| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 105/2019/0431/Э |
| Дугаар | 526 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 526
2019 5 30 2019/ДШМ/526
Б.Т , Н.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мөнх-Амгалан,
насанд хүрээгүй хохирогч С.С , түүний хууль ёсны төлөөлөгч Т.Энхчимэг,
өсвөр насны яллагдагч Б.Т , түүний хууль ёсны төлөөлөгч М.Батсүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
яллагдагч Н.Б, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 52 дугаартай эсэргүүцлээр өсвөр насны яллагдагч Б.Т , яллагдагч Н.Б нарт холбогдох эрүүгийн 1806073980311 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ш овгийн Н-ын Б, ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............/;
2. О овгийн Б-ын Т, .....................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............/;
Н.Б, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.С ыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Б, Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтаныг мөрдөгч гэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд “мөрдөгч, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх, үүргийн дагуу, эсхүл прокурорын даалгавраар энэ хуулиар харъяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэсэн байна. Гэтэл энэ хэрэгт дэд ахлагч цолтой Б.Ундрам нь насанд хүрээгүй гэрч, хохирогч нараас тайлбар авч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан байна. Энэ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах үндэслэл журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн насанд хүрээгүй хохирогч С.С ын биед зүүн чихний хэнгэрэн хальсны урагдал, зүүн чихний ард хөхлөг сэртэн орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан ба үүнээс чихний хэнгэрэгний хальс урагдал нь шинэ гэмтэл үү, хуучин гэмтэл үү гэдэг нь эргэлзээтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заажээ. Дээрх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх гэсэн үндэслэлээр, яллагдагч Б.Т , Н.Б нарт холбогдох 1806073980311 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Б.Т , Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “мөрдөгч” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх, үүргийн дагуу, эсхүл прокурорын даалгавраар энэ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэж заасан бөгөөд хуулиар мөрдөгчийн цагдаагийн цолны асуудлыг огт зохицуулаагүй байхад дэд ахлагч цолтой Б.Ундрам хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан нь хууль ноцтой зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
Мөн өсвөр насны яллагдагч Б.Т , яллагдагч Н.Б нарын буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С ын зүүн чихний хэнгэрэгний хальс урагдал гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн болох нь хохирогч С.С ын мэдүүлэг, гэрч Б.Мөнхсүлдийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11018 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Яллагдагч нарын гэм буруутайг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч С.С ын хууль ёсны төлөөлөгч Т.Энхчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Насанд хүрсэн хүүхдүүд гэмгүй хүүхдийг бөмбөг илүү оруулсан гэж зодсон. Тухайн үед цагдаа дуудахад цагдаа нар ирж, Б.Т , Н.Б нарыг найз Базарваань гэх хүнтэй авч явсан. Анх н.Чинбат байцаагч байсан. н.Чинбат байцаагчийн авсан Базарваанийн мэдүүлэг хэрэгт байхгүй байна. Тэр өдөр цагдаа дээр Б.Т , Н.Б болон тэнд байсан найзууд нь тохиръё, бид нар сургууль төгсөх гэж байгаа, 1 дүгээр дамжаагаа төгсөөд гадаад явах гэж байгаа гэж хэлж байсан. Би миний хүүхэд ямар гэмтэл авсан эсэхийг би мэдэхгүй тул яаж тохирох юм бэ гэсэн. Одоо болтол хэргийг шийдэхгүй байгаад гомдолтой байна...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чих рүү хэн цохисон эсэхийг мэдэхгүй. Тоглож байхад 1 оноо авахад 2 оноо нэмээд байхаар нь хэлэхэд яагаад өдөөд байгаа юм бэ гээд гэнэт цохисон. Тухайн үед ухаан балартаад юу ч санахгүй байсан. Б.Т , Н.Б нар хоёулаа миний толгой хэсэг рүү цохисон. Миний бодлоор чихний ар тал руу Н.Б цохисон байх гэж бодож байна. ...” гэв.
Өсвөр насны яллагдагч Б.Т ын өмгөөлөгч Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалтай танилцахад н.Чинбат гэх байцаагч, дэд ахлагч Б.Ундрам гэж байхаар нь эргэлзээ төрж, прокурорт эрх бүхий албан тушаалтан мөн эсэхийг нотолж өгнө үү гэсэн хүсэлтийг хэлсэн.
Бусад гэрчүүдээс мэдүүлэг авалгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг орхигдуулсан. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд учирсан гэмтэл нь өмнөх гэмтэл үү, шинэ гэмтэл үү гэдгийг тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Яллагдагч Н.Б-ийн өмгөөлөгч З.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, тухайн хэргийн байцаалтыг авахдаа хэд хэдэн байцаагч солигдсон. Прокурор даалгавар бичиж, хэргийг мөрдөн байцаалтад өөр гэрч нэмж байцаа гэж буцааж байсан. Хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Н.Б С.С ыг цохиж байсныг хохирогчийн найз хараагүй гэж мэдүүлдэг. Цохисон үйлдлийг хараагүй гэж байхад яллах дүгнэлт үйлдэж, Н.Б-ийг ялласан нь ойлгомжгүй. Хохирогчийн бичсэн хоёр өргөдөл нь хоёр өөр утгатай. Өнөөдрийн шүүх хуралдаанаар мөн мэдүүлэг нь өөрчлөгдөж байна. Н.Б-ийг цохисон байх гэж хэлж байгаа нь мэдүүлгүүд нь тогтворгүй байна. Шүүх хуралдаан дээр Саруулын хууль ёсны төлөөлөгч болох Т.Энхчимэг нь Н.Б-ийг цохисон гэж яригдсан. Анхан шатны шүүх хуралдаанд энэ асуудлыг шалгаагүй талаар хэлж байсан. Мөн хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилдэг. Эдгээр нөхцөл байдлыг шалгаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос яллагдагч Н.Б, Б.Т нарыг бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.С ыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг эрх бүхий мөрдөгч явуулсан эсэх, насанд хүрээгүй хохирогч С.С ын биед учирсан “...зүүн чихний хэнгэрэг хальсны урагдал, зүүн чихний ард хөхлөг сэртэн орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл...” нь шинэ, хуучин гэмтлийн аль нь болох нь эргэлзээтэй талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Тодруулбал, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны 11018 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр явсан боловч ирээгүй...” гэсэн /хх24/ байх ба тодруулах нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг үндэслэн дүгнэлтээ гаргаагүйгээс С.С ын биед учирсан гэмтэл шинэ, хуучин гэмтэл эсэх нь тодорхойгүй болсон гэж үзэх үндэслэлтэй.
Мөн С.С ын биеийн аль хэсэгт хэн нь яаж цохисон, юу болсон болохыг тодруулах зорилгоор тухайн үйл явдал болсон цаг хугацаанд, тэнд байсан этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах нь зүйтэй байна.
Түүнчлэн, Н.Б, Б.Т нар нь энэ гэмт хэрэгт яаж бүлэглэн оролцсон болох, хэн нь ямар хүч хэрэглэсэн, зодсон үйлдлийг хийсэн болохыг тодорхой биш байдлаар яллах дүгнэлтээ үйлдсэн нь ойлгомжгүй байна. Яллагдагч тус бүрийн оролцсон оролцоо нь тодорхойгүй, тэдний үйлдлүүдийн гэмт хэргийн шинж нь яллах дүгнэлтээр тодорхойгүй байхад шүүх тэдний хэрхэн оролцсон талаархи хууль зүйн дүгнэлтийг нөхөн хийж, үйл баримт тогтоох эрх хэмжээгүй.
Иймд Б.Т , Н.Б нарт холбогдох 1806073980311 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 52 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ