Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч А.*******,

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 140 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******ид холбогдох эрүүгийн 2207000000137 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны ******* сарын 10-ны өдөр ******* аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүрэг 3 дугаар хороо, тоотод оршин суух хаягтай,

урьд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан.

*******ийн ******* /РД:******/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.******* нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газрын гэрт 2022 оны 05 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнийн 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.*******ыг чи орон дээр багтахгүй байна, өөр газар очиж унт гэх шалтгааны улмаас хазах, үсдэх, цохих үйлдлүүдээр биед нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Т.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хохирогч А.*******ы мэдүүлэг /хх 7-8/, насанд хүрээгүй гэрч Б.гийн мэдүүлэг /хх  12/, гэрч А.ы мэдүүлэг /хх 14/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 56/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 257 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх 18-19/, яллагдагчаар өгсөн Т.*******ийн өгсөн мэдүүлэг /хх 36-37/  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, цаашид гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь ******* ажилтай. Эрхэлсэн тодорхой ажилтай, тогтсон орлоготой байгаа учраас прокурорын хяналтын шатанд яллагдагчтай тохиролцсон ялын санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Мөн түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Т.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газрын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох  эхнэр А.*******ыг чи орон дээр багтахгүй байна, өөр газар очиж унт гэх шалтгааны улмаас баруун мөрнөөс нь хазаж,  үсдэж газар унаган толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь биед баруун бугалга, зүүн бугалга, баруун шуу, баруун зүүн гуя, баруун зүүүн шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Т.*******ийн өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр эхнэр А.*******, охин Б. нарын хамтаар Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газар монгол гэрт амарсан /ямар нэгэн дугаар номергүй гэр байсан/. Ингээд би өдөр нь хоол унд хийж идээд авчирсан Соёрхол нэртэй архи, Нийслэл нэртэй пиво уусан. Манай эхнэрийн хувьд пивоноос л бага зэрэг уусан. Тэгээд шөнө 00 билүү 01 цагийн үед л гэж санаж байна. Би уусан архиндаа согтоод тасарчихсан байсан. Тэр үедээ эхнэр А.*******д тодорхойгүй шалтгаанаар агсан согтуу тавьж цохиж зодсон. Дээрээс нь тухайн үед хамт байсан төрсөн охин Б.гийн нуруунаас нь хазчихсан. Согтуу тасарчихсан байсан болохоор яг яаж эхнэрээ цохиж зодож, охиноо хазсанаа санахгүй байгаа. Маргааш нь эхнэр А.*******тай уулзаж болсон үйл явдлыг сонсоход “чи шөнө амралтын гэрт хамт унтах гэж байхад гэнэт л над руу чи орон дээр багтахгүй байна гэж уурлаад намайг үсдэж газар унагаагаад зодсон, дээрээс нь охиноо хазсан” гэж хэлсэн. Тэгээд би үүнийг нь сонсоод эхнэр, хүүхдээсээ уучлалт гуйсан. Би шөнө унтах гэж байгаад уусан архиндаа гэнэт согтож тасраад шөнө яг юу болсон талаар ерөөсөө санахгүй байгаа юм. Тэр үедээ л эхнэр, хүүхдээ цохиж зодсон асуудал гаргасан. Одоо бол хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа...Тасарчихсан байхдаа эхнэр А.*******д чи орон дээр багтахгүй байна, өөр газар очиж унт гэж агсан согтуу тавьж байхдаа эхнэр болон охиныхоо биед халдаж гэмтэл учруулах болсон юм... ” гэх мэдүүлэг,

/хх-ийн 36 дугаар тал/

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор А.*******ы өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо “” гэх амралтын газар гэр бүлээрээ очиж амарсан юм. Тухайн өдөр бид хэд хоол унд хийж идэцгээгээд манай нөхөр Т.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ингээд архиа ууж дуусаад шөнө 00 билүү 01 цагийн үед унтах гээд хэвтэх гэж байтал Т.******* намайг “чи орон дээр багтахгүй байна өөр газар очиж унт” гээд гэнэт уурлаад шууд орон дээр хэвтэж байснаа миний баруун гарын мөрийг хазаад, үснээс зулгааж орноос хүчээр босгоод дээрээс газар дарж хэвтэж байгаад толгой руу минь гараараа хэд хэдэн удаа цохисон юм. Үүнийхээ дараа орон дээр унтаж байсан 7 настай охин гийн зүүн талын бөөр хавьцаа бас хазаж агсан согтуу тавьсан. Тухайн үедээ би цагдаа сэргийлэх дуудаж чадалгүй шууд тэр амралтын газраас яваад гэр лүүгээ харьчихсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 7 дугаар тал/

3. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр Б.гийн өгсөн: ...2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би аав, ээжийнхээ хамт амралтад явсан юм. Тэгээд шөнө унтаж байтал гэнэт л аав согтуу агсан тавиад ээжийг цохиж зодоод миний нуруу руу хазсан. Тэр шөнө ээж намайг аваад гэр лүүгээ хариад унтаж амарсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...унтаж байсан чинь гэнэт л хэрүүл маргаан зодоон болоод эхэлсэн. Тэгээд аав уурлаад ээж рүү дайраад цохиж зодоод байсан. Тухайн үед би айгаад сайн харж чадаагүй... гэх мэдүүлэг,

/хх-ийн 12 дугаар тал/

4. Мөрдөн байцаалтад гэрчээр А.ы өгсөн: ...2022 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороо тоот гэртээ байж байгаад хажууд амьдардаг төрсөн дүү А.*******ы гэрт орсон. Тухайн үед А.******* бусдад зодуулсан байдалтай үс нь арзайчихсан нүүр ам нь бүлцийчихсэн байдалтай байхаар нь гайхаад юу болсон талаар асуухад надад шөнө амралтад нөхөр Т.******* гэнэт агсан согтуу тавиад охин бид хоёрыг зодчихлоо гэхээр нь би тэр даруйдаа цагдаа руу очиж уг асуудлыг шийдүүлэхээр өргөдөл бичиж өгсөн юм.... гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

 

5. Мөрдөн байцаалтад шинжээч эмчээр С.Төгсбуяны өгсөн: ...Тархи хөдөлж толгой барилаа гэсэн хүний ямар нэгэн гарын үсэг, тамгатай бичиг байгаагүй, авчраагүй. Мэдрэлийн үзлэгт тархи доргисон гэх шинж тэмдэг илрээгүй. А.*******ыг үзэхэд түүний толгойд ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. гэх мэдүүлэг,

/хх-ийн 24 дүгээр тал/

 

6. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/257 дугаар: А.*******ы биед баруун бугалга, зүүн бугалга, баруун шуу, баруун зүүн гуя, баруун зүүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт,

/хх-ийн 19 дүгээр тал/

7. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/258 дугаар: Б.гийн биед нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт,

/хх-ийн 22 дугаар тал/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 38 дугаар тал/

 

9. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

/хх-ийн 43-46 дугаар тал/

 

10. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

/хх-ийн 47-49 дүгээр тал/

11. Шүүгдэгч Т.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 53-60 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Т.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч А.*******ы эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.******* нь хохирогч А.*******ы баруун мөрнөөс нь хазаж,  үсдэж газар унаган гараараа толгой руу нь цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид хазуулж, цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/257 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Т.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.*******ы бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Т.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Т.*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

     Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ирүүлсэн *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ