Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 128/2023/0750/З |
Дугаар | 221/МА2024/0052 |
Огноо | 2024-01-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2024/0052
“Х М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М
Нэхэмжлэгч: “Х М” ХХК /РД:/
Хариуцагч: Б о, а ж с
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/277 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Х М” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 тоот хүсэлтийн дагуу шийдвэр гаргахаас татгалзсан Боажяны 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0861 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин
Хэргийн индекс: 128/2023/0750/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х М” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/277 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Х М” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 тоот хүсэлтийн дагуу шийдвэр гаргахаас татгалзсан Боажяны 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0861 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 107 дугаар зүйлийн 107.5, 107.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан “Х М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/277 дугаар тушаалыг хүчингүй болгож, “Х М” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 тоот хүсэлтийн дагуу шийдвэр гаргахаас татгалзсан Боажяны 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 719 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 4, 37 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Н т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалын “Х М” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн огноотой тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах №2015/86 дугаар гэрчилгээ, гэрчилгээний хавсралтыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын 15 хоногийн хугацаатай түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн.
3.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 788 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 719 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 1 сар 15 хоногийн” гэснийг “6 сарын” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Х М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай” гэж шийдвэрлэсэн бол Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Гуравдагч этгээд “Х М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э-О-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсугай” гэжээ.
3.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч “Х М” ХХК-ийн маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/277 дугаар тушаалыг бие даасан, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захиргааны акт гэж үзэх боломжгүй.
3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхийн шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалын “Х М” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болсныг хариуцагч нь тушаал гарган албажуулсан болно.
Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллагаас бие даасан захиргааны акт гаргасан зүйл огт байхгүй атал шүүхийн шийдвэрийг албажуулсан тушаал гаргасныг үр дагавар үүсгэсэн акт гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
3.5. Шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар нэхэмжлэгч нь дахин хандсаныг манай байгууллага нягтлаад маргааныг шүүх шийдвэрлэсэн талаар хариу өгсөн. Шүүхийн шийдвэр гарсан, хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүх уг үйл баримтын хувьд дахин дүгнэлт өгөхгүй, харин нэхэмжлэгч нар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх журмаар асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Хэрэв шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан ч үр дүнгүй тохиолдолд дараагийн хуульд заасан арга хэмжээг эрх бүхий шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлэхээс биш шүүх өмнө шийдвэрлэсэн асуудлаар дахин дахин шийдвэр гаргах боломжгүй.
3.6. Иймд “Х М” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
3. “Н т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Боажя-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 719 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 788 дугаар магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалын “Х М” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн огноотой тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах №2015/86 дугаар гэрчилгээ, гэрчилгээний хавсралтыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд тус хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар маргаан бүхий акт хүчингүй болохыг дурджээ.
Энэ шийдвэрийн агуулга нь хариуцагчид боломж олгож, дахин акт гаргах хугацаа хэтэрвэл захиргааны акт хүчингүй болох үр дагавартайг илэрхийлнэ.
4. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг шинжлэн тогтоох ажиллагаа явуулаагүй, захиргааны актыг шинээр гаргаагүй атлаа шүүхээс тогтоосон хугацаа дуусаагүй байхад 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр А/277 дугаар тушаал гаргаж, “Х М” ХХК-д газар ашиглах эрх олгосон 2015 оны А-222 дугаар тушаалынхаа холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ.
5. Гэтэл “Н т” ХХК-ийн нэхэмжлэлтэй уг хэргийн гуравдагч этгээдээр оролцсон “Х М” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан дээрх тушаал, албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, хүсэлтийн дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн зорилго буюу тухайн маргааны үйл баримтыг дүгнэж өмнө шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалын агуулгыг анхаараагүй байна.
6. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт болон хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, ... түдгэлзсэн захиргааны акт хүчингүй болох үр дагавар үүсэхээс ч өмнө “Х М” ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалаа шүүхийн шийдвэр биелүүлж гэх үндэслэлээр хүчингүй болсонд тооцсон нь хууль бус, “Х М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдсан ажиллагаа болсон, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч захиргааны байгууллагын шинжлэн судалж тогтоох нөхцөл байдлыг тодорхой зааж, маргааныг нэг мөр шийдвэрлэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн байхад огт ажиллагаа хийгээгүй, шаардагдах захиргааны акт гаргаагүй нь шүүхийн шийдвэр заавал биелүүлэх зарчмыг зөрчсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
7. “Х М” ХХК-ийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэр нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 719 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 788 дугаар магадлалыг биелүүлэх үүргийг хариуцагчид хүлээлгэхээс бус хэргийн үйл баримтын хүрээнд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх 1.18 га газар ашиглах эрхийг шууд сэргээх үр дагаврыг үүсгэхгүй.
8. Иймд “Х М” ХХК-иас хүчингүй болгуулахаар маргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/277 дугаар тушаал нь захиргааны актын тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан байх шинжийг агуулаагүй гэж үзнэ.
9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан гаргах шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь үндсэндээ тогтоогдсон байх ч шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд маргааны үйл баримтад голлох ач холбогдолтой нөхцөл байдлыг зайлшгүй тодруулах боломжийг хариуцагчид олгосон ба тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүйн улмаас /түдгэлзүүлсэн/ маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох эрх зүйн үр дагавартай болохыг тодорхойлсон, завсрын шинжтэй шийдэл байдаг.
10. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.3-т зааснаар захиргааны актыг түдгэлзүүлсэн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэж, гүйцэтгэх хуудсыг шууд олгох зохицуулалттай.
11. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/277 дугаар тушаал гаргах үед, Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай” 4951 дүгээр шүүгчийн захирамж гаргаж, мөн өдрийн 128/ГХ2023/0134 дугаартай гүйцэтгэх хуудас олгосноос гадна 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 44 дүгээр албан бичгээр хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн байжээ.
12. Захиргааны хэргийн шүүхээс шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагаа нь дээрх хэлбэрээр тодорхойлогдохоос бус Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-222 дугаар тушаалын “Х М” ХХК-д холбогдох хэсэг нэгэнт хүчингүй болсон эрх зүйн үр дагавар үүссэн нөхцөлд шүүхээс үйлчлэлийг нь зогсоох, эсхүл өмнө шийдвэрлэсэн тухайн актад чиглэсэн шийдвэрийг дахин гаргах үндэслэлгүй.
13. “Х М” ХХК нь ... хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй, газар ашиглах эрхийг хүчингүй болгож, манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан гэх зэргээр шаардлагын үндэслэлийг тайлбарлаж буй энэ тохиолдолд хариуцагч шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг явуулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, захиргааны актыг шинээр гаргахгүй гэдгээ албан бичгээр илэрхийлж, улмаар шүүхээс тогтоосон хугацаа дуусахаас өмнө А-222 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон шийдвэр гаргасан нь тодорхой нэг тохиолдлыг тухайлан зохицуулсан агуулгагүй, харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны акт хүчингүй болсонтой адил агуулгатай байхад анхан шатны шүүхээс “Х М” ХХК-ийн газар ашиглах эрхийг хөндсөн, шинэ захиргааны акт гэж үзсэн нь буруу.
14. Мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буюу түүний дагуу аливаа шийдвэр гаргах боломжгүй гэх хариуцагчийн албан бичиг, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүй нь бие даасан захиргааны актын шинжийг агуулахгүй болно.
15. Энэ тохиолдолд “Х М” ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “шүүгч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
16. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
17. Хэдийгээр “захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” агуулга бүхий дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг зөвтгөхгүй боловч завсрын шинжтэй энэ төрлийн шийдвэрийг гүйцэтгэх арга, журмаас хамаарч шийдвэр шүүхийн шийдвэр зайлшгүй биелэх зарчим бодитоор хэрэгжих боломж хязгаарлагдсан энэ нөхцөлд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрх нээлтэй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0861 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Х М” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/277 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Х М” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 тоот хүсэлтийн дагуу шийдвэр гаргахаас татгалзсан Боажяны 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ