Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00079

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Э.Энхбат

Хохирогч М.Эрдэнэтогтох

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн У.Баттөрд холбогдох 201618020160 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1975 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Депогийн ¹ 21 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Дууш бараан захад лангуу түрээслэж хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 3 удаагийн шийтгэлтэй

-1992 онд Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн Ж-д зааснаар 10 жилийн хорих ялаар

- 1999 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ¹ 105 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-ийн 3 дах хэсэгт зааснаар 04 жилийн хорих ялаар

- 2000 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ¹ 133 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 10 сарын хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтлан өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялаас 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 01 жил 10 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Уранчимэгийн Баттөр. /РД: МЗ75100671/

 

Шүүгдэгч У.Баттөр нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Дунд өлөнт гэх газарт хохирогч М.Эрдэнэтогтохтой хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний толгойн тус газарт чулуугаар 2-3 удаа цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Баттөрийн өгсөн..... 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би өглөө 08 цагийн үед айлын хашаанд барьцаанд байсан Эрдэнэтогтохын чиргүүлийг 360000 төгрөгийг нь төлөөд өөрийн гэрийнхээ хашаанд авчирч тавьсан юм. 2015 оны 11 дүгээр сард би Эрдэнэтогтохын хамт Шарын гол суманд очиж модны ажил хамтарч хийсэн. Тухайн үед би 6 хүний хамт очиж ажилласан. Ажлын хөлсөнд одоо миний тооцоогоор бол 3.8 сая төгрөг авах ёстой гэж үзэж байсан учир уг мөнгөнийхөө барьцаа болгож Эрдэнэтогтохын чиргүүлийг гэртээ авчирсан юм. Тэгээд би гэрээсээ гарч яваад айлд очоод нэг шил архи уучихаад гэртээ ирэхэд чиргүүл байхгүй болсон байхаар нь эгчээсээ чиргүүл яачив гэж асуухад Эрдэнэтогтох ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эрдэнэтогтохын араас хайж байж арайхийж олоод уулзаад мөнгөө өгөөд чиргүүлээ ав гэж мөнгөө нэхэхэд өгөхгүй гээд хэрүүл болсон. Тэгээд Эрдэнэтогтох бид хоёр барилцаж аваад салсан. Салсныхаа дараа би Эрдэнэтогтохыг дахин барьж аваад намайг боохоор нь чулуу атгаж аваад толгойн тус газарт нь 2 удаа цохисон гэх мэдүүлэг

Хохирогч М.Эрдэнэтогтохын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн….. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн өглөө би ажилд явах болоод чиргүүл байсан айлын хүн рүү яриад 360000 төгрөгөө өгөөд чиргүүлээ авъя гэсэн. Тэгсэн чинь У.Баттөр надаас урьтаж очоод миний чиргүүлийг аваад явсан байсан. Тэгэхээр нь би Баттөрийн хашаанаас өөрийнхөө чиргүүлийг л авсан. Чиргүүлээ чирээд Дунд өлөнтөд айлд очоод хөдөө явах гээд хүний машинаас өөрийнхөө машин луу бензин хийгээд байж байтал Баттөр согтуу хүрч ирээд ална шудна гээд дайрсан. Тэнд байсан хүмүүс салгаж болиулсан. Баттөр намайг дагуулж машиндаа суулгаад урд гудамжинд орж зогсохоор нь би буугаад машин луугаа явсан. Тэгэхэд Баттөр араас хүрч ирээд чулуугаар толгой руу 3-4 удаа цохисон. Тэгээд би яаж чадахгүй толгой эргээд цус гараад доош суухад намайг орхиод явсан. Би босч чадахгүй сууж байхад надтай хамт явсан хүмүүс ирж намайг аваад явсан. Миний хувьд гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Баттөр бид хоёрын хооронд мөнгө төгрөг өгч авалцах ямар ч асуудал байхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Н.Дарханбатын хэрэг бүртгэлтэд өгсөн…  2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ байж байтал У.Баттөр манай гэрт ирээд цуг яваад урагшаа айлаас чиргүүл аваад ирье гэхээр би хамт явсан. Тэгээд бид хоёр тэр айлд очоод чиргүүлийг нь аваад хойно хашаанд аваачиж тавьсан юм. Тэгээд бид хоёр Баянхангай яваад ирсэн чинь нөгөө чиргүүл нь байхгүй болчихсон болохоор нь чиргүүлээ хайгаад явж байтал М.Эрдэнэтогтох авчихсан айлаас бензин хийгээд зогсож байсан. Тэгээд У.Баттөрийн машинд М.Эрдэнэтогтох суугаад тэр хоёр гудамж руу орсон. Тэгээд тэндээ зодолдсон юм. Би сайн хараагүй ээ хоорондоо зууралцаад зодолдоод байсан….. Ноднин 11 сард У.Баттөр, М.Эрдэнэтогтох хоёр шарын голд цуг мод хийж байсан юм. Тэгээд М.Эрдэнэтогтох мөнгө төгрөгөн дээрээ новшроод хүмүүст цалин мөнгө өгөхгүй болохоор нь У.Баттөр мөнгөний барьцаанд аваад айлын хашаанд авчирч тавьсан юм. Би тэр үед нь хамт ажиллаж байсан юм. Би бас мөнгө төгрөгөө Эрдэнэтогтохоос авч чадаагүй байна. Тэр чиргүүл нь Эрдэнэтогтохынх юм тэгээд бид хэдийн мөнгө төгрөгийг өгөхгүй болохоор нь барьцаанд аваад энд авчирсан байсан юм гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 198.....  Дүгнэлт:

            1.М.Эрдэнэтогтохын биед толгойн баруун хэсэг, орой, дагз хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 20 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-05 дугаар хуудас/

У.Баттөр нь Депогийн ¹ 21 тоотод оршин суудаг гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 37 дугаар хуудас/

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн У.Баттөр нь 2008 оноос өнөөг хүртэл Дууш бараан захын ¹ 5 лангууг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг нь үнэн болно гэсэн тодорхойлолт зэрэг болно.

 

Шүүгдэгч У.Баттөр нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Дунд өлөнт гэх газарт хохирогч М.Эрдэнэтогтохтой хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний толгойн тус газарт чулуугаар 2-3 удаа цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч У.Баттөр нь тодорхой сэдэлттэй буюу хохирогч М.Эрдэнэтогтохтой барьцаанд авсан чиргүүлийг мөнгөө өгөхгүй авлаа гэсэн асуудлаас болж маргалдан улмаар түүний толгойн тус газарт чулуугаар цохиж зодон хохирогчийн бие махбодид толгойн баруун хэсэг, орой, дагз хэсэгт шарх бүхий гэмтэл учруулсан бөгөөд энэ нь шинжээч эмчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч У.Баттөр нь өмнө нь шүүхээр 3 удаа хорих ял шийтгүүлж байсан боловч хуульд зааснаар ялгүйд тооцогдох болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч У.Баттөрийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн боловч энэ хэргийн хохирогч М.Эрдэнэтогтох нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрээгүй, эвлэрэх боломжгүй, гомдолтой гэж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгч У.Баттөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хуульд заасан доод хэмжээний торгуулийн ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч М.Эрдэнэтогтох нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:                                  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                    

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Уранчимэгийн Баттөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасныг баримтлан У.Баттөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 960000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дах хэсэгт зааснаар У.Баттөр нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 03 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, У.Баттөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр У.Баттөрд өмнө авсан бусдын батлан даалтанд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                          

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                   Б. ХЭРЛЭН.