Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорийн Нямдэлгэр |
Хэргийн индекс | 128/2020/0757/З |
Дугаар | 128/ШШ2021/0084 |
Огноо | 2021-02-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2021/0084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.А /
Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гэрч Д.Б, Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Төгөлдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б\114 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтын дагуу захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох, мөн хуулийн 106.3.7 дахь заалтын дагуу захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах шийдвэр гаргуулах.
Төрийн албанд ажилласан тухай:
Миний бие 1999 онд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, төрийн захиргааны албанд томилогдсоноос хойш төрийн албанд 21 дэх жилдээ ажиллаж байна.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн мэргэжилтнээр 2015.6.02-ны өдрөөс, мөн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Тогтоол шийдвэрийн биелэлт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр 2016.6.27-ны өдрөөс, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн Салбарын эрх зүйн зохицуулалт, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр 2016.8.09 ний өдрөөс, төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн Салбарын эрх зүйн зохицуулалт, мэдээллийн сан хариуцсан ахлах шинжээчээр 2019.11.15-ны өдрөөс тус тус томилогдон ажилласан.
2004 онд Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар Дэд зэргийн дэс түшмэл, 2006 онд Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар Дэд зэргийн ахлах түшмэл, 2018 онд Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар Тэргүүн зэргийн ахлах түшмэл-ийн зэрэг дэв тус тус олгосон.
Б.А миний бие ажиллаж байх хугацаандаа хэрхэн үр бүтээлтэй ажиллаж байсныг нотлох зорилгоор сүүлийн 3 жилийн үнэлгээгээр Бүрэн хангалттай гэж дүгнэгдсэн, өөрөөр хэлбэл 2018, 2019, 2020 оны эхний хагас жилийн үнэлгээний илтгэх хуудас, гүйцэтгэлийн тайланг хавсаргав.
Мөн Барилга, хот байгуулалтын салбарт ажиллах хугацаандаа боловсруулсан батлуулсан, хууль зүйн зөвлөгөө, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж батлуулсан барилгын норм, нормативын баримт бичгийн жагсаалтыг хавсаргав.
Нэхэмжлэлийн үндэслэл:
Миний бие 2020 оны ээлжийн амралтаа 2020.6.29-ний өдрөөс 2020.8.02-ны өдөр хүртэл Хөдөлмөрийн хуулийн дагуу биеэр эдэлж, 2020.8.02-ны өдөр ажилдаа орж, албан үүргээ хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж ажиллаж байсан.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах шинжээч Б.А намайг болон тус хэлтсийн шинжээч Б.М нарыг 2020.08.17-ны өдрийн 16 цаг 40 минутад хэлтсийн дарга Б.Н өрөөндөө хуралтай гэж дуудсан. Хэлтсийн шинжээч Б.Мийн хамт ороход тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020.01.07-ны өдрийн А/02 дугаар Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай тушаалд дугаар олгож бүртгэхдээ хавсралтыг сольж Н.Т Ц.Д., Ц.Г нарыг нэмж оруулсан тул Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцохоор сонсох ажиллагаа хийж байна гэж 6 хуудас материал танилцуулсан.
Ямар үндэслэлээр ийм зүйл ярьж байгаа юм бэ гэхэд Төрийн нарийн бичгийн даргын 2020.01.07-ны өдрийн А/02 дугаар Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай тушаалын 2 ижил хувилбар танилцуулаад арын хавсралтыг намайг сольсон гэж хэлсэн. Тэр хавсралтыг миний албан хэрэгцээнд хадгалагдаж үлдсэн хувиас хэзээ яаж авсан, тэрийг нь хэн сольсон тодорхойгүй байсан. /Тэр бүү хэл сольсон гэдэг нь ч тодорхойгүй байсан./ Б.Н хариулахдаа Барилгын хөгжлийн төвийн Сургалтын хэлтсийн мэргэжилтэн н.Д гэдэг хүнтэй утсаар ярьсан гэж хэлж, утсаар ярьсан тэмдэглэл гэсэн нэг хуудас асуулт хариулт бичсэн цаас өгсөн.
Би хариулахдаа ...би тийм хүн огт танихгүй, тийм хүнтэй утсаар ярьж, уулзаж байгаагүй юм байна. Та намайг гүтгэж байна. Үүнийг сольсон эсэх, миний бие сольсон талаар ямар ч баримт алга. Энэ тушаалыг солигдсон гэдгийг дөнгөж сая л танаас сонсож байна. Ингэж хүн гүтгэх хэмжээтэй байх гэж хэлсэн. Энэ үед Б.М байлцсан гэдгээр гарын үсэг зурах ёстой юу гээд Сонсох ажиллагааны тэмдэглэл гэсэн цаасан дээр Б.М, Б.Н нар гарын үсэг зурж, миний бие зөвшөөрөхгүй гэдэг шалтгаанаа бичээд гарын үсэг зурсан.
Хэлтсийн дарга Б.Н хэлэхдээ Д. гэдэг хүн чамайг тушаал сольж өгсөн гэж хэлсэн" утсаар ярьсан тэмдэглэл байгаа гэж хэлсэн учир Би Б.Нийн өрөөнөөс гарч ирээд доорх 2 албан тушаалтантай утсаар ярьж тодруулга авсан, Үүнд:
Нэг. 2020.8.17-ны өдрийн 16 цаг 59 минутад Монголын Барилгачдын Холбооны Ерөнхийлөгч М.Бтай 99112636 дугаартай утсаар ярьж Сайн байна уу, БХБЯ-ны хуулийн хэлтсийн Б.А байна. Танай байгууллагатай хамтран ажилладаг Барилгын хөгжлийн төвийн сургалтын хэлтэст н.Д гэж хүн ажилладаг уу, утсыг нь өгөөч" гэж хэлэхэд М.Б Барилгын хөгжлийн төвийн сургалтын хэлтэст н.Д гэж хүн байхгүй ээ. Н.Э, н.Б, н.Б гэсэн хүмүүс л бий дээ гэв.
Хоёр. 2020.08.17-ны өдрийн 17цаг 13 минутад Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаатай 91119000 дугаартай утсаар ярьж Сайн байна уу. БХБЯ-ны хуулийн хэлтсийн А байна. танай сургалтын хэлтэст Д. гэж хүн ажилладаг уу, утсыг нь өгөөч гэж хэлэхэд Ц.А Манай сургалтын хэлтэст Д. гэж хүн байхгүй ээ. Яасан юу болов гэж асуув. Би Манай Хэлтсийн дарга танай сургалтын хэлтсийн тийм хүнтэй устаар ярьсан гэж хэлсэн юмаа, тэр хүний утасны дугаар авах гэсэн юм гэж хэлсэн.
Эндээс дүгнэж үзэхэд Д. гэх хүн Барилгын хөгжлийн төвд ажилладаггүй, огт байхгүй болж таарсан, иймээс Б.Н нь Д.-тай утсаар ярьсан тэмдэглэл үйлдэж, надад хэрэг тохохоор Д. гэх зохиомол хүнийг бий болгосон гэж үзэхэд хүрч байна. \Барилгын хөгжлийн төвийн Сургалтын хэлтсийн мэргэжилтэн н.Дтай 2020 оны 14-ний өдрийн 11:33 цагт утсаар ярьсан ярианы тэмдэглэлээс гэсэн хэлтсийн дарга Б.Нийн бичсэн зүйлийг нэхэмжлэлд хавсаргав.
Дээр дурдсан хууль зүйн дагуу мэт харагдуулах гэж хичээсэн Сонсох ажиллагаа-ны дараа Б.Н намайг 1 өдрийн дотор хариу тайлбар гаргаж өг гэсний дагуу миний бие 2020.8.18-ны өдрийн 17 цагт уг асуудалд огт хамааралгүй тухайгаа Хариу тайлбар гаргаж өгсөн.
2020.8.17-ны Даваа гаригт Б.Н Д." гэдэг хүнтэй утсаар ярьсан гэж байснаа намайг Д. гэдэг хүн байхгүй гэдгийг нотолсны дараагаар буюу 2020.8.19-ны Лхагва гаригт Баасанжав гэдэг хүнтэй ярьсан болж хувирсан.
Миний бие 2020.8.19-нд Төрийн нарийн бичгийн дарга С.Мд үндэслэлгүй гүтгэгдсэн тухайгаа гомдол гаргаж, Б.Нийн яриад байгаа Д., эсхүл Баасанжав гэж ямар хүн байгаа тэр хүнийг дуудаж уулзаж, асуудлыг тодруулж өгөөч" гэж хүсэлт гаргасан
2020.8.20-нд С.М, Д.Б, Б.Н нар С.Мгийн өрөөнд намайг дуудаж, Баасанжав гэж хүнтэй утсаар ярьсан, дуудаж уулзсан, чи тушаал сольсон л юм шиг байна. Иймд ажлаас халах тушаал гаргана гэж танилцуулсан. Би гомдолтой. Энэ асуудлаар Сайдад танилцуулна, мөн шүүхэд хандана гэж хэлсэн.
Манай хэлтсийн 4 албан тушаалтан Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалтай шууд танилцах бүрэн боломжтой албан өрөөний зохион байгуулалтын хувьд болон ялангуяа хэлтсийн дарга тушаал, гэрээ солих, тушаал, гэрээний дугаар авчхаад хоосон үлдээх гэх мэт хариуцлагагүй ажил байнга хийдэг гэдгийг бид бүгд мэдэж байгаа.
Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал тушаалын төсөл манай өрөөнд цоожгүй баримт бичиг хадгалах шүүгээнд байдаг бөгөөд намайг албан томилолт, гадуур ажилтай, ээлжийн амралттай зэрэг эзгүй үед уг тушаалтай Б.Н, Д.М, Б.М, Г.Г зэрэг ажилтнууд шууд танилцдаг. Албан үүргийн хувьд нэг нь нөгөөгөө орлож ажилладаг. Дэлгэрэнгүй тайлбарлавал дээрх албан тушаалтны хэн ч ямар ч тушаалтай танилцах, авах, өөр албан тушаалтанд үзүүлэх боломжтой гэсэн үг юм.
Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг боловсруулах, батлуулах, тушаалын дугаар олгох, яаманд хадгалагдах эх хувийг хадгалах, албан тушаалтанд танилцуулах үйл ажиллагаанд дээр нэр дурдсан албан тушаалтнууд бүгд оролцож байхад эдгээр албан тушаалтныг шалгах оролдлого огт хийгээгүй, шалгаагүй, асуудлыг бүрэн судлаагүй, эдгээр албан тушаалтныг хамааралгүй гэдгийг нотлоогүй нь намайг зайлуулах ажлыг эртнээс төлөвлөсөн, найз, нөхдийн хувьд хуйвалдаж, материалыг зохиомлоор бий болгосон үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байна. Төрийн захиргааны төв байгууллагын дунд шатны удирдлагууд ийм үйлдэл гаргаж байгаа нь Төрийн албанд байж боломгүй үйлдэл гэж үзэж байна.
Мөн Төрийн нарийн бичгийн даргын 2020.01.07-ны өдрийн А/02 дугаар тушаалын яаманд үлдэх эх хувь /миний шүүгээнд хадгалагдаж байх ёстой эх хувь/ хэзээ, хэрхэн хэлтсийн дарга авсныг ч мэдэхгүй байна /Өрөөнөөс орж ирж дураараа манай өрөөнд суудаг хэнд ч хэлээгүй авсан байна/. Мөн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалын визийн хуудастай хувь ч хэзээ, хэрхэн хэлтсийн даргад очсон нь тодорхойгүй байна.
Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны тушаалын саналын хуудсыг миний бие 2020.5 сард үдсэн бөгөөд ингэж үдэгдсэн А/02 гэсэн тушаалын Саналын хуудас-тай хувь буюу ноорог хувь, яаманд хадгалагдах арын бичилттэй тушаалын эх хувьтай тулгахад зөрүүгүй байсан.
Миний бие төрийн албанд 21 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд төрийн хууль, ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч, шударгаар биелүүлж ажилладаг.
2012 оноос хойш Барилга, хот байгуулалтын салбарт ажиллахдаа Барилгын тухай хууль болон дагалдан батлагдах 2 хууль, 32 дүрэм, журмыг боловсруулан батлуулахад оролцсон. 2008 оноос хойш батлуулж чадахгүй байсан Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенц"-ийг УИХ-аар соёрхон батлуулах хуулийн төсөл, холбогдох судалгааг хийж хуулийн төслийг батлуулсан гэх мэт ажлын амжилт гаргаж ажилласан.
Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалын эрх зүйн үндэслэлийг хангуулж, удирдах албан тушаалтныг хуульд нийцсэн шийдвэр гаргахад хоёргүй сэтгэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллаж ирсэн.
Иймд Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг сольсон гэх мэт зөрчил дутагдал өөрөө гаргах нь битгий хэл өөр албан тушаалтныг ч гаргуулахгүйн тулд зөвлөгөө өгч ажилладаг.
Эцэст нь хэлэхэд Төрийн албанд хоёргүй сэтгэлээр ямар нэгэн зөрчил дутагдал гаргахгүй, төрийн хууль тогтоомжийг ягштал мөрдөж, төрд чин үнэнээр ажилласныхаа төлөө гүтгүүлж байгаад туйлын гомдолтой байна.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б\114 дүгээр тушаалын үндэслэл хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 48.1.3 дахь заалт авагдсан байх тул Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 8.2-т заасан харьяаллын дагуу шүүхэд бичгээр гомдол гаргасан болно гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Агийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/114 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
Барилга, хот байгуулалтын сайдаас Барилгын салбарын ажилтныг давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах чиг үүргийг Монголын Барилгачдын нэгдсэн холбоо ТББ-д шилжүүлсэн бөгөөд тус төрийн бус байгууллагаас зохих сургалтыг явуулж, шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг шинээр олгох болон дахин сунгах санал, тушаалын төслийг холбогдох материалын хамт тус яаманд ирүүлдэг, уг материалыг шалгаж Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар мэргэшлийн зэрэг олгодог бөгөөд Барилгын хөгжлийн төвөөс тушаалын хавсралтад орсон нэрсийн дагуу гэрчилгээг шивж ирүүлснээр гарын үсэг зурагдаж, тамга даран баталгааждаг.
Дээрх журмын дагуу Монголын Барилгачдын нэгдсэн холбоо ТББ-аас 2019 оны 12 дугаар сард тус яаманд мэргэшлийн зэрэг олгох ажилтан, албан хаагчдын нэрс, холбогдох материалыг ирүүлснээр Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар тушаалаар барилгын салбарын ажилтнуудад мэргэшлийн зэрэг шинээр олгох, сунгах асуудлыг шийдвэрлэсэн. Уг тушаалыг 2 хувь хэвлэж, албажуулан Хуулийн хэлтсийн тушаал, шийдвэрийн бүртгэл хариуцсан Б.Агээр дугаар тавиулан тушаалын хавсралтуудад Хуулийн хэлтэс" гэсэн дардсыг дарж нэг хувийг тус хэлтэст /архивт үлдэх хувь/ үлдээн нөгөө хувийг ажлын хувьд ашиглахаар Бодлого, төлөвлөлтийн газрын даргад хүлээлгэн өгсөн байна.
Харин дээрх тушаалын дагуу Барилгын хөгжлийн төвөөс гэрчилгээг хэвлэн Төрийн нарийн бичгийн даргаар гарын үсэг зуруулж, тамга даруулахаар тус яаманд ирүүлснийг ажлын хувьд авч үлдсэн тушаалын хавсралттай тулгаж үзэхэд тушаалын хавсралтад ороогүй Н.Т , Ц.Д., Ц.Г нарын нэртэй гэрчилгээг хэвлэж ирүүлсэн байсан.
Үүний дагуу зохих хяналт, шалгалтыг явуулж Монголын Барилгачдын нэгдсэн холбоо ТББ-аас мэргэшлийн зэрэг шинээр олгох болон сунгах тушаалын төслийн хамт ирүүлсэн шалгалтын дүнгийн хуудас, шалгалтын дүн баталгаажуулах хуудас зэргийг үзэхэд мэргэшлийн зэрэг олгох шалгалтад огт ороогүй Н.Т , Ц.Д. болон Төрийн нарийн бичгийн даргын А/02 дугаар тушаалын хавсралтад нэр нь огт ороогүй Ц.Г нарын нэрийг шинээр нэмж оруулан хувийг нь Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн байна.
Энэ нь Хуулийн хэлтсийн ахлах шинжээч Б.Агийн албан тушаалын чиг үүрэгтээ хувийн ашиг сонирхлоор хандсан үйлдэл болох нь тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.М ын Хуулийн хэлтэст гаргасан тайлбар болон Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтэн бөгөөд Мэргэшлийн зэрэг олгох шалгалтын комиссын нарийн бичгийн дарга Д.Бтай утсаар ярьсан тэмдэглэл зэргээр нотлогдсон.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т өргөс тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчиж, албан тушаалын чиг үүргээ буруугаар ашиглаж, хувийн ашиг сонирхол үүсгэсэн үндэслэлээр мөн хуулийн 48.1.3-д зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан.
Мөн салбарын эрх зүйн зохицуулалт мэдээллийн сан хариуцсан ахлах шинжээчээр ажиллаж байсан Б.А нь Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал, шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж, зөвлөгөө өгөх, тушаалын дугаарлалт, бүртгэл, хадгалалт хариуцах чиг үүргийг албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн байдаг тул сайд, төрийн нарийн бичгийн даргын тушаал, гэрээний эх хувиуд өөр дээр нь хадгалагддаг, зөвхөн ээлжийн амралт, гадаад томилолттой үед нь л хэлтсийн албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлдэг тул Б.Агийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А тус шүүхэд хандан Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Аг анх 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн мэргэжилтнээр, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс Төрийн захиргааны удирдлагын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Тогтоол, шийдвэрийн биелэлт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн Салбарын эрх зүйн зохицуулалт, мэдээллийн сан хариуцсан ахлах шинжээчээр тус тус томилжээ.
Маргаан бүхий Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дугаар Төрийн албанаас халах тухай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах шинжээч Б.А нь Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай тушаалд дугаар олгож бүртгэхдээ хавсралтыг сольж Н.Т Ц.Д., Ц.Г нарыг нэмж оруулсан нь илэрч, албан тушаалын чиг үүргээ буруугаар ашигласан үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгчээс ... тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 сарын 07-ны өдрийн А/02 дугаар Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай тушаалын 2 ижил хувилбар танилцуулаад арын хавсралтыг намайг сольсон гэж хэлсэн. Тэр хавсралтыг миний албан хэрэгцээнд хадгалагдаж үлдсэн хувиас хэзээ, яаж авсан, тэрийг нь хэн сольсон тодорхойгүй байсан, ... 2020 оны 8 дугаар сарын 20-нд С.М, Д.Б, Б.Н нар намайг дуудаж, Баасанжав гэж хүнтэй ярьсан, дуудаж уулзсан, чи тушаал сольсон л юм шиг байна. Иймд ажлаас халах тушаал гаргана гэж танилцуулсан. Би гомдолтой. Энэ асуудлаар сайдад танилцуулна, мөн шүүхэд хандана гэж хэлсэн ... гэх тайлбарыг хийж маргаан бүхий Төрийн албанаас халах тухай Б/114 дугаартай тушаалыг гаргахдаа яамны Ёс зүйн зөвлөлөөр хэлэлцээгүй, төрийн албанд хоёргүй сэтгэлээр ямар нэгэн зөрчил дутагдал гаргахгүй, төрийн хууль тогтоомжийг ягштал мөрдөж, төрд чин үнэнчээр ажилласныхаа төлөө гүтгүүлж байгаад туйлын гомдолтой байна гэж маргасан.
Барилга, хот байгуулалтын яамнаас Барилгын салбарын ажилтныг давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах чиг үүргийг Монголын барилгачдын холбоонд шилжүүлж, тус холбооноос сургалт зохион байгуулж, шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг шинээр олгох болон дахин сунгах санал, тушаалын төслийг холбогдох материалын хамт тус яам руу хүргүүлж, уг материалыг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар мэргэшлийн зэрэг олгодог бөгөөд Барилгын хөгжлийн төвөөс тушаалын хавсралтад орсон нэрсийн дагуу гэрчилгээг хэвлэн ирүүлснээр гарын үсэг зурагдаж, тамга дарагдан баталгааждаг байна.
Монголын барилгачдын нэгдсэн холбооноос 2019 оны 12 дугаар сард тус яаманд мэргэшлийн зэрэг олгох ажилтан, албан хаагчдын нэрс, холбогдох материалыг ирүүлснээр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар тушаалаар барилгын салбарын ажилтнуудад мэргэшлийн зэрэг шинээр олгох, сунгах асуудлыг шийдвэрлэжээ.
Уг тушаалыг 2 хувь хэвлэн тус яамны Хуулийн хэлтсийн тушаал, шийдвэрийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн болох нэхэмжлэгч Б.Агээр дугаар тавиулж, тушаалын хавсралтуудад Хуулийн хэлтэс гэсэн дардсыг дарж нэг хувийг тус хэлтсийн архивт, нөгөө хувийг Бодлого, төлөвлөлтийн газрын даргад хүлээлгэн өгсөн байна. Барилгын хөгжлийн төвөөс дээрх тушаалын дагуу гэрчилгээнүүдийг хэвлэн ирүүлснийг яаманд үлдсэн хувьтай тулган үзэхэд тушаалын хавсралтад ороогүй 3 хүний буюу Н.Т , Ц.Д., Ц.Г нарын нэртэй гэрчилгээ хэвлэгдэн ирсэн байна.
Дээрх үйл баримтын дагуу Барилга, хот байгуулалтын яамны Хуулийн хэлтсийн дарга Б.Ноос Төрийн нарийн бичгийн дарга С.Мд 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сахилгын зөрчил шалгасан тухай танилцуулга хүргүүлжээ.
Нэхэмжлэгч Б.А нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай тушаалд дугаар олгож бүртгэхдээ хавсралтыг сольж Н.Т Ц.Д., Ц.Г нарыг нэмж оруулсан нь дараах байдлаар тогтоогдож байна гэж үзэв.
Гэрч Б.М-рын Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэст хүргүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.М миний бие нь газрын дарга Ц.Б ын өгсөн үүрэг, даалгаврын дагуу Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай тушаалыг байгууллагын дотоод журмын дагуу газар, хэлтсийн дарга нарт танилцуулан саналыг авч, Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан, албажуулсан. Энэхүү тушаалын хавсралт болох мэргэшлийн зэрэг олгосон, сунгасан мэргэжилтнүүдийн нэрсийг газрын дарга Ц.Б байгууллагын дотоод сүлжээний эйбли программаар надад илгээж, салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөлийн гишүүдийн шалгалтын дүн баталгаажуулах хуудастай тулган тушаалын хавсралтыг гаргаж, хуулийн хэлтсийн шинжээч Б.Агээр тушаалын дугаарыг тавиулж, хавсралт хуудас болгон дээр байгууллагын хуулийн хэлтэс гэсэн дардсыг дарж газрын дарга Ц.Б-д хүлээлгэн өгсөн. Мэргэшлийн зэрэг олгосон, сунгасан мэргэжилтнүүдийн гэрчилгээг хэвлэн баталгаажуулж, гарын үсэг зуруулахаар Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтэн Н.Э авчирсан бөгөөд газрын дарга Ц.Б хэвлэгдсэн гэрчилгээнүүдийг тушаалын хавсралттай тулгаж, хянахыг үүрэг болгосон. Миний бие тушаалыг ТЗУГ-ын ахлах шинжээч А.Л-ээс авч тулгасан. Тулгах явцад тушаалын хавсралтад ороогүй 3 хүний гэрчилгээ байсан бөгөөд /Н.Т , Ц.Д., Ц.Г / газрын даргад танилцуулсан. Газрын дарга Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнээс тодруулж, тухайн мэргэжилтэн өөр тушаалын хавсралтыг үзүүлсэн бөгөөд тухайн хавсралт дээр мөн хуулийн хэлтэс гэсэн дардас дарагдсан байсан. Тухайн мэргэжилтний авчирсан тушаалын хавсралт дээр 3 хүний нэр байсан. Энэхүү болсон процессыг Хуулийн хэлтсийн дарга Б.Нид танилцуулсан бөгөөд программд нэвтэрч Ц.Б даргаас ирүүлсэн хавсралт файл болон өөрийн компьютерт байсан файлыг үзүүлж, хайлт хийн шалгуулсан болно гэх тайлбар, мэдүүлэг.
Гэрч Д.Бын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 тушаалаар мэргэшлийн зэрэг горилсон, сунгасан мэргэжилтнүүдийн гэрчилгээг тушаалын хавсралтад бичигдсэн нэрсийн дагуу хэвлэн баталгаажуулахаар БХБЯ-нд хүргүүлсэн. Гэтэл Барилга, хот байгуулалтын яамнаас Тодцэцэг, Ганболор, Д. нарын 3 хүн нэмэгдсэн тушаал зөрүүтэй байна гэсэн. Дээрх 3 хүнээс Д. нь тэнцсэн байсан боловч дүн буруу бичигдсэн байснаар хоцорсон байсан. Тодцэцэг, Ганболор нарын хувьд Барилгын хөгжлийн төвд ажиллаж байсан Байгалмаа шалгалтын комисст хэлж дэмжүүлж өгөөрэй гэж утсаар хэлсэн. Шалгалтын комисс шалгалт өгсөн хүмүүсийг байгаагаар нь дүгнээд явуулсан. Шалгалтын тайлан, мэдээг ажлын алба яам руу хүргүүлсний дараа Байгалмаа утсаар та нөгөө 2 хүнийг дэмжүүлж чадаагүй юу гэсэн. Би харин тиймээ уучлаарай гэсэн. Байгалмаа яам руу хуулийн Амартүвшинтэй ярьж үзье хоцорсон хүнийхээ нэрийг өгчих гэсэн. Би энэ талаар тухайн асуудал хариуцсан Баярбат даргад хэлэхээр залгахад хуралтай байсан. Тэгээд ахин холбогдож хэлж чадаагүй. Дараа нь манай дээр яамны хуулийн хэлтсийн даргын дардастай тушаал ирсэн байсан бөгөөд түүний дагуу гэрчилгээг хэвлэсэн. 2020 оны 8 сард ээлжийн амралттай хөдөө явж байсан. Тэгээд утасны сүлжээ холбогдоход яамны хуулийн хэлтсийн дарга Нямдорж над руу залгасан байсан ба байгууллага руу надтай дээрх асуудлаар яаралтай холбогдох шаардлагатай байна гэж хэлүүлсэн байсан. Сүлжээтэй газар Байгалмаатай холбогдон чи энэ асуудлаа шийдээ. Над руу яамнаас залгасан байна гэтэл Б за би А-тэй ярья. Байгалмаа та Амартүвшинтэй шууд холбогдсон гээд хэлчих гэсний дагуу би Нямдорж даргатай утсаар ярьж хуулийн Амартүвшин захисан хүн гэж тухайн үед тодруулга өгсөн. Мөн БХБЯ-ын Төрийн нарийн бичгийн даргатай хөдөөгөөс ирсний дараа очиж уулзсан гэх тайлбар,
Гэрч Д.Бын шүүх хуралдаанд Шалгалтыг зохион байгуулсан ажлын албаны нарийн бичгийн даргаар миний бие ажилласан. Манай байгууллагын захиргааны хэлтэст ажиллаж байсан н.Б гэх хүн боломжтой бол 2 хүнийг шалгалтын комисстоо бүртгүүлээд өгөөч гэж шалгалтын үеэр ярьсан. Шалгалтын дүн мэдээг Барилга, хот байгуулалтын яам руу хүргүүлсний дараа н.Б над руу залгаж нөгөө 2 хүнийг бүртгүүлж чадсангүй юу гэхэд би бүртгүүлэх боломж байсангүй, мөн манай байгууллага шалгалтад тэнцсэн 1 хүнийг орхигдуулсан асуудал гаргасан гэж хэлсэн. Тэгтэл н.Б за би Амартүвшинтэй ярья, та орхигдуулсан хүнийхээ нэрийг өгчих гэж хэлсэн. Үүний дараа манай байгууллагад Барилга, хот байгуулалтын яамны тушаал ирчихсэн байсан. Гэрчилгээ хэвлэх асуудлыг манай байгууллагын Н.Э гэх ажилтан хариуцдаг ба гэрчилгээг хэвлэсэн. Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Япон улс руу томилолтоор явсан. Буцаж ирээд тушаалаа хэвлээд очиход 3 хүний нэр зөрүүтэй гарч ирсэн, ... н.Б-тай ярьсан, надад Амартүвшин гэж хэлсэн, ... тухайн үед Байгалмаа ажлаасаа гарчихсан байсан. н.Б А хоёр нэг хэлтэст цуг ажилладаг байсан, ... н.Д, н.Ганболор. Н.Т нар шалгалтдаа тэнцээгүй, Хавтаст хэрэгт 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр яаманд хандаж гараар бичиж өгсөн тайлбарыг бичиж өгсөн нь үнэн, ... утсаар ярьсан бичлэгийг цаасан дээр сийрүүлж өгсөн нь үнэн гэх мэдүүлэг.
2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Быг Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/02 дугаар тушаалд нэр бүхий иргэдийн нэрийг нэмж оруулсан асуудалтай холбогдуулан Төрийн нарийн бичгийн даргаас дуудаж уулзсан ярилцлагын ... Төрийн нарийн бичгийн дарга С.М: Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай А/02 дугаар тушаалд нэр бүхий 3 иргэний нэрийг нэмж оруулсан, тушаалын хавсралт сольж зассан гэх асуудал яригдаж байна. Энэ асуудлыг яаман дээр Сайд, Төрийн нарийн бичгийн тушаалын бүртгэл, дугаарлалт, хадгалалт хариуцсан Хуулийн хэлтсийн ахлах шинжээч Б.А хийсэн талаар таныг мэдэж байгаа гэсэн мэдээлэл энэ үнэн үү? Д.Б: Толгой дохив. Ярианы бичлэгт ярьсан нь би мөн гэв гэх тэмдэглэл.
Гэрч Н.Эийн Барилга, хот байгуулалтын яамны Хуулийн хэлтэст 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалга мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн Нармандахын Энхмэнд миний бие ажлын байрны чиг үүргийн дагуу гэрчилгээ хэвлэдэг бөгөөд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ын өдрийн №А/02 тушаалын дагуу Н.Т , Ц.Г , Ц.Д. нарын гэрчилгээг хэвлэсэн болно, ... Над дээр нэг л удаа тушаал ирж байсан ба 3 хүний нэр орсон байдлаар тушаал, хавсралтын хамт ирсэн, ... миний ширээн дээр тушаал тавьчихсан байсан, ... гэрчилгээгээ хэвлээд яаман дээр очоод тулгалт хийхэд уг хүний нэр тушаалд байхгүй байна гэж хэлсэн, ... тушаалыг гэрчилгээтэй М гэх залуу шалгасан, Барилга, хот байгуулалтын яамны Хуулийн хэлтэст 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гараар бичиж өгсөн тайлбарыг бичиж өгсөн, мөн, ... яамнаас ирсэн тушаалын дагуу Тодцэцэг, Ганболор, Д. нарын гэрчилгээг хэвлэсэн, ... тушаалын хавсралттай гэрчилгээг тулгаж үзэхэд 3 хүний нэр зөрүүтэй гарсан, ... тухайн 3 хүнийг танихгүй, тушаалын хавсралт солигдсон эсэхийг мэдэхгүй, ... Баасанжав эгчид тушаал ирсэн байсан. Б эгчид хэн тушаал өгснийг мэдэхгүй байна гэх тайлбар, мэдүүлэг.
Түүнчлэн, хэрэгт нотлох баримтаар авагдсан Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай тушаал, хавсралт, Монголын Барилгачдын нэгдсэн холбооны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07/21 дугаар албан бичгээр ирүүлсэн Барилга, хот байгуулалтын яамны БСАМДМЗООТБ-ийн болон Төрийн нарийн бичгийн даргын шалгалтын дүнг баталгаажуулсан 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 тушаалыг Монголын Барилгачдын нэгдсэн холбоо хүлээн авч цахим хуудсан дээр байршуулсан баримтууд, шалгалтад Н.Т , Ц.Д., Ц.Г нар оролцсон боловч тэнцээгүй талаарх Мэргэшлийн зэрэг горилох шалгалтын нэгдсэн дүнгийн хүснэгт, тушаалын солигдсон хавсралтыг үндэслэн хэвлэсэн Н.Т , Ц.Д., Ц.Г нарын нэр бүхий гэрчилгээ зэрэг баримтуудаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай тушаалд дугаар олгож бүртгэхдээ хавсралтад Н.Т , Ц.Д., Ц.Г нарын нэрийг нэмж оруулан сольсон болох нь тогтоогдож байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч нь Албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийн дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай тушаалын хавсралтад дугаар олгож бүртгэхдээ сольсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн тус яамны Хуулийн хэлтэс гэсэн дардсыг нэхэмжлэгч нь тухайн үед хариуцаж, ажлын чиг үүргийн дагуу холбогдох баримт бичигт дарж баталгаажуулах эрх хэмжээтэй байсан болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/111 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилга, хот байгуулалтын яамны Хөдөлмөрийн дотоод журмын 4.3. Яамны ажилтан хууль тогтоомжид зааснаас гадна дараах үүрэгтэй, 4.3.1. өргөсөн тангараг болон хууль тогтоомж, албан тушаалд тавигдах шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж мөрдөх, 4.3.3. үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж болон энэ журмаар тогтоосон дэг журмыг чанд сахиж, мөрдлөг болгох гэж, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэг өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, 37.1.7 дахь хэсэг Төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж заасан хуулийн болон холбогдох дүрэм, журмын заалтуудтай нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчийг албан тушаалын чиг үүргээ буруугаар ашигласан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, 48.1. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:, 48.1.З. төрийн албанаас халах; гэж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 6.1-д Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулах гэж тус тус заажээ.
Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн зэргийг нь харгалзан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй байна.
Энэ хэргийн маргаан бүхий тохиолдлын тухайд, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам, Барилга, хот байгуулалтын яамны Хөдөлмөрийн дотоод журам зэргээр хориглосон хориглолтыг зөрчсөн үйлдэл гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас халахаар гаргасан шийдвэр нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Агийн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Агээс Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР