Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Ц.*******,

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 130 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******эд холбогдох эрүүгийн 2207000000122 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хот ******* төрсөн, эрэгтэй, 19 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, *******-д арматурчин ажилтай, ам бүл 5, ээж, ах, эгч, дүү нарын хамт тоотод түр оршин суух хаягтай,

Урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар гэм буруутай тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дэх хэсгийг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд үүрэг хүлээлгэсэн.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 160 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж дуусгавар болсон.

Булган овгийн Нямдаваагийн ******* /РД:*******/

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 06-аас 07-ны шилжих шөнө ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд хохирогч Ц.*******ийн толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би найзуудтайгаа бааранд орсон. Манай нэг найз нэг ахтай муудалцаад байсан. Би нэг их юм бодохгүй байж байтал цаанаас нь нэг ах хүрч ирсэн. Тэгэхээр нь тэр хүнтэй улам муудалцаад байгаа юм болов уу гэж бодоод цохисон.” гэв.

Хохирогч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө манай найзын төрсөн өдөр болж байсан. Манай гэх найз нэлээд согтолттой байсан. Миний хувьд согтолтын зэрэг байхгүй шахуу эрүүл саруул байсан. Гэтэл манай найз танихгүй хүмүүс буюу энэ хүмүүсийн ширээн дээр очоод юм яриад суугаад байсан. Эхлээд би зүгээр сууж байхыг нь харсан. Гэтэл удалгүй маргалдаж байсан. Тэгээд би найзыгаа татаж аваад танихгүй хүмүүсийн ширээн дээр битгий суу яах гээд байгаа юм бэ гээд хэлээд буцаад эргээд хартал архины шилээр цохиулсан байсан. Тэр үед хүнтэй андуурсан гэж хэлсэн. Би хүнтэй андуурсан уу, үгүй юу гэдгийг нь сайн мэдэхгүй байна. гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, гэрч Д.ийн мэдүүлэг /хх 17/, шинжээчийн 186 дугаартай дүгнэлт /хх 23-24/, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди бичлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч нь нийт 360.000 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 300.000 төгрөг төлөгдөж, шүүхийн шатанд 60.000 төгрөг барагдсанаар хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэх асуудлыг хохирогч хэлсэн.

Иймд шүүгдэгч Н.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус бүр харгалзан үзсэн.  Хэрэгт авагдсан нөхцөл байдлаас харахад хохирогчийн ямар нэгэн зүй бус үйлдэл тогтоогдсонгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрийнхөө үйлдлийг ухамсарлах чадваргүйгээсээ  уг гэмт хэргийг үйлдсэн байна гэж харж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд хохирол төлбөр барагдсан. Хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд хэдийгээр нэг бүлэгт заасан хоёроос дээш гэмт хэргийг үйлдээгүй боловч өмнө нь эрүүгийн хариуцлагыг хоёр удаа хүлээж байсан. Энэ нь шүүгдэгчийн хувийн байдалтай хамааралтай бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдалтай хамаарахгүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзаад шүүгдэгч Н.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Хязгаарлалтын бүсийн хувьд Нийслэлийн 4 дүүргээс хэтрэхгүйгээр тогтоох нь зүйтэй. Учир нь шүүгдэгч Нийслэлийн Хан-Уул дүүрэг Яармагт ажил хөдөлмөр эрхэлдэг. Хязгаарлалт тогтоох ял маань энэ төрлийн гэмт хэргийн хамгийн хүнд ангиллын ял бөгөөд уг ял зөрчиж хязгаарлалтын бүсээс хэтэрсэн тохиолдолд ялыг өөрчилж солих асуудал яригддаг. Энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалах, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, урьд өмнө шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх саналыг гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Н.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 06-аас 07-ны шилжих шөнө 00-02 цагийн орчим ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд хохирогч Ц.*******тэй ширээн дээр ирж хэрүүл хийлээ гэх шалтгааны улмаас түүний толгойн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Н.*******ийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би найзуудтайгаа ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд сууцгаасан юм. Би найзуудтайгаа 0.75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уугаад би бага зэрэг согтчихсон байсан юм. Тэгтэл бид нарын ойролцоо сууж байсан ******* гэх зүс таних залуу маргалдаж эхэлсэн. Би яг юунаас болоод маргалдсанаа санахгүй байна. Миний уур хүрээд байхаар нь би ширээн дээр байсан архины шилийг аваад толгойн орой хэсэгт нь нэг удаа цохичихсон юм. Тэгтэл ******* толгойгоо бариад цаашаа яваад өгчихсөн. Өөр ямар нэгэн зүйл бололгүй салцгаасан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 35 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.*******ийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай найз гийн төрсөн өдөр болоод би найз гэх залуугийн хамт Улаанбаатар хотод очиж , хоёрыг аваад 23 цагийн орчимд ******* ирсэн. Тэгээд караокед орж сууж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд бааранд найзуудын хамт орсон. Тэгээд баарандаа сууж байтал манай найз танихгүй хүмүүсийн ширээн дээр очиж суугаад юм яриад байхаар нь би авахаар ганцаараа очоод сууж байтал ардаас архины шилээр миний толгой хэсэг рүү цохисон. Тэгээд тэндээс гараад эмнэлэгт очиж 5 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 08 дугаар тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.эхийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би найз *******ийнхээ хамт ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд орсон юм. Тэгээд бид хоёр хэдэн найзуудынхаа хамт 0.75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уугаад сууж байтал ******* гэх залуу хүрч ирээд *******тэй маргалдаад эхэлсэн. Тэгтэл ******* ширээн дээр байсан архины шилийг аваад *******ийн толгойн тус газарт нь нэг удаа цохичихсон. ******* цохиулчхаад толгойгоо бариад цаашаа яваад өгчихсөн. Тэгээд бид нар ч бас нэг их удаагүй удаагүй баарнаас гараад явчихсан...******* огт *******ийн биед гар хүрээгүй. ******* ч толгой руу нь архины шилээр цохисноос өөрөөр гар хүрээгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 16 дугаар тал/

4. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Шүүхийн Шинжилгээний Тасгийн  шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/186 дугаар: “Ц.*******ийн биед толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 22 дугаар тал/

5. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 23-24 дүгээр тал/

6. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

/хх-ийн 25 дугаар тал/

7. Эрүүгийн хариуцлага хүлээс байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 42-45 дугаар тал/

8. Шүүгдэгч Н.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 37-57 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Н.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Ц.*******ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.******* нь хохирогч Ц.*******ийн толгойн тус газарт нь архины шилээр цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид архины шилээр цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/186 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Н.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******ийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч баримтаар 360.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Н.*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаагаар хавсаргаж, шүүгдэгч Н.******* нь битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******эд  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаагаар хавсаргаж, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ