын гэрчээр өгсөн:
“...Миний бие Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуульд нягтлан бодогчоор ажиллахын хажуугаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж байна. Намайг ажилд орсны дараа байх 2020 оны 6, 7 дугаар сарын үед Д.Алтацэцэг, Д.Ал нарын хүсэлтийн дагуу эмчилгээний зардалд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож байсан юм. Тэр үед манай байгууллагад нэг удаагийн тэтгэмж, урамшууллын зардал мөнгө байсан болохоор олгосон санагдаж байна. Энэ талаарх баримтуудыг гаргаж өгье.” (хэргийн 1-р хавтас 68-69 дэх тал),
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Гансэлэнгийн гэрчээр өгсөн:
“....Би 2017 оны 9 дүгээр сараас Хан-Уул дүүргийн Туул тосгоны Эрүүл мэндийн төвд бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байна. Одоогийн ажлын чиг үүргийн хувьд ирсэн, явсан бичгийг бүртгэх, холбогдох албан тушаалтанд танилцуулах, шийдвэрлэлтийг нь бүртгэх, архивын бичиг баримтуудыг хүлээн авч архивлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг.
...Д.Рина эгч надад “байгууллагын хурлын тэмдэглэлийг намайг гаргаад өг” гэхээр нь би ажлын компьютерт байсан хурлын тэмдэглэлийг хэвлэж гаргаж өгсөн. Баримтын эх хувь нь байгууллагын архивд байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Байгууллагын хурлын тэмдэглэлийг бичиг хэргийн ажилтан хөтөлдөг бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр би хүүхэд асрах чөлөөтэй байгаад 2020 оны 8 дугаар сард ажилдаа орсон. Намайг байхгүй хугацаанд хэн тэмдэглэл хөтөлснийг мэдэхгүй байна. Байгууллагын тухайд хурлыг сард 2 удаа хийдэг ба шуурхай тохиолдолд хэзээд ч хамаагүй хийдэг. Хурлын тэмдэглэлийг одоо надад үзүүлж байгаагаас өөр загвараар бичдэг. Би өмнө нь энэ хурлын тэмдэглэлийг болон загварыг харж байгаагүй юм байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 240 дэх тал),
13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Сайнзаяагийн гэрчээр өгсөн:
“...Би Туул тосгоны Эрүүл мэндийн төвд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх болсон. Би байгууллагын хурлын тэмдэглэлийг харлаа. Би ажиллаж байх хугацаандаа ийм хурлын тэмдэглэл хөтлөөгүй бөгөөд ийм хурал болоогүй. Хэрэв хурал болсон бол хурлын тэмдэглэл хөтөлж, баталгаажуулаад архивлахын өмнө би хурлын тэмдэглэл хөтөлснөөрөө гарын үсэг зурж, даргаар гарын үсэг зуруулж баталгаажуулаад архивлах ёстой. Одоо санаж байгаагаар Д.Алтацэцэг, Д.Ал нар албан ёсоор надад өргөдөл өгч дарга руу дамжуулсан удаа байхгүй. Даргад өөрт нь шууд өгсөн эсэхийг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 242 дахь тал),
14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Одгэрэлийн гэрчээр өгсөн:
“...Туул тосгоны Эрүүл мэндийн төв нь улсын төсвөөс санхүүждэг бөгөөд М.Ц даргын тухайд Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч мөн.
Даргын эрх, үүргийг үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө, газрын даргын баталсан ажил, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргээр тодорхойлдог гэж хэлж болно. Ажилчдын нийгмийн баталгааг хангах асуудлыг мэдээж хэрэг байгууллагын дотоод тушаал шийдвэрээр зохицуулах боломжтой. Заавал хамтын гэрээгээр зохицуулах шаардлагагүй бөгөөд тус төвийн даргын шийдвэр, тушаалаар зохицуулах боломжтой юм.
Эрүүл мэндийн байгууллагын ажилтны тэтгэмжийн асуудлыг Эрүүл мэндийн байгууллагын тухай хуульд зааснаар зохицуулна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 245 дахь тал),
15. Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 1/679 тоот албан бичиг, хавсаргах Д.Алтацэцэгийн өвчний түүх баримтын хуулбар (хэргийн 3-р хавтас 22, 23-58 дахь тал),
16. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/20 дугаар “М.Цийг үүрэг гүйцэтгэгчээр томилох” тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбар баримтууд (хэргийн 3-р хавтас 62, 63-65, 66-68 дахь тал),
17. Шүүгдэгч М.Цийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Би Д.Алтацэцэгт нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар холбогдох зүйл заалтыг харсан санагдаж байна. Мөн Төрийн албаны тухай хууль, байгууллагын дотоод журам зэргийг үндэслэж Д.Алтацэцэгийн гаргасан өргөдлийг харгалзан удирдлагын багаараа шийдвэрлэж, нэг удаагийн тэтгэмж олгосон. Өвчтөний картыг нь үзэхэд “цусны хоргүй хавдар” гэсэн оноштой байсан, мөн групп авдаг юм.
Хамт олон маань намайг шахаад байхаар нь би тухайн үед эрх мэдлээ хэтрүүлсэн ч байж магадгүй. Би өөрөө боломжийн амьдралтай, тэднээс таван цаас авъя гэсэн бодол байгаагүй. Д.Алтацэцэг, Д.Ал нарын амьдрал ч их хэцүү юм. Би улсад 23 жил ажилласан бөгөөд “хүнд тусалъя” гэж бодоод тусалсан болохоор миний зөв гэж бодож байна. Тушаалаа буруу гаргасан байж магадгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 29-30, 32, 2-р хавтас 237 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд (хэргийн 2-р хавтас 248 дахь тал), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 2-р хавтас 24 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 3-р хавтас 11-13 дахь тал), Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, Анагаах ухааны их сургуулийн диплом (хэргийн 3-р хавтас 70, 71 дэх тал), шүүгдэгчийн амжилт ололтыг тодорхойлсон баримтууд (хэргийн 3-р хавтас 72-78 дахь тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан ба яллах дүгнэлтийн хавсралтад заасан хэргийн 3 дугаар хавтас 97-99 дэх талд авагдсан Д.Ал, Д.Алтацэцэг нарын эзэмшлийн Арилжааны банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга баримтад үзлэг хийсэн тэмдэглэл баримтыг хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулсан үндэслэлээр нотлох баримтаар шинжлэн судлуулахаар татгалзсан улсын яллагчийн саналыг шүүх хүлээн авч хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх, М.Цд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, түүний гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.
Гурав: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга ажилтай М.Ц нь тус төвийн шүдний их эмч Д.Алгийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “...төрсөн эгч тус төвийн сувилагч Д.Алтацэцэгийн хагалгааны зардалд хамт олноос тусламж хүсэж байна.” гэх агуулга бүхий өргөдлийг хүлээн авч, Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн бүх ажилчдын 2019 оны хурлаар хэлэлцэж баталсан “Туул тосгоны эрүүл мэндийн төвийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Ажилчдын төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, ах дүү нар хүнд өвчтэй болон нас барсан тохиолдолд байгууллагаас 100.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасныг зөрчиж, төсвийг захиран зарцуулах бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/26 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал гарган, Д.Алд 934.899 төгрөгийг үндэслэлгүйгээр олгож давуу байдал бий болгосон үндэслэлээр Нийслэлийн прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг тус шүүхэд ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааж хуульчилсан бөгөөд уг зүйлийг аудентик тайлбарт: “Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна гэж, энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тайлбарлаж хуульчилсан.
Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх заалтад “Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх”-ийг “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж, 3.1.4 дэх заалтад “давуу байдал” гэж албан тушаалтан нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг.” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.Цогтгэрэлийн хувьд тэрээр хэрэгт нь холбогдох үедээ Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮЭМ-6 ангиллаар цалинжин, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга, ерөнхий эмчээр ажиллаж байсан ба төвийн даргын хувьд “төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах үүрэг бүхий Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д заасан төсвийн шууд захирагчийн үүргийг гүйцэтгэх эрх бүхий этгээд болохын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт тухайлан заасан Авлигын гэмт хэргийн /нийтийн албан тушаалтан/ субъектэд хамаарна.
Хэргийн нөхцөлд М.Ц нь тус төвийн шүдний их эмч Д.Алгийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “...төрсөн эгч тус төвийн сувилагч Д.Алтацэцэгийн хагалгааны зардалд хамт олноос тусламж хүсэж байна” гэх агуулга бүхий өргөдлийг хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/26 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал гарган Д.Алд түүний нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 934.899 төгрөгийн тэтгэмж олгосон үйл баримт тогтоогдсон байна.
Прокуророос шүүгдэгчийг дээрх тэтгэмжийг олгохдоо Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн бүх ажилчдын 2019 оны хурлаар хэлэлцэн баталсан “Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Ажилчдын төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, ах дүү нар хүнд өвчтэй болон нас барсан тохиолдолд байгууллагаас 100.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоно” гэснийг зөрчиж, төсвийг захиран зарцуулах бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр тус төвийн эмч Д.Алд тэтгэмж олгон давуу байдал бий болгосон гэж буруутгасан.
Яллаж буй үндэслэл болох байгууллагын дотоодод мөрдөгдөж байсан гэх тус Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журам нь байгууллагын дотоодод мөрдөгдвөл зохих эрх зүй баримт бичгийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх,..” мөн хуулийн 130 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ.” гэсэн хуулийн шаардлага хангаагүй, уг хөдөлмөрийн дотоод журмыг баталж, байгууллагын дотоодод мөрдүүлэхээр тогтоосон ажил олгогчийн шийдвэр, тушаал баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн ажил олгогчийн зүгээс ажлын байрны тодорхойлолтод заасан “ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх” үндсэн зорилт, ажилтны нийгмийн баталгааг хангах эрх үүргийн хүрээнд тусламж тэтгэмжийн батлагдсан төсвийн хэмжээний дотор нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ажилтанд олгосон үйлдлийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор албан тушаалын бүрэн эрхээс илтэд хэтэрсэн үйлдэл хийсэн, эсхүл хийх ёсгүй үйлдэл хийж илт хууль бус давуу байдлыг бусдад бий болгосон гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн шүдний их эмч Д.Алгийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “...төрсөн эгч тус төвийн сувилагч Д.Алтацэцэгийн хагалгааны зардалд хамт олноос тусламж хүсэж байна” гэх агуулга бүхий өргөдлийг хүлээн авч хэлэлцээд тус төвийн захирал, ерөнхий эмч М.Цийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/26 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаалаар эмч Д.Алд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 934.899 төгрөгийн тэтгэмж олгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж дүгнэн “гэмт хэргийн шинжгүй” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Цийг цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлс үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокуророос Р овогт М-ын Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Цийг цагаатгасугай.
2. М.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Энэ хэрэгт М.Ц нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд өөрөө гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
5. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Цд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД