Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2018/01430

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, 18-р байрны 2-12 тоотод оршин суух, эмэгтэй, РД-РЮ81102708, Онход овогт Ганхуягийн Одонтуяагийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 5А байрны 110 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЦЖ82080774, Тавьнайх овогт Намсрайн Буянжаргалд холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Одонтуяа, хариуцагч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулах, 2 хүүхдэд тэтгэлэг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2002 онд Н.Буянжаргалтай танилцаж, 2004-08-19 өдөр Хөвсгөл аймагт гэрлэлтээ бүртгүүлсэн. Биднийг хамт амьдрах хугацаанд 2004-08-04 өдөр охин Б.Хүслэн, 2008-01-31 өдөр хүү Б.Тэргэл нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан цаашид хамтран амьдрах боломжгүй болж, би 2009 онд хүүхдүүдээ авч, өөрийн аав, ээж рүү Хөвсгөл аймаг руу явж, тэр цагаас хойш тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарсан хугацаанд 2 хүүхэд маань миний асрамжинд байсан. Н.Буянжаргал хүүхдүүддээ тэтгэлэг өгсөн зүйл байхгүй. Би 2011 оноос өөр хамтран амьдрагчтай болж, хүүхэд төрүүлсэн, одоо 1-14 насны 3 хүүхэдтэйгээ амьдарч байна. Хариуцагч бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Иймд гэрлэлтийг цуцлаж өгнө үү? 2016 онд жирэмсэн байхдаа гэрлэлтээ цуцлуулахаар ирсэн боловч Н.Буянжаргал ирээгүй учир чадаагүй буцсан болно гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие 2004-08-19 өдөр Г.Одонтуяатай гэрлэлтээ бүртгүүлж, Б.Хүслэн, Б.Тэргэл гэсэн хоёр хүүхэдтэй болсон. Хоорондоо таарч тохирохгүй, үл хүндлэлийн улмаас салж, одоо тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйл байхгүй. Тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүд амралтаараа над дээр ирдэг байсан.Манай ах дүү нартай сайн харилцаатай. Охин 2-р ангид байхдаа нэг жил ирж, Искра дунд сургуульд сурсан боловч амралтаараа ээж рүүгээ яваад буцаж ирээгүй. Хэдий салсан ч Одонтуяаг хүндэлдэг тул түүний шийдвэртэй би маргаагүй өдийг хүрсэн. Харин хүү, охин маань том болсон тул 2 хүүхдээ нэг нэгээр нь буюу охин Б.Хүслэнг өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна. Хүүхдүүдийнхээ саналтай танилцлаа. Хүүхдүүд их хөндий болсон байна. Сүүл рүүгээ утсаар ярихгүй, хариу бичихгүй байгааг би гайхаж байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бзртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээ, оршин суугаа хаягийн тодорхойлолт, сургууль, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл болон хүүхдүүдээс санал асууж авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар Хөвсгөл аймагт 2004-08-19 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна.

Зохигчийг хамт Улаанбаатар хотод амьдрах хугацаанд 2004-08-04 өдөр охин Б.Хүслэн, 2008-01-31 өдөр хүү Б.Тэргэл нар төрсөн байх бөгөөд 2009 оноос хүүхдүүд эхийнхээ асрамжинд, Хөвсгөл аймагт амьдарч иржээ.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч тэд эвлэрэх, гэр бүлээр амьдрах хүсэлгүй, хэн аль нь тусдаа амьдралтай болсон шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байх ба нэхэмжлэгч 2011 оноос өөр бусадтай хамтран амьдарч, хүүхэд төрүүлж , одоо 1-14 насны 3 хүүхдийн хамт ам бүл 5-уул амьдарч байгаа, зохигч гэрлэлтээ цаашид үргэлжлүүлэх, гэр бүлээр хамт амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн 2004-08-04 өдөр охин Б.Хүслэн, 2008-01-31 өдөр хүү Б.Тэргэл нарын асрамжийн талаар хариуцагч маргаж, өөрийн асрамжинд охин Б.Тэргэлийг авах хүсэлтэй байсан учраас Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн хүүхдүүдээс цаашид эцэг эхийн хэнтэй нь амьдрах талаар шүүх тэдний саналыг нь асуусан болно.

Хүүхдүүд 18 насанд хүртэл эхийнхээ асрамжинд байх хүсэлтэй байгаа, хүүхдийн амьдрах, суралцах дассан орчинг өөрчлөх шаардлагагүй байгааг харгалзан шүүх Б.Хүслэн, Б.Тэргэл нарыг эхийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцэг хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул насанд хүрээгүй хүүхдүүдээ асрамжилж буй нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргийг шаардах эрхтэй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулахаар тогтоов.

Гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эрхтэй дундын өмчлөлийн хөрөнгийн талаар зохигч маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 64 918 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.