Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Д.******* /цахимаар/,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 126 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ы *******д холбогдох эрүүгийн 2207000000121 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот ******* төрсөн, эрэгтэй, 32 настай, яс үндэс Халх, тусгай дунд боловсролтой, телевизийн программ хангамж мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* 7 дугаар хороо ******* тоотод оршин  суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

*******ы ******* /РД:*******/

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө ******* 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Д.*******ийн цээжин тус газарт хутгаар хатгаж биед нь хэвлийд шарх бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2022 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө бага зэрэг архи уусан үедээ ******* ахтай таарсан. Дэлгүүрийн тэнд бид хоёр маргалдаад намайг цохиод авахаар нь халаасанд байсан хутгаараа хутгалсан. Тухайн үед ажил хийгээд мод зорж байсан хутга” гэв.

Хохирогч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би *******д хутгалуулаад их ядарч байна. гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3/, гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4-5/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/,  хохирогчийн мэдүүлэг /хх /, насанд хүрээгүй гэрч гйин мэдүүлэг /хх /, эд мөрийн баримтаар хураан авсан тонгорог-хутга зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогч нь баримтаар хохирол төлбөр байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд дурдуулж, харин хохирогч Д.*******ийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхийг нээлттэй  үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргах, хутгыг устгуулах дүгнэлтийг гаргаж байна. Энэ хэрэгт Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй бөгөөд түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг тус тус гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэхэд оршдог бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үздэг. Шүүгдэгч Б.ийн хувьд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд харагдаагүй. Гэмт хэргийн шинж чанарын хувьд зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн, мөн хохирол төлбөрийг ямар нэгэн байдлаар төлөөгүй, хохирогчтой уулзаж гэмшиж уучлал гуйсан асуудал яригддаггүй. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө ******* 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Д.*******ийг миний цамцыг өмссөн байна гэх шалтгаанаар хэвлийн зүүн хажуу талд суганы шугамаар 11-12-р хавирганы харалдаа хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөндлөн байрлалтай 3 см урттай шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.ийн өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 21 цагийн үед гэртээ харих гээд явж байхдаа замаараа ******* 8 дугаар хороо “” гэх нэртэй хүнсний дэлгүүр лүү орсон юм. Тухайн үед дэлгүүр дотор бараа үзээд зогсож байтал гаднаас Д.******* охиноо дагуулчихсан орж ирсэн. Тэгээд Д.******* руу хартал миний цамцыг өмсчихсөн байхаар нь түүнтэй “та яагаад миний хувцсыг өмсөж байгаа юм бэ, наадах чинь миний цамц” гэсэн чинь “чи юу яриад байгаа юм бэ, энэ чинь миний цамц чиний цамц биш” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед дэлгүүрийн эзэн нь бололтой нэг хөгшин ах намайг дэлгүүрээсээ хөөж гаргахаар нь би дэлгүүрийн үүдэн дээр дэлгүүрийн эзэн гэх хөгшин ахтай юм яриад зогсож байтал удаагүй Д.******* охинтойгоо дэлгүүрээс гараад ирсэн. Тэгэхээр нь би тухайн үед уур хүрчихсэн байсан учраас Д.*******той дахиж хэрүүл маргаан хийгээд зогсож байтал Д.******* шууд миний нүүр лүү гараараа нэг удаа цохичихсон. Тэгээд миний уур хүрээд өмдний халаасанд байсан хуучин муу тонгоргоо гаргаж ирээд Д.*******ийн зүүн ташаа орчимд нэг удаа хатгачихсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 38 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.*******ийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний...замдаа дэлгүүрээс ундаа авахаар охинтойгоо хамт ******* 8 дугаар хороо хүнсний дэлгүүр рүү орсон. Тэгтэл дэлгүүр дотор нэг хашаанд хамт амьдардаг ******* гэх залуутай тааралдсан. Тухайн үед ******* архи уучихсан бололтой согтуу зогсож байгаад намайг харангуутаа та миний цамцыг өмсчихсөн байна гэхээр нь би түүнд би чиний цамцыг өмсөөгүй, чи андуураад байна гэтэл ******* над руу согтуурхаж дайраад байсан. Тухайн үед дэлгүүрийн эзэн бололтой нэг хөгшин ах ийг загнаж дэлгүүрээс хөөж гаргасан. Ингээд би дэлгүүрээс ундаагаа авчхаад охиноо дагуулаад дэлгүүрээс гартал дэлгүүрийн үүдэн дээр ******* зогсож байсан. Тэгтэл ******* дахиад надтай хэрүүл маргаан хийгээд намайг явуулахгүй байхаар нь би түүний нүүр лүү нь нэг удаа гараараа цохичихсон юм. Тэгтэл ******* надад уурлаад гэнэт л хутга гаргаж ирээд над руу дайрч миний зүүн талын ташаа хавьцаа барьж байсан хутга шиг зүйлээрээ 1 удаа хатгаж намайг гэмтээсэн юм. Миний хувьд архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр Б.гийн өгсөн: “...дэлгүүр дотор манай хажуу айлын ******* гэх ах согтуу зогсож байснаа аавыг харангуутаа аав руу “танд мөнгө байна уу” гэхэд нь аав “надад мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь ******* ах аав руу уурлаад аавтай муудалцаад дэлгүүр дотор байхдаа аавыг цохих гээд дайраад байсан. Удалгүй дэлгүүрийн эзэн нь уурлаад ******* ахыг дэлгүүрээс хөөж гаргасан. Ингээд аав бид хоёр ундаа авчхаад дэлгүүрээс гартал үүдэнд нь ******* ах зогсож байсан. Тэгээд аавтай дахиад муудалцаад эхэлсэн. Тухайн үед аав ******* ахыг нүүр лүү нь нэг удаа цохичихсон чинь ******* ах “чи намайг цохидог хэн юм бэ” гээд гэнэт л хутга гаргаж ирээд аавыг хөөгөөд, аавтай барьцалдаж аваад манай аавыг хутгаараа хутгалчихсан. Тэгсэн чинь аав “ёооё” гээд хавиргаа бариад буцаад дэлгүүр ороод байж байтал ******* ах зугтаагаад явчихсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр И.ийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө ******* 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй хүнсний дэлгүүр дотроо худалдаа наймаа хийгээд зогсож байтал гаднаас ******* гэх урьд нь манай дэлгүүрээр хэд хэдэн орж гарч байсан залуу нэлээн уучихсан байдалтай согтуу орж ирсэн. Тэгээд дэлгүүрээс бараа худалдаж авахгүй зүв зүгээр хараад эогсоод байсан. Удаагүй гаднаас дээгүүрээ цагаан өнгийн цамцтай, доогуураа хар өнгийн бакалтай нэг үл таних залуу охинтойгоо орж ирээд дэлгүүрээс бараа үзээд зогсож байтал ******* тэр залуу руу “чи миний цамцыг өмссөн байна” гээд согтуурхаад агсарч дайраад түүнтэй манай дэлгүүр дотор хэрүүл маргаан үүсгэсэн. Ингээд ******* гэх залууг дэлгүүрээс гаргаж хөөгөөд дэлгүүрийнхээ үүдний хэсэгт ийг “чи одоо гэртээ харь, яах гээд энүүгээр хүн амьтан үймүүлээд яваад байгаа юм бэ?” гээд загнаад зогсож байтал дэлгүүр дотроос охинтойгоо орж ирдэг үл таних залуу гарч ирээд *******тэй хоорондоо хэрэлдэж маргалдаад нөгөө үл таних залуу ий нүүр лүү нь гараараа 1 удаа цохьчихсон чинь ******* “чи муу намайг цохьлоо” гээд нөгөө залууг хөөгөөд дайрсан юм. Тэгтэл гэнэт л нөгөө үл таних залуу “чи намайг хутгалчихлаа” гээд орилоод эхэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан юм. Өөр надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй ээ...Миний харснаар зүүн хавирга орчимдоо л хутгалуулчихсан бололтой шархтай байсан...” гэх мэдүүлэг,

      /хх-ийн 19 дүгээр тал/

5. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын ******* Шүүхийн Шинжилгээний Тасгийн  шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/224 дугаар: “Д.*******ийн биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 24 дүгээр тал/

6. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын ******* Шүүхийн Шинжилгээний Тасгийн  шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/228 дугаар: “Б.ийн биед баруун дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар  эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт,

/хх-ийн 27 дугаар тал/

7. Эрүүгийн хариуцлага хүлээс байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 39 дүгээр тал/

8. Шүүгдэгч Б.ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 40-53 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Д.*******ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.*******ийн хэвлийн зүүн хажуу талд суганы шугамаар 11-12-р хавирганы харалдаа хутгаар хатгаж хөндлөн байрлалтай 3 см урттай шарх бүхий гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хутгаар хутгалуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/224 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Б.ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.*******ийн биед хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн түүнд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйгаагүй, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн хэвлий тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 400 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаагаар хавсаргаж, 17 см урттай ажлын хэсэг нь 8 см урт бүхий дан төмөр иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч Б.******* нь битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ы ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ийг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 17 см урттай ажлын хэсэг нь 8 см урт бүхий дан төмөр иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ